
Хотын шинэ захирагч Су.Батболд баар, цэнгээний газрыг шөнийн 00.00 цагт хаадаг болгох тухай хууль батлана хэмээн нэлээд шуугиан тариад байгаа юм. Үүнийг дэмжиж байгаа хүмүүс байгаа ч эсэргүйцэж, ундуйцах нь олон бий.
Хотын захиргаа баар, цэнгээний газрыг шөнийн 00.00 цаг хүртэл онгойх үгүйг иргэдээс санал аван шийдэхээр болжээ. Энэ тухай Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа "Баар, ресторан, шөнийн цэнгээний газруудын цагийн хуваарийг судалж, иргэдээс санал авах талаар 14 хоногийн өмнө нийслэлийн удирдлагуудаас үүрэг чиглэл өгсөн. Үүний дараа Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан нийслэлийн хүн ам ихээр суурьшсан зургаан дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох хууль, хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг нь авч байна." гэжээ.