
9 дүгээр сарын 16-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 260 дахь өдөр бөгөөд он дуустал 106 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +14 хэмийн дулаан бол шөнөдөө +5 градус дулаан байх нь ээ. Мөн өдөртөө түр зуурын бороо орох юм байна.
- Билгийн тооллын 15, есөн улаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2250.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 35.20, юань 337.70, вон 1.97 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ үүсэн байгуулагдсаны 65 жилийн ойн баярын хурал 11.00 цагт УДЭТ-т болно.
- 12.00 цагт Туушин зочид буудлын Сүлд танхимд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн талархлын үдийн хүлээн авалт болно.
- АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль нь Монгол улсын боловсролын салбарт анх удаа олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2015 стандартыг нэвтрүүлж, батламжлах ёслол 13.00 цагт Улаанбаатар зочид буудалд болох юм байна.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас иргэн Ч.Дэлгэрмаа 2013 оны 1-р сард үндэсний аюулгүй зөвлөлийн санаачилгаар үүссэн нууцын зэрэглэл бүхий төрийн өндөр дээд албан тушаал хийж байсан эрхмүүдтэй холбогдох авилгын хэргийн талаар мэдээлэл хийнэ.
- 10.00 цагт Төрийн ордонд Шадар сайдын өрөөнд “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн 3 дугаар хуралдаан болно.
- Австралийн Элчин сайд Австралид сурсан монголчууд, УИХ-ын гишүүд, төрийн болон хувийн хэвшилд ажилладаг 100 гаруй төлөөлөгчийг хүлээн авч уулзана.
- МҮЭ-ийн холбоо Отгонтэнгэр их сургуультай хамтарч эхэллээ. ҮЭ-ийн идэвхтэн сонгуультны урдаа барьдаг зүйл бол хууль эрхзүйн мэдлэг. энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа баталгаажуулах үйл ажиллагаа 11.30 цагаас МҮЭХ-ны байранд болно.
- Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын нефть, хийн үндэсний ассоциаци хамтран ажиллахаар 12.00 цагт МҮХАҮТ-ын 404 тоот хурлын танхим санамж бичиг байгуулна.
- Монголын анагаах ухааны академи, Японы KOIKE MEDICAL компани хамтран “Нойрны эмгэгийн оношлогоо, эмчилгээ, сэргийлэлт” сэдэвт сургалтыг 08.30 цагт Улаанбаатар зочид буудлын “Номын хүрээ” танхимд зохион байгуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2013 онд АНУ-ын Вашингтоны Тэнгисийн цэргийн флот дээр буутай этгээд 12 хүний амийг хөнөөжээ.
- 1992 оны энэ өдөр АНУ-ын дуучин, жүжигчин, ая зохиогч Nick Jonas мэндэлжээ.
- 1908 онд автомашины дэлхийд тэргүүлэгч компани болох General Motors Corporation үүсгэн байгуулагджээ.