
ОХУ ын Буриад Улсын Улаан-Үд хотын дарга Александр Михайлович Голковын урилгаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С. Батболд 9 сарын 1-нээс 9 сарын 4-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Тэрээр гадаад албан ёсны анхны айлчлалаа ах дүүгийн харилцаатай Улаан-Үд хотоос эхэллээ. 350 жилийнхээ ойг энэ өдрүүдэд ёслол хүндэтгэлтэйгээр тэмдэглэж байгаа тус хотын удирдлагууд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболдыг хүндэт зочноор урьсан юм.
Улаан-Үд хотын дарга А.М. Голков хүндэт зочноо хотын захиргааны байрандаа угтан авч, харилцаа хамтын ажиллагааны талаар ярилцлаа. “Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч Улаан-Үд хотын түүхт баярт оролцож байгаад талархаж байна. Манай хоёр хот эртний түүхт холбоотой. Тиймээс ч ах дүү хотууд хэмээн хэлэгддэг. Монгол Оросын харилцаа ч стратегийн түншлэлийн хэмжээнд хүрсэн.
Улаанбаатар хот өдрөөс өдөрт өнгөө засан хөгжиж байгаа хот. Байгалийн баялаг ихтэй танай улсад хөгжлийн олон боломж гарц байгаагийн зэрэгцээ, манай 2 хотын хувьд ч ах дүүгийн найрамдалт харилцаагаа дээдэлсээр ирсэн. Үүний нэг тод илрэл нь ажил алба ихтэй ч гэлээ бидний урилгыг хүлээн авч, Улан-Үд хотын 350 жилийн ойд ирсэн таны болон Монголын ард түмний хүндэтгэл юм” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ ”Улаан-Үд хотын 350 жилийн ойн баярын мэндийг хувиасаа болон нийслэлийн сая иргэдийнхээ өмнөөс танд хүргэе. Буриад зон олны энэ сайхан баярын мэндийг УИХ-ын дарга М.Энхболд, МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар танд хүргэж байгааг уламжилахад таатай байна. Манай хоёр хотын харилцаа түүхийн жим, иргэд хоорондын харилцаагаараа улам өргөжин тэлж байна. ОХУ, Монгол улсын иргэд визгүй зорчиж эхэлснээр 2 хотын болон иргэдийн харилцаа улам бүр ойртсон. Цаашид харилцаагаа эдийн засагжуулж, харилцан ашигтай, хотуудын хөгжлийг шинэ шатанд гаргах саналтай байгаагаа хэллээ. ОХУ нь Монголчуудын хувьд ойрхон. Бас дотно байдаг. Тиймээс ч улсууд, ах дүү хотууд хамтдаа хөгжинө гэж бодож байгаагаа хэллээ.
Улаан-Үд хотын 350 жилийн ойд ОХУ-ын 10 гаруй хотын дарга уригдан оролцож байгаагийн зэрэгцээ төрийн өндөр дээд хэмжээний зочид ирсэн гэдгийг Улаан-Үд хотын дарга А. М Голков онцолсон. Мөн Дархан-Уул, Орхон аймгийн дарга нар болон Монгол Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучид ирсэн гэдгийг хэллээ.
Олон мянган Монгол залуус ОХУ-ын Улаан-Үд хотод суралцаж төгссөн. Одоо ч суралцаж байна. Тус хотын ойн баярт Монгол Улсын засгийн газар онцгой анхаарч, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд өөрийн биеэр хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа мөн илэрхийллээ.