Олон улсын геологийн 37 дахь конгрессыг БНСУ-ын Бусан хотод өнгөрсөн сарын 25-31-нд зохион байгуулсан. Геологичдын “олимп” хэмээн нэрлэдэг эл чуулганд хэлэлцүүлэх илтгэлийн нэгээр МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Геологи, геофизикийн тэнхимийн IV түвшний оюутан П.Мөнгөнтулгын “Монгол орны зарим ордын хүдрийн эрдсүүд: Алтыг талстын энгийн дүрстэй холбох нь” сэдвээр бэлтгэсэн судалгааны ажил шалгарсан юм. Энэ чуулганд манай улсаас бакалаврын түвшний оюутан өмнө нь оролцож байгаагүй аж. Түүнтэй судалгааных нь талаар ярилцлаа.
-Геологийн “олимп”-д энэ салбарт олон жил ажилласан доктор, профессорууд оролцсоныг харлаа. Таны судалгааны ажлыг олон улсын чуулганд хэлэлцэх хэмжээнд үнэлсэн учраас шинжлэх ухааны ач холбогдол нь өндөр байх?
-Геологийн шинжлэх ухаан олон салбар судлагдахуунтай. Эдгээрээс уг хуралд оролцогчид нийт 42 чиглэлийн дагуу илтгэл танилцуулсан. Миний хувьд ашигт малтмалын геологийг сонгож судалсан юм. “Монгол орны зарим ордын хүдрийн эрдсүүд: Алтыг талстын энгийн дүрстэй холбох нь” сэдвээр судалгааны ажлаа бэлтгэсэн. Хан-Алтай, Гацуурт, Зуун модны хүдрийн дүүрэг зэрэг ордыг сонгон судалсан. Энэ илтгэлийнхээ хураангуйг конгресст оролцох материалын шалгаруулалтад өнгөрсөн хавар явуулж байв. Бакалаврын түвшний оюутан өмнө нь оролцож байгаагүй учир өрсөлдөөн ихтэй байсан.
-Уг судалгааныхаа хүрээнд ямар дүгнэлт гаргасан бэ?
-Бидний эргэн тойронд байгаа бүх зүйл талстын энгийн дүрсийг олсон байдаг. Ямар хэлбэрээр оршиж буйгаас нь хамааран хими, физик шинж чанартай. Үүнд нь тулгуурлан пиритийн оронт тор дээр алтны атом суусныг тогтоох зорилгоор судалгааны ажлаа эхлүүлсэн. Судлаачид пирит гэх эрдсийн гадаргууд алт байгааг тогтоосон. Гэвч алтыг ялгах нь эдийн засгийн хувьд ач холбогдолгүй гэж үздэг. Учир нь пирит нь хүхэртэй төмөр агуулдаг, хортой гэж үздгээс ашиглах боломжгүй гээд хаядаг. Гэвч байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи олныгнээсэнөнөө үед хэрэггүй гээд хаясан зүйлээс алтыг нь салганавч, эдийн засгийн хувьд ашигтай ажиллах боломжтой. Монгол орны дотоодын нийт бүтээгдэхүүний 90 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Тиймээс эдийн засгийн өгөөжтэй, хөгжил дэвшил авчирч чадахуйц зүйлийг бага багаар судлахыг хичээдэг. Пиритийг 1800-гаад оны үед тэнэгүүдийн алт гэж нэрлэдэг байж. Яагаад гэхээр алттай маш адилхан харагддаг болохоор хүмүүс андуурдаг байсан юм билээ. Эцсийн дүндээ энэ нь тэнэгүүдийн алт биш гэдгийг өнөө цагийн шинжлэх ухаанаар нотлох болсон. -Олон улсын хурлын үеэр таны судалгааны ажилтай төстэй илтгэл байв уу. Энэ чиглэлээр хийсэн судалгаа дэлхий дахинд хэр түгээмэл бол?
-Ер нь өнөө цагт алтыг талстын энгийн дүрстэй холбох чиглэлээр судалгааны ажлыг нэлээд хийж байна. Алтны олон үндсэн ордод энэ төрлийн судалгаа хийх боломжтой. -Судалгааг нь олон улсын эрдэмтэд хэрхэн үнэлэв. Ямар санал, бас шүүмж хэлэв?
-Пирит гэх эрдсийн энгийн дүрс алдагдсан үед яаж танин мэдэж илрүүлэх боломжтойг асууж байлаа. Бакалаврын түвшний оюутан болохоор тийм ч хүнд асуулт тавиагүй. -Энэ судалгааны ажлаа хэдэн жил хийж байна вэ? -Судалгааны ажлын удирдагчаар МУИС-ийн Геологи, геофизикийн тэнхимийн багш, доктор, дэд профессор С.Оюунгэрэл ажилласан. II түвшний оюутан байхаасаа энэ судалгааг эхлүүлж, түүнээс хойш тасралтгүй хөгжүүлж байна.
-Конгрессын үеэр бусад улсын эрдэмтэдтэй холбоо тогтоож, цаашид хамтран ажиллах боломж бүрдүүлж чадсан уу?
-Энэ удаагийн конгрессын үеэр Монголын болон БНСУ-ын Геологийн холбоо хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.
-Олон улсын эрдэмтэд оролцсон томоохон арга хэмжээ шүү дээ. Гол онцлогийг нь хэрхэн тодорхойлох вэ?
-Олон чиглэлийн судлаачдын хэлэлцүүлэг нэгэн зэрэг өрнөж байлаа. Иймд оролцогчид сонирхож буй чиглэлийнхээ дагуух үйл ажиллагаанд оролцоно. Олон улсын хуралд зориулан аппликэйшн гаргасан байсан. Ямар төрлийн илтгэл хаана, хэзээ хэлэлцүүлэхийг тухайн аппликэйшний тусламжтайгаар мэдэж, хүссэн үйл ажиллагаандаа төвөггүй оролцох боломжтой байлаа. Мөн цагийн хуваариа ч гаргаж болох юм билээ. Миний хувьд критикал болон газрын ховор элемент, металл ашигт малтмал, сансрын геологи зэрэг нь сонирхолтой санагдсан. Эдгээр чиглэлийн хэлэлцүүлэгт түлхүү оролцсон. Өмнө нь дурдсан эрдсүүдийг өндөр технологийн түүхий эд болгон ашигладаг учраас чухал ач холбогдолтой. Оролцогчид судалгааны ажлаа аман болон ханын илтгэлээр танилцуулсан. Хэлэлцүүлэх үндсэн илтгэлийн 41 сэдвийн 12 дахь нь болох ашигт малтмалын геологи гэсэн төрөлд би оролцсон юм.
-“Монголын геологи, хайгуул” оюутны эрдэм шинжилгээний хуралд та хоёр жил дараалан тэргүүн байр эзэлсэн юм байна. Дээрх судалгааны ажлаараа оролцсон уу?
-Хоёрдугаар түвшний оюутан байхдаа дээрх судалгааны ажлаараа оролцсон. Харин дараа жил нь хэт яагаан туяатай холбоотой судалгаагаар оролцсон. Бүх зүйл утга учир, зүй тогтолтой. Тэрхүү учир шалтгааныг нь тодруулах маш сонирхолтой санагддаг. Бага багаар судалсаар улам бүр дурлаж гүнзгийрүүлдэг. Жишээлбэл, ашигт малтмалыг шинжлэхийн тулд дэлхийг судлах хэрэгтэй болно. Дэлхийг судалснаар маш их зүйлийг мэдэж авна шүү дээ.
-Сурагч байхдаа геологийн чиглэлээр олон төрлийн тэмцээнд өрсөлдөж, тэргүүн байрт шалгарч байсан юм билээ. Яагаад энэ мэргэжлийг сонгох болов?
-Байгалийн шинжлэх ухаанд дуртай байсан тул геологийн чиглэлээр гүнзгийрүүлэн судлахаар сонгосон. Ээж геологич мэргэжилтэй учраас ажлыг нь харж, үлгэрлэл авсаар бага багаар татагдсан байх.