
Зуны цагт иргэдийг хамгийн их бухимдуулдаг зүйл бол зам, дулааны шугам сүлжээний засварын ажил байдаг. Зам засаж байна гээд хөдөлгөөн хаа сайгүй хязгаарлачихдаг бол шугам сүлжээний ажлын үед халуун ус тасалчихдаг. Өвлийн бэлтгэлээ базааж, засвар үйлчилгээ хийж буй нь сайн хэрэг ч ажлаа арай л оройтож эхлээд байгаа юм биш үү. Сургууль, цэцэрлэг орох дөхчихөөд байхад нэлээд хэдэн газар халуун ус хязгаарлах хуваарь гаргачихаж.
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК зуны засварын ажлын графикийн дагуу гэх боловч одоо эхлүүлсэн ажил нь хугацаандаа дуусах, эсэх нь эргэлзээтэй. Тодруулбал, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Сувилагчийн сургууль, ГССҮТ, “Говь” саун, 25 дугаар эмийн сан, “Улаанбаатар палас”, “Москва” болон X хороолол, “Цахилгаан тээвэр” ХК, Ханын материал, “Содон” хороолол орчмын орон сууц, албан газрын хэрэглээний халуун усыг хязгаарлахаар болсон байна. Энэ сарын 25 хүртэл дээрх газрын ойролцоох дулааны шугамуудыг засах тул иргэдийг хэрэглээгээ зохицуулахыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас сануулав.