Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
УИХ-ын ээлжит сонгуульд МАН-аас хэд хэдэн Засаг дарга нэр дэвшсэний нэг нь Чингэлтэй дүүргийг удирдаж асан Нацагдоржийн Батсүмбэрэл. Тэрбээр Баянхонгор аймагт төрж, 2001 онд аймгийнхаа II сургуулийг дүүргэжээ. Оюутнаас доктор хүртэл нэг л их сургуульд суралцсан байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл 2006 онд МУБИС-д түүх, нийгмийн ухааны багш мэргэжил эзэмшээд, 2008 онд магистр, 2024 онд улс төрийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.
Их сургуулиа төгссөн даруйдаа буюу 2006-2007 онд нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтнаар ажиллажээ. Үргэлжлүүлэн намын залуу гишүүний өгсдөг шат буюу Нийгмийн ардчилал, Монголын оюутны холбоо (НАМОХ)-ны ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг улс төрийн “шат”-аар “цүнх баригч”-ийн замналыг туулсан юм. Эл үүргээ сайн гүйцэтгэсний шагнал нь хожмоо УИХ-ын гишүүнээр дэвших зам мөрийг нь зассан бололтой. Тэрбээр 2011-2012 онд МҮХАҮТ-д Гишүүнчлэл, олон нийттэй харилцах хэлтсийн, 2016-2018 онд “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга, 2018-2020 онд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, 2020-2024 онд нийслэлийн болон Чингэлтэйн ИТХ-ын төлөөлөгч, тус дүүргийн Засаг даргаар тус тус ажилласан байна.
Чингэлтэй дүүрэгтэй багагүй хугацаанд хувь заяагаа холбосон түүнийг иргэд ихээхэн дэмжиж, УИХ-ын гишүүнээр сонгосон. Тодруулбал, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийг нэгтгэсэн 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж, саналын тоогоор гуравдугаарт эрэмбэлэгдэн анх удаа парламентын гишүүн болсон. Өрсөлдөөн чангатай уг тойргоос УИХ-д хоёронтоо сонгогдсон Д.Цогтбаатарын урд гишгэж, 2000 гаруй хүний саналаар илүүрхсэн нь түүнийг нам болон дүүргийнхэн нь багагүй үнэлдгийг илтгэнэ. Нөгөөтээгүүр, 20 гаруйхан настайгаасаа эхэлж, “цүнх баригч”-аар уйгагүй зүтгэсэн түүнийг нам нь харж үзэж, УИХ-д дэвшүүлсэн нь энэ.
Тэрбээр Засаг даргаар ажиллахдаа Чингэлтэй дүүргийг камержуулсан хэмээн бахархдаг. Гэвч түүний захирамжаар зохион байгуулсан тендерүүд нь зөрчилтэй гэж аудитын байгууллагаас дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, есөн дүүргийн хэмжээнд нийт 22 зөрчил илрүүлсний найм нь Чингэлтэйнх байж.
Шинэ парламент бүрэлдээд хагас жил гаруйн хугацаа өнгөрлөө. Олонд төдийлөн танигдаагүй Н.Батсүмбэрэл гишүүн энэ хугацаанд гол биш, туслах дүрд тоглосоор байна. “Улс орноо хөгжүүлье гэвэл гадаадын ажиллах хүчийг ашиглахаас өөр аргагүй. Энэ нь дэлхийн жишиг” хэмээн УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн хамт Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийг оны өмнөхөн УИХ-ын даргад өргөн барьсан. Гэвч эл хуулийн төсөл нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, дөрөв хоногийн дараа эргүүлэн татсан билээ. Түүнчлэн Хархорин хотыг орчин цагт шинэчлэн байгуулах хууль, эрх зүйг тогтоохоор УИХ-ын ажлын хэсэгт оролцож буй. Түүхч мэргэжлийнхээ хэргийг энэ удаа гаргаж магад юм. Энэ мэтээр тэрбээр гишүүний хувьд чимээгүй суудаггүй ч үйл хэрэг нь төдийлөн тодрохгүй л байна.
Тэрбээр багш мэргэжилтэй ч багш нарын эрх ашиг хөндөгдөхөд тэдний төлөө дуугарч байсангүй. Харин өөрийн нэрэмжит “Уншдаг хүүхэд хөгждөг” хэмээх ном уншлагын уралдааныг зохион байгуулжээ. Өнгөрсөн аравдугаар сард дүүргийнхээ сургуулиудын захирал, арваннэгдүгээр сард менежерүүд, дараа нь номын санч нарыг хүлээн авч уулзсан бөгөөд тэмцээн уралдааныг ч тэрүүхэн тэндээ өрнүүлдэг аж. Эрхэм гишүүнд эдүгээ ганц дүүргийг бус, олон нийтийг төлөөлж буйг нь сануулъя.
Ч.Цэлмэг