
Яруу найрагч Х.Тэргэл энэ удаагийн сонгуулиар бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан МУГЖ С.Жавхланд хаяглан нэгэн захидал илгээжээ. Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
"ӨМД ГУТАЛ ЯАХ ВЭ, ӨРГӨН ДЭЛХИЙТЭЙ ХӨЛ НИЙЛҮҮЛЭН АЛХДАГ БОЛОХСОН...
Монгол дээл өмссөнгүй гээд Монгол биш болохгүй ээ.
Дээл өмсөхөөс илүүтэй дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж сурцгаах хэрэгтэй бид. Хэтэрхий туйлширч, хэтэрхий элийрээд байвал Жавхлан минь жавхлантай сайхан хувь хүнийхээ ирээдүйг баллахвий дээ.
Морь унаж, монгол дээл хувцас өмсөөд Монголын төлөө цохилох зүрхтэй сэтгэлтэй ч болчихдог юм бишээ.
Их хурлын гишүүд гэгч концертын танхимд байгаа хүмүүс биш. Юу өмсөж зүүх нь биш, юу хийж бүтээх нь ,ямар хууль санаачилах нь юунд цэнзүүртэй хандацгаах нь чухал аа.
Энэ танхимд цугларсан хэдэн нөхдөд ядаргаа болох гэж байж энэ улс орны жинхэнэ ядаргаа нь өөрөө л бүү болчихоосой билээ дээ Жавхлан минь.
Ухаантай уужуухан хэт туйлширахгүй явах аваас хэтийдээ уг нь их ирээдүй өмнө чинь дурайж байна даа.
Намбарын хүү Энхбаяр шиг түмэн олонд хайрлагдсан их удирдагч болж чадах байсан гэгээн сайхан ирээдүйгээ өөрийнхөө гараар бүү л үгүй хийчихээрэй дээ Жавхлан минь.
Туслах зөвлөхөөрөө маш өндөр боловсролтой, холч ухаантай хүн авч үгийг нь сайн сонсож, хэрэгжүүлэх аваас уг нь чи олон түмний хайртай дуучин төдийгүй жинхэнэ цогтой, нэртэй түмний хүү , хожмын том удирдагч болох ирээдүй өмнө чинь дурайж байх аж.
Гэвч хэдхэн овилгогүй үг үйлдэл харуулахад л олон түмэн тунчиг амархан нүүрээ буруулдгийг бүү л мартаарай даа" гэсэн байна.