Б.Түвшин тэргүүтэй УИХ-ын 41 гишүүн Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын даргад өргөн барилаа. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн бодит орлогыг дээшлүүлэх, ажил олгогчид дэмжлэг болохуйц чухал зохицуулалтуудыг тусгасан хэмээн хууль санаачлагчид онцолж байна. Тухайлбал, Монгол Улсын өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүн Иргэний хуулийн дагуу ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулах, тэдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхлэхэд нийгмийн даатгалд албан журмаар даатгуулагчаас хасаж, гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасахаар тусгажээ. Мөн ажил олгогч ажилтандаа хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрс худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлтийг цалин, түүнтэй адилтгах орлого болон нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах аж.
Түүнчлэн ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын УЛС ТӨР Гэрээгээр ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх шимтгэл авдгийг зогсооно дээд хэмжээг ажилтны нэгэн адилаар тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тогтоох зохицуулалтыг тусгажээ. УИХ-ын гишүүн О.Номинчимэг “Энэ хуулийн гол үзэл санаа нь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх явдал. Хөдөлмөрлөх хүчний оролцоог харахад одоо 67 хувьтай л байгаа. Гэтэл хөдөлмөрийн зах зээлд 100 мянган хүнийг оролцуулах боломжтой байдаг. Бид ажиллах хүчингүй боллоо гэж ярьдаг. БНСУ руу 40 мянган хүнээ явуулчхаад оронд нь гадаадаас ажиллах хүч авна гэдэг бол төрийн оновчтой бодлого биш. Одоо байгаа ажиллах хүчний нөөцөө 100 мянгаар нэмэгдүүлэхийн тулд хөдөлмөрийн таатай орчин нөхцөл хэрхэн бүрдүүлэх, цалин хангамж, ур чадварыг нь яаж сайжруулж, дотоод зах зээлээ тэлэх вэ гэдэгт энэ хууль чухал ач холбогдолтой” хэмээн онцолсон.
Тэгвэл УИХ-ын гишүүн П.Ганзориг “Хувийн хэвшил асар олон зээлийн хүүгийн болон татварын дарамт дор хүнд нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа. Сүүлийн гурван жилд гэхэд хувийн хэвшлийн улсад төлдөг татвар гурав дахин өссөн. Аж ахуйн нэгжүүд 1.2 их наядын татварын өртэй байсан бол одоо дөрвөн их наяд төгрөгт хүрсэн. Дансыг нь хааж байгаад төр татвараа татаж авдаг. Гурван жилийн өмнө 2000 орчим данс хаадаг байсан. Гэтэл 2024 оны статистикаас харвал төр 22 мянга орчим данс хаасан байна. Энэ бол хувийн хэвшилд татварын асар өндөр дарамт үүсчихсэн байгааг илтгэнэ. Дансаа хаалгаад татвар төлөх хэмжээнд хүрч байна гэдэг бол мөнгөн урсгалын дутагдалд орсон гэсэн үг. Ийм байдлаар хувийн хэвшил татвараа төлж чадахгүйд хүрвэл олон компани дампуурч хаалгаа барина” хэмээв.
Л.Ням