Владимир Путин ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангаргийг энэ сарын 7-нд тав дахь удаагаа өргөж 2030 хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр албан ажилдаа орлоо. Тэрбээр сонгогчдын 87.28 хувийн санал авч ялалт байгуулсан юм. Ингээд хууль ёсоор шинэ Засгийн газраа бүрдүүлэх ажилд Путин оров. Түүний засгийн газарт Ерөнхий сайд байсан Михаил Мишустин албандаа хэвээр үлдэж буй юм. Түүний толгойлсон Сайд нарын танхимын ажлыг Путин тангараг өргөхийн өмнө өндөр үнэлсэн аж. Путин хуучин Ерөнхий сайдаа солихгүй гэдгийг олон улс төрч, шинжээч урьдчилан хэлж байсны дотор Коммунист нам (КН)-ын дарга Геннадий Зюганов орж байжээ. Оросын шинэ Засгийн газар урьдын хэвээр 21 яамтай байх, Ерөнхий сайдын орлогчдын тоо ч өөрчлөгдсөнгүй, 10-уул байх юм байна.
Ерөнхий сайдын орлогч Мантуровын орыг Калининград мужийн амбан захирагч Антон Алиханов залгах бололтой. Энэ хүн Холбооны улсын субъектүүдийн хамгийн залуу захирагч нарын нэг байжээ. Тэрбээр амбан захирагч байхдаа бүс нутгийнхаа эдийн засгийг мэдэгдэхүйц сайжруулсныг нь хилийн чанадын шинжээчид ч үнэлж байсан аж. Алиханов 2010-2015 онд эхлээд Хууль зүйн яаманд зөвлөхөөр ажиллаж, дараа нь Аж үйлдвэр, худалдааны яамны нэг агентлагийг удирдаж байв.
Ерөнхий сайдын ХАА, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч байсан хатагтай Виктория Абрамченког 2018 оноос ХААЯ-ыг удирдаж байсан Димитрий Патрушеваар солихоор төлөвлөжээ. Түүнийг ХААЯ-ыг толгойлж байхад Орос улс үр тариа, мах, загас, ургамлын тосоор өөрийгөө бүрэн хангаж, экспортолсон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нь импортоосоо анх удаа давсан байна. Одоо тус яамыг Патрушевийн орлогч байсан Оксана Лут толгойлно. Энэ эмэгтэй банкны салбараас ажлын гараагаа эхэлсэн байна. Удирдах албан тушаалд ажиллаж байгаад 2010 онд “Ростехнологи” гэдэг төрийн өмчит корпорацад очиж, 2018 оноос ХАА-н орлогч сайд болжээ.
Ерөнхий сайдын тээвэр эрхэлсэн орлогчоор Тээврийн сайдын үүрэг гүйцэтгэгч байсан Виталий Савельев ажиллах нь. 2020 онд Засгийн газарт томилогдохоосоо өмнө тэрбээр“Аэрофлот”-ыг удирдаж байв. Одоо Тээврийн сайдаар Курск мужийн амбан захирагч Роман Старовойт ажиллах магадлалтай байна. Тэрбээр 2012-2018 онд Авто замын агеантлагийг тэргүүлж байгаад амбан захирагч болжээ. Кемеров мужийг толгойлж байсан Сергей Цивилев Эрчим хүчний сайдаар ажиллах төлөвтэй. Цивилев усан цэргийн офицер, Умард флотод алба хааж байжээ. Хожим нь эдийн засагч мэргэжилтэй болж, нүүрс олборлох салбарт томоохон бизнес хийж байгаад 2018 оноос Кемеров мужийн захирагчийн аж үйлдвэр, тээвэр эрхэлсэн орлогч болсон байна. Спортын сайдад Хабаровын хязгаараас Михаил Дегтяревийг Мишустин санал болгожээ. Хэрэв томилогдвол Сайд нарын танхим дахь Либерал-Ардчилсан намын цорын ганц төлөөлөл болох юм. Алиханов, Цивилев, Дегтярев нар сайдаар батлагдвал Хабаровск, Калининград, Кемеров мужийн тэргүүнийг есдүгээр сард нөхөн томилно гэж мэдээллээ.
Ерөнхий сайдын орлогч бөгөөд Хэрэг эрхлэх газрын дарга Дмитрий Григоренко, Ерөнхий сайдын орлогч Татьяна Голикова, Алексей Оверчук, Дмитрий Чернышенко, Марат Хуснуллин нарыг солихгүй гэж Мишустин шийдсэн байна. Мөн Хөдөлмөрийн сайд Антон Котяков, Байгаль орчин сайд Александр Козлов, Гэгээрлийн сайд Сергей Кравцов, Соёлын сайд Ольга Любимова, Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Решетников, Сангийн сайд Антон Силуанов, Эрүүл мэндийн сайд Михиал Мурашко, Барилгын сайд Ирек Файзуллин, Дээд боловсрол, шинжлэх ухааны сайд Валерий Фальков, Алс Дорнод, Арктикийн хөгжлийн сайд Алексей Чекунов, Статистик, бүртгэлийн сайд Максут Шадаев нар суудлаа хадгалж үлдэх нь.
Батлан хамгаалахын сайд байсан Сергей Шойгуг чөлөөлж Николай Патрушевийн оронд Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллуулах болжээ. Орлогч сайд Тимур Иванов нь авлигын хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсаны дараа Шойгуг огцорч мэднэ гэх яриа гарсныг уншигчид санаж байгаа байх. Батлан хамгаалах яамны Ерөнхий штабын дарга Валерий Герасимов албан ажлаа үргэлжлүүлэхээр болжээ. Гадаад тагнуулын албаны захирлаар Сергей Нарышкиныг, Холбооны аюулгүй байдлын албаны тэргүүнээр Александр Бортниковыг, Росгвардын захирлаар Виктор Золотовыг, Ерөнхийлөгчийн тусгай хөтөлбөрийн ерөнхий газрын даргаар Алекскандр Линцийг томилуулахаар Ерөнхийлөгч санал болгоод байна. Түүнээс гадна Тооцооны танхимын даргаар Борис Новальчукийг ажиллуулах саналтайгаа Путин илэрхийлжээ.
Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орох ч “яс мод” нь хэвээр үлдэж ажлаа үргэлжлүүлнэ гэж Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко урьд нь мэдэгдэж байсан юм. Чухам энэ “яс мод” нь хэн хэн болохыг тэрбээр тодруулаагүй орхисон байдаг. Михаил Мишустин 2020 оны нэгдүгээр сард Дмитрий Медведевийн халааг авч Засгийн газрын тэргүүн болохдоо хуучин танхимаас Ерөнхий сайдын орлогч Татьяна Голикова, Юрий Трутнев, Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, ХАА-н сайд Дмитрий Патрушев, Сангийн сайд Антон Силуанев нарыг өөрчлөлгүй өөрийн танхимдаа оруулсан байдаг. Энэ удаа ч хуучин бүрэлдэхүүнийхээ 90 хувийг аваад үлдсэн гэх мэдээлэл бий.
2012 оноос хойш өөрийнх нь багт ажиллаж итгэлийг нь их хүлээж, хамтдаа зүтгэж ирсэн Сергей Шойгуг Батлан хамгаалахын сайдаас огцруулж, түүний суудалд суулгахаар Андрей Белоусов гэдэг хүнийг Путин сонгож авлаа.
Энэ хэн бэ? Эдийн засагч мэргэжилтэй, стратегич сэтгэлгээтэй, үндэсний ашиг сонирхолтой, Оросын эдийн засгийг хувьсгаж өөрчлөх их туршлагатай, аж үйлдвэрийн салбарт өргөн хэлхээ холбоотой хүн юм байна. Дайн байлдааныг удирдахын хувьд Орост ерөнхий штаб гэж байгууллага бий. Тэгвэл арми, цэрэг-аж үйлдвэрийн цогцолборыг орчин цагийн шинэ нөхцөл байдалд түргэн дасан зохицох, хөрөнгө эрчимтэй оруулж, эдийн засгийн өндөр үр ашигтай тогтолцоо бий болгуулахаар Путин түүнийг Батлан хамгаалахын яам руу аваачлаа. Тэрбээр халаагаа өгч буй Засгийн газарт Ерөнхий сайдын нийгэм-эдийн засгийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчийн үүрэг гүйцэтгэгч байсан юм.
Белоусов үе залгамжилсан эдийн засагч, эцэг нь 1960-аад онд ЗХУ-д эдийн засгийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд оролцжээ. 2006 онд Андрей Белоусовыг Эдийн засгийн хөгжил, худалдааны орлогч сайдаар, 2008 онд Засгийн газрын эдийн засаг, санхүүгийн газрын захирлаар томилжбайв. Дмитрий Медведевийг Ерөнхий сайд байхад Европын сэргээн босголт, хөгжлийн банканд ажиллаж байгаад 2013 оноос Путиний эдийн засгийн зөвлөхөөр ажилласан байна. 2015-2018 онд “Роснефть”-ийн захирлуудын зөвлөлийн дарга байв. Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков цэргийн биш хүн төдийгүй маш сайн мэргэжилтэн гэж Белоусовыг үнэлсэн байна. Анатолий Сердюковын дараа Батлан хамгаалахын сайдаар томилогдож буй хоёр дахь “иргэн” хүн нь Белоусов юм. Түүнийг энэ салбарт эдийн засгийн өрсөлдөх чадвар бий болгохын тулд тэргүүний үзэл санаа нэвтрүүлж чадна гэж Оросын удирдлагын дээд түвшинд үзэж байгаа аж.
Андрей Рэмович Белоусов 1959 онд Москвад эдийн засагч Рэм Белоусовын гэрт төржээ. Ээж Алиса Павловнань химич байв. Белоусов 1981 онд Москвагийн их сургууль төгсөөд эдийн засагч мэргэжилтэй болж улмаар 2006 онд доктор цол хамгаалжээ.
1981-1986 онд ШУА-ийн Эдийн засаг, математикийн төв хүрээлэнд дадлагажигч-судлаач, эрдэм шинжилгээний ажилтан байв. 1986 онд Академийн эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн дэвшлийг урьдчилан таамаглах хүрээлэнд шилжиж, 1991-2006 онд лабораторийн эрхлэгч, эрдэм шинжилгээний ахлах ажилтан болжээ. 2000-2006 онд Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр ажилласан байна. 2006-2008 онд Эдийн засгийн хөгжил, худалдааны болон Эдийн засгийн хөгжлийн орлогч сайдаар ажиллав. 2008-2012 онд Засгийн газрын Эдийн засаг, санхүүгийн агентлагийг удирдаж байгаад 2012-2013-нд Эдийн засгийн хөгжлийн сайд болсон байна. 2013 оны дунд үеэс ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслахаар томилогдож, 2020 оны эхнээс Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчоор ажиллах болжээ.
Бэлтгэсэн Р.Жаргалант