
Монгол Улсын нийслэлийн 377 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах ёслолыг 4 дэх жилдээ зохион байгууллаа.
Тухайлбал, Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг авчирч, дэлхийн стандартад хүрсэн, орчин үеийн техник, технологид суурилсан, хүрээлэн буй орчинд ээлтэй, өрсөлдөх чадвартай, чанар сайтай оновчтой шийдэлтэй, барилга байгууламж, дэвшилтэт техник технологи, бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлсэн байгууллага, аж ахуйн нэгжийн бүтээн байгуулалтыг дараах дөрвөн төрөлд нэр дэвшүүлж, сонгон шалгаруулжээ.
Үүнд:
- Барилга байгууламж – “М-Си-Эс проперти” компанийн “Шангри-Ла” центр;
- Дэвшилтэт техник, технологи бүхий үйлдвэр – Мах махан бүтээгдэхүүний үйлдвэр “Хос гарьд” компани
- Франчайзинг - Кофе шопын франчайз сүлжээ “Caffe bene”
- Брэндинг – “Нью Тур Сафарис” ХХК-ийн IMAX кино театр нь номинацийн эздээр тодорч, хаш чулуун суурь бүхий “Хангарьд” цомыг гардан авлаа.
Мөн түүнчлэн 7 тусгай байрыг хамт шалгаруулсан байна. Ингээд “Брэндинг” төрөлд шалгарсан “Нью Тур Сафарис” ХХК-ийн Ерөнхий менежер Л.Баярсайханы сэтгэгдлийг сонслоо.
Бид IMAX компанитай гурван жилийн өмнө харилцаа тогтоож, дэлхийн 71 оронд нэвтрүүлж, соёлын салбарт хамгийн алдартай брэнд болсон IMAX кино театрыг монголдоо амжилттай нэвтрүүлсэн. Энэ ч утгаараа өнөөдөр Улаанбаатар хотын 377 жилийн түүхт ойн баяраар “Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалт”-д нэр дэвшиж энэхүү хүндтэй цомын эзэн болсондоо маш их баяртай байна.
Уг кино театр маань Монголд нээлтээ хийсэн даруйдаа дэлхийн чансаад 12 дугаар байрт шалгарсан. Мөн эх орныхоо соёлын урсгалд нэгэн шинэ урсгалыг нээж, олон нийтэд цаг заваа зөв боловсон өнгөрүүлэх орчинг бий болгох, олон улсын стандартыг нэвтрүүлэх чухал ач холбогдолтой төсөл болж чадсан гэж дүгнэж байна.
Ийнхүү зорьсон төсөл маань амжилттай болж олон нийтийн таашаалд нийцэж байгаад туйлын их баяртай байна.
Энэхүү кино театрын маань давуу тал бол үзвэрийн соёлд эрс шинэчлэлт хийж чадсан. Өнөөдөр дэлхийд байгаа хамгийн чанартай театр бол IMAX болоод байна. Учир нь дуу, дүрсний өндөр чанараас эхлээд үзэгчдийн тав тухыг дээд зэргээр хангаж чаддагт байгаа юм. Харин цаашдаа Өргөө кино театр дахин гурван “IMAX” театр хийхээр төлөвлөсөн байгаа.
Инженер А.Анхбаяр: Дэлхийн брэнд IMAX Монголд орж ирснээр Холливудад нэг алхам илүү ойртсон гэсэн үг. Учир нь кино бүтээгчид маань энэхүү “IMAX” форматад тулгуурлан, кино бүтээх явцаасаа эхлэн “IMAX” театрт зориулж кино бүтээдэг болсон. Тиймдээ ч дэлхийтэй хөл нийлүүлэн алхахын тулд энэхүү кино театрыг оруулж ирэх шаардлага тулгарсан. Тэрийгээ ч хийж чадсан гэж бодож байна. Цаашдаа кино ертөнц маань виртуал ертөнц рүү илүүтэйгээр чиглэгдэх байх.