-Нас барсан таван хүний нэг нь хавдраар энджээ-

Монгол Улсад таван жилийн өмнө хорт хавдраар жилд 6000 орчим хүн оношлогдож байлаа. Харин өнгөрсөн онд 8000 гаруй болж нэмэгдэв. Үүний нөгөө талд хорт хавдраар оношлогдсон хүмүүсийн 80 хувь нь хожуу шатандаа эмнэлэгт ханддаг байсан бол 65 хувь болж буурсан эерэг үзүүлэлт бий. Хорт хавдраар хэн ч өвдөж болно. Харин амиа алдахгүй байх нь чухал юм. Харамсалтай нь, манай улс хорт хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж буй. Хүн амын дундах өвчлөлийн тоогоороо дээгүүрт бичигддэг улс цөөнгүй. Харин тэд өвчнийг хүндрүүлэхгүй, эцсийн шатанд очихоос нь өмнө “барьж аваад” эмчилж, урьдчилан сэргийлж чаддаг. Тухайлбал, БНСУ ходоодны хорт хавдрын тоогоороо манай улсаас өмнө бичигддэг ч нас баралтаараа хойно ордог. Ямар ч өвчнийг эрт үед нь илрүүлэх, оношлох, эмчлэх, даван туулах нь чухал болохыг мэргэжилтнүүд байнга хэлж, сануулдаг билээ. Бид үүнийг мэддэг ч хэрэгжүүлдэггүй. Ийм хэнэггүй зан, эрүүл мэндийн боловсролгүй байдал үхэл рүү түлхэж буй нь хатуу боловч үнэн.
“Бултах” зам байхгүй
Хорт хавдраар өвчлөгсөд цаашид улам нэмэгдэнэ. 2040 он гэхэд хорт хавдрын өвчлөл, нас баралт 96 хувиар нэмэгдэхийг Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийнхөн хэлсэн. Дундаж наслалт нэмэгдэхийн хэрээр хорт хавдар ихэсдэг байна. Өөрөөр хэлбэл, хорт хавдрыг “настайчуудын өвчин” гэж тодорхойлох нь бий. Нас ахих тусам эл өвчнөөр өвдөх эрсдэл нэмэгддэг учраас тэр. Гэвч манай улсын тухайд хорт хавдар “залуужих” болсон. 45-аас дээш насныхан хавдраар өвдөж буйг эмч нар хэлсэн юм. Энэ нь бидэнд “бултах” зам байхгүйг сануулж буй. Харин өвдсөн, эсэхээ оношуулах, хэрэв ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл бага дээр нь дарж авах нь л бидний үүрэг.
Манай улсад өнгөрсөн онд хорт хавдраар 8169 хүн оношлогдож, 4755 хүн нас баржээ. Өөрөөр хэлбэл, нас барсан таван хүний нэг нь хавдрын улмаас эндсэнийг ХСҮТ-ийнхөн хэлсэн юм. Хожуу шатандаа оношлогдсон хүмүүсийн 60 хувьд амьдрах хугацаа ердөө нэг жил байж. Харин 42.7 хувь нь оношлуулснаас хойш таван жил хүртэлх хугацаанд амьдарсан тухай сэтгэл эмзэглэм тоо, баримтыг тус төвийн эмч нар ярьсан. ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү “Сүүлийн жилүүдэд хавдрын шинэ тохиолдол буюу өвчлөлийн тоо нэмэгдэж байна. Энэ нь улс орон даяар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулж байгаагийн үр дүн юм. Хүн амын дунд элэг, ходоод, уушги, нойр булчирхай, бүдүүн, шулуун гэдэсний зэрэг “чимээгүй” хавдар зонхилон тохиолдож байгаа. Эдгээр нь хожуу үедээ оношлогдож буй нь бид урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээг хааш нь чиглүүлэх ёстойг харуулж байна. Улсын хэмжээнд эмэгтэйчүүдэд элэг, умайн хүзүү, ходоод, хөх, бүдүүн шулуун гэдэс, эрэгтэйчүүдэд элэг, ходоод, уушги, улаан хоолой, бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар зонхилж байна. Өөрөөр хэлбэл, өвчлөлийн тохиолдлын хамгийн эхний таван байрны хавдруудаас эмэгтэйчүүдэд 60, эрэгтэйчүүдэд 80 хувьд нь хоол боловсруулах эрхтнийх тохиолдож байна. “Чимээгүй” хавдарт болох бүдүүн шулуун гэдэс, нойр булчирхайн хавдар тэргүүлэх таван байранд орчихлоо. Харин улаан хоолойн хавдрын тохиолдол нас баралт буурсан. Вирусний гаралтай гэхээс илүү хоол хүнсний аюулгүй байдал, амьдралын хэв маягтай холбоотой хавдрууд “дээшилж” байгаа зураглал ажиглагдлаа” гэв.
Монголд хавдраар өвдөөгүй, хайртай нэгнээ энэ өвчнөөр алдаагүй айл өрхийг тоолбол илүү хялбар гэж ярих хэмжээнд хүртлээ бид эл өвчинд нэрвэгдсэн. Хавдар цаашид ихэссээр 15 жилийн дараа гэхэд одоогийнхоос 96 хувиар нэмэгдэнэ гэх тооцооллыг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Тэр үед бид зөвхөн эрүүл мэндийн байгууллагад л найдаад суувал утгагүй. Хэдхэн эмч, сувилагч өвчтэй хүн бүрд шаардлагатай тусламж үзүүлэхэд амаргүй. Төрөлжсөн ганц төв болох ХСҮТ-д долоо хоногт 3800-4000 хүн үйлчлүүлж, тусламж, үйлчилгээ авч байхад шүү. Хар зах шиг болсон тус төвд өвдсөн даруйдаа шуурхай үйлчлүүлэх боломж тун хомс. Үүнээс болж цаг алдаж, өвчнөө улам хүндрүүлэх тохиолдол цөөнгүй. Хөнгөвчлөх эмчилгээний ор олдохгүй хүлээсээр гэртээ амьсгал хураасан нь ч бишгүй.
Агаарын бохирдол, тоос, түгжрэл, стресс бухимдал ихтэй, хоол хүнсний аюулгүй байдал алдагдсан энэ улсад эрүүл амьдарна гэдэг бараг л боломжгүй. Гэхдээ хүн бүр өөрөөс шалтгаалах зүйлдээ анхаарах нь чухал байна. Иргэд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, амьдралын зөв дадал хэвшилтэй байх, дасгал хөдөлгөөн хийж, эрүүл мэнддээ анхаарах зэрэг ойлголт, хандлага муутай байгаа нь хавдрыг гааруулсан гэхэд хилсдэхгүй. “Урьд нь ганц ч удаа эмнэлэгт хэвтэж байгаагүй. Гэтэл хорт хавдар тусчихлаа” гэж ярих нэгнийг бишгүй л сонсож байсан. Энэ нь орчин цагт бахархаж ярих зүйл биш болжээ. Аминдаа хайргүй хүний л үг аж. Ходоодоо дурандуулахаас айж явсаар хавдар тусаж, тайруулахдаа хүрвэл яах билээ. Нөгөө талаас төр засаг иргэдээ эрүүл орчинд амьдрах боломжоор хангахгүй, эмнэлгийн тусламж, үйлчилгээ хүртээмжгүй байгаа нь хавдраар олон хүн амиа алдахад хүргэж байна.
Хавдрын эмнэлэгт үзүүлэх цаг нь олдохгүй, дараалал нь гүйцэгддэггүйг хэн хүнгүй л мэддэг. Гэвч өөр тусламж үзүүлэх газар байхгүй тул тус төвийг л бараадахаас аргагүй. Дарааллыг нь гүйцэхгүй явсаар эрт үедээ оношлуулах боломжоо алдаж мэдэх. Жилд хэчнээн хүн хавдраар өвдсөн гэхээс илүү оношлогдож буй үе шат нь их чухлыг ХСҮТ-ийн Хорт хавдрын бүртгэл, тандалт, эрт илрүүлгийн албаны дарга Т.Ундармаа онцолсон. Сүүлийн жилүүдэд эрт үедээ оношлуулж буй хүмүүсийн тоо бага багаар нэмэгдэж байгаа гэнэ. Тэр дундаа умайн хүзүү, бөөр, бамбай булчирхайн хорт хавдрыг эрт шатанд нь оношилж буй аж. Уг нь урьдчилан сэргийлэх боломжтой хавдрын нэг нь умайн хүзүү. Гэвч манай улсад өнгөрсөн онд умайн хүзүүний хавдраар 521 эмэгтэй өвдөж, 167 хүн эндсэн байна. Жилд ийм тооны эмэгтэйг сэргийлж болох хавдраар алдаж буй нь эмгэнэл юм.
Робот мэс засал хийх нь
Орчин үеийн анагаах ухаанд хорт хавдрын оношилгоо, эмчилгээ нь молекул, генетикт суурилан хөгжиж буй. Монгол Улс дэлхийн хөгжлөөс хоцрохгүй, шинэ дэвшилтэт технологийг эмчилгээнд нэвтрүүлэх шаардлага тулгараад байгаа юм. Хэдхэн хоногийн өмнө ХСҮТ-ийнхөн донорын элгийг дурангаар тайрах мэс заслын аргыг нэвтрүүлсэн билээ. Монголд анх удаа хийсэн уг мэс заслыг манай эмч нар БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлгийн зөвлөх, профессоруудтай хамтарч гүйцэтгэсэн юм. Хайртай гэр бүл, ойр дотнын нэгэндээ амьдрал бэлэглэж буй донороос эд эрхтэн шилжүүлэн суулгахдаа шарх болон бусад хүндрэлээс сэргийлэх, аль болох өвдөлт багатайгаар мэс ажиллавар хийх нь чухлыг эмч нар хэлдэг. Тиймээс элгийг дурангаар тайрах аргыг олон жил туршсаны эцэст ийнхүү нутагшуулсан байна. ХСҮТ-д ерөнхий мэс заслын дөрвөн хувийг л дурангаар хийдэг байсан бол одоо 50 хувь болж нэмэгдсэн гэнэ. Цаашид робот мэс заслыг хийхээр төлөвлөсөн тухайгаа тус эмнэлгийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү хэлсэн. Тэрбээр “Робот мэс заслыг дэлхийд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Хиймэл оюун ухааныг эрүүл мэндийн салбарт ашиглах зорилгоор ХСҮТ-д робот мэс заслын сургалтыг төвийг өнгөрсөн онд нээсэн. Аюулгүй, шинэлэг технолгиор өндөр түвшинд мэс засал хийх юм. Эмч нарыг бүтэн жилийн хугацаанд сургалтад хамрууллаа. Ирэх наймдугаар сараас роботоор хагалгаа хийж эхэлнэ” гэв. Гэхдээ дуран болон робот мэс засал нь нээлттэй хагалгаанаас өртөг өндөр. Гэтэл эрүүл мэндийн даатгалаас олгох санхүүжилт бага гэдгийг тэрбээр онцолсон юм.
Нэг үеэ бодвол монголчуудын хорт хавдрын талаарх ойлголт, мэдлэг сайжирч буй. Энэ өвчнийг туссан л бол найдваргүй гэж айж, эмээдэг байсан бол эдгэрнэ гэсэн итгэл, найдвар тээж, эмчлүүлэхээр зориг шулууддаг болсныг эмч нар олзуурхан ярина лээ. ХСҮТ-д Үйлчүүлэгчийг дэмжих алба ажилладаг бөгөөд, хавдрыг даван туулагчид нэгдэж, сайн дураараа олон ажил санаачлан, нэгнээ урамшуулж, хамтдаа тэмцдэг юм. Энгийнээр хэлэхэд, эсийн зохицуулалт алдагдаж, хуваагдаж, өсөлт нь замбараагүй болсноор хавдар үүсдэг. Хортой хавдар үсэрхийлдэг, богино хугацаанд томорч, хажуугийн эрхтэндээ нэвчин ордог байна. Хамгийн аюултай нь цусаар болон лимфийн замаар дамжин үсэрхийлдэг. Жишээ нь, уушгинд байгаа хавдар цусаар дамжин тархинд очих гэх мэтээр үсэрхийлдэг аж. Тиймээс хожимдсон хойно нь бус, хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхэд Засгийн газар, эмч, мэргэжилтнүүд, иргэд хамтрахаас өөр сонголт алга. Энэ сарын 15-нд эхлүүлэх эрт илрүүлгээр хорт хавдрыг “онилсон” гэдгийг Эрүүл мэндийн яамныхан онцолсон. Өөрөөр хэлбэл, хоёр дахь удаагийн эрт илрүүлгээр зонхилон тохиолдож буй хорт хавдрыг илрүүлэх юм гэнэ лээ. Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болсон хорт хавдрын хор хөнөөлийг багасгахад анхаарахгүй бол хожимдож мэдэх нь.