Сурагчдын амралт эхэлсэн ч үргэлжлүүлэн хичээллэсээр буй хүүхдүүд бол циркийнхэн. Улсын баяр наадмын нээлтээр харуулах сонирхолтой үзүүлбэрийг 60 нугараачийн бүрэлдэхүүнтэй багаар бэлтгэнэ, хүүхдүүдийг сонгон шалгаруулж авах гэж байна гэсэн мэдээллийн дагуу уран нугаралтын “X, Roses” төвийг зорьж очсон юм. Тус төвийг үүсгэн байгуулагч, улсдаа гарын 10 хуруунд багтах эрэгтэй нугараачдын нэг, уран нугаралтын багш, продюсер Т.Буд Мэргэжлийн уран нугараачдын холбооныхоо нөхдийг хүлээнгээ хичээл зааж байсан юм. “Хуучин цирк”-ийн хэмээх байрны нэгэн умгар өрөөнд нас, насны эмэгтэй голдуу шавь нар нь сурснаа бататгах шиг нэг янзын дасгалыг олон удаа хийж харагдана. Уран нугаралтын энэ төв буюу компанид одоогоор 6-30 насны 40-өөд суралцагч хичээллэж буй аж. Багштай ярилцлаа.
-Та бүхэн наадмаар гоё тоглолт үзүүлэх нь дээ. Ямар утга санаатай бүтээл бол?
-Одоохондоо дэлгэрэнгүй ярих хэрэггүй байх аа.
-Манай улсын циркийн урлагийн зүтгэлтнүүд гэж онцлохоор хүмүүс дор бүрнээ бүтээл туурвилтай, олон улсын уралдаан, тэмцээний амжилттай, туршлага, мэдлэгээ хүүхэд багачуудад зориулсан байдалтай байхыг хардаг. Тэдний нэг нь та. Сургалтын төвөө хэзээ байгуулсан бэ?
-Багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлэх зорилгоор 2004 оноос ажиллаж эхэлсэн. Албан ёсоор 2008 онд бүртгүүлсэн.
-Уран нугарах амаргүй юм шиг. Гэсэн ч сонирхдог хүн олон. Эцэг, эх нь зүтгэж хүүхдүүдээ сургалтад хамруулж байна уу, эсвэл хүүхдүүд нь дурлаж “Би явъя” гэдэг юм болов уу?
-Хүүхдээ сонирхлынх нь дагуу дэмжье гэсэн эцэг, эхчүүд багачуудаа хөтлөөд ирдэг. Зарим нь хүүхэд нь хүсэхгүй байсан ч, авьяас байгааг нь олж харсан бол багшийн тусламжтай хөгжүүлье гэсэн аав, ээжүүд байдаг. Аливаа сургалт гэдэг хүүхэд, эцэг, эх, багш гэсэн гурван хүчин зүйлийн хамтын нэгдэл, зүтгэл юм.
-Таны шавь нараас олон улсын тавцанд өндөр амжилт гаргасан нь олон уу?
-Нугараачдаас олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнээс гурван хүрэл, акробатчид дундаас “А” зэрэглэлийнхээс алт, мөнгө, хүрэл медаль авч байлаа. Олон улсын бусад болон эх орондоо болсон уралдаан, тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн нь хэд хэд.
-Монголдоо аваад үзэхэд уран нугарах урлагт өөрчлөлт их гарч байх шиг. Нугарах хурд эрс нэмэгдсэн гэж хардаг. Хэзээнээс ийм болсон бэ?
-Манай компанийн нугараачид “To be or not to be” шоуны ялагч болсныг хүмүүс мэдэх байх. Түүгээр Монголын уран нугараачид аль түвшинд хүрснийг харцгаасан. Нугаралтад орчин үеийн хандлага бий болгосон уран бүтээлч бол Б.Норовсамбуу багш мөн. Сонгодог арга барил буюу уян налархай хөдөлгөөнөөр удаан хэмнэлтэй хөгжимд зөөлөн аядуу нугардаг байсныг өөрчлөх эхлэлийг тавьсан. Дараа нь би неон гэрэлд хувцсаа гялтгануулан, гаж мэт хөдөлгөөнүүд үзүүлдэг болсноор уламжлалт арга барилыг үндсэндээ эвдсэн гэх үү дээ. Монголын брэнд болсон уран нугаралтаар монголчууд дэлхийд ноёрхсон хэвээр байх ёстой гэсэн үзэл ямагт байдаг. Тийм болохоор байнга шинийг санаачилж байхыг хүсдэг. Одоо бол нугараачид зөвхөн ширээн дээр бус ухаалаг өөрөө явагч самбар дээр таваас зургаа давхарлах, овоолго үүсгэх зэргээр ажилладаг болсон. Гал дундуур ч үсэргэж байна.
-Циркийн Буд гэж урлагийнхан сайн мэддэг юм билээ. Уран нугараач, акробатчины замналаасаа сонирхуулж ярих уу?
-Би 1989 онд Төрийн шагналт, Ардын жүжигчин Т.Цэнд-Аюуш багшийнхаа шавь нь болсон юм. Хоёр дахь эрэгтэй шавь нь. Дагалдан ажилладаг байгаад 1992 онд акробат тэнцвэрч, уран нугараач гэдэг мэргэжлээр Соёлын яамнаас мэргэжлийн үнэмлэх авч байлаа. Тухайн оны тавдугаар сарын 30-нд анх удаа тайзан дээр гарсан. Тэгэхдээ бүр Д.Сүхбаатарын талбайд Цэндээ багшийнхаа ач хүүтэй нь хамт хос акробатын номер үзүүлсэн юм. Тухайн үеийг хүртэл ийм бүтээл байгаагүй. Эрэгтэй хүний толгой дээр нугаран, ам, амаараа зуух үзүүлбэрээр ажлын гараагаа эхэлсэн.
-Одоо ид гялалзаж буй эрэгтэй уран нугараач хэн, хэн байна?
-Нугараач Э.Лхагва-Очирыг хүмүүс сайн мэдэх байх. Мөн миний анхны шавь нарын нэг Н.Мэргэн гадаадад ажиллаж байна. Лхагваа бид хоёр нэг багшийн шавь.
-Та ямар онцлогтой нугараач вэ?
-Би нэлээд уян байлаа. Тийм болохоор хамтрагчийнхаа дээд талд зубник гэж, амаараа хаздаг зуултуур дээр тогтдог үзүүлбэр хийдэг байсан юм.Үүний хажуугаар толгой дээр нэг гар, мост, шпагат, хөл таталт гэх зэргийг хүний дээр хослуулж хийдэг байсан. Тэр үед Гавьяат жүжигчин Д.Ягаанцэцэг эгч бас ийм үзүүлбэр хийдэг байсан. Түүнээс хойш би өөрийн хүслээр сандлын, гар дээрх тэнцвэр, тэмээтэй акробат, агаарын номер, дээсээр наадагчид, шидэлттэй акробат зэрэг төрлөөр нэлээд хэдэн жил тоглосон.
-Хос морьтой уран бүтээлч юм.
-Тийм юм даа. Багш 2004 онд өөд болсны дараа манай Улсын циркийн Уран сайхны зөвлөлийн шийдвэрээр би багш болсон. Тэгснээр уран нугаралтыг хөгжүүлэх, авьяаслаг хүүхдүүдийн ур чадварыг дээшлүүлэх үйлсэд хүчин зүтгэж байна. 2007 оноос тэмцээн, уралдаанд уран нугаралтаар хичээллэдэг шавь нараа тогтмол оролцуулж ирлээ. Акробатын залуустаа номер бэлтгэж, уралдаануудад оролцуулж байлаа.
-Продюсороор ажилладаг гэсэн үг биз?
-Тийм ээ. Номер бэлтгэж өгөхөөс гадна хувцасны дизайн, хөгжмийн найруулга, уран нугаралтын ширээний цогцолборын шийдэл гээд бүхий л чиглэлд сэтгэж, шийдэж явдаг. Энэ бүхэнд мэргэжилтэн найз нөхөд минь ихээхэн тусалдаг. Би ганцаараа бүгдийг хийж барахгүй, чадах ч үгүй. Би зураг зурж, хөгжим зохиохгүй шүү дээ. Санаагаа хэлж, ойлгуулаад, хамтраад зүтгэдэг. Миний багш “Уран нугараач юм чинь энэ ажлаа л хийнэ” гээд, бусад чиглэлийн тухайд гараа хөдөлгөхгүй суудаг хүн байсангүй. Олон талын мэдлэг, боловсролтой, заяамал авьяастай хүн байлаа. Би бас багш шигээ зүгээр байхгүй, янз бүрийн ажил хийхийг хүсдэг. Ажил ихэвчлэн санаснаар бүтнэ ээ. Багш минь харж байдаг, зааж, чиглүүлж өгдөг юм болов уу гэж бодох үе бий. Би багшийгаа их хүндэлж, хайрладаг, үг сургаалыг нь сонсож, дагаж мөрддөг байсан болохоор тэр юм уу, одоо ч зам мөрийг минь багш засаж явдаг юм шиг санагддаг (инээв). Намайг их эрхлүүлдэг байлаа. Загнаж үзээгүй. Хааяа буруу юм хийчихсэн байхад хүртэл хамгаалах гээд дайрчихдаг байв. Ийм сайхан, нэр хүндтэй багшийн шавь болсноороо бахархаж явдаг. Ардын жүжигчин Б.Норовсамбуу бол манай багшийн анхны шавь нь юм. Намайг багш болсны дараа Норовоо эгч “Хоёулаа багшийнхаа гэгээн дурсгалд зориулж нэг аятайхан номер гаргая” гэснээр “Хос бамбар” бүтээлээ хийсэн. Энэ номероор 2007 онд шавь нараа Монте Карлогийн хүүхдийн тэмцээнд оролцуулахад тэргүүн мөнгөн цом авсан. Бүжгийг ерөнхийд нь Норовоо эгчийн шавь, нугараач Хонгорзул дэглэсэн. Би трюк талаас нь ажилласан. Энэ ташрамд, намайг багш болоход дэмжиж тусалсан Б.Норовсамбуу багш, Д.Зоригт найруулагч нарын ахмадууддаа талархаж явдгаа хэлье.
-Та Улсын циркийг хувьчлах замаар “устгасан”-д харамсдаг уу?
-Мэдээж ямар сайн байх вэ. Жүжигчдээс гадна ажил, амьдрал нь цирктэй холбоотой олон хүний амьдрал хэцүүдсэн шүү дээ. Дархан, мужаанаас авхуулаад янз бүрийн мэргэжлийн олон хүн яахаа мэдэхээ байсан. Нөгөө талаар олон хүнд өөрөө өөрсдийгөө авч явах дархлаа сууж эхэлсэн гэж ойлгодог. Тэгж байж хувь хувьдаа бизнес үүсгэж, гадаад харилцаа хөгжүүлж, олон улсын тэмцээн, уралдаануудад идэвхтэй оролцдог болсон юм болов уу. Ингэж хувиараа ажиллах түвшинд ажлаа зохион байгуулж сурсан гэсэн үг. Үүнийг муу гэхгүй. Хөгжлийн нэгэн үе шатыг давсан гэж үзэхээр. Цирк гэдэг бол их өвөрмөц орон зай. Бидэнд эв түнжингүй байх учир үгүй. Манай цирчид сүүлийн тав, зургаан жилд хоорондоо улам нягтарч байна. Олуулаа болсон. Байр, орчны нөхцөл байдлаас болоод амьтны үзүүлбэр, агаарын гимнастик, жонглёр зэрэг хэд хэдэн төрөл зогсонги байдалд орсон ч боломжит чиглэлүүдээ сайжруулан хамтарч тоглосоор байна. Бөхийн өргөө, Соёлын төв өргөө, “Улаанбаатар палас”, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Бөмбөрцөг” театрт тоглолоо. Уран бүтээл бол болж байна. Хувь хувьдаа ажилласаар байгаад дор бүрнээ чадавхижжээ. Гэсэн ч стандартын байр, орчин шаардлагатай нь бүхий л зүйлээс харагдсаар байдаг.