
Монгол хүний амь малаасаа дорд үзэгдсээр, адаг сүүлдээ золбин нохойн дайнд ч хүрэхээ болив оо, хөөрхий. Ингэж хэлэхэд хүргэсэн хэд хэдэн шалтгаан байна. Сүүлийн хэдэн өдөр муур, нохойн үржлийг хязгаарлах мэс ажилбар хийх болсон талаар сошиал, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугиж буй. Нэр томъёоны хувьд үүнийг спираль (ерөндөг) биш, спэй гэх бөгөөд охин нохойны өндгөвчийг савтай нь авах мэс ажилбар юм гэсэн. Манай хотын удирдлагуудад нохдын сав суулгатай зууралдахаас өөр хийх ажил байдаггүй юм байх даа гэж бодтол энэ талаар ярилаа. Арай ч дээ.
Гэтэл жил бүр хэдэн мянган эмэгтэй үр хөндүүлсээр байна. 2015 онд л гэхэд улсын хэмжээнд 18.168 хүүхдийн амийг эхийн хэвлийд нь тасалж байгаа юм. Хамгийн инээдтэй нь аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдэд 40-60 мянган төгрөгөөр л үр хөнддөг. Хувийн эмнэлгүүд 60-150 мянган төгрөгөөр энэ мэс ажилбарыг хийдэг.
Эрдэнэт хэмээн дээдэлдэг хүний амь хэдхэн халтар цаасны л үнэтэй байгаа биз. Хүнд спираль тавихад дунджаар 20-50 мянган төгрөг. 500 мянган төгрөгийн үнэтэй, дааврын гэх ерөндөг ч байна. Эрүүл ухаанаар бодвол хүн амаа өсгөх, үр удмаа авч үлдэхийн тулд үр хөндөх хагалгааг маш үнэтэй хийж, харин ерөндгийг хямдхан тавих ёстой.
Тэгвэл нохойд аборт хийдэг гэвэл та нар итгэх үү. Малын цөөн эмнэлэгт энэ мэс ажилбарыг хийдэг бөгөөд 200 гаруй мянган төгрөгийн үнэтэй юм байна. Гэтэл хүүхдүүдийг хэвлийд нь хэдхэн төгрөгөөр устгаж буй билээ. Хүний амь нохойн гөлөгнөөс дор үнэтэй байгаагийн баталгаа юм.
Нийслэлийн хэмжээнд 320 мянга гаруй тэнэмэл нохой байдгийн тэн хагас шахуу нь жингэр аж. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба эзэнтэй, эзэнгүй ноходтой тэмцэхээр журам боловсруулж буй. Уг журам батлагдчихвал золбин нохойг буудах, эзэнтэй нохойн үржлийг хязгаарлах, бүртгэх ажил цэгцэрч, нохой тэжээсний татвар авна. Гэхдээ энэ журмын хоёр ч заалт амьдралд нийцэхгүй байгаа юм.
Татварыг хоёр хэлбэрээр авах ба нохойдоо спэй хийлгэсэн нь бага мөнгө тушаах гэнэ. Тэгэхээр байнга өндөр татвар төлөхгүйн тулд нохойныхоо сав, өндгөвчийг авахуулах, засуулах зэргээр арга хэмжээ авч таарна. Энэ мэс ажилбарыг мэргэжлийн мал эмнэлгийн байгууллагууд хийх бөгөөд төлбөр мөнгөнд нь хяналт тавих ямар ч боломжгүй гэдгээ хотын захиргааныхан хэлсэн шүү дээ.
Мал эмнэлгүүдээс иймэрхүү мэс ажилбаруудын үнэ ханшийг сонирхтол хамгийн багадаа 200 мянган төгрөг юм байна. Нохойн үржлийг хязгаарлахад хэдэн төгрөг төсөвлөх нь одоогоор тодорхойгүй ч зардлыг нь нийслэл, орон нутгийн төсвөөс гаргах талаар ярьж буй. Тэд “Эм нохойнд 130 мянган төгрөг зарцуулна гэсэн мэдээлэл худал” гэх боловч дээрх үнэ ханшаас харвал бараг л үнэнд дөхөж таарлаа.

Ерөндөг тавиулах мөнгөгүй хэчнээн эмэгтэй эрүүл мэндэд хортой үр зулбуулах эм уугаад хохирч байгаа билээ. Нохойд 100 гаруй мянган төгрөг төсөвлөж спэй хийнэ гэхийн оронд яагаад хүнээ, хүүхдээ боддоггүй юм бол. Монгол эмэгтэйн эрүүл мэнд, айл гэрийн нөхөн үржихүйн төлөвлөлтийг жингэр хээлтэхээс арай л дорд үзээд байгаа юм биш үү.
Ядах нь ээ, хогийн цэг, траншейд амьдардаг, архичдын үрийн сувгийг боодоггүй юм гэхэд ерөндөг тавиад өгчихмөөр. Хот тойрсон хогийн цэгүүдэд хэдэн зуун хүүхэд амьдарч байгааг харсаар юу ч хийж чаддаггүй. Эцэстээ нохойноос дорд үзэгдсэн хүмүүс хүн болж төрсөндөө гомдох вий.
Мөн мал, амьтны үржлийн эрхтэнг тасдаж авах нь хэр том нүгэл болохыг дарга нар мэдээгүй гэхгүй байлтай. Европын орнуудын амьтны эрхийг хамгаалсан олон холбоо амьтанд спэй хийхийг хатуу хориглодог.
Засуулж, үржлийн эрхтнээ тайруулсан амьтад улам догширч, ааш авир нь өөрчлөгддөг гэж малын эмч нар хэлж байна. Хотын гудмаар дүүрэн галзуу нохойтой болох вий, бодох л асуудал. Нөгөөтэйгүүр спэй хийлгэсэн нохой юу ч хэлэхгүй тул ямар ч хяналтгүйгээр мөнгө саах гэсэн хотынхны нэг арга заль ч байж мэднэ.
Золбин нохдод спэй хийх ямар ч боломжгүй. Гэлээ гээд буудаад цөөрдөг бол устчих хугацаа өнгөрлөө. Жилдээ 100 мянга орчим тэнэмэл нохойг л буудаж амждаг байна. Нэг удаад 6-8 гөлөг гаргаж, 7-10 жил амьдардаг эл амьтныг буудаж устгах нь бас л оновчгүй арга гэж учир мэдэх хүмүүс ярьсан.
Учир нь нохойн анчид хүүхдүүдийн нүдэн дээр энэ аллагаа үйлддэг. Ийм юм харж өссөн хүүхэд том болоод ямар хүн болох вэ. АНУ-ын таван ч цуврал алуурчин багадаа нохой, муур, мал амьтныг зэрлэгээр хөнөөж байхыг харсан байдаг аж.
Энэ оны эхний есөн сарын байдлаар 78.500 нохойг буудаж хороосон бол он дуустал дахин 32.000 гаруйг нэмж устгахаар төлөвлөжээ. Нэг нохойг устгах зардал 12.500 төгрөг гэж үзвэл 2016 онд 1.3 тэрбум төгрөгийг золбин нохой устгахад зарцуулах нь. Буудаад ч цөөрөхгүй байгаа учир хайран мөнгө гээд буй юм. Ингэх нь ч бас амьтны амийг зэрлэгээр хөнөөж буй үйлдэл аж.
Тиймээс гадаадын жишгээр золбин амьтадтай тэмцвэл яасан юм бэ. Ихэнх оронд тариа ашиглаж, үүрд унтуулдаг юм билээ. Тэгэхдээ тэжээл хаяж өгөөд тусгай зориулалтын торонд хийж хотоосоо зайлуулж байгаад устгадаг аж. Энэ бол амьтны амь хороох хамгийн энэрэнгүй үзэл. Тэгээд ч 12.500 төгрөгөөс хамаагүй хямд тусна гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.