Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёнитетэй энэ сарын 17-нд болох “Европын өдөрлөг-2025” арга хэмжээ болон Европын Холбооноос манай улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, бодлого, үйл ажил¬лагааны талаар ярилцсанаа хүргэе.
-Жил бүрийн тавдугаар сард зохион байгуулдаг “Европын өдөрлөг” хэдхэн өдрийн дараа болох гэж байна. Энэ удаагийн арга хэмжээ өмнөх жилүүдийнхээс юугаараа онцлог байх вэ?
-Энэ жилийн хувьд нэг томоохон өөрчлөлт хийсэн нь арга хэмжээ зохион байгуулах байршлаа солилоо. Өмнө нь бид жил бүр Сүхбаатарын талбайд өдөрлөг хийдэг байсан бол өнөө жил анх удаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Сүхбаатарын талбай бол мэдээж хамгийн хүндтэй, ач холбогдолтой байршил. Гэхдээ тогтмол нэг газартаа арга хэмжээ зохион байгуулах нь оролцогчдын цар хүрээг хязгаарлаж болзошгүй гэж үзсэн юм. Тиймээс оролцогчдоо шинэчлэх үүднээс нийслэлчүүд амралтын өдөр гэр бүлээрээ зорьж очдог газрыг сонгосон. Үүнтэйгээ уялдуулаад гэр бүлүүд рүү, хүүхэд рүү чиглэсэн үйл ажиллагаануудыг түлхүү зохион байгуулахыг оролцогч байгуул¬лагуудаасаа хүсэж буй. Бид “Нэг Европ” гэдэг гол концепцыг баримталдаг. Тэгэхээр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Европын бүх байгууллага, Улаанбаатар, Бээжин, Сөүлд буй Элчин сайдын яамдыг энэ өдөрлөгт оролцуулж, сурталчлан танилцуулах юм. Одоо бидэнд хамгийн чухал зүйл бол цаг агаар. Ирэх бямба гарагт цаг агаар сайхан байгаасай л гэж найдаж, залбирч байна. Европын орнуудын талаар илүү ихийг мэдэхийг, соёл урлагтай нь дотночлон танилцахыг, хоол ундыг нь амтлахыг, дуу хөгжмийг нь сонсохыг хүссэн хүн бүрийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох “Европын өдөрлөг-2025” арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урья.
ЕВРОПЫН ОРНУУДЫН СОЁЛ УЛАМЖЛАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ, ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГОТОЙ
-Европын Холбоо энэ өдөрлөгөөр дамжуулан монголчуудад ямар ойлголт, мессеж өгөхийг, бас ямар боломж олгохыг зорьж ирэв?
-Европчууд монголчуудын итгэлт нөхөр, гуравдагч түнш гэдэг гол мессежийг өгөхийг зорьдог. Мөн бидний үйл ажиллагаа бүгдэд ил тод, тодорхой байдаг гэдгийг ч харуулах зорилготой. Цаашид худалдаа, хөрөнгө оруулалтын боломжуудыг нэмэгдүүлэх чиглэлд гойд анхаарч байна. Өмнө нь бид хөгжлийн төлөө хөрөнгө оруулах талаар л ярьдаг байсан бол одоо түншийн түвшинд хамтарч ажиллах болсон. Хэдийгээр бид газар нутгаараа хиллэдэггүй ч олон салбарт харилцаа, хамтын ажиллагаагаар гүн бат холбогдсон гуравдагч хөршүүд, сайн түншүүд. Монгол бол цогц, хүчирхэг ардчиллыг бий болгож чадсан улс гэж гуравдагч хөршийн хувьд хардаг. Энэ ардчиллыг илүү бэхжүүлэхэд, реформын шинжтэй өөрчлөлтүүдийг хийхэд бид дэмжлэг үзүүлж, техникийн түвшинд хамтран ажиллаж байгаа. Монгол залуус сүүлийн үед эх орноо орхин одож буй талаар их ярих боллоо. Би энд ирснээсээ хойш маш амбицтай, ямар нэгэн зүйлийг өөрчлөх хүсэл эрмэлзэлтэй, өндөр ур чадвартай гайхалтай олон залуучуудтай уулзсан. Тэднийг өөрчлөлт авчирна гэдэгт итгэдэг. Монголчуудыг гадагшаа явахад хүргэж буй гол шалтгаануудын нэг нь агаарын бохирдол. Энэ чиглэлээр ажиллаж буй залуусыг хараад урам зориг авдаг. Бид Монголыг залууст ээлтэй, амьдрахад таатай улс болгохын төлөө бүхий л талаар дэмжиж, хамтарч ажиллахыг хүсдэг. Залуучууд нь гадаадын орнууд руу явсан ч тодорхой хугацааны дараа эх орондоо буцаад ирдэг байх таатай нөхцөл бүрдүүлэхийг эрмэлзэж байна. Та бүхэн анзаарсан бол Европын Холбооноос хэрэгжүүлж буй бүх төсөл, хөтөлбөрт нэг зүйл тусгагдсан байдаг нь жендерийн тэгш байдал, залуучуудын оролцоог дэмжих, хангах зорилт шүү дээ.
-Ийм төрлийн соёлын арга хэмжээ Монгол Улс, Европын Холбооны харилцаанд, цаашлаад иргэд, олон нийтийн түвшинд харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд хэр чухал нөлөөтэй гэж үзэж байна?
-Европын Холбооны талаар хүмүүс төдийлөн сайн мэддэггүй. Зөвхөн Монголд ч биш, бусад оронд ч ийм хандлага нийтлэг ажиглагддаг. Европ гэхээр Герман, Франц, Италиар л төсөөлдөг, маш хязгаарлагдмал ойлголттой. Эдгээр нь бүгд Европын Холбооны гишүүн орон боловч үүний цаана 24 улс бий. Монголд гэхэд Европын Холбооны гишүүн орны долоон Элчин сайдын яам үйл ажиллагаа явуулж байна. Үлдсэн 20 орны Элчин сайд нарын төлөөлөл БНХАУ-ын Бээжин, БНСУ-ын Сөүл гэхчлэн өөр улс, хотоос ирж өдөрлөгт оролцдогоороо онцлог. Энэ үеэр Хорват зэрэг жижиг, сонин содон улс орныг хүмүүст танилцуулах боломжийг олгодог юм. Хэдийгээр Европын Холбооны гишүүн 27 орон бүгд өөр хоорондоо ялгаатай, дахин давтагдагдашгүй, баялаг соёл уламжлалтай боловч үнэт зүйлээрээ нэгддэг. Үүнийг олон нийтэд нэгдсэн байдлаар, сонирхолтой хэлбэрээр танилцуулах боломжийг “Европын өдөрлөг” олгодог.
-Өмнө нь та Бээжинд Элчин сайдаар суудаг байхдаа зочны хувиар манай улсад ирж, энэ өдөрлөгт оролцож байжээ. Харин одоо зохион байгуулагчийн хувиар зочид төлөөлөгчдийг хүлээн авах гэж байна. Ямар мэдрэмж, хүлээлттэй байна вэ?
-Хамтарсан Засгийн газар Монголд Элчин сайдын яам нь байдаггүй улс орны дипломат төлөөлөгчидтэй уулзах, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа хөрөнгө оруулалт, түншлэлээ бэхжүүлэх сонирхолтой байгаа нь сайн талтай. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газрын сонирхол маш өндөр байна. Үүнийг онцлох үр дүн гэж харж байгаа. Нөгөөтээгүүр, бид ирэх жилийн өдөрлөгөө хэдийн төлөвлөөд, бодоод эхэлчихсэн. Монголын нийт хүн амын тэн хагас нь амьдардаг гэдэг үүднээс бид өдөрлөгөө жил бүр Улаанбаатарт зохион байгуулж ирсэн. Энэ хугацааанд нийслэлчүүдэд тодорхой түвшинд мэдээлэл, ойлголт өгсөн болов уу. Цаашид хөдөө, орон нутагт аж төрж буй иргэдэд мэдлэг, мэдээлэл хүргэх боломж бололцоо бүрдүүлэхэд анхаарч ажиллана. Энд ажиллах хугацаандаа аль болох олон аймаг, сумд зочилж, хүмүүстэй нүүр тулан уулзаж, ахуй амьдралтай нь танилцахыг хүсэж байна. Сошиалын нөлөөгөөр мэдээллийн хүртээмж харьцангуй сайжирсан. Гэхдээ биечилж уулзах, бодит үйл ажиллагаа зохион байгуулах нь дэлгэцийн цаанаас мэдээлэл дамжуулахаас нөлөөлөл, үр дүнгийн хувьд тэс өөр. Хөдөө, орон нутгийн иргэдэд хэрхэн хүрч ажиллах вэ гэдгээ бид одоо ч бодсоор. Ямар нэгэн сонирхолтой шийдэл олно гэдэгтээ итгэлтэй байна.
ТОГТВОРТОЙ НОГООН, АРДЧИЛСАН ХӨГЖЛИЙГ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭ БОЛГОСОН
-Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн түүхэн ой өнгөрсөн онд тохиосон. Та энэ ойгоор манай улсад Элчин сайдаар томилогдсон шүү дээ. Энэ хүртэлх хугацаанд хоёр талын хүчин чармайлтаар бий болгосон харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээ, тэргүүлэх чиглэлийн талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Энэ 35 жилийн хугацаанд хоёр талын харилцааны түвшинд мэдээж тодорхой өөрчлөлтүүд гарсан. Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэн түүхэн үйл явцыг энд хамгийн түрүүнд дурдаж болно. Анх Монгол хөгжиж буй орон, Европын Холбоо хөгжлийг дэмжигч байр суурьтай байсан бол одоо хөрөнгө оруулагч, түншийн статус руу шилжсэн. Бид хувийн хэвшлийг дэмжих, таатай орчин бүрдүүлэх чиглэлд Засгийн газартай хамтраад реформуудыг хийж байна. Хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн тухайд гэвэл Засгийн газрын бодлого, үйл ажиллагаатай уялдаж явдаг. Гэхдээ албан ёсны баримт бичигт тусгаснаар бол 2021-2027 онд тогтвортой ногоон хөгжил, ардчилсан ба эдийн засгийн хөгжил гэсэн хоёр гол тэргүүлэх чиглэлийг баримталж, төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж буй. Сүүлийн үед Монгол Улсад эрчим хүчний бие даасан байдлыг хангах чиглэлээр Эрчим хүчний реформын үндэсний хороотой нягт хамтран ажиллаж байна. Энэ нь урт хугацаандаа агаар, орчны бохирдлыг бууруулахад чухал нөлөөтэй. Европын сэргээн босголт, хөгжлийн (EBRD), Европын хөрөнгө оруулалтын (EIB) зэрэг томоохон банкуудтай хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр ч цөөнгүй. Жишээлбэл, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран Чойр-Сайншанд чиглэлд сэргээгдэх эрчим хүч дамжуулах шугам барих, дэд станц байгуулах төслийг эхлүүлсэн. Мөн дулааны шугам сүлжээг өргөтгөх, хангамжийг нэмэгдүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулах буюу шинэ хогийн цэг байгуулах, барилгын гаралтай хаягдлыг дахин боловсруулж, анхан шатны бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслүүдийг банкуудтай хамтран хэрэгжүүлж буй. Түүнчлэн шүүх засаглалыг бэхжүүлэх, шүүхийн шийдвэр гаргах тогтолцоог сайжруулах, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, баталгаажуулах чиглэлээр Засгийн газар болон холбогдох шатны байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Үүний хүрээнд Европын зөвлөлийн Венецийн комиссын дэд ерөнхийлөгч тэргүүтэй албаны хүмүүс хэдхэн хоногийн өмнө Монгол Улсад зочилж, Үндсэн хуулийн цэцтэй туршлага солилцлоо. Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-тай хамтран хэрэгжүүлж буй “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажил-лагаа ба ил тод байдал” төслийн хүрээнд сэтгүүлчдэд зориулсан эрх зүйн сургалтыг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр амжилттай зохион байгууллаа. Дурдахгүй өнгөрч болохгүй өөр нэгэн том ажил бол Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банктай хамтран хэрэгжүүлж буй ASDIP буюу “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”. Энэ нь тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, хүн амьдрахад таатай аймаг, сумуудыг хөгжүүлэхэд чиглэсэн урт хугацааны хөтөлбөр юм. 17 аймагт хэрэгжих, дэд бүтэц, эрчим хүч гээд олон салбартай холбогдох асар том ажил. Тэрчлэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтарсан “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь”, НҮБ-ын Хүн амын сан, Жендерийн үндэсний хороотой хамтарсан “Монгол Улсад жендерийн тэгш байдлын үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” зэрэг олон төсөл, хөтөлбөр бий. Монголд хэрэгжүүлж буй ажлуудаа нэгбүрчлэн дурдвал бидний цаг хүрэлцэхгүй. Энд их зүйл өгүүлсэн юм шиг боловч яг үнэндээ бидний ажлын өчүүхэн хэсгээс л танилцууллаа.
-Хөдөө аж ахуйг дэмжих чиглэлээр орон нутагт үр дүнтэй олон ажил хийж байгаа анзаарагддаг. Заримаас нь онцолж болох уу?
-Хөдөө аж ахуйн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд нэлээд эрчимтэй ажиллаж байна. Ялангуяа ноолуурын болон махны нэмүү өртгийн сүлжээг өргөтгөж, дэмжихэд анхаарч буй. Малын тоо толгой зохистой хэмжээнээс хэд дахин олшроод, бэлчээрийн даац нь үлэмж хэтэрчихсэн энэ үед мал сүргээ яаж илүү тогтвортойгоор, ногоон хэв маягаар ашиглангаа нэмүү өртгийн сүлжээгээ хөгжүүлж, орон нутгийн иргэдийн ахуй амьжиргаа, цаашлаад экспортыг дэмжих вэ гэдэг нь хамгийн чухал асуудал юм. Ноолууран бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төслийн хүрээнд хийсэн нэгэн сонирхолтой ажлаас танилцуулъя. Бид ноо¬лууран бүтээгдэхүүнийг QR кодтой болгож, мөрдөн мөшгөх систем суулгасан. Ингэснээр тус кодоо уншуулаад л тухайн бүтээгдэхүүнийг аль аймаг, сум, багийн, хэн гэдэг малчны хотны ямаанаас гарсан ноолуураар хийсэн бэ гэдгийг мэдэх боломж бүрдсэн. Энэ нь түүхий эдээ нийлүүлж буй малчид, түүгээр хийсэн бүтээгдэхүүнийг худалдан авсан хэрэглэгчдэд аль алинд нь тааламжтай, өгөөжтэй ажил болсон юм. Тэрчлэн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон их сургуулиудын судалгааны багтай хамтраад малын дотор махыг ашиглан 19 төрлийн шинэ бүтээгдэхүүн гаргаж авсан. Хүмүүс дотор махны ач тусыг тэр бүр мэддэггүйгээс ихэвчлэн хаячихдаг. Гэтэл энэ нь маш шим тэжээлтэй, хэрэгцээтэй бүтээгдэхүүн байдаг. Үүнийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр хэрэглээ, хүртээмжийг нь нэмэгдүүлэх боломж бүрдлээ. Эдгээр нь бидний яриад, зориод байдаг тогтвортой хөдөө аж ахуй, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх гарц шүү дээ.
-Монгол бол хөдөө аж ахуйн орон. Монголчууд суурин болон нүүдлийн соёл иргэншил хосолсон өвөрмөц ахуйтай ард түмэн. Тэгэхээр дэлхий нийтийн зорьж буй тогтвортой хөгжил хэмээх агуулгыг бид ямар өнцгөөс харж, авч үзэх нь тохиромжтой юм бол?
-Монголчуудын нүүдлийн амьдралын хэв маягийг эртний түүхээс нь авч үзвэл маш тогтвортой, байгальд ээлтэйгээр өвлөн уламжлагдаж ирсэн юм билээ. Уур амьсгалын өөрчлөлт бидний амьдралд бодитоор мэдрэгдэж эхэлсэн нь нөлөөлсөн үү, эсвэл бэлчээрийн даацын асуудал хурцаар хөндөгдөх болсноос уу, ямартай ч малчид сүүлийн үед хөдөө аж ахуйг хэрхэн тогтвортойгоор эрхлэх гэдэгт анхаардаг болчихсон. Энэ талын мэдлэг, ойлголт нь эрс сайжирсан. Ямаа хэдий ашиг шим өндөртэй ч бэлчээрийг маш ихээр доройтуулдаг гэдгийг тэд хүлээн зөвшөөрөөд, ойлгоод эхэлчихсэн. Үүнийг маш том давуу тал гэж харж байна. Ойлголт, мэдлэг нь сайжирсан учраас бодитой алхмууд хийж эхэлнэ. Цөөн малтай байгаад бэлчээр усаа зохистойгоор ашиглаад явбал уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл багасна, гамшгийн эрсдэл ч буурна, наанадаж л өвс тэжээлийг нь бэлдэхэд бага зардал гаргана, хэцүү өвөл тохиосон ч даваад гарах чадвар нь нэмэгдэнэ гэдгийг малчид сайн мэдэж байна. Энэ бол маш том ахиц дэвшил. Бидний хувьд ч ялгаагүй хөдөө аж ахуйн салбарт тогтвортой хөгжлийн асуудлыг ярихаар малын тоо бус, чанарыг чухалчлах болчхож байгаа юм. Монголд томилогдсоноосоо хойш аймгуудаар зочилж, Засаг дарга нартай нь уулзаж, санал солилцож байна. Тэд ч тогтвортой хөдөө аж ахуй гэж юу болохыг ойлгочихсон, түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө хичээж байгаа нь үнэлмээр санагдсан. Европын Холбооноос хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүд яг энэ бодлоготой уялдаж, дэмжихэд чиглэдэг юм. Хамгийн их болгоомжилж, зайлсхийж байгаа зүйл нь малчид малаа буюу амьжиргааны эх үүсвэрээ алдах явдал. Амьжиргааны эх үүсвэрээ алдаж, хөдөө хоргодох зүйлгүй болсон хүмүүст Улаанбаатар луу нүүж ирэхээс өөр сонголт үгүй. Хот руу нүүж ирснээр олон жил дагаж ирсэн амьдралын хэв маягаас эхлээд бүх зүйл нь өөрчлөгддөг. Үүнд зохицно гэдэг мэдээж амаргүй. Малчид ийм нөхцөлд орохгүйн тулд боломж бололцоогоороо тогтвортой хөдөө аж ахуй эрхлэхийг хичээвэл байгаль орчинд ч ээлтэй, өөрсдийнх нь ахуй амьдралд ч тустай.
ИРЭХ ЖИЛҮҮДЭД АГААРЫН БОХИРДОЛ, ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ АСУУДАЛД ИЛҮҮ АНХААРЧ АЖИЛЛАНА
-Европын Холбооноос Монгол Улсад 2021-2027 онд хэрэгжүүлж буй дунд хугацааны баримжаат хөтөлбөрийн үр дүн, гүйцэтгэл ямар шатанд байна вэ. Энэ хугацаанд “Ковид-19” хэмээх гэнэтийн, томоохон сорилт тулгарсан учраас хэрэгжилтэд нь нөлөөлсөн байх?
-Үр дүнгийн хувьд өөрчлөгдсөн, уруудсан зүйл байхгүй. Гагцхүү цаг хугацааны хувьд л бага зэрэг өөрчлөгдсөн зүйлс бий. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим төслийн үйл ажиллагааг цахимд шилжүүлэх гэх зэргээр шаардлагатай арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч, зохицуулалтуудыг хийсэн. Мөн коронавирусийн нөлөөллийг бууруулах, цар тахлын дараах нөхцөл байдлыг өөрчлөхөд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг ч хэрэгжүүлсэн.
-Европын Холбооноос хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, тэргүүлэх чиглэлтэй нягт уялддаг гэдгийг та онцолсон. Тэгэхээр хамтарсан ажлууд ямар зарчим, чиг шугамаар явах нь маш тодорхой юм байна. Харин та Элчин сайдын хувиар ирэх жилүүдэд юунд илүү төвлөрч, ямар бодлого, зарчим баримтлан ажиллах вэ?
-Иргэдийн эрүүл мэнд, тэр дундаа агаарын бохирдлын асуудалд илүү анхаарч ажиллахыг зорьж байна. Үүнд хүн бүхний оролцоо, хамтын хичээл зүтгэл чухал. Европын Холбооны банкууд энэ чиглэлээр Засгийн газартай хамтарч ажиллах өндөр сонирхолтой байгаа. Хоёрдугаарт, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах, хэвлэл мэдээллийн бие даасан, хараат бус байдлыг хан¬гах асуудлыг чухалчилж байна. Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр нэг хэсэг ухарч байсан бол өнөө жил долоон байраар урагшилж, 102 дугаарт орлоо. Үүнийг ахиц гэж харж байна. Хэвлэл мэдээллийн салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Засгийн газраас Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн бариад буй. Мөн реформын шинжтэй ажлууд хийхээр зорьж байгаагаа ч мэдээлсэн. Энэ хүрээнд хийх ажлууд ахиц дэвшил авчирна гэдэгт итгэж байна. Хэвлэлийн эрх чөлөө нь ардчилсан засаглалын нэг гол тулгуур багана болсон иргэдийн мэдэх эрхийг хангаж байдаг учраас хамгийн чухалд тооцогддог. Хиймэл оюун хурдтай хөгжиж, мэдээллийн хязгааргүй урсгал бий болсон энэ үед худал ташаа мэдээлэл, тархи угаалт гаарлаа. Мэдээ, мэдээлэл бэлтгэж хүргэдэг хувь хүн буюу блоггер эрс нэмэгдэв. Энэ болгоныг баттай эх сурвалж мөн үү гэдгийг хүмүүс ялгаж салгадаг, баримт, мэдээллийг нягталж шалгадаг байгаасай гэж хүсдэг. Үүнд мэргэжлийн сэтгүүлчдийн үүрэг оролцоо ч чухал. Анхаарал хандуулахыг зорьж буй өөр нэг асуудал нь эмэгтэйчүүдийг дэмжих. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зэргээр багахан дэмжээд өгчихвөл монгол эмэгтэйчүүдэд өөрчлөлт, шинэчлэл хийх хангалттай чадамж бий.