
Оюутнууд энэ сарын 20 хүртэл автобусны тасалбараа өөрсдөө худалдан авах нь. Өнгөрсөн оны намраас оюутнууд автобусаар хөнгөлөлттэй зорчих карттай болсон. Тус картаар өнөө жил дахин ашиглах ёстой боловч сунгаж өгөөгүй аж. Сургуулиудын захиргаа оюутнуудынхаа картыг цуглуулж, “Улаанбаатар смарт карт” ХХК-д өгөх юм байна. Уг компани нэг сургуулийн картыг ажлын гурав хоногт багтаан сунгаж өгөх аж.
Харин энэ жил нэгдүгээр курст орж буй оюутнууд нийтийн тээврээр зорчих картаа нийслэлийн Боловсролын газраас авах гэнэ. Энэ талаар “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн ажилтнаас тодруулахад “Бид маргааш (өнөөдөр) хэвлэлийн хурал хийж, энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Оюутны смарт картыг сунгах бэлтгэл хангагдсан. Манайх карт цэнэглэх зургаан ажилтан бэлтгэсэн. Одоо картаар өдөрт нэг удаа зорчуулах уу, хоёр удаа явуулах уу гэдэг шийдвэр л хүлээж байна. Үүнийг шийдтэл оюутнууд тээврийн хөлсөө өөрсдөө төлнө.
Бид энэ сарын 15 гэхэд хуучин картыг сунгах төлөвлөгөөтэй байгаа. 20 гэхэд бүх хуучин картыг сунгаж дуусгана” гэв. Өндөр настан, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулахад жилд 50 гаруй тэрбум төгрөг шаардагддаг. Өмнө нь үүнийг улсын төсвөөс өгдөг байсан бол өнгөрсөн жилээс уг зардлыг нийслэл хариуцдаг болсон. Тиймээс уг зардал төсөвт хүндрэл учруулж буй тул оюутнуудыг өдөрт нэг удаа үнэгүй зорчуулж магадгүй ажээ.
Албаны эх сурвалжаас лавлахад “Эдийн засгийн байдлаас үүдэн, үнэгүй зорчих оюутны тоог цөөлөхөөр ярьж байгаа. Холбогдох албаны хүмүүсийн олонх нь өдөрт нэг удаа үнэгүй явуулах санал гаргасан. Тэгэхээр ийм зохицуулалт хийж магадгүй” гэв.