
Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх арваннэгдүгээр сард дэлхийн стандартад нийцсэн хоккейн талбайгаа хүлээн авна. Тус дүүргийн ЗДТГ-ын санаачилгаар, зургадугаар сургуулийн зүүн талд байгуулж буй энэ талбайн ажил өдгөө 90 хувьтай үргэлжилж буй аж. 30х60 хэмжээтэй, 242 сая төгрөгийн өртөгтэй уг талбайн хашлага, торон хаалт, мөсөн гадаргууг дэлхийн стандартын дагуу хийсэн бөгөөд ус зайлуулах шугам, гэрэлтүүлгүүдийг ч уран гулгалт, хоккейн спортын талбайн шаардлагад нийцүүлэн тавьжээ. Цаашид тус талбайд хувцас солих болон ариун цэврийн өрөөтэй үйлчилгээний байр барихаар зэхэж буй гэнэ.
Зургадугаар сургуулийн захирал Ц.Алтангэрэл “Сургууль, цэцэрлэгүүд эзэмшил газраа алдах тохиолдол бишгүй. Бид сургуулийнхаа ойр орчмыг алдахгүйн тулд хөлбөмбөгийн талбай байгуулсан. Одоо хоккейн талбайтай болох нь. Ингэснээр Монголд өвлийн спорт хөгжих ач холбогдолтой. Мөн сурагчид чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх боломж бүрдэнэ. Энэ талбайд Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан дугуйлан секц хичээллэнэ” гэв. Уг ажлыг эхлүүлэхэд хөрөнгө санхүүгийн асуудлаас эхлээд нэлээд бэрхшээл тулгарсныг тэрбээр хэлсэн. Гэвч тэд тун удахгүй хоккейн талбайгаа хүлээн авч, ирээдүйн тамирчдаа бэлтгэнэ. Тэдний энэ санаачилга булган сүүлтэй байж олон сургууль хоккейн талбайтай болоосой.