Монголын уран бүтээлчид бараг долоо хоног бүр шинэ киногоо театруудад нээж буй. Үзэгчдийг “уядаг” сонирхолтой кинонууд байх ч хэдхэн хоноод л “гологдчихдог” нь хамаагүй олон. Тиймээс ч өдөр ирэх тусам “Монгол кино үзэхгүй” гэдэг үзэгчийн тоо олширч буй. Яагаад гэдгийн шалтгааныг уран бүтээлчид мэддэг ч хайхардаггүй юу, эсвэл мэдээд ч сайжирдаггүй юмуу, бүү мэд. Ямартай ч Монголын уран бүтээлчдийн гаргадаг түгээмэл хэдэн алдааг хэрхэн ажигласнаа сийрүүллээ.
ӨНӨӨХ Л ЗОХИОЛ
“Сайн зохиол цаг ямагт эрэлттэй байдаг. Үүнийг дагаад сайн бичвэр, сайн үзэгдэл, сайн жүжиглэлт гаргах нь зайлшгүй болж, уран бүтээл чанаржих тусам мөнгөний зарцуулалт нэмэгдэх ёстой. Энэ бол бизнесийн зарчим юм” гэж АНУ-ын кино зохиолч, найруулагч, продюсер Бенжамин Б.Хэмптон хэлсэн нь бий. Харин манай уран бүтээлчид нэг л хүрээн дотроо эргэлдсээр буй. Уг нь баялаг түүх, арвин сэдэв байсаар л. Нөгөө тээгүүр, киноны зохиол зөвхөн ахуй орчныг дүрслэх, жүжигчдийн хэлэх харилцан яриаг буулгах төдий бус, баатруудын оюун сэтгэхүй дэх зөрчлийг нээх чухал үүрэгтэйг умартчихсан. Дэлхий дахинд кино зохиолын бичлэгийн хэлбэр аль хэдийн хэлбэршин тогтсон. Гэтэл үүний дагуу бичдэг мэргэжлийн кино зохиолчид, мөн нэмж засварладаг редакторууд алга. Энэ талаар зохиолч, судлаач Я.Баяраа өмнөнь“Монгол кино: Зохиол, зохиол, зохиол” нийтлэлдээ “Монголын кино урлагт мэргэжлийн зохиолч дутагдаж байна. Монголд ихэнх кино зохиол найруулагчийн санаагаар бичигдэж, мэргэжлийн ямар нэг хяналтгүйгээр дэлгэцийн бүтээл болж буй нь олон янзын алдаа гарч, эрсдэл хүлээхэд хүргэж байна” гэж бичиж байв. Энэ жишгээр хийж, чанаргүй киноны тоог нэмсэн нь жишээ татахаас зүрхшээм олон.
МӨНГӨ ӨГСӨН БОЛГОН ПРОДЮСЕР БИШ
“Кино бол хамгийн азгүй урлаг. Учир нь мөнгөнөөс шууд хамааралтай” гэж Оросын алдарт найруулагч Андрей Тарковский хэлснийг мэдэхгүй киноны уран бүтээлч байхгүй биз. Англи хэлний үйлдвэрлэх гэх үгнээс угшилтай продюсерууд нь кино бүтээх үйлдвэрлэлийг хариуцсан мэргэжилтэн гэхэд болно. Продюсер зах зээлд борлогдох киноны шинэ санаа олох, эсвэл санал болгож, түүнийг хөгжүүлж, хэрэгжүүлэхэд гарах зардлыг тооцож, санхүүжилтийн эх үүсвэрийг олох үүрэгтэй. Цаашлаад зохиолч, найруулагч, жүжигчдийг урьж, зураг авах болон түүний өмнөх, дараах ажлыг төлөвлөж, эцэст нь киног түгээх, борлуулах ажлыг ч гүйцэтгэдэг. Ингэж сайн уран бүтээл үйлдвэрлээд, үүгээрээ хөрөнгө оруулагчдадаа үнэ цэн нэмдэг учиртай. Харин манайд кинонд хөрөнгө оруулсан, мөнгө өгсөн хүнийг продюсер гэдэг болчихож. Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн “Монголын кино урлагт зохиолоос гадна дутаж байгаа зүйл бол мэргэжлийн продюсер. Өмнөх нийгмийн үед киног төрөөс санхүүжүүлж байсан. Өөрөөр хэлбэл, продюсерын үүргийг төр хариуцаж байлаа. Одоо сайн дурын, кино урлагт хайртай хүмүүсийн ивээн тэтгэлгээр, эсвэл өөрсдөө мөнгө босгоод кино хийж байна. Гэхдээ мэдээж мэргэжлийн продюсер, сайн дурын ивээн тэтгэгч хоёрын ялгаа асар их. Мэргэжлийн продюсерын толгойд дэлхийн киноны сүлжээ багтаж байгаа, тийм биз. “Энэ киног Зүүн өмнөд Азид гаргавал яах вэ, Европт, Латин Америкт үзүүлбэл яах бол” гэж бодно. Хамгийн гол нь дэлхийн мундаг продюсерууд хоорондоо харилцаа холбоо сайтай байдаг. Нэг шилдэг бүтээл солилцлоо гэхэд түүнийг дагуулаад хоёр тааруухан бүтээл борлуулчих жишээтэй” хэмээсэн.
ДҮРҮҮДИЙН БУРУУ СОНГОЛТ
Алтан үеийн жүжигчид “Нээрээ л ийм хүн байсан байх” гэтэл дүрээ амьдруулж чаддаг байв. Харин одоогийн залуу жүжигчдийн олонх нь мэргэжлийн түвшинд ажиллахаа больсон. Жүжиглэлт, харилцан яриа, дүрийн үйл хөдөлгөөн нь амьдралгүй, цаг нөгцөөсөн мэт л харагдана. Нэг бол дэлгэц дүүрэн маазарч алиалсан, эсвэл дайралцаж зодолдсон залуусыг үзүүлнэ. Нөгөө бол хөдөөгийн ахуй дүрсэлсэн үзэгдэлд ч, хотын амьдрал үзүүлсэн хэсэгт ч хиймэл сормуус, сэнсэдсэн үстэй ганган хүүхнүүд харагдана. Энэ нь продюсер, найруулагч нар ихэвчлэн эчнээ таньдаг жүжигчдээ өнөөх л хүмүүсийн мэддэг чигээр нь, тэр л төрхөөр нь тоглуулдаг, өөрөөр харуулахыг хүсдэггүй, тэдэнтэй ажилладаггүйтэй холбоотойгэжболно. Мөн дүрийн сонгон шалгаруулалт хийсэн ч бурууг нь сонгодог. Буруу гэдэг нь киноны сурталчилгаа, борлуулалтаа бодоод тухайн үеийн тренд болж буй “од”, нөлөөлөгч (influencer) нэртэй хүмүүсийг сонгосноос шалтгаалдаг байж мэднэ. Тийм тохиолдолд тэднээс жүжигчний ур чадвар, уран тоглолт хүлээгээд ч нэмэргүй. “Ихэр тавилан”, “Soulmate” тэргүүтэй олон кино ингэж маруухан киноны тоог нэмж буй. Яг үүний эсрэгээр муу зохиолоо амь оруулах гэсэндээ аль алдартай, сайн гэсэн жүжигчдийг цуглуулан хүмүүсийн анхаарлыг татахыг хичээдэг тохиолдол ч бий. Бүтээлийнхээ чансаагаар бус, шилдэг жүжигчдийн хүчээр амжилт олохыг хичээдэг. Гэхдээ энэ нь тухайн жүжигчний тоглосон уран бүтээлийнх нь жагсаалтыг нэгээр нэмэх авч сайн нэр лав зүүлгэхгүй.
ХИЙЦ БОЛОН ПОСТ ПРОДАКШНЫ ГҮЙЦЭТГЭЛ
“Монгол киноны хийц муу” гэдэг үгийг олонх үзэгч хэлдэг. Үүнийхамгийн том шалтгаан нь зураг авах ажлаа эхлэхээс өмнө камераа сонгож, камерт бууж буй өнгө, жүжигчнийхээ нүүр царай, тэр ч бүү хэл, өмсөх хувцсыг нь бэлдэж, тухайн үзэгдлийн талбайд туршилтын зургаа авчихаад киноны боловсруулалт (post production)-аа хэрхэн хийхээ төлөвлөж, тохирдоггүйтэй холбоотой. Олонх нь киноны зохиолоо бичиж дуусав уу, үгүй юүяаран зургаа авч, дүрсээ эвлүүлчихээд, дараа нь өнөөх аудио эвлүүлэг, микс, визуал эффект, өнгө заслаа бодож эхэлдэг. “Хотулун гүнж: Алтан судрын эрэлд”, “Сүүдрээр гэтэгч” зэрэг киног энд жишээ татаж болно. Уг нь пре-продакшнд VFX буюу визуал эффектийг хэрхэн хийх талаар судлах, киноны зургийн ажлаа гүйцэтгэж байхдаа визуал эффект хийх хэсгүүдээ яаж авах тухай, бүх зургаа авч дуусгаад пост продакшнд VFX хийх үе шатын талаар анхнаасаа төлөвлөдөг бол киноны хийц мэдэгдэхүйц өөрчлөнө.
СУРТАЛЧЛАХАД УЧИР БИЙ
Кино уран бүтээлүүдийг зөвхөн видео танилцуулга (trailer), эсвэл зурагт хуудас (poster)-наас хараад сайн, мууг нь ялгаж чадахгүй. Гэхдээ киногоо борлуулахын тулд ашигладаг нийтлэг аргуудын нэг нь мэдээж киноны зурагт хуудас, видео танилцуулга. Танилцуулгадаа цөөн тооны үзэгдэл харуулаад, үлдсэнийг нь кинотеатрт очиж үзэх хүсэл төрүүлэх ёстой байтал олонх кинобүтээгчбүх үйл явдлаа дэлгэчихдэг. Ингэснээр үзэгчид үйл явдлыг шууд ойлгочихдог, энэ нь кинотеатрт үзэх хүслийг унтраачих нь бий. Мөн маруухан кино хийчихээд “супер” зурагт хуудас хийж үзэгчдийг хуурдаг хүмүүс байна. Гэтэлдавгүй кино гоо тааруухан зурагт хуудсаараа балласантохиолдол ч бишгүй. Жишээлбэл, “Риакшн” продакшныхан өнгөрсөн тавдугаар сард дэлгэцийн анхны бүтээлээ “Ghost” нэртэйгээр үзэгчдэд хүргэсэн. Жүжигчин Х.Цасчихэр, Э.Тодгэрэл нарын хамтран тоглосон эл кино болом жийн гүйцэт гэлтэй атлаа үзэх хүслийг шууд унтраадаг бүтээлч бус нэр, ядмаг зурагтхуудастай байв. Ингэснээрээ кино театрт толилуулжбуй бусад кинонд “ялагдчихсан”. Энэ талаар кино шүүмжлэгч А.Мөнгөн “Миний хувьд театрт гарч буй бүх монгол киног үзэхээр чармайдаг хоббитой. Хэрэвтиймбиш байсан бол “Ghost”-ыг үзэх, эсэх миньэргэлзээтэй. Учир нь “Ghost”-ын төрүүлэх анхны сэтгэгдэл тун базаахгүй. Түүний санаанд үлдэх зүйлгүй хэт ерөнхий нэр, уйтгартай буюу “жижүүрийн” постер нь уг кинонд театрын касснаа үл үзэгдүүлэгч шидийг өгчээ” гэсэн.
“IPTV-Д ӨГЧИХНӨ”
Кино бүтээгчид киногоо кинотеатруудын урьдчилсан үзлэгт оруулснаар дэлгэцэд гаргах, эсэх нь шийдэгддэг. Хэдийгээр айхавтар нарийн “шүүлтүүр”-ээр оруулдаггүй ч тэнцдэггүй нь бас бий. Харин сүүлийн жилүүдэд тэдгээр тэнцээгүй, мөн кинотеатрт хэдхэн өдөр гаргаад л дэлгэцээс буулгачихсан киног IPTV-ээр үзүүлж, “шархаа нөхдөг” болчихсон. Ингэхдээ “кино контент” гэж сониноорнэрлээд байршуулчихна. Мэдээж өргөн дэлгэцэд биш, зөвхөн IPTV-д зориулж хийсэн нь ч бий. Тэдний ихэнх нь өнгөцхөн харсан, тухайн үеийн тренд болсон сэдэв, эсвэл аль нэг баярын өдөрт зориулсан шинжтэй. “Фракц”, “Урилгагүй зочин”, “Сүнстэй байшин” гээд өч төчнөөн нэр дурдаж болно. Мэдээж бага зардлаар, богино хугацаанд хийсэн учраас тэндээс чанар харалтгүй.
Бэлтгэсэн А.Тайшир