Хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт сайн, халдварт болон халдварт бус өвчлөл эрс бага, хамгийн эрүүл дадал, амьдралын хэв маяг, хооллолттой, иргэд нь өндөр насалдаг гэгддэг өнөөгийн Япон Улс нэгэн цагт нийгэм, цаг үеийн нөхцөл байдал, өөрчлөлтүүдээс үүдэлтэй хүнд сорилт, бэрхшээлүүдтэй нүүр тулж байжээ. 1980 оноос өмнө тус улсын хүн амын дунд хүнсний хомсдол, буруу хооллолтоос шалтгаалсан өвчлөл ихсэж, аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрсэн гэнэ. Харин 1980 оноос хойш эдийн засгийн өсөлт, амьдралын хэв маягийн өөрчлөлт, хоол хүнсний замбараагүй хэрэглээнээс үүдэлтэй халдварт бус өвчлөл газар авчээ. 1990-ээд оны дунд үеэс төрөлт багасаж, насжилт нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлт нь удааширч, нийгмийн хамгааллын тогтолцоо нь ганхах болж. Үүнийг дагаад иргэдийнх нь амьдралын чанар, эрүүл мэнд ч муудсан байна.
Японы төр засгаас энэ үеүдэд иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн олон төрлийн арга хэмжээг тууштай хэрэгжүүлсээр байсан ч эцэстээ нийгмийн эрүүл мэндийн бодлогоо хүн төвтэй болгох шинэчлэлийг хийсэн аж. Алслагдмал мужуудын хүнсний хангамжийг сайжруулах, сургуулийн үдийн хоолны систем бий болгох, ажлын байр, орчны эрүүл, аюулгүй байдал, хүн амын насны бүлгийн тэнцвэрийг хангах, хорт зуршил, хэрэглээг тогтмол хянаж бууруулах, иргэдийг соён гэгээрүүлэх зэргээр эрсдэлт хүчин зүйлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлийн олон ажил хийжээ. Энэ бүхнийг хэрэгжүүлэхдээ “Хэнийг ч орхигдуулахгүй байх” хүн төвт, “Ямар ч хүчин зүйлийг анхаарлаас гадуур үлдээхгүй байх” сонор сэрэмжтэй, цаг үетэйгээ хөл зэрэгцэх бодлого баримталж ирсэн нь өнөөдрийн Японыг бүтээсэн байна.
Энэ жишээг ШУТИС-ийн багш, Хоол зүй, шим судлалын нийгэмлэгийн нэгэн судлаач дурдсан юм. Тэрбээр “Япон Улсын нийгмийн эрүүл мэндийн бодлого ямагт цаг үетэйгээ зэрэгцэж, хоршиж явдаг. Төрийн бодлого цаг үеэсээ хоцорвол хүн амын амьдралын чанар, эрүүл мэнд доройтож, улмаар улс орон эдийн засгийн асар их хохирол амсдаг” хэмээгээд монголчууд япончуудын 1980-аад оны үед туулсан, амьдралын чанар, хоол хүнсний “даяаршил”, хорт зуршлаас үүдэлтэй сорилттой орчин цагт нүүр тулаад буй ч төрийн аль ч шатанд дорвитой анхаарахгүй, иргэд нь тоомжиргүй байгааг шүүмжилсэн юм. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах ажлууд цаг үеэсээ хэдэн арван жилээр хоцорч буйг ч судлаач хэлсэн. Үндсэндээ Монгол Улс хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалж, эрсдэлээс сэргийлж чаддаггүй гэж тэрбээр үзэж буй. Түүнтэй ижил байр суурьтай судлаач, мэргэжилтэн энэ салбарт олон. Хүн амын эрүүл мэнд, өвчлөлтэй холбоотой судалгааны үр дүн, статистик үзүүлэлтүүд ч тэдний үнэлэлт дүгнэлтийг баталж, биднийг базаахгүй нөхцөлд байгааг харуулах болов.
Нийгмийн эрүүл мэнд гэдэг бол асар өргөн хүрээг хамардаг салбар. Гол зорилго нь хүн амын эрүүл мэндийг эрсдэлээс хамгаалахад чиглэдэг. Үүний хүрээнд өвчлөлийн шалтгаан болж буй хүчин зүйлсийг тандах, судлах, үнэлэх, хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх цогц үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Тиймээс үүнийг эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл, эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардал, ирээдүйн эрсдэлийг бууруулах хөшүүрэг гэж үзэж ирсэн. Судалгаа, үнэлгээний цар хүрээ нь ч өргөн бөгөөд хүн амд зонхилон тохиолдож буй өвчний шалтгааныг биологи, зан үйл, нийгэм, хүрээлэн буй орчин гээд олон талаас нь судалдаг юм билээ. Нийгмийн эрүүл мэндийн тогтолцоогоороо дэлхийд эхний эхний тавд тогтмол эрэмбэлэгддэг Тайваньд энэ чиглэлээр суралцаж буй докторант Ж.Золзаяа “Нийгмийн эрүүл мэндийн бодлогыг ул суурьтай боловсруулан, үр дүнтэй хэрэгжүүлж, хүн амаа халдварт, халдварт бус өвчнөөс сэргийлэн, сайн сайхан байдлыг нь дэмжиж чадаж байгаа улс орнууд л амьдралын чанар, өрсөлдөх чадвар, аз жаргалын индексээр тэргүүлдэг. Амжилттай нийгмийг бүтээх үндэс нь эрүүл хүн ам” хэмээн ярьсан. Ийм учраас л хөгжингүй улсууд нийгмийн эрүүл мэндийг үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалынхаа тэргүүнд эрэмбэлж, энэ салбарын тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй байлгахад гойд анхааран, хөрөнгө мөнгө харамгүй зарцуулдаг аж. Харин Монголд эсрэгээрээ, тус салбарын үнэ цэн, ач холбогдлыг үнэлэхгүй, төсөв мөнгө хуваарилахаас гар татсаар байна.
Салбар дундын оролцоонд тулгуурласан нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үндэсний хэмжээнд үзүүлж, чанар, хүртээмжийг нь сайжруулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнд үндэслэсэн бодлого хэрэгжүүлэх чиг үүрэг хүлээсэн гол байгууллага болох Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)- ийн удирдлага нь энэ байдлыг хүлээн зөвшөөрч буй. Манай орон олон улсын жишгээс тав дахин бага мөнгө (эрүүл мэндийн салбарт төсөвлөсөн нийт хөрөнгийн 30 хувиас доошгүйг нийгмийн эрүүл мэндийн чиглэлд хуваарилахыг ДЭМБ-аас зөвлөдөг)-ийг энэ салбарт зарцуулж буйг, цалин хангамж, өдөр тутмын урсгал зардлаас бусад санхүүжилтийг олон улсын байгууллагын тусламжаар болгож ирснийг, тодорхой давтамжтайгаар хийдэг үндэсний гэгдэх томоохон судалгаануудыг ч гадаадынхны дэмжлэгээр гүйцэтгэдгийг тус төвийн удирдлага хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна билээ. Өвчлөл, түүнээс үүдэлтэй эрсдэл, хохирлыг бууруулахад хамгийн чухал нөлөөтэй нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ. Харин энэ төрлийн тусламж, үйлчилгээг үр дүнтэй хэрэгжүүлэх үндэс нь хяналт, тандалт судалгаа. Гэтэл нийгмийн үйлчилгээний байгууллагуудыг мэргэжил, арга зүйгээр хангадаг ганц нэгжийнхээ эрдэм шинжилгээ, судалгаанд ч хангалттай төсөв хуваарилдаггүй болж таарч байна. Эх орондоо мэргэжлээрээ хэсэгхэн хугацаанд ажилласан дээрх судлаач ч Монгол Улс хамгийн чухал, үнэ цэнтэй салбартаа хамгийн сэтгэлгүй, хайнга хандаж, бага мөнгөөр ихийг хийх бодлого барьдгийг хэлсэн. Харамсалтай нь, энэ бүхний үр дүнд манай улсын нийгмийн эрүүл мэндийн салбар улам доройтсоор, хүн амын дунд халдварт бус буюу урьдчилан сэргийлэх боломжтой өвчин гаарч, иргэд амь, эрүүл мэндээрээ хохирсоор байна.
НЭМҮТ-ийн захирал, доктор, дэд профессор С.Өнөрсайханы “Манай орны нийт хүн амын дөрвөн хувьд л халдварт бус өвчний нийтлэг эрсдэлт хүчин зүйл (архи, тамхи, жимс, ногооны хэрэглээ, хөдөлгөөний хомсдол гэх зэрэг) илрээгүй. 15-69 насны бүх хүн амын 96 хувь нь ямар нэгэн эрсдэлтэй” хэмээх яриа, Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн “Хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлж байна” гэх мэдэгдлээс нийгмийн эрүүл мэндийн салбарын одоогийн нөхцөл байдлыг баримжаалж болно. Мөн цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол, бага ангийн сурагчдын “Үдийн цай”-ны чанар, төсөвт хэрхэн анхаарч байгаагаас, агаар, орчны бохирдлыг бууруулахад яаж санаа тавьж буй зэрэг амьдралд ойр жишээгээр ч үүнийг багцаалах боломжтой. Олон улсын судалгааны байгууллагууд бол Монголын нийгмийн эрүүл мэндийн салбарт хэзээнээсээ муу дүн тавьсаар иржээ.
Цахим платформоор дамжуулан өгөгдлийн тайлан, статистик мэдээлэл гаргадаг, Германы олон улсын “Statista” байгууллага өнгөрсөн онд гэхэд манай улсыг энэ төрлийн үзүүлэлтээр 167 орноос 110 дугаарт эрэмбэлж. Эхний 10 байрт орсон Сингапур, Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Хятад, Израил, Норвег, Исланд, Швед, Швейцарь 100 онооноос 82-86.9 оноо авчээ. Харин Монгол 43.4 оноотойгоор Мьянмарын хойно, Лаосын өмнө жагссан байна. Хүн амын эрүүл мэндийн боловсрол, 1000 хүнд тутамд тохиолдох халдварт бус өвчний (таргалалт, чихрийн шижин, зүрх, судас, бодисын солилцооны эмгэг гэх мэт) тархалт, бүх нийтийн амьдралын хэв маяг, орчны эрүүл мэнд, эрсдэлт хүчин зүйлсийн эсрэг хариу арга хэмжээний бодлого, хэрэгжилт гээд олон шалгуур үзүүлэлтийг үндэслэн уг эрэмбийг гаргасан аж. Бид эндээс ч хаана яваагаа баримжаалж болох юм.
Нийгмийн эрүүл мэндийн салбарын хувьд 2024 он өрнүүн жил болж байгааг албаны хүмүүс онцолж буй. Монгол Улс Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хуулийг баталлаа л гэнэ. Энэ оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгож зарлалаа хэмээн хөөрцөглөх. Үүнтэй зэрэгцээд “Иргэдийн эрүүл мэндийн боловсрол муу буй нь халдварт бус өвчин гаарах шалтгаан болж байна” гэх агуулгыг нийгэмд түгээх болов. Дээрх хуулийн төслийг Эрүүл мэндийн сайдад гардуулах үеэр УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар “Иргэд өөрсдөө ч эрсдэлээс урьдчилан сэргийлж, эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй байна” хэмээсэн. Хүн амын эрүүл мэндийг дэмжиж, хамгаалахад эрүүл мэндийн боловсрол чухал уу гэвэл мэдээж тийм. Харин энэ бүхнийг иргэдэд системтэйгээр, тасралтгүй олгох үйл явцыг төр бодлогоор хэрэгжүүлж, эрүүл мэндийн үзүүлэлт муу байгаа бүс нутаг, зорилтот бүлэгт хүрч, анхаарч ажиллах ёстойг мартаж болохгүй. Энэ бол нэг хүний бус, нийт хүн амын эрүүл мэндийг хамгаалах асуудал билээ. Тиймээс нийгмийн нийтлэг эрх ашгийг хамгаалах тогтолцоог бүрдүүлэгчийн хувиар нийгмийн эрүүл мэндийн салбарт ачааны хүндийг төр үүрэх ёстой. Өдгөө энэ салбарын хөгжлөөр манлайлж буй Тайвань, Япон тэргүүтэй шилдгүүд ийм л зарчмаар ажиллаж иржээ.
Бэлтгэсэн Н.Мишээл