
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хууль бусаар машинаа ачуулсан иргэдийн төлбөрийг эргүүлэн өгөх тухай мэдээллийг өнгөрсөн долоо хоногт цацсан. Тэрбээр “Хотын дарга асан Э.Бат-Үүлийг Улсын дээд шүүх дээр яллаа. Машин ачих нь зөв боловч Э.Бат-Үүл ЦЕГ-ын даргын эрхийг булаан авч, машин ачих төлбөрийг хууль бусаар тогтоон, 9230 жолоочийг 647 сая төгрөгөөр хохироосон 2013 оны А/769 захирамжийг нь Дээд шүүхээс хууль бус гэж үзлээ. 2013-2014 онд машинаа ачуулахдаа хууль бусаар тогтоосон төлбөр төлсөн иргэд төлбөрөө эргүүлэн авах боломж нээгдэж байна. Баримтаа хадгалсан иргэд эргэлзээгүйгээр мөнгөө авна” хэмээсэн юм.
Уг мэдээллийн мөрөөр машинаа ачуулсан хүмүүс торгуулийн мөнгөө хаанаас, хэрхэн авах тухай лавлаж буй ч одоогоор тодорхой бус байна. 2013-2014 оны хооронд машин ачдаг 13 компани үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 12 нь хувийн байгууллага байсан учир иргэдийн торгуулийн мөнгөөр санхүүжилт хийж, ачих үйлчилгээ явуулдаг байжээ.
Тиймээс тухайн үед машинаа ачуулсан хүмүүст мөнгийг нь эргүүлэн өгөх боломжгүй хэмээж байна. Энэ талаар хувийн компанийн эх сурвалжаас тодруулахад “Бид нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлж, торгуулийн мөнгөөр замын хөдөлгөөний зөрчлийг арилгаж байсан. Одоогоор энэ талаарх тодорхой шийдвэр гараагүй байгаа. “Та нар төл” гэсэн ч бид төлөх боломжгүй. Хотын захиргааны шийдвэр байсан учир нийслэлийн удирдлагууд үүнийг шийдвэрлэх учиртай” гэв.
Харин Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөн “Шүүх машин ачилтыг хууль бус гэсэн шийдвэр гаргасан тухай дуулсан. Гэхдээ эцсийн шийдвэр нь гараагүй байгаа. Бүх юм шүүхийн шийдвэрийн үг, үсгээс хамаарах байх. Үүний дараа торгуулийн мөнгийг буцааж олгох, эсэх нь тодорхой болно. Энэ талаар нийслэлийн ЗДТГ-ын Хуулийн хэлтэс мэдээлэл өгөх учиртай. Бид Засаг даргын захирамжийг л хэрэгжүүлсэн” гэлээ.
Нийслэлийн ЗДТГ-аас энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэв. Хувийн компаниуд торгуулийн мөнгийг буцааж өгөх боломжгүй, захирамж гаргасан байгууллага хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурь дээрээ зогсох гэнэ.