
“Монгол төрийн маршал, генералууд” номоос авав
Цэргийн түүх судлаач Равдангийн Баяр Монгол Улсын маршал, генерал цолтнуудын талаар ном бүтээхээр 13 жил “дуншиж” буй. Нэрнээсээ авахуулаад л Монголын армийн үе үеийн түүхийн товчоон болохуйц ач холбогдолтой ийм номыг уг нь түүхч, судлаачдын баг хийх учиртай байх. Тэгвэл Р.Баяр өөрийн ажлын хажуугаар энэ том бүтээлийн ард гарчээ. Энэ оны сүүлчээр хэвлүүлэхээр төлөвлөсөн хоёр боть “Монгол төрийн маршал, генералууд” гэрэл зургийн цомгийн талаар түүнээс тодрууллаа.
-Бараг зургаан жилийн өмнө уулзахад л Та энэ номынхоо судалгааны талаар ярьж байсан. Нэлээд “дуншлаа”, одоо ер нь хэдэн хувьтай явна вэ?
-Одоогийн байдлаар хэвлэхээс бусад бүх ажил бараг бэлэн болсон до. Хэвлэх үйлдвэртэйгээ ч ерөнхийдөө тохирсон. Тэгэхээр миний талаас 99 хувь гүйцэтгэлтэй байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын генерал цолыг 172 хүн хүртсэн байна. Үүнээс гадна, 1936 онд маршал цол хүртсэн Г.Дэмид, Х.Чойбалсан, мөн Монголын Зэвсэгт хүчний анхны ерөнхий командлагч гэдэг утгаар нь Д.Сүхбаатарыг багтаагаад нийт 175 хүний амьдралыг харуулсан 3700 орчим гэрэл зураг энэ номонд багтсан. Тэдгээр хүнээс мартагтах шахсан нь цөөнгүй. Үр хүүхэд, гэр бүлийнхэн нь үгүй болж, ач зээ нар нь тэр хүнээ сайн мэдэхгүй байх жишээтэй. Зураг бүрт тайлбар хийхийн тулд судалж, асууж, лавлаж, архивт сууж баримтжуулна гэдэг нүсэр ажил юм байна. Ингэж явсаар бараг 13 жил өнгөрчихжээ. Би уг нь анхнаасаа ийм өргөн хүрээг хамарна гэж тооцоолоогүй. Эхэндээ аавынхаа л тухай ном хийнэ гэж бодсон, гэтэл хамтдаа зүтгэж явсан дайчин нөхдийн тухай хэн гүйх билээ, тэдний тухай гэвэл бусдыг нь дурдахгүй өнгөрч боломгүй санагдаад судалж, нэрсийн хэлхээ гаргасаар байтал сүүлдээ аавын тухай биш, монгол генералуудын тухай цомог болон хувирсан. Номынхоо хүн нэг бүрийн хуудасны тоог маршалууд 10 хуудас, төр, нийгэм, цэргийн том зүтгэлтэн генералууд найман хуудас, дайны хүндийг үүрч, 1944 онд генерал болсон хүмүүс, хурандаа генералууд, Улсын болон Хөдөлмөрийн баатрууд зургаан хуудас, бусад нь дөрөв дөрвөн хуудас гэхчлэн эрэмбэлсэн. Нэрсийн хэлхээ хийх гэж бас л амаргүй байсан даа.
-Та сая нэрсийн хэлхээ гэлээ. Тэр нь ямар учиртай юм бэ?
-Монгол төрийн маршал, генералуудтай хамт зургаа авахуулсан хүмүүсийг нэгбүрчлэн тодруулахыг хичээсэн. Зарим нэгэн хүний талаар тодруулах ямар ч боломж олдоогүй. Ингэж жагсааж, хэлхээгээр нь хөөж явахгүй бол 9000 гаруй хүнээс овогны үсэг ижил, овог ижил, бас нэр ижил хүмүүсийг хооронд нь хольж хутгаад, сүүлдээ замбараагүй юм болно. Д.Жаргалсайхан гэхэд 11 нэр байна, Дашдаваагийн, Даяндоржийн, Дамдинжавын гэх мэт. Тэдгээрээс зургааг нь би өөрөө танидаг. Мөн Д.Баатар нэртэй хүн найм байна. Дамбын, Дугарын, Дэлэгнямын гэх мэт. Эхэндээ хүмүүс хөлсөлж, хамтран ажиллахыг бодсон боловч тэд миний нүдээр зургаа харахгүй, үйл явдал, хүмүүсээ мэдэхгүй, нэрсийн хэлхээ зангидах зэргээс шалтгаалж өөрөө л махран ноцолдох болсон.

Урд эгнээнд: 15 дугаар морьт хорооны улс төрийн орлогч Ч.Данзан, С.Равдан, Ж.Лхагвасүрэн, Улс төрийн газрын Суртлын хэлтсийн сургагч С.И.Раздобаров, Улс төрийн газрын хэлтсийн дарга П.Дорж болон Монгол ардын хувьсгалт цэргийн офицер, дайчид
-Өчнөөн мянган гэрэл зурагтай “ноцолдож”, эзэн холбогдогчийг нь тодруулах нүсэр ажил хийжээ. Нэг дор хамгийн олондоо хэчнээн хүн багтсан ямар зураг байв?
-70, 80, 90 гаруй хүн багтсан зурагнууд ч бий. Тэдгээрээс ихэнхдээ бүрэн, заримыг нь 80-90 хувийг нь тодруулсан. Үүнээс гадна, тэр зураг дээрх хүмүүсийг таньж, нэрлэхэд тусалсан өчнөөн хүмүүст талархал илэрхийлсэн тусгай жагсаалт гаргаж, номондоо оруулсан. Бас л нэрсийн хэлхээс гэсэн үг.
-Хэн, хэзээ, ямар тогтоолоор генерал цол хүртсэнийг ч нэгбүрчлэн тодруулсан гэв үү?
-2004 онд цэргийн түүхч С.Ганболдын хамт Сайд нарын Зөвлөлийн тогтоолын он, сар, өдрөөр бүгдийг нь жагсааж, хэн хэддүгээрт нь генерал цол хүртсэн, мөн намтруудыг нь нэг мөр болгосон, тухайн хүн ямар сургууль төгсөж, ямар алба хашсан, гавъяа шагнал, дурсгалыг нь мөнхжүүлсэн гэхчлэн бүгдийг нь тодруулсан байгаа. Бас үйл явдал, болсон он, сар, өдөр, хүмүүсийн нэрс тодруулах гэж Улсын архив, Батлан хамгаалахын төв архив, ТЕГ-ын Тусгай архив, ГХЯ-ны Төв архив, Улаанбаатар хотын архивт судалгаа хийх гэж их цаг зав зарцуулсан даа.
-Дээрх 175 хүнээс хамгийн “бүдэг” түүхтэй нь хэн байв. Нэг хэсэг зохиомол түүх бичсэн үе бий шүү дээ?
-Генералууд дунд “аавын хаалга татсан” нь байна. Цолоо хасуулаад, дараа нь дахин авсан нь ч байгаа. Гэхдээ энэ бол чухал биш. Хамгийн чухал нь эдгээр хүн бүгд өөрийн мэдлэг, ухаанаар ийм өндөр цол хүртэж, төрийн алба хашиж явсан нь ямар ч маргаангүй. Тэдний дунд ямар нэгэн зохиомол түүхээр гарч ирсэн хүн байхгүй. Ер нь генерал бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн цэргийн дээд цол шүү дээ. Энэ цолд хүрэхийн тулд байлдагч, сонсогчоосоо эхлэн цэргийн дунд, дээд сургууль, 1-2 академи төгсөж, өндөр боловсрол эзэмшиж, өчнөөн сурч, туршлага хуримтлуулж, генералын албан тушаалд томилогдон ажиллаж байж эцэст нь хүртдэг юм. Тэрнээс биш хэн дуртай нь генерал болоод байдаг юм биш. Энд нэг зүйл онцлоход, энэ бүтээл бол монгол цэргийн дарга, тэр салбарын, цаашилбал Монголын түүх, хүмүүст ямар нэгэн улс төрийн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй.
-Тэгвэл хэлмэгдсэн генерал байна уу?
-1937 онд бригад командлан захирагч Д.Цолмон, 1938 онд дивизийн комиссар байсан Б.Амарсайхан хоёр баригдаж, “ардын дайсан” гэдгээр шоронд хоригдож байгаад 1946 онд суллагдсан. Түүнээс хойш амьдрах гэж аахаар шаахар ажил хийж, нэлээд зүдэрсэн байдаг юм. Тэдний цэргийн цолыг 1990 онд сэргээж, хошууч генерал цол хүртээсэн. Үүнээс гадна 1930-1940-өөд оны хэлмэгдүүлэлтэд оролцсон гэдгээр хариуцлагатай албан тушаалаас халагдсан ДЯЯ-ны хэдэн генерал байсан. Жишээ нь, 1941-1946 онд Дотоод яамны сайд байсан Б.Шагдаржавыг хэлмэгдүүлэлтэд оролцсон гээд 1959 онд ЗХУ-д Жанжин штабын академид суралцаж байхад нь дуудан ирүүлж, халсан байдаг. Түүнээс хойш тэр хүн хаана, ямар ажил хийж байсныг нарийн тодруулахад хүндрэлтэй, хотын архивт хадгалагддаг Гадаадын мэргэжилтэнд үйлчлэх газрын ажилтнуудын цалингийн цэс, даргын тушаал шүүж байж тэнд ажилд орсон, тэтгэвэрт гарсан огноог тогтоосон.
-Материал, мэдээлэл нь хомс, намтар нь бүдгэрсэн хүн хэр байв?
-1937-1938 онд тусгай комисс томилж, маршал Г.Дэмидтэй холбоотой зураг, кино хальс, бусад материалыг устгаж байсан түүх бий, энэ тухай баримт үзэж байсан, тиймээс зураг нь тун ховор.
Бас Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морть отрядуудын жанжин Ч.Мижид гуайн зургуудыг олох гэж нэлээд явсан. Мөн казах айлд өргөгдсөн, орос хүү Матросын Зайсановын зураг олдохгүй баахан гүйсэн. Тэр хүн орос эхнэртэй, 1967 онд нас бараад, үр хүүхдүүд нь ЗХУ яваад сураг тасарсан, эхнэр нь гэртээ ганцаараа байхдаа нас барсан зэрэг шалтгаанаас болж гэрт нь байсан баримт материал нь хэн нэгний гараар ороод үгүй болсон юм билээ.
-Монгол төрийн генерал цол хүртсэн хамгийн ахмад болон залуу нь хэн бэ?
-Ардын хувьсгалын партизан Д.Цолмон гуай 1990 онд 88 настайдаа энэ цолыг хүртсэн бол 1944 онд Ю.Цэдэнбал гуай 28-тай генерал болсон. Харин маршал цолны хувьд Г.Дэмид жанжин 36 насандаа хүртсэн.
-Эх орныхоо төлөө хамгийн олон удаа тулаанд орсон генерал хэн байв?
-Би материал, намтрын мэдээлэл, гэрэл зургуудаа цуглуулах явцад үйл явдлыг нарийвчлан судалж, задалж, ангилсан. Тэгсэн аав маань тангараг өрсөн цэргийн албан хаагчийн хувьд эх орныхоо төлөө 1932 оны Баруун аймгуудад болсон зэвсэгт үймээний эсрэг тэмцэл, 1935-1936 оны Адаг дулаан, Буландэрсний байлдаан, 1939 оны Халхын голын дайн, Улс төрийн академийн сонсогч байхдаа 1941 оны 07-11 сард Москвагийн хамгаалалт, 1945 оны Чөлөөлөх дайн, 1947-1948 оны Баруун хилийн тулгаралтанд биеэр оролцож, нэг бус удаа шархдаж, БНАСАУ-д элчин сайдаар ажиллахдаа Солонгосын дайны гэрч болж, Америкийн нисэх хүчний бөмбөгдөлтөд өртөж, хоёр удаа битүү гэмтэл авчээ. Мөн гадаад улсад Элчин сайдын алба хашсан 10 генерал байна. Тэднээс хамгийн анхны томилолт авсан, дипломатын “генерал” буюу Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цол хүртсэн нь Сандивын Равдан. Тэгэхээр Монголын генералуудаас хамгийн олон удаа дайн, тулаанд орсон генерал бол аав маань. Бас аавын дайчин анд Г.Рэндоо гуай таван удаа дайн, тулаанд оролцсон юм билээ. Энэ мэтээр ангилаад, эрэмбээр нь явахад маршал гурав (Г.Дэмид, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал), армийн генерал хоёр (Б.Дорж, Ю.Цэдэнбал), хурандаа генерал найм, дэслэгч генерал 19, хошууч генерал 112 байх жишээтэй. Бас аймаг, сумаар нь авч үзэхэд Завхан, Говь-Алтай, Архангай хамгийн олон генералтай, тэр дундаа Говь Алтайн Халиун сумаас зургаа, Шарга сумаас дөрвөн генерал төрсөн байдаг. Доктор, профессор генералуудын жагсаалт, хамгаалсан сэдэв нь хүртэл дурдсан. Мөн ЗХУ-д Цэргийн академийг алтан медальтай төгссөн есөн генерал бий.
-172 генералаас амидай хэр олон байна вэ?
-Баатар, Батаа, Дамдинсүрэн, Дашзэвэг, Дорж, Жаргал, Сосорбарам, Энхбаатар, Ганбаатар тус бүр хоёр, Лхагвасүрэн, Пүрэвдорж гурав гурав байна.
-Нэг гэр бүлээс төрсөн, эсвэл ах дүү генерал байна уу?
-Генералын хүү генерал ганц байна. Тэр бол Б.Цогийн Геннадий. Генералын хүү, хурандаа цолтон 13 бий. Генерал өвөөтэй хурандаа ганц байгаа нь В.Шанжмятав гуайн ач Энхсүх. Харин генерал болсон хурандаагийн хүү гурван хүн, генералын адъютант байгаад генерал болсон 13 хүн байгаа. Өөр нэг сонирхолтой зүйл гэвэл, зургаан генерал худ ураг болцгоосон байдаг.
-Монгол цэргийн үе үеийн түүх өгүүлснээрээ онцгой энэ ном хэмжээний хувьд бас амжилт тогтооно гэв үү?
-Амжилт тогтоох үүднээс 41х51 см хэмжээг сонгоогүй. Зургаа томоор өгч, тайлбар гаргацтай болгох гэж ийм хэмжээ сонгосон. Нэг метр2 нь 250 гр жинтэй цаасан дээр хэвлэнэ. Үүн дээр хавтасны жин нэмэгдээд, хоёр боть нийлээд барагцаагаар 24-25 кг болно. Хавтсыг нь эхэндээ ямааны арьсаар бүрэхээр төлөвлөсөн ч тийм том хэмжээтэй нь тэр бүр олддоггүй юм байна, тиймээс үхрийн ширээр хийнэ. Хэдэн жилийн өмнө Монголд өндөр түвшинд хэвлэх газар байгаагүй учраас урд газрын 20-иод үйлдвэртэй танилцаад, гэрээ хийхдээ тулаад ирсэн, тэр үед би санасандаа арай хүрээгүй учраас нэг их яараагүй. Харин одоо бол өндөр өртөгтэй ч гэсэн Монголдоо хэвлүүлнэ, хэвлэж чадах үйлдвэр оруулаад ирж, манайхан. Нөгөөтэйгүүр, эх орныхоо төлөө зүтгэсэн монгол генералуудынхаа номыг гадаадад хэвлүүлэх нь зарчмын хувьд таарахгүй гэж бодож байна. Энэ ном маань Монголын хүүхэд, залуучуудад эх оронч сэтгэл, хүмүүжил олгоход хувь нэмрээ оруулах болов уу гэж бодож байгаа.
-13 гаруй жил нухсан номоо ямар ч байсан “өлгийдөх” болжээ. Энэ хугацаанд санхүү, мөнгөний асуудлаа хэрхэн шийдэж байв?
-Ийм юм хийнэ гээд энд тэндээс мөнгө гуйгаагүй. Өөрөө л болгосон. Гэхдээ бэлэн болгосон үед нь салбарынхан нь авах байх. Энэ бол зүгээр нэг түүх биш. Монгол армийн үе үеийн түүх, намтарчилсан цомог, нарийн яривал хийморь сүлд нь.
“Монгол төрийн маршал, генералууд” гэрэл зургийн цомог энэ мэт сонирхолтой түүхээр дүүрэн. Та бүхнийг “гижигдэж”, өөр нэгэн түүхийг товчхон дурдъя.
Ж.Лхагвасүрэн жанжин ихэр байсан бөгөөд үүнийг нь олон хүн мэддэггүй байж. 1939 оны Халхголын дайны үед фронтод очсон маршал Х.Чойбалсанг дагалдаж яваад, нэгэн салбарт ирэхэд нь салааны дарга маршалд илтгэж, өөрийгөө Зундуй гэжээ. Урд нь зогссон тэр байлдагч дэргэд нь зогсох Лхагвасүрэнтэй усны дусал шиг адилхан болохоор маршал бүр гайхаж “Энэ ер нь юу болоод байна, Лхагвасүрээн” гэхэд нөгөөх нь “Уучлаарай, маршал аа, энэ миний ихэр байгаа юм” хэмээн хариулсан гэдэг. Тэгэхэд нь маршал ихрүүдийг уулзуулахаар таван минутын чөлөө өгчээ. Лхагвасүрэн гуай машиндаа Зундуйгаа суулгаж аваад мэнд усаа мэндэлцээд, дүүгээ хартал гутал нь жигтэйхэн хуучирч, элэгдсэн байж. Тэгэхээр нь өөрийнхөө шинэ гутлыг дүүдээ өгсөн гэдэг. Ийм “эгдүүтэй” түүхүүдийг энэ цомог-номоо хийхдээ олныг дуулсан тухайгаа Р.Баяр дурдав.