
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлээс УИХ-д сонгогдсон төрийн түшээдтэй “Зөвлөлдөх уулзалт” хийж, Улаанбаатар хотын өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг танилцууллаа. Хотын удирдлагуудын зүгээс гишүүдэд хандан нийслэлийн иргэдийн амьдрал ахуй, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд байнга хамтран ажиллахыг хүссэн юм.
Хотын даргын танилцуулснаар Улаанбаатар хот 1 сая 345 мянга 500 хүн амтайгаас 73 хувь буюу 981 мянга 456 нь хөдөлмөрийн насны иргэн байгаа юм. Засаг захиргааны хувьд 9 дүүрэг, 152 хороотой. Хамгийн олон хүн амтай нь Баянзүрх дүүрэг 320 мянга 852 хүн амтай байна. Монгол улсын нутаг дэвсгэрийн 0,3 хувийг эзэлдэг нийслэл хотын хүн ам 1960 оноос хойш 10 дахин нэмэгдсэн байна.
Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 64 хувийг үйлдвэрлэдэг Улаанбаатар хотод 43 мянга 490 аж ахуйн нэгж, 331 мянга 564 автомашин бүртгэлтэй байна. Мөн 92 их, дээд сургууль, 220 ерөнхий боловсролын сургууль, 618 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа юм. 2016-2017 оны хичээлийн жилд нийтдээ 56 мянга 770 хүүхдийн ортой цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагаас 63 хувь нь төрийн өмчийн, 37 хувь нь төрийн бус өмчийн цэцэрлэг байна. Нийт 100 мянга 728 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа. Энэ нь хамран сургалт 69 хувьтай байна гэсэн үг юм.
Харин ерөнхий боловсролын сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд 237 мянган хүүхэд суралцаж байна. Сургуулиудын хувьд нийт хүчин чадлаасаа 20 хувь илүү суралцагчтай байгааг хотын дарга танилцууллаа. 30 гаруй сургууль 3 ээлжээр хичээллэж байгааг 2 ээлжид шилжүүлэх зорилт тавьснаа хотын дарга С.Батболд хэллээ.