
Холливудын цуутай хосуудын дуулиантай салалтын тоог нэгээр нэмж буй Анжелина Жоли, Брэд Питтийн шуугиан дарагдах янзгүй. Жоли салах шийдвэр гаргаж, шүүхэд хүсэлт гаргасан. Тэгвэл түүний өмгөөлөгчийн багт Лаура Уассер, Роберт Оффер нарын шилдэг өмгөөлөгчид багтсан билээ. Ялангуяа Уассер бол холливудын од хосуудын салалтын асуудлаар мэргэшсэн шилдэг өмгөөлөгч юм. Тэрбээр хамгийн сүүлд нэрт жүжигчин Жонни Депп, Амбер Херд нарын салалтыг өмгөөлсөн нэгэн. Түүнчлэн Бритней Спирс, Мариа Карей, Ким Кардиашин Уэйст, Райан Рэйнолдс, Хейди Клум болон урлаг соёл, спортын олон алдартнуудын гэр бүл салалтын асуудлыг шийдвэрлэхэд өмгөөлөгчөөр ажиллаж байв. Гэхдээ Жоли түүнийг зүгээр ч нэг сонгоогүй бололтой. Тэрбээр хоёр дахь нөхөр болох Билли Боб Торнтоноос 2003 онд салахдаа Уассераар өмгөөлүүлж байсан юм.

Уассер бол шилдэг өмгөөлөгч. Түүнтэй нэг цаг уулзахын тулд 850 ам.доллар төлөх шаардлагатай бөгөөд хэрэг дээрээ ажиллуулах хүсэлтийн хамгийн бага үнэ нь 25 мянган доллар байдаг гэнэ. Тэрбээр зөвхөн өмгөөллийн ажлаараа 10 сая ам.доллароос илүү цалин авсан гэх тооцоог адтай сэтгүүлчид гаргаад амжжээ.