“Урлах эрдэм” дээд сургуулийг хувцас, гутал, арьсан эдлэлийн загвар зохион бүтээгч мэргэжлээр төгсөж буй 43 оюутны дипломын ажлын загваруудыг үзэж сонирхлоо. Үндэсний, сонгодог, орчин үеийн загварууд нь сэтгэл татам аж. Шоу нь Оросын Соёл, шинжлэх ухаан, мэдээллийн төвд болсон юм. Тус төвийн концертын их, бага танхимаар дүүрэн хүн. Тэд бол загвар зохион бүтээгч оюутнууд, мэргэжлийн багш нар нь, загвар өмсөгчид, тэдэнд тусалж буй найз нөхөд, ойр дотныхон нь аж. Тас хар өнгөөр дагнаж, нүүр, гар “Урлах эрдэм” хувцас, гутал, арьсан эдлэлийн загвар зохион бүтээгчээр төгсгөдөг гээд ил харагдах бүхнээ будаж, ээмэг сэлт зүүн төрхөө өөрчилсөн эрэгтэй, эмэгтэй залуус “эвгүй” харан зогсоно.
Нүцгэн шахуу, гоо бие нь тэр чигээрээ ил бүсгүйчүүд цаахна нь сиймгэр алчуур нөмрөн бөөгнөрөн байв. Мод, ургамал санагдуулам өнгө, төрхтэй хувцасласан нөхөд ч байлаа. Хуримын болон үдшийн даашинзны загвар үзүүлэх гэж буй охид танхил. Тус сургуулийн хувцасны загвар бүтээлтийн багш М.Сарангарав яагаад ийм олон хүн байгаа тухай тайлбарлаж өгөв. Сургуулиа төгсөж буй оюутан бүр шинээр үүсгэж буй 6-12 загвар бүхий брэндийн коллекцио танилцуулахаар бэлтгэжээ. Тиймээс энэ үдэш нийт 340 загварыг үзэгчдэд толилуулсан гэсэн үг. Төгсөх курсийнхнийг дизайнер л гэдэг юм байна. Тэд сургалтын сүүлчийн жилд хэдийн өөрсдийн брэндийг үүсгэн, эхний ээлжинд сошиал хөгжүүлэлт хийж, цаашид ажиллаж, бүтээх бэлэн байдлаа хангасан байх даалгаврыг гүйцэтгэж, шалгалтуудаа өгдөг аж. Тиймээс энэхүү загварын шоундаа тийм брэндийг үүсгэн байгуулагч загвар зохион бүтээгч тэр хэмээн цоллуулдгаар онцлог.
Харин зарлахдаа мэргэжлийн багшийн нэрийг заавал дурд¬даг юм билээ. Загварын үзүүлбэрийг сонирхохоор ирсэн Монголын үндэсний дизайнеруудын холбооны ерөнхийлөгч Ц.Одонгэрэлийн сэтгэгдлийг сонсоход “Оюутнуудын ур чадвар, чөлөөт сэтгэхүй, зохион бүтээлт, материалын хөгжүүлэлт зэргийг бахдан харлаа. Загвар дизайны сэдэв өргөн, өвөрмөц байна. Байгаль дэлхийгээ хайрлах, энэрэл хайр, сүнслэг ертөнц, аура, тэнгэр огторгуй, газар доорх амьдрал, ертөнцийг хэрхэн харж, төсөөлдгөө хүртэл бүтээлдээ шингээжээ. Илэрхийлэх гэсэн ерөнхий чиг хандлагаа олсон байхад цаашид бүтээл нь ундрах биз ээ” гэв.
Р.Жаргал