
Газрын дахин төлөвлөлтөөс болж хохирсон иргэд дөнгөж сая хэвлэлийнхэнд хандлаа. Учир нь барилгын ажил эхлэхгүй 2-3 жил болж байгаагаас гадна түрээсийн мөнгөө сүүлийн саруудад өгөөгүй байгаа нь иргэдийг хүнд байдалд оруулсан байна.
Иргэн н.Төмөртогоо хэлэхдээ “Би 2013 оны зургадугаар сараас эхлэн газар чөлөөлөлтөд орсон. Бид “Моннис” компанид 2014 оны дөрөвдүгээр сар гэхэд бүх газраа чөлөөлж өгсөн. Нам засгаас гаргасан шийдвэрийг бүх талаараа дэмжиж ажилласан ч эцэстээ орох оронгүй хоцорлоо. Уг нь 2015 оны долдугаар сараас эхлэн иргэдийг байранд оруулах ёстой байсан ч байрныхаа дөнгөж 7-8 давхарыг л барьж байна. Э.Бат-Үүл даргын үед дөрвөн удаа, С.Батболд даргад мөн хоёр удаа албан бичиг өгсөн ч одоог хүртэл хариу ирээгүй байна. С.Батболд дарга хариу илгээх нь байтугай хүлээж авч уулзах ч үгүй байна" гэлээ.
Иргэн Б.Сүхбаатар: “Бид бас “Моннис” компанитай нэг жилийн хугацаатай гэрээ хийж, газраа чөлөөлж өгсөн. Гэрээний хугацаа дууссан ч одоог хүртэл байрандаа ороогүй байна. Хамгийн гол нь Нийслэл Гэр хороолол хөгжлийн газарт эрх мэдлийг шилжүүлэх хэрэгтэй байна. Бид нартай уулзаад аливаа асуудлыг шийдэх гэхээр заавал Хотын захиргаагаар дамждаг учраас ямар ч асуудлыг шийдвэрлэж чаддаггүй. Төсөв мөнгө ч байдаггүй.
Иргэн Н.Намжилзов: Би “Бүрд” компанитай 2013 онд гэрээ байгуулж, газраа чөлөөлж өгсөн. Гэтэл “Бүрд” компани барилгын ажлаа эхлэлгүй 3 жил боллоо. Манайх өдөр тутмын худалдаа эрхэлж, хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсныг хаалгуулж, өдрийн орлогыг нь тухай бүрд нь өгнө гэж хэлээд 3 жил намайг хохироолоо. Эцэст нь би амьдрах аргагүй болж, банкны зээлээ тэтгэврийн зээлээрээ нөхөж амьдарч байна. “Бүрд” компани намайг эргэлтийн хөрөнгөгүй, хоногийн хоолгүй болголоо. Итгэсэн төр минь надаас бүх зүйлийг минь булаалаа.