
Замын асфальтыг хуулсны уршгаар ингэж шороо босдог болжээ
Урд хөршийнхөн маань нэг сая оршин суугчтай шинэ хоттой болох зорилго тавьж, ийм тооны хүн амьдрах орон сууц, авто зам, худалдаа, үйлчилгээний газартай сууринг ердөө арав гаруйхан жилийн хугацаанд барьсан гэхээр биширмээр, атаархмаар. Гэтэл манайхан улсын нийслэлийнхээ хамгийн олон хүн амтай дүүрэгт 3.6-хан км зам тавьж чадахгүй бүтэн зуныг барав.
Өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь, Толгойтын замыг засахаар хаасан. Гэвч одоогоор 4-6 метр урттай хоёр гүүр л барьжээ. Замыг нь олон сар хаасан тул тэр хавийн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, нийтийн тээврээр зорчдог иргэд “Гэртээ харихад бэрхшээлтэй байна” хэмээн удаа дараа гомдол мэдүүлснээр уржигдар уг замыг нээлээ.

Шинээр барьсан гүүр. 2016.10.17
Биднийг очиход гүүрнүүдийн явган хүний замын хашлагыг тавих зэрэг жижиг ажлуудыг хийж байв. Дор нь ус зайлуулах хоолой тавьсан учир гүүр барихад гурван сар зарцуулжээ. Харин хуучин авто замынх нь үлдэгдэл асфальт, хашлагыг нь хуулсан тул энд тэндгүй нүх үүсэн, шороо босох болсон аж.
Зам, гүүрийг шинэчлэх ажлыг “Тотал-инж” компани хийхээр шалгарсан аж. Ингэхдээ тэднийх “ЗМЗ” компанийг туслан гүйцэтгэгчээрээ авч, хоёр гүүр бариулжээ. “Тотал-инж”-ийн ажилчид “Зам тавих мөнгийг нь шилжүүлээгүй гэсэн. Ирэх хавар мөнгө нь шийдэгдэх сураг байна. Уг нь замын эгнээг дөрөв болгон өргөтгөх юм.
Сонгууль, АСЕМ гээд төрийн удирдлагууд биднийг мартчихлаа” гэв. “ЗМЗ” компанийн захирал Д.Ганбаатар “Мөнгийг минь шийдээгүй учир өнөөдөр ийм байдалд хүрсэн. Компани маань ч эргэлтийн хөрөнгөгүй болсон” хэмээн ярьсан юм. Тэрбээр “Уг замыг Хөгжлийн банк санхүүжүүлнэ гэсэн. Гэтэл Сангийн яам хориг тавьсан учир мөнгө өгөхгүй байна.
Энэ дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд, Сангийн сайд, нийслэлийн Авто замын газрын дарга зэрэг албаны хүмүүс ирж, нөхцөл байдалтай танилцсан. Ямар ч байсан мөнгийг минь шилжүүлж өгнө гэсэн. Хоёр гүүр барихад манай компани өөрийн хөрөнгөөсөө 4.2, бусад ажилд хоёр гаруй тэрбум төгрөг зарцуулсан.
Захиалагч нь мөнгөө өгөөгүйгээс болоод бид бетон зуурмаг, арматурын үйлдвэрт техникээ барьцаалсан. Ажилчдынхаа цалинг гурван сар өгөөгүй. Хэрэв урьдчилгаа өгсөн бол ийм байдал үүсэхгүй байсан” гэлээ.
Албаны хүмүүсийн хэлж буйгаар зам тавихад шаардлагатай 11 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгавал хойтонгийн наадмаас өмнө ажлаа дуусгах гэнэ. Хэрэв мөнгийг нь өгөхгүй бол дараа жил ч ийм байдалтай байх нь.