Үхэл. Алс хол мэт санагдавч үнэндээ тэр үргэлж бидэнтэй зэрэгцэн оршдог. Өглөө хичээлдээ явахаар гарсан үрс гарцан дээр согтуу жолоочтой машинд мөргүүлэн амиа алдана. Байрныхаа гадаа тоглож байсан хүү сул унжсан цахилгааны утсанд цохиулан хорвоог орхино. Алхаж явахад, зам дээр машиндаа түгжирч ахуйд ч дээрээс гэнэт кран унаад дарж ална. Зүгээр гэртээ сууж байхад чинь хэн нэгэн орж ирээд зүрхэнд чинь хутга зоож ч мэднэ. Хэзээ ч, ямар ч тохиолдлоор үхэж болох эрсдэл дүүрэн, аюултай орчинд бид амьдардаг. Гаднын санаатай, санаагүй нөлөөтэйгөөр, эсвэл зүрх нь зогсож, цус харвах зэрэг эрүүл мэндийн шалтгаанаар хүмүүс энэ орчлонгоос хэдэн зуугаараа буцаж байна. Гэнэтийн үхэл. Хэн ч үүнийг хүсээгүй, мэдээж бас “төлөвлөөгүй”. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгосон эрхээ монгол хүмүүс эдэлж чадахгүй байгаа. Ийм орчныг бүрдүүлэх ёстой хүмүүс нь ажлаа хийсэнгүй.
Нэгэнт үхэлтэй бид тохиролцож чадахгүй учраас хэзээ ч ирж болох энэ зүйлд бэлэн байх ёстой юм. Яаж гэж үү. Гэрээслэл бич. Захиасаа үлдээ. Үлдэж буй ойр дотнынхноо тайвшруулахын тулд, эд хөрөнгө булаацалдсан “атгаг” хүмүүсийг байранд нь тавихын тулд, бас өөрөө амар тайван “явах”-ын тулд үүнийг хий.
ХӨРӨНГӨ БУЛААЦАЛДАХ МАРГААН
“Ганц хүүд нь өгөх юмыг нь өгнө үү дээ”. 20 гаруй жил ханилсан ханиа дөнгөж алдаад байтал л эд хөрөнгийг нь булаацалдах хүмүүс гараад иржээ. Уй гашууг нь хуваалцаж, тайвшруулах таван үг хэлээгүй байж л хөрөнгө, мөнгөний тухай ярьж эхлэхэд эмэгтэйн дургүй хүрэв. Босож очоод өмсдөг байсан дээл, хэрэглэж асан хөөрөг тэргүүтнийг нь авчирч, хүүгийнх нь өмнө тавьсан байна. Гэтэл өнөөх хүү нь “Аав бас гайгүй хэдэн цагны цуглуулгатай байсан даа” гэх нь тэр. 30 нас гарсан энэ залуу талийгаачийн анхны эхнэрийн хүүхэд аж. Нөхрийнхөө 49 хоногийг дөнгөж хураасны маргааш эмэгтэй шүүхээс нэхэмжлэх бичиг хүлээн авав. “Байр, машин тэргүүтэй бүх эд хөрөнгөөс нь түүний хүүгийн хувиар би ч бас хүртэх ёстой” гээд 200 гаруй сая төгрөг нэхэмжилсэн байв. Уг нь тэр байранд тухайн эмэгтэй болон талийгаачийн хоёр охин амьдарсаар байгаа, өөрсдийнхөө мөнгөөр авсан машинаа ч унаж хэрэглэж буй. Ингэж явсаар шүүхээс эмэгтэйг өнөөх хүүд нь 90 гаруй сая төгрөг төл гэсэн шийдвэр гаргаж, одоо сар бүр түүн рүү мөнгө шилжүүлдэг болсон гэнэ. “Би нөхөртөө гомдож байна. Эд хөрөнгөө хэрхэн хуваарилахаа урьдчилаад хэлж захихгүй яав даа. Тэгсэн бол би хэдэн жил шүүхээр явалгүй, захисан хэлснийг нь хүүд нь дамжуулж болох л байсан. Тэр хүү ч бас хааяа манайхаар орж гарахдаа эд хөрөнгө, өмсөж зүүснийг нь бүртгэдэг байж л дээ” хэмээн эмэгтэй гомдолтой ярьж байв.
Бүсгүй дөрвөн хүүхдээ тэврээд бэлэвсрэн хоцорчээ. Одоо амьдарч байгаа байрыг нь талийгаачийн төрсөн ах, дүү нар булаацалдан, түүнийг хүүхдүүдтэй нь гудамжинд хөөж гаргах гээд үзэж байгаа гэнэ. Эхнэрт нь дургүй байж болно, гэвч дүүгийнх нь үр үндэс болсон бага насны дөрвөн хүүхдийг яая гэсэн юм бол. Мөнгөний төлөө бол хүмүүс юу ч хийхээс буцахгүй болтол мөс чанар муудсан цаг аж.
Өөрийн өмч хөрөнгийг нас барсныхаа дараа хэрхэн хуваарилах вэ гэдэг зохицуулалтыг л гэрээслэл гээд байгаа юм. Гэрээслэлд тавигдах хууль ёсны шаардлага гэж бий. Үүнийг заавал бичгээр үйлдэж, нотариатаар баталгаажуулан, гэрээслэл үйлдсэн он, сар, өдрөө тодорхой бичиж байж хүчин төгөлдөр болно. Бараг ширхэг хадаас ч байсан “хамж авчих” гээд байдаг “өлөн”, шунал нь ихэдсэн хүн олширсон цагт эд хөрөнгөтэй бол хүчин төгөлдөр гэрээслэл үйлдэж, хожим үлдэх хүмүүсээ таагүй маргаанаас хамгаалж, шүүхэд зарцуулах цаг хугацааг ч хэмнэх юм. Танд үл хөдлөх, газар, тээврийн хэрэгсэл, хувьцаа, оюуны үнэт зүйлээс эхлээд нэр дээр чинь ямар нэг хөрөнгө байдаг л бол одооноос гэрээслэлээ бичсэн нь дээр. Цаг хугацаа өнгөрөхөд эд хөрөнгө нэмэгдэж, хасагдана, өвлүүлэх хүмүүсийн талаарх бодол ч өөрчлөгдөж болно. Тэр бүрт гэрээслэлдээ засвар хийгээд явдаг барууныхны жишиг бий. Ямартай ч нэг өдөр таныг бурхан дуудахад ардаа санаа зовохгүй явж болно гэсэн үг. Асуудал гарвал хууль ёсны, хүчин төгөлдөр гэрээслэл тань учрыг нь олж, хужрыг нь тунгаагаад өгнө.
Гэвч энэ соёл манайд түгээмэл биш байна. Гэрээслэл бичвэл үхлээ зөгнөлөө, муу ёр гэх мэт хандлага байсаар. Монголчууд сүүлийн 30 гаруй жилд л хувийн өмчтэй болж, өвлүүлэх соёл, эд хөрөнгөтэй холбоотой шүүхийн маргааны тухай хөндөж буй. Үүнийг дагаад гэрээслэл, өвлүүлэх соёлын тухай ярихаас аргагүй болж байна. Учир нь дээрхийн адил маргаан, асуудал жил ирэх бүр нэмэгдэж байгаа аж. Одоогоор уг асуудлыг манай улсад Иргэний хуулиар зохицуулдаг юм билээ.
Хуулийн фирмд нэгэн иргэн ханджээ. Хувийн бизнес эрхэлдэг эцэг нь нас барснаар өв залгамжлалын асуудал хөндөгдсөн юм байна. Түүнд өндөр үнэтэй орон сууц, зуслангийн байшин, хэд хэдэн автомашин байжээ. Мөн хилийн чанадад ч үл хөдлөх хөрөнгөтэй. Гэхдээ талийгаач гэрээслэл үлдээгээгүй тул хуулийн дагуу өв залгах хүмүүс нь нотариатчид хандаж, өвлөх хүсэлтээ гаргав. Өвлөх хөрөнгийг нь хайж тогтоох, хөрөнгө хуваах хэлэлцээр хийх болон нотариаттай холбоотой тодорхой зардал гарна, гэвч үүнийг төлөх хүн олдсонгүй. Гагцхүү авах зүйлдээ л санаа зовон маргалдсаар хэдэн жил дамнан шүүхээр явжээ. Тэр хооронд хөрөнгийнх нь хадгалалт, хамгаалалт суларч, эзэнгүйдэн, гадаадад байгаа үл хөдлөхөө алдахад хүрсэн харамсалтай жишээг хуульч Л.Нинжбат гэдэг хүн нэгэн сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.
Мөнх бусыг үзсэнийх нь араас ийм ойлгомжгүй, таагүй зүйлс болоосой гэж хүсэх хүн байхгүй л болов уу. Амьдралынхаа турш цуглуулсан эд хөрөнгөө алдах уу, хүссэн хүмүүстээ хуваарилаад хэл амгүйхэн үлдээх үү, эсвэл мухар сүсэгт итгэх үү. Та бүхний сонголт.
ЗАХИАС
Өв хөрөнгөөс гадна үнэтэй үг, захиас гэж бий. Ойр дотнын хүнээ гэнэт алдахын харуусал, шаналлыг мэддэг хүмүүс үүнийг илүүтэй ойлгоно. Удаан өвдсөөр хорвоогийн үнэнтэй нүүр тулж буй хүн хүссэн хүмүүстэйгээ уулзаж, бодсон үгээ хэлж, нэг ёсондоо санаснаа гүйцээж амждаг. Харин өглөө гэрээсээ гараад эргэж ирээгүй, эсвэл унтахаар орондоо ороод дахин сэрээгүй тэр хүмүүс юу бодож байсан бол. Хайртай ар гэрийнхэндээ хэлмээр, захимаар үгс, амжуулмаар ажил, уулзмаар хүмүүс байсан л байгаа. Тиймээс захиас, хэлж амжаагүй, цаг нь болохоор ярихаар “хадгалсан” зүйлсээ бичээд үлдээж байгаарай. Магад тэр цаг чинь хэзээ ч ирэхгүй байж мэднэ. Тийм үед таныг төлөөлсөн захиас тань үлдэнэ. Сонсож амжаагүй үгээ захидлаар дамжуулж авсан үр хүүхэд тань ч тайтгарна. Таны санаа ч амарна.
Үхэл хэдэн насанд ч ирж мэднэ. Тиймээс харамсал, гомдол үлдээхгүйн тулд гэрээслэл, захиасын соёлыг хэвшүүлье. Амьдрал мөнх биш гэдгийг ойлгосон тэр үедээ би гэрээслэлээ бичсэн юм. Одоо харин нэг эргэж харж, шинэчлэх хэрэгтэй санагдана. Бас нотариатаар батлуулж, хүчин төгөлдөр болгохоо мартаж болохгүй. Амьдрал, үхэл хоёр зэрэгцэн оршдог болохоор юунд ч бэлэн л байцгаая.
Иргэнийхуулиас:
6.1. Хуульд заасан үндэслэл, журмаар иргэний гүйлгээнээс хасагдаагүй, мөнгөөр үнэлж болох, эдийн эдийн бус баялаг иргэний эрх зүйн харилцааны объект байна.
6.2. Эдийн болон эдийн бус эрх, үйлдэл, эс үйлдэхүй, мэдээлэл иргэний эрх зүйн харилцааны объект байж болно.