
Нийслэлийн Засаг дарга, хотын захирагч, Нийслэлийн Ардчилсан Намын дарга Э.Бат-Үүл сая мэдэгдэл хийлээ. Тэрбээр "Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн дүн гарсан байна. Энэ сонгуулийн дүнгээр Нийслэлийн АН 11 суудал, МАН 34 суудал авч МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ. Юуны өмнө Нийслэлийн сонгуулийн хороо сонгуулийг маш сайн зохион байгуулсан. Сонгуулийн үйл явцыг технологийн дэвшлийг ашиглаж сонгогчдод итгэл үнэмшил төрүүлэхүйц сайн зохион байгуулж чадсан. Мөн нийслэлийн иргэддээ талархлаа илэрхийлье. Өнгөрсөн 4 жилд нийслэл хотыг бүтээн байгуулалтыг дэмжиж оролцсонд талархаж байна. Нийслэлийн амьдрал их өөр болсон гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа. Цаашдаа ч нийслэлийн удирдлагуудад тавих шаардлага өндөр болсон гэдгийг шинэ удирдлагууд анхаарч ажиллана хэмээн найдаж байна. Энэ удаагийн сонгууль нийслэлийн АН-ын хувьд улс төрийн цунами байлаа гэж хэлье. Бид ялна гэдэгтээ итгэлтэй байсан ч огт өөр үр дүн гарлаа.
Сонгуулийн дүн гарсны дараа мэдэмхийрдэг мэргэн түргэн хүмүүс олширдог. Гэхдээ энэ сонгуулийг юу ч гэж тайлбарлалаа гэсэн үнэнд нийцнэ гэдэгт би эргэлзэж байна. Бүтээн байгуулалтаас илүүтэйгээр түүнийг харлуулсан байдлыг сонгогчид дэмжлээ. Монголчууд гүтгэлэг дайралтад дургүй гэж ярьдаг ч эргэлзэж байна.
Гэхдээ ямар ч байсан тов тодорхой нэг зүйл нь МАН нийслэлд үнэмлэхүй ялалт байгууллаа. Ер нь бол энэ сонгуулийн нэг чухал зүйл нь тайван замаар болж өнгөрлөө. Өөрөөр хэлбэл, тайван замаар Засгийн эрх мэдэл шилжих ардчиллын амин чухал зарчим ялсан сонгууль болсон. Энэ бол маш том ололт байлаа.
Хэрэв улс нийслэлийг удирдахдаа өмнөх шигээ мафийн бүлэглэлийн аргаар удирддаг байдал газар авах юм бол нийгэм, улс, Үндсэн хуулийн аюулгүй байдалд аюул учрах вий хэмээн санаа зовниж байна. Хэрэв тэгвэл нийгмийн тогтворгүй байдлыг бий болгохыг үгүйсгэх аргагүй.
Бидний хувьд гурван зүйлд л санаа зовж байна.
1. Бидний эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлт, “Сайн хашаа” хөтөлбөр зогсох вий. Эх баригчид ойлгож, дээрх хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх хэрэгтэй.
2. Төрийн үйлчилгээний супер маркет ажиллуулсан. Ард иргэддээ үйлчилдэг засаг захиргааг бий болгосон. 400 мянган хүн үйлчилгээ авсан байна. Үүнийг шинэ Засаг дарга үргэлжлүүлэх хэрэгтэй.
3. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг зогсоож болохгүй. Нэн ялангуяа Даншиг наадмыг улс төржүүлж зогсоож болохгүй. Энэ бол аялал жуулчлалыг татах үйл ажиллагаа юм.
Мэдээж хэрэг газрын авилгалыг зогсоосон. Энэ авилга цааш үргэлжилбэл аюул болно. Ард түмнийхээ итгэл найдварыг хугалалгүй дөрвөн жил ажилласан гэдгээ бардам хэлнэ"