Хар нүдний шил зүүгээд, дуулгаа атгачихсан, инээмсэглэн хаалгаар орж ирэх бүсгүй бол “Hunnu woman riders” мото клубийн гишүүн Э.Эрдэнэчимэг. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Сүхбаатарын талбайгаас мотоциклтой аяллаа эхлүүлж, Евразийн есөн орноор 27 000 км орчим зам туулан явсны эцэст эх орондоо ирээд байна. Өмнө нь найзтайгаа хамт Монгол орноороо мотоциклтой аялахаар шийдэж, 5700 км-ийг туулж байсан зоримог нэгэн. Таван сар үргэлжилсэн “амтат” аяллынх нь тухай түүнтэй ярилцлаа. Мөн тэрбээр “Good mom” цахим хуудсаар хоолны жороосоо хуваалцаж, эзэгтэй нарт хэдийн танигдсан билээ.
-Урт зам туулж, аяллаа амжилттай өндөрлүүлсэнд баяр хүргэе. Өмнө нь та Алтай Таван богдыг зорьж байсан. Энэ удаа Европын орныг сонгосон шалтгаан нь юу байв?
-Энэ өдрийн мэндийг уншигчдадаа дэвшүүлье. Найзтайгаа хамтран эмэгтэйчүүдийн хамгийн анхны уртын аялал хийхээр Алтай Таван богдыг зорьж байсан. Тэр үед буюу 2020 онд кросс ангиллын мотоциклоор 18 хоногийн хугацаанд 10 аймгийн нутгаар дамжин 5700 км зам туулсан. Түүнээс хойш найз нөхдийн хамт бараг бүх аймгаар мотоциклтой аялсан даа. Монголынхоо сайхан газруудыг үзсэн нь олон улсын аялалд гарах хөшүүрэг болсон байх. Энэ удаагийн аяллыг эхлүүлэх урам зоригийг Торгоны замаар аялсан Ц.Алтангэрэлээс авсан. “Яагаад эмэгтэйчүүд ч түүн шиг аялж болохгүй гэж. Одоо гадаадын орнуудаар аялж үзье” гэж бодоод зориг шулуудсан. Аяллаа эхлүүлэхээс 14 хоногийн өмнө л БНСУ-аас ирж, хөлгийн жолоо залсан даа.
-Олон хоногийн аялалд гарахын өмнө бие, сэтгэл зүйгээ сайтар бэлтгэх нь чухал байсан болов уу?
-Евразийн есөн орноор буюу маршрутын хувьд Монгол, Орос, Казахстан, Узбекистан, Тажикистан, Киргиз, Гүрж, Армени, Туркээр аялсан байна. Турк улсаас Монголдоо буцаж ирсэн. Энэ хугацаанд нийт 26 900 км тууллаа. Мэдээж аялал амаргүй байсан нь ойлгомжтой. Сэтгэл санаа болон бие махбодын бэлтгэлийг өөрийн хэмжээнд хангасан. Мотоциклоор давхих нь эрч хүчтэй сайхан хобби боловч эрсдэл ихтэй.
-Евразийн орнуудаар аялахаар төлөвлөснөө хэлэхэд гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бол?
-Мото клубийнхэн л дэмжсэн. Харин бусад нь эхэндээ эсэргүүцэж байлаа. “Юу яриад байгаа юм бэ, үхэх чинь дутаа юу” гэцгээсэн. Сүүлдээ “Энэ хүний хобби сонирхлыг хүндэтгээд явуулахаас яах вэ. Хориод ч дийлэхгүй нь” гээд бууж өгсөн шүү.
Багадаа ээжийнхээ хоол хийхийг харсаар байгаад арга барилаас нь суралцсан. Аав минь ном их уншдаг байв. Тэдний эдгээр үйлдэл надад үлгэрлэл болж байж. Үүнтэй адилхан хөвгүүддээ “Миний ээж Торгоны замаар ганцаараа аялаад ирсэн. Ийм урт замыг туулсан шүү дээ” гэсэн бахархал төрүүлж, үлгэр дуурайлал үзүүлсэн байх.
-Монгол оронд тал хээрийн болон говь, хангайн бүс зэрэгцэн оршиж байна. Ийм нутагт аялснаараа багагүй туршлага хуримтлуулсан байх?
-Ямар ч замыг амар хялбар гэж бодож болохгүй. Нэг км замд ч амь эрсдэж болно. Зам туулах тусам туршлагаждаг. Тийм болохоор бидний хувьд зам багш минь болдог. Мотоциклоор аялах эрсдэл ихтэй учраас тооцооллоо сайн хийх ёстой. Урдаас гэнэт автомашин гараад ирвэл, нүх дайралдсан тохиолдолд хурдаа яаж хасах вэ гэдэг нь хамгийн чухал. Давхидаг шигээ зогсож ч чаддаг байх хэрэгтэй. Кавказын, Уралын, Памирын нуруу, Сибирийн ойг тууллаа. Кавказын, Тажик, Памирын нурууг туулчихаар өндрийн айдсаа давах дархлаатай болдог юм байна. Аяллын туршид “Гэр лүүгээ буцъя” гэсэн бодол нэг ч удаа төрөөгүй ээ. Анхных гэдэг утгаараа гарааг нь сайн тавих хэрэгтэй гэж бодсон. Мотоциклоо алдсаны дараа ч аяллаа өндөрлөөд, гэр лүүгээ буцъя гэсэн бодол төрөөгүй. Төв талбайгаасаа мотоциклтой хөдөлсөн бол замд юу ч тохиолдсон тэрхүү цэгтээ тугаа намируулаад очих ёстой гээд өөртөө амлачихсан юм. Осолд орчхоод, Тажикистан, Киргиз улсын өндөр ууланд мотоциклоо унагачхаад босгож чадахгүй ганцаараа зогсохдоо, хүйтэн усан бороонд шүршүүлэхдээ, аагим халуунд “гүрвэл” болж явахдаа ч буцъя гэж нэг ч удаа бодоогүй. Их хаадын байлдан дагуулалтын зам мөрөөр яваад ирлээ шүү дээ. Тэд морьтойгоо байлдан дагуулж байсан бол орчин цагт бид мотоциклтойгоо явж байна.
-Мотоциклоо алдчихаад Монголоос шинийг захиалж авсан гэсэн байх аа. Тэр үедээ аяллаа хэсэг хугацаанд завсарласан уу?
-Аяллын туршид анхны гэх тодотголтой олон зүйлтэй тулгарлаа. Мотоциклоо алдахаас өмнө Тажикистан улсад томоохон осолд орсон. Туслах замаар явж байсан автомашин хажуугаас мөргөж, би эсрэг урсгал руу шидэгдсэн. Мотоцикл маань ачааны автомашины доороос гарч ирсэн. Тэр үед зүүн мөрөө хүнд гэмтээсэн юм. Биеэ илаарьшуулах, мотоциклоо сэлбэх зэргээс болж Тажикистаны Душанбэ хотод нэг сар амарсан. Долоодугаар сарын 30-нд Туркийн хилээр нэвтэрч Истанбулд хоноглосон эхний шөнөдөө мотоциклоо дээрэмдүүлчихлээ. Хонож байгаа айлынхаа цонхон доор нь мотоциклоо тавьчихсан байсан юм. Мотоцикл зөөлхөн асах шиг чимээ гарахаар нь хөшгөө нээтэл хоёр залуу аваад явчихсан. Истанбулд хоногт 4-5 мопед, мотоцикл хулгайд алдагддаг гэнэ. Энэ талаар сайтар судлаагүй, мотоциклдоо цоож хийгээгүй нь миний алдаа боллоо. Туркийн цагдаагийнхан “Ийм мундаг аялагч эмэгтэй олон зуун км зам туулж ирээд манай улсад мотоциклоо алдсанд харамсалтай байна” гэж хэлсэн. Алдсан хүн арван тамтай гэгчээр олдох байх гээд нэг сар орчим хүлээлээ. Найзууд “Чимэг ээ, чиний асуудал бол биднийх ч мөн. Чамд тулгарсан бэрхшээлийг бид шийдье” гээд чадах бүхнээрээ тусалсан. Тэд маш богино хугацаанд шинэ мотоциклын мөнгө “босгосон”. Турк улсад шинэ мотоцикл өндөр үнэтэй учраас Монголоосоо авлаа. “Хүннү” мото клубийнхэн мотоциклийг минь Монголоос Турк руу ачуулах гэж нэлээд ажил болсон доо. Мотоциклоо агаарын тээврээр авсан аялагч байдаггүй юм билээ. Ингээд би анхдагч нь болсон. Сайн найз нөхөд, хамт олны ачаар аяллаа үргэлжлүүлсэн. Цахим хуудасны дэмжигчид минь гурван сая гаруй төгрөг хандивласан юм. Тэдэндээ “Маш их баярлалаа” гэж хэлье.
-Аяллаа эхлүүлэхдээ та найзтайгаа хамт явсан шүү дээ. Яагаад зам салах болсон бэ?
-Бидний аяллын онцлог нь монгол эмэгтэйчүүд анх удаа олон улсаар уртын аялал хийх байсан. Гэвч Киргиз улсаас найзтайгаа зам, зарчим нийлсэнгүй. Найз маань өөр аялагчтай замаа үргэлжлүүлсэн. Нийт 5000 км-ийг тэр найзтайгаа хамт тууллаа.
-Хэд хэдэн улсын хилд саатуулагдсан гэж байсан. Ямар хүндрэл бэрхшээл тулгарав?
-ОХУ руу нэвтрэхэд Умард Осети-Аланийн Бүгд Найрамдах Улс гэж байдаг юм билээ. “Гадаадын иргэн тээврийн хэрэгсэлтэйгээр манай улсын хилээр нэвтэрч болохгүй” гээд хуульдаа заачихсан. “Google map”-аа харж явсаар хуулийг нь мэдэхгүйгээр нэвтрээд хил зөрчигч болчихсон. Буутай цэргүүд зогсоогоод, нийслэл хот хүртлээ 40-өөд км авч явсан. Сэжигтэн, яллагдагчын тухай кинонд харуулдаг шиг баруун, зүүн талаасаа зургаа авхуулав. Хурууны хээ, амны арчдас авч, хүүхэн хараа тодруулах төхөөрөмжөөр хүртэл шалгууллаа. Ингээд дуусах юм байх гэтэл “Одоо шүүх хуралтай шүү” гэсэн. Хошигнож хэлэхэд, эх орондоо “бүгд найрамдах” уншуулж үзээгүй хүн ОХУ-д шийтгэл хүлээсэн гэсэн үг. Тэгээд 2000 рублиэр торгуулсан даа. Бусдад сургамж болгох үүднээс энэ талаар цахим хуудсандаа бичсэн юм. Аялагч нар мэдээлэл хомсоос ийм хүндрэлтэй нүүр тулж байгаа юм л даа. Дэлхийгээр тойрон аялсан Ш.Түвшинжаргал багшаасаа аяллын туршид заавар зөвлөгөө авсан. Тухайн газар нутгийн замын нөхцөл байдлаас эхлээд “Google map” яаж ашиглахыг ч асууна даа. Багш минь туршлагаа бусдад харамгүй хуваалцдаг нэгэн.
-Улс орон бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Тэдгээрээс таны анхаарлыг хамгийн ихээр татсан нь аль улс байв?
-Киргизийн байгаль үзэсгэлэнтэй, иргэд нь ч монголчуудад элгэмсэг. Монгол гэхээр халуун дотноор хүлээж авдаг ард түмэн. “Тажикистан улс руу битгий нэвтэр” гэж олон хүн зөвлөж байв. “Өндөр уулстай, хар тамхи хэрэглэдэг, ширүүн дориун зантай” гээд найз нөхөд, клубийнхэн маань ч тус улсад очихыг минь эсэргүүцсэн. Гэвч заавал тэнд очих ёстой юм шиг мэдрэмж төрөөд байв. Тажикистан улсад очоод осолд орсон, тэнд ч удсан. Уулчдын хувьд мөрөөдөл нь К2, Эверестийн оргилд гарах байдаг. Тэгвэл мотоциклчдын хувьд хүсэл мөрөөдлийнх нь зам Памирын нурууг гэж хэлж болно. Памирын нуруугаар явсандаа олзуурхаж байгаа.
-Олон орноор аялахдаа иргэдийнх нь аж амьдралтай танилцаж амжив уу?
-Замдаа олон орны аялагч нартай таарна. Хэр урт зам туулсныг, хаана хүрэхийг минь тэд сонсоод “Super”, “Respect” гэж байв. Тэр болгонд “Монгол хүний язгуур чанар нь энэ юм аа. Морин дэл дээр давхих тусам бие нь чангардаг” гэдгийг хэлж байсан. “Танай улсад ийм мотоцикл байдаг юм уу” гэж асуусан хүмүүстэй ч таарсан. Тэгэхээр үндэсний үзэл сэргээд ирдэг юм байна. “Би эх оронтой хүн шүү. Монголоо хүчтэйгээр яаж илэрхийлэх вэ” гэж боддог болсон. “Хү” хамтлаг, “Талын салхи” фестиваль, Эзэн Чингис хаан, уудам тал нутгаа сурталчлахыг хичээсэн. Чимэгээ биш, Монгол гэдэг нэрээр аялж яваа учраас хариуцлагатай, нэр цэвэр, даруу хэрнээ бардам байхыг гол зарчмаа болгосон. Аялагч бүр улсынхаа элч болдог гэдгийг ухамсарлах хэрэгтэй.
-Таны аяллын анд нөхрөөр “Мишка” бамбаруушийг сонгожээ. Үнэ цэнтэй учраас 27 000 км замыг хамт туулсан болов уу?
-Хөдөө хээр ганцаараа явахаар хань бараа татна л даа. Улаанбаатар хотоос гарахдаа л “Мишка”-гаа ардаа сундлаад хөдөлсөн. Хүншүүлэх гэдэг шиг ардаа хүн байгаа гэж бодоод л явдаг. Ганцаараа болохоор “Мишка”-тайгаа, унаж буй хөлөгтэйгөө ярина. Монголчууд унаа хөлгөө ихэд дээдэлдэг шүү дээ. Мотоциклоо шарга үрээ гэж нэрлэсэн байв. Харамсалтай нь, шарга үрээ минь аян замын гуравны хоёрыг нь хамт тууллаа. Мотоциклоо алдсаны дараа сэтгэл зүй их хүнд байсан. Хүний нутагт унаагүй, олон зуун км-ийг хамт туулсан хөлгөө алдахаар сэтгэл зүйн шоконд ордог юм билээ. Тажикистанд осолд ороод өвдөөд хэвтэж байхдаа ч тэгж шаналаагүй. Мотоциклоо алдаад долоо хоног уйлахаас өөр зүйл хийж чадаагүй. 7-9 хоногийг тэгж өнгөрөөгөөд, нэг орой салхилахаар гарсан юм. Алхаж байгаад нэг мэдэхэд ядуусын амьдардаг гудамжид оччихсон. Тэндээс маш хүнд хэцүү амьдралын зураглал харсан юм. “Миний мотоциклыг иймэрхүү ядарсан хүмүүс хулгайлж авсан байх даа” гэж бодоход сэтгэл уужирсан. Өрөөндөө орж ирээд “Шарга үрээгээ дахиж бодож уйлахгүй” гэж өөртөө амлаад, тайвширсан даа.
-Замдаа тохиолдсон адал явдал бүрийг цахим хуудсандаа бичсэн учраас олон хүнд тантай цуг аялж буй мэт сэтгэгдэл төрсөн юм билээ. Та ер нь л бичих, унших дуртай бололтой.
-Би ном их уншдаг л даа. Аав, ээж минь “Чи тэг, ингэ” гэж хэлээгүй ч үйлдлээрээ сургадаг байж. Аав минь ном унших дуртай. Манай гэрийн өнцөг булан бүрд ном дэлгээтэй байдаг. Үүний ачаар номын тэмдэглэл бичих, унших сонирхолтой болсон. Аяллын туршид хөгжилтэй хөөртэй, гунигтай мэдрэмжээ бичиж үлдээсэн нь хүмүүст их хүрсэн юм билээ.
-Таван сар үргэлжилсэн урт аяллаасаа амсхийхэд ямар мэдрэмж төрж байна вэ?
-Аяллын явцад маш олон найз нөхөдтэй болж, цахим хуудасны дагагчийн тоо ч өссөн. “Ирэхээр нь тосож авна шүү. Чадах зүйлээрээ тусална” гэх зэргээр маш олон хүн холбогдсон. Улаанбаатар хот руу орж ирэх замд л гэхэд гэнэтийн дөрвөн уулзалт болж байгаа юм. Монгол Улсынхаа хилээр дөнгөж нэвтрэхэд “Hunnu international” мото клубийн ерөнхийлөгч болон удирдлагууд хүлээж байх жишээтэй. Үргэлжлүүлээд багын найзууд минь тоссон. Монгол Улсынхаа хилийн баганаас нааш хөөрлийн байдалтай явсан даа. Сэлэнгэ аймагт “Сошиалаар таныг харж, дэмжиж байсан шүү” гээд тоссон гэр бүлийнхэн ч бий. Хажуугаар зөрсөн автомашины хүмүүс даллаж зогсоогоод “Таны ирэхийг хүлээж байсан шүү” гээд нутгийнхаа идээг бариад тоссон. Дархан-Уул аймгийн мото клубийнхэн 10 гаруй мотоциклчны цуваагаар угтаж, ресторанд хүлээн авахаар бэлдчихсэн байв. Мөн тус аймгаас гарахад нэгэн эмэгтэй хүлээж байсан. 16.00 цагт Сүхбаатарын талбайд сүүлийн цэгээ хатгана гэж төлөвлөсөн ч замдаа хүмүүстэй уулзаад хугацаандаа амжаагүй. Нэлээд оройтож ирсэн болохоор хүмүүс яаж удаан хүлээх билээ дээ. “Таныг угтахаар хүлээж байлаа” гээд маш олон хүн холбогдсон. Энэ ташрамд, тэднийг удаан хүлээлгэж, чилээлгэсэндээ уучлалт хүсье.
-“Good mom” цахим хуудсыг хөтлөөд багагүй хугацаа өнгөрүүлсэн байна. Үүний зэрэгцээ мото спорт сонирхогч. Таны үндсэн мэргэжил юу вэ. Мөн танд өөр нууц авьяас, хобби бий юү?
-Би эрх зүйч мэргэжил эзэмшсэн. Гэвч мэргэжлээрээ ажиллаж үзээгүй. “Good mom” цахим хуудсаа хоббиныхоо дагуу хөтөлж эхэлж байв. Бага хүүгээ төрүүлчхээд гэртээ байх хугацаандаа янз бүрийн л хоол идмээр санагдана. Гадаадын цахим хуудаснаас хоолны жор харж туршина. Амжилттай болсныг нь цахим хуудсандаа хуваалцдаг байлаа. Мөн усанд сэлэлтээр хичээллэдэг. Улаанбаатар хотын аварга шалгаруулах, усанд сэлэлт сонирхогчдын нээлттэй тэмцээнд 8-9 жилийн өмнө оролцож байлаа. Усанд сэлэлтээр сонирхогчийн түвшинд хоёр хүрэл, нэг мөнгөн медаль хүртсэн.
-Дараагийнхаа төлөвлөгөөг гаргачихсан уу. Аль хоббигоо илүү хөгжүүлэхээр зорьж байна вэ?
-2009 онд мотоцикл унаж сураад А ангиллын жолооны үнэмлэхээ авч байв. 2013 онд бага хүүгээ төрүүлж, гэр бүлдээ анхаарлаа хандуулснаар хоббигоо түр хойш тавьчихсан юм. 2020 онд хүслийн жагсаалт гаргаад, мотоциклоор аялах тухай бичиж байлаа. Аялж байхдаа л дараагийнхаа маршрутыг гаргадаг. Гэхдээ одоогоор төлөвлөсөн зүйл алга. Сая Төв Азийн бүх орноор аялсан. Харин дараагийн удаа Зүүнд өмнөд Ази, ОХУ-ын хойд хэсгээр аялах бодол бий.
-Энэ удаагийнхаа аяллыг та хэрхэн дүгнэх бол?
-Хүн олонтойгоо нийцтэй, зөв амьдрах ёстой юм байна. Дүүжин шиг савлах амьдралд луужин шиг зөв явах сан гэх үгийг зарчмаа болгодог. Аяллынхаа дүнд олон найзтай боллоо. Зөв, эерэг хандлагатай байвал дэлхийн хаана ч сайхан сэтгэлт хүмүүс замд тосоод л хүлээж байдаг. Иймд эерэг, зөв бодолтой байхад л сайн сайхан хүмүүс, учралууд тосдог болохыг энэхүү аяллаараа ойлгож, мэдэрлээ.
А.Тэмүүлэн