
Замын цагдаагийн газраас Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах шинэ төлөвлөлөөг танилцууллаа. Ирэх даваа гараг буюу энэ сарын 10-ны өдрөөс эхлэн дөрвөн уулзварт тогтмол асах нэмэгдэл ногоон гэрлээр тээврийн хэрэгсэл баруун гар тийш эргэх зохицуулалт хийгдсэн байна.
Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн хүрээнд энэхүү зохицуулалтыг хийж байгаа. Энэ зохицуулалт нь уулзваруудын нэвтрүүлэх чадварыг 20 орчим хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж тооцсон” гэлээ. Ихэнх улс орнуудад тогтмол асах нэмэлт ногоон гэрлээр баруун гар тийш эргэхийг зөвшөөрсөн дүрэмтэй байдаг. Манай улсын хувьд Улаанбаатар хотын боломжит уулзваруудад энэ хувилбарыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн газартай хамтран иргэдийн дунд санал асуулга явуулж, иргэдийн зүгээс хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Тиймээс Баруун дөрвөн замын уулзвар, Зүүн дөрвөн замын уулзвар, Гэсэр сүмийн уулзвар, Саппорогийн уулзварт нэмэлт тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, мэдээллийн самбар байршуулан аравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болжээ.
- Баруун дөрвөн замын уулзвар.
- Зүүн дөрвөн замын уулзвар,
- Гэсэр сүмийн уулзвар,
- Саппорогийн уулзваруудад нэмэлт тэмдэг тэмдэглэл, гэрлэн дохио байрлуулахаар болсон байна.
Мөн өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд гэрлэн дохионы зохицуулалттай нийт 142 уулзвар байдгаас 48 уулзварт ногоон гэрлээр баруун гар тийш тогтмол эргэх боломжтой болсон аж. Үүнд:
- Нэг талаас баруун эргэх боломжтой 12
- Хоёр талаас баруун эргэх боломжтой 24
- Гурван талаас баруун эргэх боломжтой 8
- Дөрвөн талаас баруун эргэх боломжтой 4 уулзвар байна.
Ингэснээр замын ачааллыг бууруулж уулзваруудаар нэвтрэх чадвар сайжирна гэж үзэж буйгаа мэдэгдлээ. Мөн тогтмол асах ногоон гэрэл нь тээврийн хэрэгслийн жолоочид давуу эрх олгохгүй бөгөөд зөвшөөрсөн гэрлээр уулзвар нэвтэрч байгаа явган зорчигч, тээврийн хэрэгсэлд заавал зам тавьж өгч, хөдөлгөөнийг үргэлжлүүлэх, аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцох шаардлагатай юм байна.