“Төрийн албанд 30 хувийн цомхотгол хийнэ” гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Н.Учрал саяхан мэдэгдэв. Үүнд бараг 70 мянган хүнийг хамруулах бөгөөд үлдсэн нөөцөө зөв хуваарилах замаар төрийн албанд реформын шинжтэй өөрчлөлт хийж, бүтээмжийг нь нэмэгдүүлэх гэнэ. “Реформыг нэлээд өргөн агуулгаар хийхээр төлөвлөж байна. Үүний хүрээнд төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хуульчлах юм. Мөн өндөр хөгжилтэй орнууд, олон улсын байгууллагуудад ажиллаж байсан хүмүүст боломж олгоно. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэггүй зөвлөл, хороо зэрэг ойлгомжгүй статусыг нэг талд нь гаргахаар төлөвлөж байгаа. Ирэх хаврын чуулганаар төрийн албаны хуулийг шинэчилнэ” гэж тэрбээр тодотгожээ.
Төрийн албаны реформ хийх ажлын хэсгийн ахлагч нь УИХ-ын гишүүн Г.Дамдинням аж. Тэрбээр “Үлгэр гэвэл үлгэр л болно. Үлгэр биш болгож болно. Хуулийн хэлэлцүүлэг хийх үед ирээд саналаа хэлээрэй. Би барьж авсан зүйлээсээ ухардаг хүн биш” гэх мэтээр “томорсон” байна. Эрх баригчид шинэчлэл хийж чадахгүй, үлгэр болно гэсэн хүмүүсийн хариуд нийгмийн сүлжээгээр ийм үг дайжээ.
Үнэндээ төрийн албанд шинэчлэл хийнэ гэдэг улиг болсон яриа нь олон нийтэд итгэл төрүүлсэнгүй. Төрийн албанд реформ хийх хэмжээний хууль баталлаа гээд сүржигнэснээс нь хойш найман жил өнгөрсөн. Түүнээс хойш нөхцөл байдал муудсан уу гэхээс дээрдээгүй. Төрийн албаны зөвлөл гэх “хэлгүй байгууллага”-ын ажиллах хүрээг нь эрх мэдэлтнүүд хязгаарлаж ирснийг тэд гомдоллож байсан нь цөөнгүй. Нөгөөтээгүүр, татвар төлөх ёстой залуус нь гадаад руу дүрвэж, аж ахуйн нэгжүүд нь төрийн дарамт шахалтаас шалтгаалан өдрөөс өдөрт хаалгаа барьсаар буй. Харин татварын мөнгөөр цалинжигч төрийн албанд ажиллагсдын тоо өссөөр байгаа. Ес дэх жилдээ төрийн эрх барьж буй МАН-ынхан өөрсдөө ийм “байшин барьчхаад”, одоо түүнийгээ нураана гэж попрох нь хачирхалтай.
Цахим үндэстэн болох мөрөөдөл нь төрийн албыг улам данхайлгав
Төрийн албаны шинэчлэл хийнэ гэсэн эрх баригчдын амлалтын цаана дарга нарын “арми”-ийг тэлэх гэсэн заль байдгийн жишээ нь Засгийн газрын “Цахим үндэстэн” гэх зорилт юм. Уг зорилтыг анх дэвшүүлэхдээ дээд, дунд, доод бүх шатанд өөрчлөлт хийн, төрийн албыг цомхон, чадварлаг болгоно гэж байв. Тухайн үед буюу 2021 онд төрийн албан хаагчийн тоо 208 864 байж. Харин дөрвөн жилийн дараа эл үзүүлэлт бараг 20 мянгаар нэмэгдэн, 228 820-д хүрчээ. Гэвч төрийн алба томорсон нь иргэн бидэнд нэмэр бус, нэрмээс болсоор байгаа билээ. Татвар төлөгчдийн мөнгөнөөс “хооллогсод” хүрээгээ ийн тэлж байгаа нь иргэдийн нуруун дээрх ачааг л нэмнэ гэсэн үг.
Уг нь цахим үйлчилгээ нэвтрүүлсний дараа төрийн албан хаагчид, байгууллагын тоо ч илт цөөрөх учиртай. Н.Учрал ч Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар ажиллаж байхдаа цахим үйлчилгээ нь төрийн албыг цомхон болгож, иргэдийг чирэгдүүлдэг байдлыг таслан зогсооно гэж удаа дараа хэлсэн удаатай. Харамсалтай нь, цахим үйлчилгээ эрхлэх чиг үүрэгтэй байгууллага, албан хаагчийн тоо илт өссөнөөс буурсангүй.
Тодруулбал, Засгийн газраас Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “И-Монгол академи” УТҮГ, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар гэсэн томоохон гурван байгууллагыг 2022 онд бий болгосон талаар бид өмнө нь хөндөн бичиж байв. Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь нийслэл болон 21 аймагт салбар хэлтэстэй. Эдгээрээс гадна Үндэсний дата төв, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг цахим үйлчилгээг хариуцдаг байгууллага бий. Бас Кибер аюулгүй байдлын зөвлөл, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний хороотой. Одоо бүр хуурамч мэдээлэлтэй тэмцэх, нэг ёсондоо иргэдээ тагнах зорилготой байгууллага бий болгохоо Засгийн газар ил тод илэрхийлж байгаа. Үүнээс гадна нийслэл болон аймгуудад Хууль тогтоомж сурталчлах төв байгуулахаар шийдвэрлэж, эл ажлаа орон нутгаас хэдийн эхлүүлсэн. Жишээ нь, Баянхонгор, Өвөрхангай, Дархан-Уул, Увс аймагт ийм төв байгуулжээ. Хууль тогтоомж сурталчлах ажлаа ч цахимаар шийдчихэж чадахгүй атлаа дижитал үндэстэн гэж тэнгэрийн юм мөрөөдөх нь утгагүй.
Бүтээмжийн менежер “төрүүлдэг” боллоо
Наанаа төрийн албан хаагчдыг цөөлнө, цомхотгоно гэх мэтээр олныг хуурдаг ч цаанаа орон тоо, урсгал зардлаа нэмдэг Засгийн газрын заль одоо ч үргэлжилж байна. Өмнө нь “Цахим үндэстэн” гэдэг хөөрцөглөлөөр төрийн бүтцийг зузаатгасан бол одоо төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх нэрийн дор албан тушаал “үйлдвэрлэж” эхэллээ. Тухайлбал, Төрийн бүтээмжийн үндэсний хороог Засгийн газрын тогтоолоор өнгөрсөн онд байгуулаад буй бөгөөд цомхотгол хийхээ мэдэгдсэн сайд Н.Учрал нь үүнийг даргалдаг. Тус хороо уг нь төрийн бүтээмжийг сайжруулах ёстой ч эсрэгээрээ хүний тоо нэмж, бүтцийг нь данхайлгадаг болов. Учир нь бүтээмжийн, хяналтын менежер гэдэг албан тушаалыг Засгийн газар санаачилж, төрийн өмчит компаниудад томилон ажиллуулахаар болчихлоо. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн хяналт болон бүтээмж хариуцсан менежерүүд л гэхэд өнгөрсөн сарын сүүлчээр томилогдсон байна. “Засгийн газрын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн удирдлага, зохион байгуулалт, бүтээмж, хяналтын тогтолцоог сайжруулах бодлогын хүрээнд хяналт хариуцсан менежерээр Г.Одхүү, бүтээмж хариуцсан менежерээр Д.Баярбилэг нарыг томиллоо” гэж тус компаниас албан ёсоор мэдээлжээ.
Үүнээс гадна стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг, “Монголросцветмет” ТӨҮГ-ын бүтээмж хариуцсан менежерээр УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэгийг томилсон гэх. Түүнчлэн Улаанбаатарт бүтээмжийн менежерээр нийслэлийн ХҮН намын дарга Э.Золзаяа, АН-аас нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан, МАН-аас хотын даргын орлогч асан Л.Хосбаяр нарыг ажиллуулна гэх мэдээлэл бий. МАН, АН, ХҮН гэсэн гурван намын хамтарсан Засгийн газар цомхотгол хийх нь битгий хэл, эрх мэдлээ хадгалан үлдэхийн тулд бүтцээ улам томруулж, тойрон хүрээлэгч бүрдээ, эсвэл өөрсдийг нь шүүмжилсэн хүмүүст албан тушаал “бэлэглэх” ажил үүгээр зогсохгүй, цаашдаа ч үргэлжлэх бололтой.
“Үндэсний хороо, зөвлөлийнхөнд сард дунджаар 4.5 сая төгрөгийн цалин олгодог”
Сонгуульд ялагдсан намын гишүүд болон өөрсдийнхөө “цүнх баригч” нарыг “шингээдэг” бас нэгэн эх үүсвэр нь үндэсний хороо, зөвлөл, комисс болчхоод байна. Тухайн асуудлыг хариуцсан яам, агентлаг байсаар атал Засгийн газар тогтоол гаргаад, аль нэгэн сайдаар ахлуулсан зөвлөл, хороо байгуулдаг. Өмнө дурдсан Төрийн бүтээмжийн үндэсний хороо ч үүний нэг жишээ. “40 гаруй хороо, зөвлөл байгуулаад, сард дунджаар 4.5 сая төгрөгийн цалин олгож, төрийн албаны шалгалт өгөөгүй хүмүүсийг хяналтгүй ажиллуулж, хувь, хувьсгалын үнэтэй оффист түрээсийн мөнгийг нь төлж суулгадаг ноцтой асуудал байна. Засгийн газар үүнийгээ цэгцлэх ёстой” гэж УИХ-ын гишүүн Б.Энхбаяр саяхан ярьж байв.
Засгийн газрын тогтоолоор байгуулсан үндэсний хороо, зөвлөл, комиссын тоо одоогоор 45 байна. Хамгийн сүүлд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог сэргээн байгуулсныг уншигчид санаж буй биз ээ. Үндэсний хороо, зөвлөлөөс 12-ыг нь Ерөнхий сайд даргалдаг. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга тав, Шадар сайд нар ес, бусад сайд 19-ийг нь удирддаг аж. Сансрын бодлогын үндэсний зөвлөл, Төрийн бүтээмжийн үндэсний хороо, Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хороо, Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо зэрэг иргэд үйл ажиллагааны үр шимийг нь хүртэх нь битгий хэл, нэрийг нь ч сонсож байгаагүй хороо, зөвлөл зөндөө бий.
Тусгайлсан яам, агентлаг байсаар атал давхардуулан үйл ажиллагаа явуулахаар зөвлөл, хороо байгуулдаг нь бараг уламжлал болжээ. Жишээ нь, Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын, “Шинэ хоршоо” хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах, Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх, Аж үйлдвэржилтийн гээд дурдаж болно. Мөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв гэж байгууллага байсаар атал Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл байгуулсан. Залуучуудын асуудал хариуцсан яамтай хэрнээ Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл давхар ажиллуулдаг. “Алсын хараа-2050” салбар дундын уялдааг хангах үндэсний хороо ч гэж бий. Үйл ажиллагааны чиглэл нь давхардсан энэ олон хороо, зөвлөл нь “аалзны тор” мэт ойлгомжгүй бүтцийг угсарсаар байна.
Эдийн засаг, хөгжлийн яам ямар хэрэгтэй вэ
Яамдтай чиг үүрэг давхардсан үндэсний хороо, зөвлөл, комисс байгуулах нь хариуцлагын тогтолцоог сулруулж, сааруулж байгаа тул татан буулгах ёстойг УИХ-ын гишүүн П.Сайнзориг хөндсөн юм. Тэрбээр “Сайд нарын дэргэдэх үндэсний хороо, төв, комисс, зөвлөлүүд нь төрийн байгууллагын чадавхыг улам сулруулж байна. Бүсчилсэн хөгжлийн үндэсний хороо жишээ нь Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг. Уг нь Эдийн засаг, хөгжлийн яам бий шүү дээ. Энэ яам ажил хийж чаддаггүй юм бол татан буулгая. Төрийг цомхон, хэмнэлттэй, бүтээмжтэй болгоно гэчхээд орон тоо нэмээд байгааг зогсоох ёстой. Ялангуяа үндэсний хороо, комиссыг татан буулгамаар байна” гэж ярьж байв.
Төрийн албанд цомхотгол хийх сургаар олон нийт, төрийн албан хаагчид өөрсдөө ч байр сууриа хэдийн илэрхийлээд эхэлжээ. Эрх баригчид шинэчлэл, цомхотгол хийх нэрээр доод тушаалын хүмүүсээр “оролддог”, харин дарга нар байрандаа үлддэгийг төрийн албан хаагчид сануулав. Өөрөөр хэлбэл, цомхотголд доод албан тушаалын болон үйлчилгээний ажилтнуудыг хамруулах бус, дээрээсээ буюу Засгийн газраасаа эхлэх ёстойг анхааруулжээ. Засгийн газрын нүсэр бүтэц, олон яам, сайд, агентлаг, болсон, болоогүй зөвлөл, хороод л илүүдэж байгаа гэсэн үг. Аль ч талаас нь бодсон гурван сая гаруйхан хүнтэй улсад 23 сайд, тэгээд бүр гурван Шадар сайд, 16 яам, 37 агентлаг, бас 45 үндэсний хороо, зөвлөл, комисс ямар хэрэгтэй гэж. Иймд дарга нараа цөөрүүлэхээс л төрийн албаны шинэчлэлийг эхлүүлэхгүй бол яг л эрчим хүчний реформ шиг замхарна гэж олон нийт сануулж байна.
М.Оч