
2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 16.20 цагт тус нисэх буудлын Аюулгүй байдлын газар нийтийн эзэмшлийн талбайд эзэнгүй тээш байгааг илрүүлж, зохих журмын дагуу хамгаалалтад авч, тодорхой байдлаар шалгаж үзэхэд аюултай байж болзошгүй сэжиг илэрсэн. Аюулгүй байдлыг хангах үүднээс Олон улсын иргэний нисэхийн дүрэмд заасны дагуу шаардлагатай арга хэмжээг шуурхай авч, холбогдох хууль хяналтын байгууллагууд шалгалт хийсний дүнд эзэнгүй тээш аюулгүй болохыг тогтоолоо. Мөн тээшний эзэн холбогдогчийг газар дээр нь ирүүлэн тээшийг таниулж, тус иргэнийх мөн болохыг нь тогтоосон.
“Чингис хаан” олон улсын нисэх буудалд дуудлагын дагуу үйлчилгээ хийсэн кабелийн сувгийн ажилтан кабелийн суваг засварлах техник хэрэгслээ санаандгүй байдлаар орхиж явсан байсан бөгөөд энэхүү асуудлыг хууль хяналтын байгууллагууд үргэлжүүлэн шалгаж байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдон Улаанбаатар-Бээжин, Улаанбаатар-Манжуур чиглэлийн нислэгүүд түр саатсан бөгөөд одоо тус нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна гэж иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээллээ.