Монгол Улсад мэргэжилтэй, ур чадвартай ажилтан чухал гэдэгтэй маргах хүн үгүй биз. Хий хоосон цэцэрхдэг бус, хийж бүтээдэг, барьж байгуулдаг, засаж сайжруулдаг, үйлдвэрлэдэг мэргэшсэн боловсон хүчин ус, агаар шиг хэрэгтэй байна. Олон улсад мэргэшсэн ажиллах хүчнийг илүүд үздэг байхад манайд их, дээд сургууль төгсөөгүй л бол хүний тооноос хасагдах нь энүүхэнд. Их, дээд сургуулийн босго даваагүй, эсвэл муу сурдаг хүүхдүүд коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд сурдаг гэсэн ташаа ойлголт одоо ч байсаар. Энэ нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад элсэхэд саад учруулдаг байж мэдэх. Автомашины засварчин, сантехникч, барилгын цахилгаанчин, гагнуурчин, засал чимэглэл, оёдол, тогооч, үсчин зэрэг мэргэжлийн сургуулийн “бүтээгдэхүүнүүд” зах зээлд эрэлт ихтэй хэвээр байна.
Энэ оны хувьд ажил олгогчдын хүлээлт, хөдөлмөрийн зах зээлийн ажиллах хүчний бодлогод томоохон эерэг үр дүнг үзүүлэх төлөв ажиглагдаж буйг мэргэжилтнүүд хэллээ. Улсын хэмжээнд энэ онд нийт 95.3 мянган ажлын байранд ажилтан авах хэрэгцээ бий болжээ. Энэ нь өмнөх оны судалгааны дүнтэй харьцуулахад 10 гаруй мянган ажлын байр буюу 12.7 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн 2023 оны “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа”-нд дурджээ. Түүнчлэн энэ онд бөөний болон жижиглэн худалдаа, барилга, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт ажлын байр хамгийн эрэлттэй байх аж. Ажиллах хүчний хомсдол жил ирэх тутам өсөх хандлагатай байгаа төдийгүй автомашины засварчин, сантехникч, барилгын цахилгаанчин, гаг нуур чин, засал чимэглэл, оёдол, тогооч, үсчин гэх мэт мэргэжилтэн эрэлттэй хэвээр байх нь. Үүний зэрэгцээ суралцагчдад сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог байсныг хуримтлуулж сургуулиа төгсөхөд нь өгч байгаа аж. Энэ нь шинэхэн мэргэжилтнүүдэд гарааны бизнесээ эхлэхэд тус дэм болдог юм байна.
БШУЯ-НЫХАН МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛИУДЫГ “ЧАНГАЛАХ УУ”
Улсын хэмжээнд мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаа явуулдаг 69 сургууль бий. Тэдгээрийн 38 нь политехникийн коллеж бол 31 нь мэргэжлийн боловсролын сургууль аж. Үүний 41 нь төрийн, 28 нь хувийн өмчийнх. Засгийн газрын 2023 оны 306 дугаар тогтоолоор Орхон, Дархан-Уул, Дорнод, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Төв аймгийн болон Улаанбаатар хотын 17 сургалтын байгууллагыг нэгтгэсэн билээ. Ингэснээр мэргэжлийн болон техникийн боловсролын сургуулийн тоог цөөлсөн юм. Мэргэжлийн ажилтан бэлтгэдэг коллежууд боловсролын бусад байгууллага шиг зөвхөн Улаанбаатар хотод төвхнөөгүй. Тэдгээрийн 49 хувь нь орон нутагт үйл ажиллагаа явуулж буйгаараа онцлогтой.
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудыг хөдөлмөрийн зах зээлийг дэмжих зорилгоор байгуулсан гэдэг. Энэ утгаар нь тэдгээр байгууллагыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан харьяандаа багтааж, хариуцаж байв. Өнгөрсөн хугацаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Боловсрол, шинжлэх ухааны сайд нар мэргэжлийн сургалтын төвүүдийг булаацалдаж ирсэн гэхэд хилсдэхгүй. Сүүлийн 10-аад жил мэргэжлийн сургалтын төвүүд ХНХЯ-ны мэдэлд байжээ. Харин 2022 оны сүүлчээр БШУЯ-ны харьяанд шилжүүлсэн юм. Үүнийг эсэргүүцэгчид цөөнгүй. Тухайлбал, тухайн үед УИХ-ын ээлжит хуралдаанд зарим гишүүн мэргэжил, техникийн боловсролын сургуулийг БШУЯ-нд шилжүүлэхийг эсэргүүцсэн билээ. БШУЯ-нд шилжүүлснээр физик, математик зааж, цахилгаанаас айсан хүүхдүүд бэлдэхээс хэтрэхгүй гэж шүүмжилсэн нь ч бий. Харин БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагуудыг эрх мэдэлдээ нэгтгэсэндээ ихэд сэтгэл хангалуун буй аж. Тэрбээр “Боловсролын салбарын тогтолцоо одоо л бүтэн боллоо” хэмээн баярласан гэдэг.
Ажиллах хүчний хүрээг тэлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж буй политехникийн коллеж, мэргэжлийн боловсролын сургуулиудын суралцагчдын ур чадвар, онолын мэдлэг ямархуу түвшинд явааг тандаж судлахыг салбарын сайд нь Боловсролын үнэлгээний төвийнхөнд үүрэгджээ. Үүний дагуу тус төвийнхөн суралцагч, төгсөгчийн мэдлэг, ур чадвар, чадамжийг үнэлсэн байна.
СУРАЛЦАГЧДЫН ОНОЛЫН МЭДЛЭГ ТААРУУ ГАРЧЭЭ
Ажил олгогчдын эрх ашигт нийцүүлж ажиллах хүч бэлтгэхэд анхаарч ирсэн политехникийн коллеж, мэргэжлийн боловсролын сургуулиудын удирдах албаныхан болон багш нар, суралцагч, эцэг, эх, төгсөгч, ажил олгогчийн төлөөллийг хүртэл үнэлгээнд хамруулсан байна. Тус үнэлгээг хийснээр тэдгээр байгууллагыг боловсролын үйлчилгээ эрхэлдэг болохыг нь давхар сануулсан биз ээ. Үнэлгээний шалгалтад эл чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 69 байгууллагын 2324 суралцагч оролцож, онолын болон ур чадварын мэдлэгээ шалгуулсан аж. Сурагчдаас авсан шалгалтын дундаж дүн нь 66.6 хувьтай гарчээ. Тодруулбал, онол 42, чадамжийн буюу ур чадварын үнэлгээ нь 91.3 хувьтай байна. Хэдийгээр үнэлгээнд хамрагдсан суралцагчдын олонх нь хөвгүүд байсан ч дундаж үнэлгээ нь охидынхоос доогуур дүгнэгдсэн гэнэ. Мөн нийслэл, аймаг, сумын сургууль буюу байршлаас хамаарч сургалтын чанарын үнэлгээ зөрүүтэй байжээ. Энэ нь хот, хөдөөгийн ялгаа мэргэжлийн сургалтын байгууллагуудад ч бийг харуулж байна.
Дээрх шалгалтын талаар Боловсролын үнэлгээний төвийн Үнэлгээний хэлтсийн дарга М.Гантуяагаас тодруулахад “БШУ-ы сайдын 2023 оны А/56 тоот тушаалаар мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын чанарын үнэлгээг зохион байгуулах удирдамж, аргачлал баталсан. Тус удирдамж, аргачлалд энэхүү үнэлгээний зорилгыг “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч нь хөдөлмөрийн зах зээл, ажлын байрны шаардлагад нийцсэн чадамж эзэмшиж байгаа, эсэхийг нийтлэг мэргэжлийн сургалтын хөтөлбөр, багшийн чадамж, сургалтын орчин, үйл ажиллагааны явцад үнэлгээ хийж, нөхцөл байдлыг тодорхойлох” гэж заасан байдаг. Түүнчлэн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд суурь мэдээллээр хангах хэмээн тодорхойлжээ. Үүний дагуу манай байгууллага өнгөрсөн оны гуравдугаар сард мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын чанарын үнэлгээг анх удаа зохион байгуулсан. Энэхүү судалгаанд найман мэргэжлийн хөтөлбөрийг сонгон чанарын үнэлгээ хийсэн юм. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаанд үндэслэн, ажлын байр хамгийн их зарлагддаг, эрэлттэй байгаа болон сургалтын байгууллагын хувьд олон элсэгчтэй мэргэжлийг сонгосон. Өөрөөр хэлбэл, автомашины засварчин, сантехникч, барилгын цахилгаанчин, гагнуурчин, засал чимэглэл, оёдол, тогооч, үсчин гэсэн мэргэжлээр суралцаж буй суралцагчдаас шалгалт авлаа. Мөн суралцагч, багш, удирдах ажилтнуудаас компьютер дээр бичгийн шалгалт авсан.
Суралцагчдаас авсан шалгалтын улсын дундаж 66.6 хувьтай үнэлэгдсэн. Онолын шалгалтын үр дүн 42, ур чадварын гүйцэтгэлийн дундаж 91.3 хувьтай байна. Мэргэжлийн хөтөлбөр тус бүрийн ерөнхий гүйцэтгэлээс харахад улсын хэмжээнд 66.6 хувьтай хэдий ч сонгогдсон хөтөлбөрөөр сурч буй хүүхдүүд харилцан адилгүй үнэлэгдсэн. Тухайлбал, тогоочийн хөтөлбөрөөр суралцаж буй суралцагчид 68.3, барилгын цахилгаанчин мэргэжил эзэмшиж байгаа хүүхдүүд 67.4 хувьтай шалгуулсан. Харин гагнуурын чиглэлээр суралцаж буй суралцагчдын гүйцэтгэл бусдаас доогуур буюу 50.1 хувьтай гарсан” гэв.
Политехникийн коллеж, мэргэжлийн боловсролын сургуулиуд өөрсдийн боловсруулсан хөтөлбөр, чадамжийн хүрээнд мэргэжилтэн бэлтгэж буй нь судалгааны явцад илэрхий болжээ. Нэгдсэн нэг хөтөлбөр, стандартгүй учраас төгсөгчдийн чадамж харилцан адилгүй. Гэхдээ дээрх сургуулийн суралцагчдыг ажил олгогчид төгсөнгүүт нь “шүүрчихдэг” байна. Өөрөөр хэл бэл, гагнуурчин, сантехникийн ажилтан (слесарь) автомашины засварчин зэрэг мэргэжилтэнд ажлын байр олдохгүйн зовлон үгүй аж. Ялангуяа сантехникийн ажилтнуудын эрэлт их байдаг ч ур чадвараараа олон нийтэд шүүмжлүүлэх нь бий. Уг нь тэд цэвэр, бохирын шугамын хэвийн ажиллагааг хангахаас эхлээд гэнэтийн дуудлагын үед бэлэн байж, шуурхай оношилж засварлах хариуцлагатай үүрэг хүлээсэн мэргэжилтнүүд. Гэвч дуудлага өгөөд байхад ирдэггүй, ирсэн ч нүд хуурсан төдийгөөр ажилладаг сантехникийн ажилтан цөөнгүй болсон. Зарим тохиолдолд ингэж муйхраар ажиллаж буй нь мэргэжлийн сургалтын төвүүд онолын мэдлэг тааруу олгож буйтай холбоотой байж мэдэхийг албаныхан хэлэв.
АЖИЛ ОЛГОГЧИД ЗӨӨЛӨН УР ЧАДВАРЫГ “ХАЙЖ” БАЙНА
Ажил олгогчид ажилтан авахдаа багаар ажиллах, асуудал шийдвэрлэх, бусдыгаа манлайлах, хариуцлагаа ухамсарлах зэрэг хувийн зан чанарыг илүүд үзэх болжээ. Ийм зөөлөн ур чадвар мэргэжлийн ажилтнуудад дутаж буйг ажил олгогчид хэлэх болсон гэнэ. Тиймээс боловсролын байгууллага үүнд анхаарах шаардлага үүссэн байна. Боловсролын үнэлгээний төвийнхөн мэргэжлийн байгууллагын чанарыг үнэлгээг хоёр жил тутамд нэг удаа хийх гэнэ. Мөн политехникийн коллеж, мэргэжлийн боловсролын сургуулиудад суралцагчийн төгсөлтийн шалгалтыг тус байгууллага зохион байгуулахаар болжээ. Энэ мэтээр салбарын яам нь анхаарал хандуулж эхэлсэн байна. Түүнчлэн мэргэжлийн сургуулийн суралцагчдыг онолын мэдлэг 70 ба түүнээс дээш бол “чадамжтай” гэж үзэх БШУ-ы сайдын тушаал гарсан аж. Харин ур чадварын хувьд 85 ба түүнээс дээш байх “босго” тогтоож буй гэнэ. Онолын болон жолооны шалгалтад аль алинд нь тэнцсэн хүн машин барих эрхтэй болдог шиг мэргэжлийн сургуулийн төгсөгчдөөс зөвхөн ур чадвар биш, нэмээд онолын мэдлэг шаардах нь байна.