
Долоон буудлаас 32-ын тойрог орох зам. 15.20 цаг
2003 оноос өмнө үйлдвэрлэгдсэн микроавтобус өчигдрөөс нийтийн тээврийн үйлчилгээнд явахаа больсон. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 214 микроавтобус явдаг байсан. Тэдгээрийн 176 нь 2003 оноос өмнө үйлдвэрлэгдсэн тул нийтийн тээврийн үйлчилгээний аюулгүй байдлыг хангах зорилгоор тээврийн үйлчилгээнээс хасах болсон.
Тус шийдвэрийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэх байсан ч өчигдрийг хүртэл түр хугацаагаар хойшлуулсан юм. Харин үлдсэн микроавтобус нь том оврын нийтийн тээврийн хэрэгсэлтэй чиглэл давхцахгүйгээр иргэдэд үйлчлэх аж.
Тухайлбал, том оврын автобус явах боломжгүй Баянгол дүүргийн 10, 23, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг, Цагаандаваа зэрэг алслагдсан газарт иргэдийг хүргэж үйлчлэх юм байна. Нийтийн тээврийн үйлчилгээнээс хасагдсан микроавтобусны оронд дунд оврын автобус үйлчилгээнд гарах гэнэ. Тийм автобусыг БНХАУ-аас оруулж ирэн, үйлчилгээнд явуулах болжээ.
Хэдийгээр өчигдрөөс микроавтобус үйлчилгээнд явахаа больсон ч зарим хүн үүнийг үл тоон иргэдэд үйлчилж байсан. Өчигдөр 08.00 цагийн үед Долоон буудлаас 32-ын тойрог хүртэлх замд микроавтобус зорчигч тээвэрлэж байв.
Энэ талаар нийслэлийн Тээврийн газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Д.Болдоос тодруулахад “Тэр хэсгийн замд микроавтобус үйлчилгээнд явах ёсгүй. Тэр чиглэлд зорчигч тээвэрлэдэг том оврын автобус олон бий. Тэгэхээр хууль, дүрэм зөрчиж буй хэрэг. Холбогдох байгууллагууд энэ тал дээр анхаарч ажиллаж байгаа” гэв.