“Парис-2024” зуны 33 дахь удаагийн олимпын үйл ажиллагааг сурвалжилсан спортын гэрэл зурагчин, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Ганбаттай ярилцлаа.
-“Парис-2024” зуны олимпын наадмыг амжилттай сурвалжилсан танд баяр хүргэе. Энэ нь таны сурвалжилсан зургаа дахь олимп гэсэн байх аа?
-Баярлалаа. “Лондон-2012”-оос эхлээд зургаа дахь олимпоо сурвалжиллаа. Лондон, Рио, Токио, Парисын гээд дөрвөн зуны олимпын мэдээллийг олон нийтэд газар дээрээс нь хүргэсэн. Мөн Пёнчан, Сочид болсон өвлийн хоёр олимпыг сурвалжилсан байна.
-Олон орны сэтгүүлч, зураглаач нар энэ удаагийн олимпын мэдээллийг дамжуулж байлаа. Тэгэхээр тэднээс ялгаатай, онцлог зургийг хаанаас яаж авах гээд төлөвлөх зүйл их байсан болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Энэ удаад сэтгүүлчдэд харьцангуй цөөн мандат өглөө. Токиогийн олимпод үүнээс арай олныг олгож байсан. Харин энэ удаагийнхад Монголоос хоёр гэрэл зурагчинд мандат олголоо. Түүнчлэн квот олгоогүй улс ч бий. Миний мэдэхээр Узбекистан, Молдав, Киргиз зэрэг улсын гэрэл зурагчдад өгөөгүй байна лээ. Гэсэн ч маш олон гэрэл зурагчин оролцсон, томоохон олимпын наадам боллоо. Олон улсын гэрэл зурагчдаас долоон орны уран бүтээлчидтэй хамтарч ажилласан. Тэдэнтэй цахимаар тогтмол харилцаж, зургаа хуваалцаад, бие биедээ туслан хамтарсан. Мөн зарим улсын Олимпын хорооноос зургаа өгөх боломжтой юу гэсэн хүсэлт ч бидэнд тавьсан шүү.
-Олимп нь хүн төрөлхтний эв нэгдлийг илэрхийлдэг. Энэ утгаараа олон хүн сонирхож үздэг. Ийм олон хүний анхаарлыг татсан үйл ажиллагааг сурвалжлахын давуу тал болон хүндрэлтэй зүйл нь юу байв?
-Дэлхийн өнцөг булан бүрээс тамирчид зорин ирдэг эв нэгдлийн баяр шүү дээ. Зарим улс сэтгүүлчдээ явуулж чадаагүй тохиолдолд тамирчин нь оролцсон тэмцээний гэрэл зураг олдохгүй байх нь ч бий. Манай улсын гэрэл зурагчид олимпод оролцсоноороо архивтай болж, тамирчдынхаа түүхэнд мөнхрөх агшнуудыг хадгалан үлдээснээрээ бахархаж байна.
-Зарим улсын гэрэл зурагчид, сэтгүүлчид оролцож чадаагүй гэсэн шүү дээ. Олимпод оролцох хэвлэл мэдээллийнхэд ямар шаардлага тавьдаг юм бол?
-Оролцогч улсын медалийн болон олимпод өрсөлдөх тамирчдын тоо, амжилтыг харгалзан үзээд эрх олгодог. Олимп зохион байгуулагчид тухайн улсаас хэдэн хүн сурвалжлах боломжтойг тогтооно. Үүнийх нь дагуу хэнийг явуулахыг Спортын сэтгүүлчдийн холбоо, МҮОХ шийддэг.
-Олимпын өдрүүдэд нэгэн зэрэг олон тэмцээн өрнөдөг. Ийм үед аль тэмцээний зургийг авахаа хэрхэн шийдэв?
-Манай улсын тамирчин медалийн болзол хангах магадлалтай спортын тэмцээний гэрэл зургийг түлхүү авна. Жишээлбэл, жүдо, чөлөөт бөх, бокс ч гэх юм уу. Давхцахгүй бол бүх тэмцээнийг гэрэл зурагт буулгахыг хичээдэг. Нээлтийн өдрийн маргаашаас жүдо бөхийн тэмцээн эхэлсэн учраас тэнд өнжсөн. Тэмцээнүүд давхацсан үед “Манай улсын тамирчны зургийг аваарай” гэж хэлээд олон улсын сэтгүүлчидтэй хамтарсны ачаар зохицуулсан. Бусад улсын тамирчны зургийг ч гэрэл зурагчин Д.Нямбилэг бид хоёр ийм маягаар авч байлаа. Бид маш нягт хамтран ажиллаж, бүгдэд нь хүртээмжтэй байхаар зургаа дарж чадсан.
-Тэмцээний үеийн торгон агшин, чухал мөчийг онцолж, “онилж” гэрэл зурагт буулгахад нарийн ур чадвар шаарддаг байх?
-Гэрэл зураг бол маш том салбар. Монголд гэрэл зураг үүсэж хөгжсөний 90 жилийн ой энэ жил тохиож байна. Спортын, байгалийн, улс төрийн, сонины гэрэл зураг гээд олон төрөлтэй. Спортын гэрэл зурагчид спорт мэддэг, мэдэрдэг байх ёстой. Хоёрдугаарт, сайн техниктэй байх хэрэгтэй. Гуравдугаарт, спортын торгон агшныг урьдчилан мэдэрдэг байх нь чухал. Сагсан бөмбөг, жүдо, заалны тэмцээний үед хэрхэн ажиллах, ямар техник ашиглах зэрэг янз бүрийн шаардлага бий. Бид авсан зургаа борлуулаад орлого олох боломж хомс. Тэгэхээр спортод үнэнч, түүнд дурласан хүний л хийх ажил.
-Зураг дарахад, ялангуяа ховор агшныг буулгахад мэдрэмж чухал уу, эсвэл туршлага, ур чадвар илүү хэрэгтэй юү?
-Нэгдүгээрт, туршлага чухал. Хоёрдугаарт, мэдрэмж, гуравдугаарт, аз гэж бий. Жишээлбэл, Токиогийн олимпын наадмын үеэр алтан медалиа гардах тамирчин амны хаалтаа тайлах үед нүдэнд нь таван цагариг ойсон агшныг буулгасан зураг минь олныг нэлээд шуугиулсан. Тэр зургийг дарахад аз л нөлөөлсөн шүү дээ. Таван цагаригийн тусгал тамирчны нүдэнд ойж харагдана гэдгийг би урьдчилан таамаглах боломжгүй. Тухайн үед “Эндээс онцлох дүрс гарах болов уу” гэж л хүлээж байлаа.
-125 улсын гэрэл зурагчдын өрсөлдсөн “Алтан агшин” уралдаанд таны “Шүүрэхийн өмнө” бүтээл гуравдугаар байрт шалгарч байлаа. Эл бүтээлийн онцлог нь юу байсан бэ?
-100 жилийн түүхтэй эл уралдаанд 1700 орчим бүтээл ирүүлснийг 34 орны шүүгч шалгаруулж байлаа. “Шүүрэхийн өмнө”-ийнх шиг өгүүлэмжтэй зургийг монгол зурагчид маш их авдаг. Тэднээс миний зураг онцгойрч, олон улсын уралдаанд шалгарсны учир нь өнцгийг нь гоё тааруулж авсантай холбоотой. Мөн сайн техниктэй байх ёстой. Гар утас өнөө цагт ямар өндөр түвшинд хүрч хөгжиж байгаа билээ. Үүнтэй адил камерын үзүүлэлтүүд ч цаг ямагт шинэчлэгдэж, хөгжиж байна. Гэрэл зурагчин ч үүнийг даган, хамгийн сайн техникийг ашиглах нь чухал. Гэхдээ хөгжилтэй хөл нийлүүлэн алхах нь амар зүйл биш. Тиймээс эдийн засгийн чадамжтай байж л энэ салбарт урагшилна.
Мөн бид шавь нараа сайн бэлдэх ёстой. Дараа дараагийн олимпыг сурвалжлах залуусыг бэлдэх хэрэгтэй. Залуучууддаа хандаж хэлэхэд, энэ төрлөөр дагнах сонирхолтой бол та бүхэнд зөвлөөд, хөгжихөд нь туслахад бэлэн. Азийн наадмаас гараагаа эхлэн суралцахад маш гэгээлэг ирээдүй хүлээж байгаа шүү. Манай зурагчдад спортын төрлөөр дагнан ажиллах боломж, нөөц бий гэж боддог.
-Энэ удаагийн олимпын наадмын нэг өдрийг өгүүлэх шилдэг гэрэл зургаар сайн дурын ажилд оролцож буй хосыг харуулсан таны бүтээл шалгарсан шүү дээ. Зорьж авсан зураг байв уу, эсвэл санаандгүй таарсан агшин уу?
-Олимп эхлэхээс хоёр хоногийн өмнө дарсан зураг л даа. Хэвлэлийн төв рүү явах замд ахимаг насны, дугуйтай хос үнсэлцэж байхтай таарсан юм. Тэрхүү зургаа уралдаанд илгээтэл өдрийн шилдэг гэрэл зургаар шалгарсан. Олон орны гэрэл зурагчид уг уралдаанд оролцож байв. Миний тэргүүлсэн өдөр оролцогч харин цөөхөн байж таарсан юм. Франц улсын Парис хот нь дурлалын гэдгээрээ алдартай шүү дээ.
-“Парис-2024”-ийн үеэр таны дарсан зургаар монголчууд “амьсгалсан” гэхэд хилсдэхгүй биз ээ. Хэр олон зураг авч амжсан бол?
-Зөвхөн миний зураг бус, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Нямбилэг бид хоёрын бүтээл. Тэрбээр гурав дахь олимпдоо оролцож байгаа, миний шавь. Тэрбээр чөлөөт бөхийн тэмцээнийг голдуу сурвалжилж, би жүдогийн дэвжээ орчимд өнжсөн. Бусад үед нь хоёулаа спортын өөр төрлийн тэмцээнүүдийн зургийг дарж байлаа. Тиймээс зөвхөн миний бүтээл гэж хэлж болохгүй. “Парис-2024” зуны 33 дахь удаагийн олимпын наадмыг манай улсаас тус бүр хоёр гэрэл зурагчин, сэтгүүлч сурвалжилсан. Түүний нэг нь олон түмэндээ “Олимп Ото” нэрээрээ танигдсан, олимпизмыг Монголд хөгжүүлэхэд маш их хувь нэмэр оруулсан Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан ах. Тэрбээр “Таван цагариг” сониныг үүсгэн байгуулагчдын нэг. Түүний хувьд олимпод анх удаа сэтгүүлчээр оролцлоо. Мөн “MGL sports”-ыг үүсгэн байгуулагч, маш хөдөлмөрч эмэгтэй Ж.Цэцэгмаа оролцлоо. Ганцхан зургаас ард түмэн олимпын наадмын үйл явдлыг бүрэн ойлгож чадахгүй. Нийтлэл болон зураг нь бие биеэ амилуулдаг, хамтын бүтээл. Олимп үргэлжилсэн 20 хоногийн хугацаанд монголчууд бидний бүтээлээр “амьсгаллаа”. Олимпыг үзэж сонирхох хүмүүсийн хүрээ ихэд тэлснийг бид мэдэрсэн. Бүгд л олимпын наадам үзээд шөнө нойргүй хонолоо, ажлаасаа хоцорсон гэх мэтээр ярьж байв. Медаль авчих болов уу гэх горьдлого тээсэн маш олон хүн зурагтынхаа өмнө өнжжээ.
-Дэлгэцээр юмсыг харах өөр. Тухайн нөхцөл байдалд биечлэн очиж танилцах нь арай өөр мэдрэмж төрүүлдэг шүү дээ. Гэрэл зурагчны хувьд ямар ч үйл ажиллагаа, тэмцээн, уралдааныг газар дээрээс нь сурвалжлахыг илүүд үздэг биз?
-Олимпын наадмын нээлтийн үйл ажиллагааг дэлгэцээр үзэх нь гоё л доо. Энэ удаагийн наадмын нээлтийн үеэр маш их бороо орсон. Наадмын төлөвлөгөөний дагуу бол тамирчид завьтайгаа гол хэсгийг тойрох ёстой байлаа. Гэвч борооноос болоод төлөвлөгөө өөрчлөгдсөн. Монголын тамирчид борооноос болоод гол хэсэг рүү орж ирээгүй учраас зургийг нь дарж чадаагүй. Харин завиар явж байгаа тамирчдыг олон талаас нь камераар бичиж, зурагтаар бүх өнцгөөс нь харуулж чадсан. Мэдээж газар дээрээс нь үйл ажиллагааг үзэх гоё. Эйфелийн цамхгийн гэрэлтүүлэг, орчны уур амьсгал, дэлхийн оддын үзүүлбэрийг үзэх сайхан байлаа. Гэхдээ бүх нийтийг хамруулах тал дээр зурагт үзэх нь илүү.
-Парис хотын уур амьсгал олимпын өдрүүдэд ямар байв?
-Парис хотод дүрвэгсэд олноор амьдардаг. Гадуур хооллож байхдаа гар утсаа хажуудаа тавихад л хулгайд алдах хэмжээний нөхцөл байдал үүссэн байж. Харин олимпоор тийм асуудал тулгараагүй. Хоёр алхаад л цагдаатай тааралдана. Зохион байгуулалт сайтай, тайван байлаа. Метроны буудал, гудамжны үзүүр бүрд цагдаа ажиллаж, аюулгүй байдлыг бүрэн хангасан. Иргэдийнх нь харилцаа хандлага ч эерэг. Олимпын наадмын мандатаа зүүгээд гадуур гарахад зөрсөн хүн бүр мэндэлж байлаа.
Олимпын хотхонд улс бүрийн тамирчид цонхныхоо тавцан дээр Төрийн далбаагаа мандуулчихсан. Танилцаад, тэмдгээ солилцоод, ялангуяа нэг төрлийн спортынхон өрсөлдөгч нартайгаа ч найзалж нөхөрлөдөг шүү дээ. Олимпын хотхоны хашаа руу нэвтрэх төдийд өөр ертөнцөд орж байна л гэсэн үг.
-Наадмын үеэр та нэлээд шахуу хуваарьтай, завгүй ажиллаж өнгөрөөсөн байх?
-06.00 цагт босож, Хэвлэлийн төвдөө очиж, дөрвүүлээ ярилцаад төлөвлөгөөгөө гаргадаг байлаа. Хэн нь аль спортын тэмцээнийг сурвалжлах вэ гэдгээсээ хамаараад чиглэл чиглэлийнхээ автобусанд суугаад зорьсон газартаа хүрнэ. Өдөрт гурван төрлийн тэмцээнд очих төлөвлөгөөтэй ажилласан. Ингэхдээ жүдо бөхийн барилдааны зургийг түлхүү авсан. Монголчууд оролцоогүй бусад тэмцээний зургийг ч дарсан. 23.00-00.00 цагийн үед л харьдаг байв.
Монголын компаниуд спортыг ойлгож дэмждэг болжээ. Гадаадын их, дээд сургуульд боловсрол эзэмшсэн залуус удирдах түвшинд ажиллаж байгаа нь үүнд нөлөөлсөн байж магадгүй. Олимпын спортын сэтгүүлчдийн багийг хоёр компани ивээн тэтгэсэн. Тэднийхээ ачаар юунд ч санаа зовохгүй, тухтай ажиллалаа. Гадаадын хэвлэлийнхэн “Монголын сэтгүүлчид ямар гоё газар байрласан юм бэ, хангамж сайтай байна” гэж гайхсан. Энэ бол манай аж ахуйн нэгжүүд спортыг ойлгож, дэмжиж буйн илэрхийлэл юм. Тэр утгаараа дэмжсэн компаниудаа чадах ядахаараа сурталчилсан.
-Энэ удаагийн олимпын онцлогийг та хэрхэн дүгнэх бол?
-Олон улсын сэтгүүлчид хамтарч ажилласнаараа энэ удаагийн олимпын наадам онцлогтой. Жишээлбэл, Молдав улсын тамирчны алтан медалийн төлөөх барилдааны зургийг би дарсан юм. Тус улсаас зурагчин оролцоогүй учраас тамирчных нь зургийг хуваалцахад үндэсний Олимпын хорооноос нь талархсанаа илэрхийлсэн. Бидэнд ч тийм үе байсан шүү дээ. Лондоны олимпын наадмаас өмнө албан ёсоор гэрэл зурагчин явдаггүй байлаа. Манай улсын Олимпын хорооныхон бусад улсынхнаас “Манай улсын тамирчны зургийг авч өгөөч” гэж гуйдаг байв. Спортынхон нэгнийхээ байхгүйг нөхөж өгдөг гэр бүл юм.
-Та “Рио-2016” олимп миний дуранд” үзэсгэлэнгээ гаргаж байсан. “Парис-2024” олимпын онцлох агшнуудаа олон нийтэд толилуулах бодол бий юү?
-Токиогийн олимпын үеэр цар тахал дэгдсэн учраас үзэсгэлэнгээ гаргаж чадаагүй. Олимпын уур амьсгал намжихаас өмнө, “Парис-2024” 17 дахь удаагийн паралимпийн наадам өндөрлөхөөр Д.Нямбилэгтэй хамтарч үзэсгэлэнгээ гаргах төлөвлөгөө бий.
А.ТЭМҮҮЛЭН