Энэ сарын 25-ны шөнө НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украинд дайн эхэлснээс хойших гурван жилийн хугацаанд тус улс дахь зөрчил тэмцлийг зохицуулах асуудлаар анх удаа тогтоол гаргалаа. АНУ-ын санаачилсан уг шийдвэрт Москваг шүүмжилсэнгүй, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээх болон Украины тусгаар тогтнолын талаар ямар нэг байдлаар уриалсангүй, тусгасангүй. Уг тогтоолыг Орос, Хятад дэмжиж, Аюулгүйн зөвлөлийн байнгын өөр хоёр гишүүн Франц, Британи улс Москвагийн “түрэмгийллийг” буруутгасан болон Украины талаар зарим засвар оруулах гэж оролдсон ч бүтсэнгүй, эцэст нь тэд санал өгөхөөс түдгэлзэв. Тэгэхдээ хориг тавих гэсэнгүй. Аюулгүйн зөвлөл сайшаасан уг тогтоол Ерөнхий Ассамблейд зориулж бэлтгэсэн АНУ-ын төсөлтэй утга агуулга адил юм. Аюулгүйн зөвлөлөөс ялгаатай нь Ерөнхий Ассамблейн шийдвэр заавал дагаж мөрдөх шаардлагагүй байдаг аж. Аюулгүйн зөвлөлийн шийдвэрт Орос, Украины хооронд үүссэн дайны хөлд олон хүн эмгэнэлтэйгээр амь насаа алдсанд Ерөнхий Ассамблей эмгэнэл илэрхийлээд, энэ зөрчил тэмцлийг даруй зогсоож, тус улсуудын хооронд бат бэх энх тайван тогтоохыг уриалсан байна. НҮБ дахь Америкийн байнгын төлөөлөгч Дороти Ши уг баримт бичгийг “энх амгалан руу хийсэн бэлгэ тэмдгийн алхам” гэж нэрлэсэн бол зөрчил үүсгэсэн шалтгааныг тодруулсан Оросын засварыг батлахаас татгалзсан ч “Америкийн санаачилсан” тогтоолыг Оросын байнгын төлөөлөгч Василий Небензя магтжээ.
Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уг баримт бичгийг тэнцвэр хадгалсан гэж үзжээ. Британийн байнгын төлөөлөгч Барбара Вудворд сүүлийн үед Европт олонтоо дуулдах болсон түрэмгийлсний төлөө шийтгэх шаардлагатай гэсэн сэдвийг давтсан аж. Францын байнгын төлөөлөгч Николя де Ривер тогтоолыг шүүмжилж, “Ширэнгийн хууль”-ийг буюу Украинд Оросын хийж буй үйлдлийг хөхиүлэн дэмжсэн гэж хэлжээ.
Эцэст нь Америкийн болон Европ-Украины санал болгосон хоёр тогтоолыг батлав. 93 орон дэмжиж санал өгчээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн энэ тогтоол Украин дахь хямралын эргэн тойрны олон улсын байр суурийг чанарын хувьд өөрчилж, яриа хэлэлцээрийн явцад ихээхэн нөлөө үзүүлж болзошгүй гэж олон улсын мэтгэлцээний “Валдай” клубийн хөтөлбөрийн захирал Тимофей Бордачев үзэж байна. Түүний хэлснээр бол Украин дахь зөрчлийг даруй шийдвэрлэхэд Орос, АНУ, Хятад санал нэг байгаа аж.
НҮБ-ын тогтоолуудаар санал хураах ажилтай Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны Вашингтонд хийсэн айлчлал давхцав. Энд Дональд Трамптай уулзахаасаа өмнө Британийн Ерөнхий сайд Кир Стармертэй Макрон уулзжээ. Кир Стармер ч АНУ-д очив. Европын орнуудын энэ хоёр удирдагч Оростой хоёр талын хэлэлцээр хийхээс Трампыг татгалзуулах бодолтой байв.
Вашингтон, Москвагийн шууд яриа хөөрөө хоёрдугаар сарын 12-нд Трамп, Путин хоёр утсаар ярьснаар эхэлсэн юм. Гадаад хэргийн сайд нар болон удирдагчдын туслахуудын түвшний анхны нүүр тулсан уулзалт нь энэ сарын 18-нд Саудын Арабын нийслэлийн Эр-Рияд хотод болсон юм. Трамптай хийсэн уулзалтынхаа үр дүнгийн талаар Макрон “Fox news”-ийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа “Украиныг зохицуулах үйл хэрэг “ойрын долоо хоногт” болж магадгүй, тэгэхдээ Киев “бууж өгөх” ёсгүй” гэж хэлсэн байна. Украины газрын баялгийг ашиглах талаар Украинтай АНУ гэрээ байгуулж магадгүй бөгөөд энэ нь шилдэг баталгаа болно гэж Макрон үзэж байв. Еврокомиссын дэд дарга Стефан Сежурнегийн хэлснээс үзвэл байгалийн баялгийн асуудлаар Европын Холбоо АНУ-аас тусдаа Украинтай яриа хийж буй бөгөөд Европт хэрэгтэй 30 эрдсийн 21 нь Украинд байгаа аж.
“Politico” сонинд бичсэнээр Европын дипломат бодлогын тэргүүн Кая Каллас урьд нь зарласан Украинд 20 тэрбум еврогийн цэргийн томоохон багц тусламж үзүүлэхийг Итали, Португал, Испани зэрэг Европын хэд хэдэн улс дэмжсэнгүй.
Энэ сарын 24-нд Путин сэтгүүлчидтэй ярилцахдаа Украиныг “эрүүлжүүлэх” талаар Трампын гаргаж буй хандлагыг үр ашигтай гэж магтсан байна. Дайны байдлаас болж Киев албан ёсоор хойшлуулсан Төрийн тэргүүний сонгууль явуулах зүг рүү Зеленскийг түлхэх байр суурь үүнд багтаж байгаа юм. Украиных гэж АНУ хүлээн зөвшөөрөөд байгаа шинэ газар нутгаас байгалийн баялаг олборлохыг Путин АНУ-д санал болгожээ. Түүнчлэн Хятадыг оролцуулан зэвсэглэлээ харилцан ихээхэн хэмжээгээр хорогдуулахыг Путин бас АНУ-д санал болгосон байна. Түүнээс гадна Трампаас ялгаатай нь Украин дахь зөрчил тэмцлийн мөн чанарыг төдийлөн сайн ойлгохгүй байна гэж үзэж Путин европчуудыг дахин шүүмжлэв. Европчууд Украиныг “шаргуу дэмжиж” байгаа нь Киевийн одоогийн эрх баригчидтай нягт холбоотой байж, ихээхэн хөрөнгө оруулж буйгаас нь харагдаж байна гэж Путин үзэж буй аж. Энэ сарын 23-нд Германд болсон ээлжит бус сонгуульд Украины гол ивээн тэтгэгч тус улсын эрх баригч Соцдек нам, Канцлер Олаф Шольц эрх мэдлээ шилжүүлэх нь нэгэнт тодорхой болоод байна.
Украин, Европын Холбооны орнуудын санаачилсан шийдвэрт цэргээ Украины нутаг дэвсгэрээс гаргахыг Орост уриалжээ. Энэ төслийг боловсруулахад нэлээд хэдэн орон оролцсон байна. Уг төслийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэмжсэн ч Дональд Трампын засаг захиргаа түүнийг эсэргүүцжээ. Тогтоолын төслөө эргүүлэн татахыг шаардаж Киевт Вашингтон дарамт үзүүлсэн ч Украин татгалзав. Уг тогтоолыг АНУ, Орос, Израил, Умард Солонгос дэмжсэнгүй. Украинд үзүүлэх дэмжлэг олон улсын хэмжээнд буурч буйг энэ тогтоол харуулав. Вашингтон, Киевийн харилцаа Дональд Трамп бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн, Путинтэй утсаар ярьсан үеэс таагүй байдалтай л байгаа юм. Зеленскийг Трамп “дарангуйлагч” хэмээн нэрлэж, дайныг зогсоохын тулд шуурхай хөдлөхгүй бол түүнийг удирдан жолоодох улсгүй болох эрсдэлтэй гэж саяхан хэлсэн юм. Тэгээд Киевийн санаачилсан төслийг цуцалж, өөрийн саналыг дэвшүүлсэн. НҮБ дахь Америкийн байнгын төлөөлөгч Дороти Ши хамтарч ажилласанд Аюулгүйн зөвлөлийн гишүүдэд талархлаа илэрхийлээд, энэ тогтоол бол энх амгалан байдал тогтоохоор хийсэн эхний алхам, дайн зогсоохыг уриалсан мөн анхны тогтоол гэж хэлжээ.
Энэ баримт бичиг гурван хэсэгтэй. Эхнийхэд нь Орос, Украины хоорондын зөрчил тэмцлийн улмаас олон хүний амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийлжээ. Дүрмээр НҮБ-д олгосон гол зорилго нь олон улсын энх амгалан, аюулгүй байдал, маргааныг энхийн замаар шийдвэрлэх явдал болохыг дараагийн хэсэгт нь тэмдэглээд, зөрчил тэмцлийг даруй зогсоож, Украин, Оросын хооронд бат бэх энх тайван тогтоохыг НҮБ хүсэж байгааг тогтоолын сүүлчийн хэсэгт тэмдэглэсэн байна.
Ташрамд тэмдэглэхэд, НҮБ-ын Ерөнхий Ассамблей Украины асуудлаар зургаан тогтоол гаргажээ. Эхнийхийг нь 2022 оны гуравдугаар сарын 2-нд гаргаж, Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулах тухай Москвагийн мэдэгдлийг буруушааж, Оросын цэргийг Украинаас даруй, бүрэн гаргахыг шаардсан байна.
Гуравдугаар сарын 24-нд гаргасан тогтоолын агуулга эхнийхтэйгээ ижил байв. Дөрөвдүгээр сарын 7-нд гаргасан тогтоолоор НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл дэх Оросын оролцоог түр зогсоожээ. Аравдугаар сарын 12-нд гаргасан тогтоолоор Донбасс, Запорож, Херсон мужид явуулсан бүх нийтийн санал хураалтыг шүүмжилсэн байна. Аравдугаар сарын 14-ний шийдвэрээрээ Украины эсрэг олон улсын эрхийг зөрчсөний төлөө Оросыг хариуцлагад татахыг уриалжээ. 2023 оны хоёрдугаар сарын 23-ны тогтоолд зөрчил тэмцлийг дипломат аргаар шийдвэрлэх, Оросын цэргийг Украинаас гаргахыг уриалсан байна.
Р.Жаргалант