Америкийн улс төрийн зүтгэлтэн, хатагтай Тулси Габбард Орос-Украины дайныг өдөөсөнд өөрийн улсын эрх баригчдыг нэг бус удаа буруутгаж, Сирийн асуудалд АНУ оролцохгүй байхын төлөө тэмцэж ирэв. Эсэргүүцлээ илэрхийлж АН-аас гарч, Жо Байденыг дэмжихээ илэрхийлж байв. Өнгөрсөн оноос Дональд Трампыг дэмжиж, намд нь элсэв. Одоо тэрбээр АНУ-ын Үндэсний тагнуулын албаны захирал болоод байна. Ирак улс дахь дайны ахмад зүтгэлтэн, АНУ-ын армийн дэд хурандаа энэ эмэгтэй бие даасан үзэл бодолтой, үүнийхээ төлөө нөхдөөсөө нэг бус удаа шүүмжлэл хүлээж байсан тун өвөрмөц хүн юм. Хэдэн жилийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ илэрхийлж байснаа Жо Байденд найр тавин тэмцлээ орхисон байдаг. Украины асуудлаар удирдлагатай нь санал зөрөлдсөн нь АН-аас гарах гол шалтгаан байсан бөгөөд Оросын суртал ухуулгыг дэмжлээ хэмээн дургүйцлээ илэрхийлж, Төрийн нарийн бичгийн дарга байсан Хиллари Килинтон түүнийг “Кремлийн ивээлийн хүн” гэж хүртэл нэрлэж байжээ. Габбард “Путинийг АНУ олон жил өдөөн хатгасан” гэж хэд хэдэн удаа мэдэгдэж байсан аж. 2024 онд хэвлэгдсэн номдоо Оросын эсрэг дайнд Украины ард түмнийг Байдены засаг захиргаа “сумны бай” болгож ашиглаж байна гэж бичжээ.
Истанбулд болсон Орос, Украины хэлэлцээрийг Жо Байден, түүний хамтран зүтгэгчид тасалдуулсныг нотолсноор бүгд найрамдахчуудад Габбард нэлээд хэдэн “оноо” авчирсан гэж үздэг. Үүнд нь талархсаны илэрхийлэл болгож түүнд Үндэсний тагнуулын албаны захирлын суудлыг Трамп санал болгоо биз ээ. Нэрийг нь энэ албанд дэвшүүлсэн тухай асуудлыг Сенат хэлэлцэх үеэр Башар Асадын дэглэм “хүний эрхийг аймшигтай зөрчиж байсан” ч энэ нь алан хядагчдад эрх мэдэл алдахгүй байх “сайн боломж” гэж Габбард мэдэгдсэн юм. Түүний хэлснээр Сири одоо “Аль-Кайда”-гийн салбарын хяналтад оржээ. 2017 онд Төлөөлөгчдийн танхимын гишүүн байхдаа Сирид нууцаар очиж, Башар Асадтай уулзсаны улмаас ширүүн шүүмжлэлд өртөж байв. Цагаан ордон, тагнуулын албанд хээл хахууль газар авсныг Сенатад үг хэлэхдээ тэр мэдэгдсэн байна. Оросын зүгээс хийж буй ташаа мэдээлэл хэмээн удаан хугацаанд үзсээр ирсэн баримтыг олны өмнө дэлгэж, улс төрийн хүрээнд хурц маргаан дэгдээж байснаа Украинд болон дэлхийн бусад хэсэгт байдаг Америкийн биологийн нууц лабораториудын тухай мэдээллийг ч тэрбээр дэлгэсэн байдаг. Ийм маягаар Габбардын хэлсэн үг АНУ-ын улс төрийн амьдралд чухал үйл явдал болдог төдийгүй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хийгээд иргэдийн дунд үүсдэг яриа хөөрөөний сэдэв болсоор ирсэн байна.
Вашингтоны улс төрийн дээд түвшнийхэн Оросыг стратегийн өрсөлдөгчөө гэж үздэгээс түүнд аль болох их хохирол учруулахыг хичээж түүнийг өдөөн хатгасаар эцэст нь цэргийн тусгай ажиллагаа Украинд эхлүүлсний хариуцлагыг АНУ хүлээх ёстой гэсэн байр суурьтай байдаг хүн юм. Чухам тиймээс түүнийг Үндэсний тагнуулын албаны дарга болгохоор Трампын хийсэн сонголт америкчуудыг алмайруулж орхисон аж.
Тэрбээр Сенатад үг хэлэхдээ тагнуулын байгууллагын үйл ажиллагаанд америкчуудын итгэлийг сэргээхийг амлаад Трампыг Ерөнхийлөгчөөр сонгогдоход тагнуулын байгууллага саад хийхийг оролдсон болон өмнөх Ерөнхийлөгчдийн үед тус байгууллагын хийж байсан ажилд ихээхэн шүүмжлэлтэй хандав.
“Тагнуулын байгууллага алдаатай бодлого, үйл ажиллагаа асар удаан хугацаанд явуулсны уршгаар манай аюулгүй байдалд өртөг өндөртэй сүйрэл авчирсан. Үүнийг зогсоох ёстой. Би тэдний утсан хүүхэлдэй болохыг хүсэхгүй байгаа нь улс төрийн дайснуудыг маань түгшээх бололтой” гэж хэлсэн байна.
Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан байгаад олон мянган нууц баримтыг бусдад дамжуулж, улмаар Орос руу зугтсан Эдвард Сноудений тухайд Габбард ямар бодолтой явдаг нь Сенатын гишүүдийн сонирхлыг ихээхэн татжээ. Сноуден хууль зөрчсөн ч Засгийн газрын хууль бус үйлдлийг илрүүлсэн, зайлшгүй хийх ёстой өөрчлөлтөд түлхэц өгсөн гэсэн хариулт Габбард тэдэнд өгчээ.
Америкийн улс төрийн зүтгэлтэн, “Fox news” телевизийн сэтгүүлч асан Тулси Габбард 1981 онд төржээ. Бизнес эрхэлж байснаа улс төрч болсон Майк Габбардын таван хүүхдийн дөрөв дэх нь аж. Гэрээр боловсрол олж, Хавайн их сургуулийг 2009 онд төгсжээ. 2013-2021 онд Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Үндэсний ардчилсан хорооны дэд ерөнхийлөгчөөр ажиллав. Улс төрийн үйл ажиллагаанд оролцох болсон эхний үедээ ижил хүйстнүүд гэрлэх, үр зулбуулахыг эсэргүүцдэг байснаа хожим нь энэ байр сууриа өөрчилжээ. Туурга тусгаар улсуудын хэрэгт АНУ цэргийн хүчээр хөндлөнгөөс оролцохыг Габбард эсэргүүцдэг. Тухайлбал, Ирак, Ливи, Сирид явуулсан АНУ-ын бодлогыг шүүмжилдэг.
2002 онд 21 настайдаа Хавай мужийн Төлөөлөгчдийн танхимын сонгуульд ялснаар АНУ-ын түүхэнд мужийн хууль тогтоох байгууллагын хамгийн залуу, эмэгтэй гишүүн болжээ. Иракт хоёр жил цэргийн алба хаасны дараа 2006 онд АНУ-д эргэж ирээд улс төрийн үйл ажиллагаанд оролцох болов. 2009 он хүртэл Хавай мужаас Сенатад сонгогдсон Дэниель Акакийн туслахаар ажиллаж байхдаа Гонолулу хотын зөвлөлийн сонгуульд өрсөлдөөд ялжээ. Удалгүй Хавайн сонгуулийн II тойргоос АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын гишүүнд албан ёсоор нэр дэвшихийн төлөө тэмцэлд оролцож, урьдчилсан санал хураалтад өрсөлдөгчөөсөө илүү дэмжлэг хүлээсэн юм.
2012 оны арванхоёрдугаар сард болсон Конгрессийн сонгуульд Габбард сонгогчдын 81 хувийн санал авч итгэлтэй ялав. Энэ сонгуульд түүнийг Ерөнхийлөгч Барак Обама биечлэн дэмжсэн гэдэг. БНН-ын Кавика Кроули гэх эхнэрээсээ салсан, гурван хүүхдийн эцэг, машиндаа амьдардаг, жилд 15 мянган ам.долларын цалинтай нэгэн уг сонгуульд Габбардтай өрсөлдсөн юм санж. Габбард ялснаар АНУ-ын түүхэнд Конгрессийн гишүүн болсон индуист шашинтай анхны хүн болжээ. 2016 онд тэрбээр дахин сонгогдов. 2013-2016 онд Габбард АН-ын Үндэсний хорооны дэд даргаар ажиллав. 2016 онд Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас Сенатын гишүүн Берни Сандерс нэрээ дэвшүүлэхийг дэмжив. Сонгуульд Хиллари Клинтоны төлөө саналаа өгсөн Тулси Габбард Ерөнхийлөгчөөр дөнгөж сонгогдсон Дональд Трамптай 2016 оны дөрөвдүгээр сарын 21-нд уулзжээ. Уулзалтыг Трамп санаачилсан бөгөөд Сири дэх дайн болон алан хядах үйлдэлтэй тэмцэх асуудлаар түүнтэй санал солилцохыг хүссэн байв. Габбардыг Төрийн нарийн бичгийн дарга, Батлан хамгаалахын сайд, НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгч нарын аль нэгэнд нь санал болгож байна гэх мэдээллийг Трампын багийн өндөр албаны эх сурвалж хэвлэлд тэр өдөр өгсөн байлаа. Габбард олон асуудлаар Трамптай ижил үзэл бодолтой гэж “The Guardian” сонинд бичжээ. Тухайлбал, тэрбээр Барак Обамаг шүүмжилдэг, Сири, Ливанд Америк интервенц хийснийг буруутгадаг, цагаачлалын асуудлаар хатуу байр суурь баримталдаг аж. Трампын “гол стратегич” Стивен Беннон түүнийг дэмждэг, чухам тэр л Габбардыг Трамтай уулзуулсан гэх мэдээ 2016 онд хэвлэлд гарч байжээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох бодолтойгоо Габбард 2019 оны нэгдүгээр сард зарлав. 2019 оны аравдугаар сард болсон урьдчилсан санал хураалтад болон теле мэтгэлцээний дүнд өргөн олон түмэнд тодорхой болсон түүний дайны эсрэг байр суурийн нь улмаас Хиллари Клинтон түүнийг буруутгаж, Оросын тал Габбард дэмжинэ хэмээн үзэж байлаа.
2020 оны нэгдүгээр сард Хиллари Клинтон гүтгэлээ хэмээн Габбард шүүхэд нэхэмжлэл гаргаж, ёс суртахууны хохирлын төлөө 50 сая ам.доллар төлөхийг шаардлаа. Гуравдугаар сард тэрбээр Ерөнхийлөгчийн төлөөх өрсөлдөөнийг орхиж, Дэд Ерөнхийлөгч байсан Жо Байденыг дэмжих болов.
Габбард 2003 онд Хавай мужийн Үндэсний гвардад сайн дураар оров. 2007 онд офицерын сургууль төгсөв. Тусгай зориулалтын явган цэргийн бригадад орж, цагдаагийн салааг нь командлах болжээ. Энэ салаатайгаа Ойрхи Дорнодод очиж Кувейтийн үндэсний цэргийн бэлтгэлийн зааварлагчаар ажиллав. Кувейтийн Үндэсний гвардийн шагнал хүртсэн анхны эмэгтэй болов. Ахмад байснаа 2015 онд хошууч цолтой болжээ. Зүүн Африкт болсон тусгай ажиллагаанд оролцож, 2021 онд дэд хурандаа боллоо. Сирийн Засгийн газрыг унагах зорилготой хууль бус дайныг зогсоохын төлөө тэмцэж, үүнд оролцох нь АНУ-ын үндэсний аюулгүй байдал, олон улсын нэр хүнд, эдийн засгийн ашиг сонирхолд хөнөөлтэй гэж үзэж байв. Сирийн хэрэгт АНУ-ын оролцоог хориглох агуулгатай тогтоолын төсөл ч боловсруулав. Ираны эсрэг тавьсан эдийн засгийн хоригийг бас цуцлуулж чадсан байна.
Габбард 2006 онд нөхрөөсөө салав. 2015 онд кино зураглаач Абрахам Уильямтай суув. Габбард төрөлхийн цагаан хоолтон, Махатма Гандийг өөрийн “үлгэрлэн дууриах хүн” гэж үздэг.
Р.Жаргалант