Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, “Дүнжингарав” худалдааны төвийн уулзварт энэ сарын 24-нд болсон дэлбэрэлтэд онцгой байдлын албаны гурван аврагч-гал сөнөөгч өртөн амиа алдсанд монгол түмэн харамсан, гашуудаж байна. Харамсахаас, халаглахаас ч аргагүй юм. Гамшиг, ослоос бусдын амь, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах гэж хоёргүй сэтгэлээр зүтгэж яваад хорвоогоос буцна гэдэг юутай эмгэнэлтэй, харуусалтай.
Уншигчид санаж буй бол өнгөрсөн сарын 19-нд Хан-Уул дүүргийн III хорооны нутаг дахь 10 давхар орон сууцын барилгад гал гарч, долоон хүн амиа алдсаны дунд мөн л нэг аврагч байсан. Тэрбээр тухайн орон сууцын оршин суугчдыг түймрийн голомтоос гаргах гэж явахдаа угаартаж, эмнэлэгт хүргэгдсэн ч харамсалтайгаар амиа алдсан юм. Албаны хүмүүс тухайн үед “Энэ нь объектын буюу ахуйн хүрээний түймэрт алба хаагч өртөн амиа алдсан анхны тохиолдол” хэмээн мэдээлж байв. Гэтэл үүнээс сар гаруйн дараа дахин гурван аврагч хотын гудамжид эндлээ. Үндсэндээ 36 хоногийн дотор дөрвөн алба хаагч золгүй байдлаар амиа алдав. Хойшид ийм явдал дахин тохиолдохгүй гэх, аврагч, гал сөнөөгчид харамсалтайгаар амиа алдахгүй байх баталгаа алга. Учир нь гал, усны аюул сөрөгч алба хаагчид маань “онцгой” тарчиг хангамжтайгаар онцгой байдлын үед үүрэг гүйцэтгэсээр байгаа юм.
Тус албаныхны хувцас хэрэглэл, техник, тоног төхөөрөмжийн зүдрүү хангамжийн талаар үлгэр домог шиг яриа хүмүүсийн дунд байсаар, гамшиг, ослын нөхцөл дүүрэг гүйцэтгэх үед энэ байдал нь илрэн илчлэгдсээр олон жилийн нүүр үзлээ. ОБЕГ-ын аврагч нарыг суулгасан “Ми-8” нисдэг тэрэг осолдож, 15 шүхэрчин-гал сөнөөгч амиа алдсан айхавтар үйл явдал болсон 2007 оны үед ч тэдний нийгмийн үнэлэмж, цалин хөлс, хамгаалах хувцас хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийн асуудал хурцаар хөндөгдөж, нийгэм даяар шуугиан тарьж байлаа. Бэлэн гоймонгоос өөр хоолгүй, бээлийнээс ондоо “зэвсэггүй” алба хаагчдын бодит байдлыг тухайн үед хэвлэлүүд хөндөж, ил болгож байсан юм. Үүнээс хойш бүхэл бүтэн 17 жил өнгөрсөн атал юу ч өөрчлөгдсөнгүй, дээрдсэнгүй. Аврагчид гамшиг, аюул ослыг гар нүцгэн шахам сөрсөн, цалин хөлс нь амьдралд нь хүрэлцдэггүй, онцгой байдлын үед үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай наад захын хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж нь хангалтгүй хэвээрээ. Энэ хугацаанд юу өөрчлөгдсөн бэ гэвэл гамшиг, ослын давтамж улам бүр ихэслээ, онцгой байдлын байгууллага Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнууллаа, хурандаа, генерал цолтон энэ албанаас олноороо төрөн гарлаа.
ГАМШИГТАЙ ГАР НҮЦГЭН ТЭМЦЭГЧИД
Энэ албанаас төрсөн хошууч генерал Т.Бадрал ОБЕГ-ын даргаар ажиллаж байхдаа буюу 2017 оны үед гурван алба хаагч дундаа нэг тусгай зориулалтын хамгаалах хэрэгсэлтэй хэмээн ярьж байжээ. Тэгвэл өнөөгийн удирдлага нь болох хошууч генерал Г.Ариунбуян өдгөө дөрвөн алба хаагч тутмын нэг нь зориулалтын хувцастай байгааг хэлэв. Тэрбээр “Хамгаалах хувцас хэрэгслийн хангамж улсын хэмжээнд 35-40 хувьтай байна. Дөрвөн алба хаагч дундаа нэг хамгаалах хувцас дамжуулж хэрэглэдэг. Энэ бол бодит үнэн” гэж мэдээлсэн юм. Нөхцөл байдал долоон жилийн өмнөхөөс дээрдэх биш, харин ч дордсоныг эндээс харж болно. Өмнө нь гурван алба хаагч тутмын хоёр нь эрсдэл үүрдэг байсан бол өдгөө дөрвөн хүн тутмын гурав нь “нүцгэрчээ”.
Мөн гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай техник, тоног төхөөрөмжүүд ч энэ албанд алга. Шингэрүүлсэн байгалийн хийн дэлбэрэлтээс үүдэлтэйгээр орон сууцын хоёр байранд гарсан түймрийг унтраах болоход автомат шат нь дээд давхруудад хүрсэнгүй. Өдгөө ашиглаж буй шат нь ес хүртэлх давхарт л хүрэх боломжтой, түүнээс дээш сунах аргагүй учраас аврагчид шуурхай арга хэмжээ авахад тэр хэрээр хүндрэл чирэгдэл учрав.
Онцгой байдлын албаныхны хувцас, техник хэрэгслийн хангамжийг сайжрууллаа, байртай болголоо, тийм ч алба шинээр нээлээ гэсэн сайхан мэдээ байнга дуулддаг ч бодит нөхцөл байдал нь ийм л байна. Шадар сайд С.Амарсайхан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт томоохон осол болохоос хэдхэн хоногийн өмнө “Онцгой байдлын байгууллагын төсвийг 2023 онд 17 тэрбум төгрөгөөр нэмж, алба хаагчдыг хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжөөр хангасан” хэмээн ярьж байж. Гэвч ачир дээрээ тус байгууллага өнгөрсөн онд албан болон тусгай зориулалтын хувцас хэрэглэлд 2.6 тэрбум төгрөг л зарцуулжээ. Ингэж хувцаслаад ч нийт алба хаагчдынхаа дөнгөж 35-40 хувийг мөр бүтэн болгосон байна. Мөн өнгөрсөн онд төрийн тусгай албан хаагчдын цалингийн зэрэглэлд өөрчлөлт оруулж, алба хаагчдын цалин хөлсийг өмнөх жилийнхээс 55 хувиар нэмсэн хэмээн ОБЕГ-ынхан тайлагнасан. Харамсалтай нь, ингэж нэмээд ч тэдний гар дээрээ авдаг цалин нэг саяас хэтэрдэггүй, амьдралд нь хүрэлцдэггүйг гэр бүл, ойр дотнынхон нь хэлж байна.
УСНААС ХУУРАЙ ГАРАХЫГ ОРОЛДОГСОД
Онцгой байдлын байгууллагын үнэлэмж, нэр хүнд ингэтлээ унасан нь, тэнд ажиллаж буй алба хаагч, аврагчдын аюулгүй байдал, нийгмийн асуудал ийм хэмжээнд хүрсэн нь, залуус аврах ажиллагааны үеэр амиа алдах болсон нь тус албаны үе үеийн удирдлага, холбогдох сайд, дарга нарын хариуцлагагүй байдалтай шууд холбоотой. Ялангуяа удирдлагуудын буруу шийдвэр, хувцас хэрэгсэл, техник төхөөрөмжийн хүрэлцээгүй байдлаас үүдэн үлэмж их хэмжээний хохирол амссан 2007 оны их түймэр (Сэлэнгэ аймгийн Мандал сумын, Хонин нуга хэмээх газарт гарсан)-ээс хойших удирдлагууд нэн буруутай. Тэдний хэн нь ч өмнөх явдлаас сургамж авч тус албыг чадавхжуулах, хүчирхэгжүүлэх, аврагчдын хангамж, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр дорвитой ажил хийлгүй байсаар энэ цаг үетэй золгуулсан.
Тэд асуудлыг шийдэх гэж биш, арьсаа хамгаалж, амиа хоохойлохыг л эн тэргүүнд тавьдаг. Шинэ оны өмнөхөн Хан-Уул дүүрэгт гарсан түймрийн улмаас нэгэн алба хаагч амиа алдахад аврах ажиллагааны үеийн дүрэм журам, хувцас хэрэгсэлтэй харьцах чадварын асуудал сөхөгдөж байв. Сүүлд гурван залуу амиа алдахад ч дарга, сайд нар “Гэнэтийн осол, эрсдэлийг тооцоолох аргагүй” гэж бурууг өөрсдөөсөө холдуулж, “Бид төсөвтөө тааруулж л ажилладаг” хэмээн зовлон тоочиж эхлэв. ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Я.Гантөмөр, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа П.Соронзонболд нар хорт хийн баг, иж бүрэн хувцас хэрэглэлтэй хоёр залууг дэргэдээ хөшөө шиг зогсоож байгаад мэдээлэл хийв. Тэд “Нийт алба хаагчдын 80 хувийг ахуйн болон ой хээрийн түймрийн үед өмсөх хувцсаар хангасан. Аврагч эхлээд өөрийн аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр гал унтраах ажиллагааг гүйцэтгэх дүрэмтэй. Түймэр унтраах ажиллагаа дууссаны дараа дүрэм журам, тактикийн алдаа гарсан, эсэхийг ярилцдаг” хэмээн удирдлагынхаа ярьснаас илт зөрүүтэй зүйл хэлэв. Мөн аврагчид алдаа гаргах тохиолдол байдаг, магадгүй үүнээсээ болж амиа алддаг гэсэн мессежийг олон нийтэд өгөв.
Харин Шадар сайд С.Амарсайхан энэхүү ослыг мөргөлдсөн хоёр машины жолооч нарын асуудал төдий мэтээр “жижигрүүлж”, тэдэнд л хариуцлага тооцох ёстой хэмээн “чичирч” байна. Мэдээж хууль хяналтын байгууллагынхан ослын шалтгаан нөхцөлийг тогтоож, буруутнуудад хариуцлага тооцох нь дамжиггүй. Харин удирдлагуудын буруу шийдвэр, хариуцлагагүй байдлаас болж амиа алдсаар буй аврагчдын өмнө хэн хариуцлага хүлээх вэ. Гамшгийн үеийн бэлэн байдал, менежментээ сайжруулж, аюулгүй ажиллагаагаа хангаж чадахгүй байгаа онцгой байдлын албаны удирдлагуудад ямар хариуцлага тооцох вэ. Тэрбээр “Төр энэ салбарыг хаячихсан юм биш, чадахаараа дэмжиж, хөрөнгө оруулж ирсэн” хэмээн өөрийгөө хаацайлахаа ч мартсангүй. Мөн аливаа асуудалд гал унтраах байдлаар хандаж болохгүй гэж цэцэрхэхээ ч хойш тавьсангүй. Та болон таны хариуцсан салбарынхан өнгөрсөн хугацаанд асуудалд ийм л байдлаар хандаж ирсний горыг нийслэлчүүд, “онцгой”-гийн эгэл жирийн алба хаагч залуус энэ цаг үед амсаж байгааг бүү мартаарай.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян ч сайндаа, үнэнч шударгадаа албаныхаа өнөөгийн нөхцөл байдлыг ил тод хэлээд буй юм биш. Түүний үг “Бид ийм л нөхцөлд ажилладаг, үүрэг гүйцэтгэдэг учраас хохирохоос яах билээ” хэмээн өрөвдүүлэх, уснаас хуурай гарах гэсэн арга заль л гэж харагдаж байна. Хэрэв тэр энэ асуудалд үнэхээр сэтгэл зовнидог байсан бол осол болсны дараа бус, урьтаж дуугарах байв. Олон нийтэд мэдээлээд өнгөрөх биш, шийдүүлэхийн төлөө явах ёстой байсан юм. Хамгийн хачирхалтай нь, Шадар сайд С.Амарсайхан болон хошууч генерал Г.Ариунбуян нарын хэн нь ч алба хаагчид амиа алдсан явдлын жинхэнэ буруутны талаар ам нээсэнгүй. Энэхүү ослын шалтгаан нь хоёр машин мөргөлдсөнөөс болсон ч аврагч-гал сөнөөгчид амиа алдсан нь тэднийг удирдан чиглүүлж, тушаал, заавар өгч байсан хүмүүстэй салшгүй холбоотой билээ.
ТУСЛАМЖИЙН САЛБАР
Сүүлд болсон осолтой холбоотойгоор онцгой байдлын салбарын төсөв, хөрөнгө оруулалтын асуудал олон нийтийн анхаарлын төвд ороод байна. ОБЕГ-ын цахим хуудсанд бичсэнээр тус байгууллага өнгөрсөн онд хувцас хэрэглэлийн хангамжид улсын төсвөөс 2.6, машин, тоног төхөөрөмж авахад 7.8, нийт 10.4 тэрбум төгрөг зарцуулжээ. Харин энэ жил 15 тэрбум төгрөгөөр тусгай зориулалтын хувцас, тоног төхөөрөмж авахаар улсын төсөвт суулгуулсан гэнэ. Үүнээс гадна урсгалд зардалд 35.7 тэрбум төгрөг хуваарилсан байна. Тус байгууллагын үйл ажиллагаанд энэ жил нийт 50.7 тэрбум төгрөг зарцуулна гэсэн үг. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 30 орчим хувиар нэмэгдсэн төсөв боловч нийт алба хаагчдыг хамгаалах хэрэгслээр хангахад, бүрэн хүчин чадлаараа үйл ажиллагаа явуулахад хаанаа ч хүрэлцэхгүй хөрөнгө гэдгийг одоогийн удирдлагууд нь хэлэв. Алба хаагчдыг бүгдийг нь хувцастай болгоход 300-350 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гаргаснаа ч танилцуулав. Тус байгууллага өнгөрсөн жилүүдэд ойролцоогоор нийт төсвийнхөө 10-20 орчим хувийг хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулж иржээ. Ингээд ч аврагчдаа бүрэн хувцаслаж чадаагүй аж.
Өнөө жил хуваарилсан 15 тэрбум төгрөгийг сайндаа ч нэмчихсэн хэрэг биш аж. Өнгөрсөн жил болсон их үерээс болж ийм шийдвэр гаргажээ. Засгийн газар, УОК-ынхон үүнийг цагаа олсон, зөв шийдвэр хэмээн сурталчлах болов. Гэтэл бодит байдалд 15 тэрбум төгрөг гэдэг нь томоохон нэг төслийн судалгаа, зөвлөх үйлчилгээ, ТЭЗҮ зэрэг бичиг цаасны ажилд л зарцуулдаг хөрөнгө. Сүүлийн жилүүдэд манай улс хэдэн арван тэрбумын төсөвтэй хэчнээн хөшөө дурсгал, аялал жуулчлалын цогцолбор босгов доо. Гэтэл тэдгээрийг гал, усны аюулаас хамгаалах алба хаагчид гар нүцгэн, хувцас хэрэглэлгүй байна.
Манай улс онцгой байдлын албанд ашиглах техник хэрэгслээ голдуу гадаадын орнуудын буцалтгүй тусламж, зээлээр хангаж иржээ. Гал түймэр унтраахад ашигладаг машинуудын дийлэнхийг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хангасан байх жишээтэй. Францын Засгийн газартай байгуулсан хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлж буй “Онцгой байдлын байгууллагын эрэн хайх, аврах ангийг чадавхжуулах, гал түймэр унтраах автомашин нийлүүлэх төсөл”-ийн хүрээнд энэ онд 18 техник хэрэгсэл хүлээж авахаар төлөвлөсний дотор 10-аас дээш давхарт гал унтраах автомат шатны машин багтсан гэнэ. Нийслэлд 10-аас дээш давхар барилга хэчнээн билээ, объектын гал түймрийн эрсдэл сүүлийн үед хэрхэн нэмэгдлээ дээ. Гэтэл манай улс энэ жил анх удаа л ийм шат авах гэж байна.
АЖИЛЛАХ ХҮЧГҮЙ БОЛОХ ВИЙ
ОБЕГ-ын одоогийн удирдлага аврагч, гал сөнөөгч дутагдалтай байгаа талаар өнгөрсөн онд хэвлэлд ярилцлага өгч байж. Хүний нөөцийн хангамж нь 82.5 хувьтай байгаа гэж тус газрын албан ёсны цахим хуудсанд бичжээ. Хэрэв эл албаныхны үнэлэмжийг сайжруулж, хангамж, аюулгүй байдалд нь анхаарахгүй бол, хариуцлагатай, туршлагатай хүнээр удирдуулахгүй аваас боловсролын салбар шиг ажиллах хүчний гүн хямралд орж мэдэхээр байна.
Ямар эцэг, эх үр хүүхдээ ийм эрсдэлтэй, амь дүйсэн нөхцөлд ажиллуулахыг бодох вэ. Ямар залуус ийм бага цалин, хангамж авч урам зоригтой ажиллахыг хүсэх вэ. “Онцгой”-гийн дарга нар ямар нүүрээрээ залуусыг энэ албанд хүчин зүтгэхийг уриалах билээ. Тэгэхээр Монголын төр бүх нийтийг гамшиг, ослоос хамгаалах чухал үүрэг хүлээсэн байгууллагынхаа нэр хүндийг сэргээж, алба хаагч, аврагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Ингэж байж бид жилээс жилд давтамж, хор хохирол нь нэмэгдэж буй гамшиг, аюулт үзэгдлүүдийг эрсдэл багатай даван туулна. Онцгой байдлын албаныхан жинхэнэ утгаараа үүргээ гүйцэтгэж чадна. Хэрэв ингэж чадахгүй бол ойрын өдрүүдэд болсон шиг харамсалт явдал ар араасаа хөвөрсөөр, 20, 30 настай залуус хорвоогоос зуурдаар буцсаар байна. Энэ үед бидний хий дэмий халаглал, “Байгуулсан гавьяа, баатарлаг үйлс тань мөнхөд дурсагдах болно” хэмээх эмгэнэл, гашуудлын үг ямар ч нэмэргүй. Ахуйн хүрээний түймэр, суурин газарт болсон осолд өртөн амиа алдсан нь энэ болохоос хээрийн түймэрт “түлэгдэж” нас барсан залуус цөөнгүй билээ.
Бэлтгэсэн: Н.Мишээл