Монголын тогооч нарын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, олон улсын шүүгч, Мико нэрээрээ олон нийтэд танигдсан мастер тогооч Ц.Мэнджаргалтай ярилцлаа. Тэрбээр Тайланд улсад өнгөрсөн сарын 28-31-нд зохион байгуулсан өсвөр насны тогооч нарын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шүүгчээр ажилласан юм. Манай улсаас оролцсон багийнхан эл тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ. Зөвхөн гал тогоонд бус, салбар бүрд хүч сорьж яваа түүнийг эрч хүчний “ундарга” хэмээн тодорхойлмоор санагдсан. Дэлхийн тогооч нарын холбооноос анх удаа зохион байгуулсан өсвөрийн тогооч нарын ДАШТ-д20-24 насны залуус чадвараа сорьсон бөгөөд багийн ахлагчид насны хязгаар тавиагүй юм байна.
-Өндөр зэрэглэлийн тэмцээнд шүүгчээр ажилласанд баяр хүргэе. Эл тэмцээний онцлог нь юу байв?
-Дэлхийн тогооч нарын холбооноос анх удаа зохион байгуулсан том тэмцээн л дээ. Мөн Тайланд улсын хатан хааны ивээл доор зохион байгуулснаараа онцлог. Нэг улсаас дөрвөн хүн оролцох боломжтой. Тухайлбал, улс бүрээс нэг шүүгч, багийн нэг ахлах тогооч, хоёр залуу тогоочид оролцох эрх олгосон. 16 улсын тогооч нар оролцсон ДАШТ-д Монгол багтсанд баяртай байна. Тогооч нар дөрвөн цагийн хугацаанд 40 хүний хоол хийсэн. Энэ нь урьд байгаагүй шалгуур л даа. Ингэхдээ нэг өдөрт дөрвөн улсын үндэсний хоолыг хийлээ. Жишээлбэл, эхний өдөр вьетнам, польш, тайланд үндэсний хоол хийх даалгавартай байв. Зарим хоолны нэрийг өмнө сонсож ч байгаагүй. Эхний 20 хоолыг үндэсний буюу нутгийнх нь амтаар хийх ёстой. Дараагийнхыг нь модерн буюу орчин үеийн хэв маягт оруулж амтална. Ийм учраас оролцогч тогооч нар маш их ачаалалтай ажилласан. Хамгийн сүүлийн өдөр монгол бууз хийх даалгавар өгсөн. Монгол бууз гэхээр оролцогчид сайн мэдэхгүй байлаа.
Тэмцээний тухайд маш их ачаалалтай ажилласнаас манай нэг тогоочийн бие муудсан. Бусад орны оролцогчид “Монголын багийнхан хоёулхнаа болчихлоо. Та нар хасагдах уу” гэж байсан ч “Бид үргэлжлүүлэн оролцож чадна” л гэсэн. Дүүгийн бие ч удалгүй сайжирч, тэмцээндээ үргэлжлүүлэн оролцсон юм. АНУ, БНСУ, Австрали, Грек гээд томоохон улсын тогооч нарыг ардаа орхисон. Монгол тогооч нарын хамгийн том давуу тал нь хурдан сэтгэх чадвар байв. Мөн бид Төв Азид амьдардаг болохоор европ, ази соёл, хоолны аль алиныг нь сайн мэддэг нь давуу тал боллоо. Солонгосчууд “Та нар ямар ч бэлтгэлгүй ирсэн байж бид нарыг ялчихлаа” гээд гайхаж байлаа. Уг тэмцээнээр дамжуулан монгол хоолоо дэлхийд анх удаа дархаллаа. Мөн тэмцээний шүүгчээр ажилласандаа баяртай байна. Ирээдүйтэй мундаг тогооч нар уг тэмцээнд оролцлоо. Амжилттай оролцсон “Highland park” рестораны тогооч Ө.Жаргалбат, Б.Төгөлдөр нарт баярлалаа. Алдартай олон тогооч нартай өрсөлдөн хүрэл медаль хүртэж, Монголд шинэ түүх бичсэн залуус шүү дээ. Дэлхийд тэргүүлэгч улс орныхон гайхаж, барайгаад л үлдсэн дээ.
-Улс орон бүрийн үндэсний хоолыг тэмцээний даалгаварт багтаана гэдэг нэг ёсны хүндэтгэл, бас оролцогчдын хувьд ур чадварын амаргүй шалгуур болжээ. Манай улсыг төлөөлөн тэмцээнд оролцох тогооч нарыг яаж тодруулсан бэ?
-Монголд анх удаа үндэсний хоол, идээ ундааны аварга тогооч шалгаруулах уралдааныг зохион байгуулсан шүү дээ. Улсын аварга шалгаруулах уралдаанд бүх төрлийн хоолоор өрсөлддөг байсан бол энэ удаа зөвхөн монгол идээ ундаа хийснээрээ онцлог. Эл уралдааны багийн төрөлд алтан медаль хүртсэн “Highland рark” рестораны тогооч нараасаа ДАШТ-ий оролцогчдыг шалгаруулсан.
-Дэлхийн аварга тогооч нарыг тодруулахад ямар шалгууруудыг гол үзүүлэлт болгов?
-Оролцогчдод маш өндөр шаардлага тавьдаг. Жишээлбэл, тогоочийн ёс зүй, биеэ авч явах байдал, хувцас хэрэглэл, гал тогооны болон багийн зөв зохион байгуулалт, хоол хийх технологи, дулааны боловсруулалт зэрэг олон шалгуурыг оролцогчдод тавьдаг. Хоолоо зөв боловсруулж чадсан уу, хог хаягдлаа хэрхэн ангилж байна, боловсруулсан болон түүхий бүтээгдэхүүнийг яаж ялгасан зэргийг харгалзан үзнэ. Бас хоолны үзэмж, орц, найрлага нь зохицож байна уу зэрэг нарийн үзүүлэлт олон бий. Олон улсын бусад тэмцээнээс ялгарах онцлог нь би өөрийн орны оролцогчдын бэлтгэсэн хоолыг мэдэх ямар ч боломжгүй нь байв. Улсынхаа тогооч нарын хийсэн хоолонд өндөр оноо өглөө гэх мэт асуудал гарах үндэслэлгүй. Шүүгчид аль нь манай улсын тогооч нар хийснийг мэдэх боломжгүй байсан. Маргаан гарахаас ингэж сэргийлжээ. Ийм өндөр шалгууртай, шударга өрсөлдөөнтэй тэмцээнээс Дэлхийн тогооч нарын холбооны логотой медалийг бид эх орондоо анх удаа авчирлаа. Тэмцээнд оролцоход маш бага зардал гарсан. Хоолны материал, тоног төхөөрөмжийг зохион байгуулагчид бэлдсэн байлаа. ДАШТ-ий шууд дамжуулалтыг үзсэн тогооч нар “Ямар гоё тэмцээн болов оо, ах аа. Ийм тэмцээнд оролцох юм сан” гэж хэлж байсан шүү.
Энэхүү тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулна. Ингэхдээ улс орон бүрийн хоолыг даалгаварт нь нэмж оруулан, төрөлжүүлээд явах байх. Монгол үндэсний хоолноос энэ жил буузыг онцолсон бол дараагийн удаа хорхог, цуйванг ч даалгаварт өгч магадгүй. Ташрамд дурдахад, цуйван нь цуйван бин гэсэн хятад үгээс гаралтай бөгөөд гараар татсан гурил гэх утгатай. Цуйвангийн албан ёсны монгол нэр нь салбадай юм. Буузыг бөөрөг гэж нэрлэдэг байсан. Буузлах буюу баадагнах гэсэн үгнээс гаралтай гэж сонссон. Энэ удаагийн тэмцээний үеэр хийсэн хоолнуудын жороор Дэлхийн тогооч нарын холбооноос ном гаргана. Үүнд нь монгол буузны жор орно гэсэн үг. Өнгөрсөн тавдугаар сарын 22-нд дэлхийн тогооч нарын Азийн бүсийн чуулга уулзалт Монголд болсон юм. Азийн шилдэг тогооч нар энэ үеэр хонины махыг эвдээд, ил гал дээр шарж хоол бэлтгэсэн. Ингэхэд монгол хонины махыг тэд шүтсэн. Хонины махыг яаж эвдэхийг дэлхийн “томчуудаар” дамжуулан сурталчиллаа. “Энэ хоолыг яаж орчин үеийн болгох, цагаан хоолтнуудад хэрхэн хүргэх вэ” гэдгийг ч бодох ёстой. Аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд хоол үйлдвэрлэлийн салбараа ч дэмжих хэрэгтэй.
-Тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгчид нь аль улсын баг байв?
-Зохион байгуулагч улсынхан тэмцээнийхээ дүрэм журмыг сайн мэдэх учраас бэлтгэл сайтай байсан. Тус улсаас дөрвөн баг оролцсоноос Өмнөд Тайландынхан нь аваргын цом хүртлээ.
-Тухайн өдрийн тэмцээнийг ахалж ажилласан шүүгч онцгой эрх эдэлсэн үү?
-Үндэснийхээ хоолыг хамгийн сайн мэдэх учраас оролцогчдод зөвлөгөө өгнө. “Монгол бууз нь шөлөрхөг, 70 хувь нь махтай байдаг. Чимхэлт монгол гэртэй төстэй. Мөн бага зэргийн өөх оруулж болно. Шүүслэг байх ёстой” гэж хэлэхэд зарим оролцогч буузан дотроо шөл халбагадаад хийсэн байх жишээтэй. “Буузыг сэвэх ёстой” гэж хэлтэл тэд бүр гайхаад “Болгоод гаргасан байхад яагаад сэвэх ёстой юм” гэж байв.
-ДАШТ тогооч нарын хувьд, бас хоол үйлдвэрлэлтийн салбарт ч дэвшил авчирсан гэж ойлголоо.
-Тийм шүү. Урьд өмнө нь байгаагүй шударга шүүлт, бас зарчимтай. Өмнө нь нэрийг нь сонсож байгаагүй хоолнуудыг хийлгэснээрээ тогооч нарын жинхэнэ ур чадварыг сорилоо доо. Монгол Улсад амьдардаг би Индонезийн үндэсний хоолыг мэдэхгүй шүү дээ. Интернэтээс тэр хоолных нь бичлэгийг урьд орой нь хайж үзээд “Иймэрхүү зүйл хийх юм байна даа” гэсэн баримжаа л авна. Түүнээс биш амт шимтийг нь мэдэхгүй шүү дээ. Монгол Улсын багийн ахлагчаар ажилласан Д.Одбаяр Малайзад тогоочийн сургууль төгссөн нь давуу тал боллоо. Америк, Грекийн тогооч нар ази хоол хийхдээ бүдэрсэн. Хэт онгирч болохгүйг энэ тэмцээн бүгдэд ойлгууллаа.
-Та удахгүй дэлгүүрээ нээх гэж байгаа гэсэн шүү дээ. Ямар төрлийн бүтээгдэхүүн худалдахаар төлөвлөж байгаа вэ?
-Монголчууд далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх нь ховор шүү дээ. Тиймээс ийм бүтээгдэхүүн худалдахаар төлөвлөж байсан. Гэвч тогооч нарт хэрэгтэй байгаа эрүүл ахуйн шаардлага хангасан сав суулга худалдахаар шийдлээ. Хуванцар савны хэрэглээг халж, эрүүл ахуйн стандартад нийцсэн нэг удаагийн аяга, таваг, хэрэгсэл борлуулахаар ярилцаж байна. Дэлгүүрийнхээ заслыг хийчихсэн, тун удахгүй нээнэ.
-Таныг япон хоолны чиглэлээр Монголд “магнат” гэж нэрлэх нь бий. Монголчууд таван хошуу малынхаа махыг голчлон хүнсэндээ хэрэглэдэг. Далайн гаралтай бүтээгдэхүүн тэр бүр хэрэглээд байдаггүй шүү дээ. Ийм газарт анх япон хоол хийж борлуулах амаргүй байсан уу. Хоолныхоо цэсийг боловсруулахдаа монголчуудын онцлогт тулгуурласан уу?
-Анх үнэхээр хэцүү байсан шүү. Гэрийнхэн “Наад загасыг чинь хүн авч идэх юм уу” гэж хэлдэг байлаа. Ресторанаа нээсэн 2013 онд гадаадаас монголчууд олноор эргэн ирсэн. Энэ үед манай байгууллагаар үйлчлүүлэх, миний хоолыг идэх сонирхолтой хүн олон болсон. “Ковид-19” цар тахлын дараа ч монголчууд эх орондоо олноор ирсэн нь миний бизнесийг цэцэглүүлсэн гэж боддог. Зуны улиралд хорхог, боодог идэж, махаар “бөмбөгдүүлсэн” хүмүүс далайн гаралтай хоолыг түгээмэл сонгож байна.
-Барилгын инженерээр, эсгүүрчин, оёдолчноор ч ажиллаж байсан гэсэн шүү дээ, та. Мөн хоолны нэвтрүүлгээрээ дамжуулан хөтлөгчийн хувиар олон нийтэд өөрийгөө таниуллаа. Ийм олон мэргэжлээр өөрийгөө сорьсон хүн тогоочоор дагнан ажиллахаар шийдсэн шалтгаан нь юу бол?
-Зургаан эрэгтэй хүүхэдтэй айлын тав дахь нь би л дээ. Гэртээ ер нь л хоол хийж үзээгүй. Аав, ээжүүд хүүхдээ багаас нь таньдаг гэдэг дээ. Тэд “Манай энэ сэргэлэн болохоор хаана ч хоолоо олоод идэж чадна” гэдэг сэн. Ээж минь гарын ур дүйтэй, аав спортод сонирхолтой. Би спортоор хичээллэж, бие хамгаалах урлагийн хаалттай тэмцээний анхны аварга болж байлаа. Спортоор хичээллэж байгаад гараа ч хугалсан. Зах зээлийн эдийн засагт шилжихээс өмнө цэргийн алба хаасан юм. Бас барилгын мэргэжлээр Барилгын политехник коллежийг төгсөж байлаа. Зах зээл нь бага байснаас тэр мэргэжлээрээ ажиллаагүй. Багадаа “Ард” кинотеатрын суудлын бүрээсийг урж, малгай оёж өмсдөг байлаа. Мөн даавуугаар нь гутлаа кобай маягаар чимэглэдэг байсан. Цэргээс халагдаж ирээд оёдлын үйлдвэрт ажиллах үеэрээ ханьтайгаа танилцсан. Оёдлын чиглэлээр үйлдвэрлэл эхлүүлээд Монголд анхны суудлын бүрээс, ажлын хувцас оёж байлаа. Кино шиг зүйл их хийсэн. Монголд анхныхад тооцогдох хатгамлын машиныг найз минь ажиллуулдаг. Түүнтэй хамтран дуураймал зүйл ч их хийсэн. Түүнчлэн оёдлын чиглэлээр ажиллахаар АНУ-ыг зорьж байлаа. Очоод гал тогоонд угаагч хийж эхэлсэн. Долоо хоног аяга угаагаад л грилл тогоочоор ажиллаж эхэлж байлаа. Хоёр хоногийн дараа сүшиний тогоочоор ажиллаж эхэлсэн. Сүүлдээ захирлын түвшинд үйл ажиллагааг нь зохион байгуулж байлаа. Монголдоо ирээд тогоочоор ажиллаад 25 жил болжээ.
-Хоолны нэвтрүүлэг бэлтгэж, эзэгтэй нарт нууц жороосоо харамгүй хуваалцсан. Цаашид дэлгэцийн уран бүтээлд оролцох төлөвлөгөө бий юү?
-Анхны гэх тодотголтой зүйл олныг хийсэн. Тогооч нарын тухай өгүүлсэн анхны кино болох “Соёг”-ийг бүтээгээд дампуурч байлаа. Тогооч нарын олон улсын тэмцээнээс Монголын анхны алтан медалийг 2017 онд Турк улсаас авч байв. Дараа нь багийн төрлийн алтан медалийг Солонгосоос авсан. Мөн гран при цомыг нь Украинаас авсан. Тун удахгүй гадаадын телевизийн томоохон шоунд намайг оролцуулахаар судалж байгаа гэж сонссон.