18.5 тэрбум төгрөг. Энэ мөнгөөр 50-60 айлыг 70-80 ам метр талбайтай буюу дундаж хэмжээтэй орон сууцад оруулах боломжтой. Байрны үнийг зах зээлийн дунджаас арай дээгүүр ханшаар бодоход нэг өрхөд 300-370 сая төгрөг ногдох тооцоо гарч байна. Мөн үүгээр 3-4 цэцэрлэг, эсвэл 1-2 бүрэн дунд сургуулийн барилга барьж болно. Тусламж, үйлчилгээний тоног төхөөрөмжөөр бүрэн хангаг дсан, жишиг эмнэлэгаймгийн төвд нэгийг байгуулах ч боломжтой. Асфальтан хучилттай нэг км авто замыг 600-800 сая төгрөгөөр тавьдаг гэж тооцвол хатуу хучилттай 20-30 км зам барихад хангалттай хүрэлцэнэ. Хагас сая төгрөгөөр багцаалбал энэ нь 37 мянган ахмадын нэг сарын, 3000 хүний жилийн тэтгэвэртэй дүйнэ. Сарын гурван сая төгрөгийн орлоготой 500 хүн нэг жилийн турш тасралтгүй хөдөлмөрлөж байж үүнийг олно.
Одоо танд энэ мөнгөн дүн хэр их санагдаж байна вэ. Татвар төлөгчид та, бидний халааснаас авсан ийм хэмжээний мөнгөөр ганцхан сумд театр нэртэй чанаргүй барилга бариад, үрэн таран хийчихвэл ямар санагдах вэ. Дэндүү хайран, гоомой хэрэг биш гэж үү. Харамсалтай нь, төрийн эрх барьж, бодлого, шийдвэр гаргаж буй хүмүүс орон нутгийнхны соёлын хэрэгцээг хангах нэрийдлээр театр, соёлын төв барихад энэ хэмжээний мөнгийг төсөвлөж, урсгаж, татвар төлөгчдийн хөлс, хүчийг үнэгүйдүүлсээр байна. Зарим барилгыг хэдэн он дамнуулан сунжруулж, төсвийн мөнгөнөөс “шимэгчилсээр”, анхны зардал, тооцооллоос нь хэд дахин давсан санхүүжилтээр арай чүү босгож байх жишээтэй. Олон он дамжин сунжирч, төсөвт дарамт болж буй Дундговь аймгийн “Төв халх” дуулалт жүжгийн, Архангайн Хөгжимт драмын театрын барилга гээд дурдвал бишгүй. Үүний хамгийн ойрын бөгөөд сүүлийн жишээ гэвэл 50-60 айлын орон сууцын төсөвтэй дүйцэхүйц хөрөнгөөр барьж буй, Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын барилга.
АНХНЫ ТӨСӨВ НЬ 9.5 ТЭРБУМ ТӨГРӨГ БАЙЖЭЭ
Нүүдэлчдийн театрыг үндэслэгч, XIX зууны нэрт соён гэгээрүүлэгч Д.Данзанравжаагаар овоглодог тус театр манай улсын хамгийн эртний мэргэжлийн урлагийн байгууллагуудын нэгт тооцогддог, 180 гаруй жилийн түүхэн эх үндэстэй гэж үздэг. Эл театрын барилгыг орчин цагийнхны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өргөтгөн шинэчлэх зорилгоор хамгийн анх 2021 онд 9.5 тэрбум төгрөгийн төсөвтэй тендер зарлажээ. Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Болор аграмба” хэмээх компанийг шалгаруулж, тухайн онд нэг тэрбум орчим төгрөгийн санхүүжилт олгосон баримт байна. МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан, улсын төсвийн хөрөнгөөр Дорноговь аймагт хийх, улсын чанартай хоёрхон ажлыг 2021 оны төсөвт багтаасны нэг нь энэ театрын барилга, нөгөөх нь Сайншандад байгуулах усан сан байсан аж. “Саран хөхөө” театрын барилгыг 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөгөөнд тусгаж, 2022 оны намар гүйцэтгэлийг нь 30 хувьтай гэж дүгнэж байж. Гэтэл эл барилгын ажил одоо хүртэл шувтраагүй, 60 орчим хувийн л гүйцэтгэлтэй байна. Холбогдох яамд, орон нутгийн байгууллагууд театрын барилгын ажлыг түргэсгэх үүднээс хамтарсан ажлын хэсэг хүртэл байгуулахдаа тулсан гэх. Түүгээр ч зогсохгүй барилгын төсвийг анхныхаас нь буюу дөрвөн жилийн өмнөхөөс хоёр дахин нэмжээ. Ашиглалтад оруулах товыг нь дахин хоёр жилээр хойшлуулж, 2026 он болгоод буй ч амжих, эсэх, ер энэ барилга чанар, аюулгүй байдлын шаардлага, наад захын стандартад нийцэх үү, үгүй юү гэдэг нь эргэлзээ дагуулсаар.
САЛБАРЫН САЙД НЬ “МЭЛЗСЭН” Ч ҮНЭНД ГҮЙЦЭГДЭВ
“Саран хөхөө” театрын барилгын төсөв яагаад хоёр дахин нэмэгдсэн бэ. Барилгын гүйцэтгэлд хяналт тавих чиг үүрэгтэй ажлын хэсэгт багтсан гэх Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын болон Сангийн яамныхан үүнд чигтэй хариулт өгч чадахгүй байна. Дэд бүтэц, бүтээн байгуулалтын аливаа ажлын хугацаа сунжрах тусам барилгын материалын зардлаас шалтгаалан өртөг нь өсдөг. Гэлээ гээд дөрвөн жилийн дотор 50 хувиар нэмэгдэнэ гэдэг хэтийдсэн зүйл гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин “Саран хөхөө” театрын шинэ барилгын ажилд эхнээсээ л 18.5 тэрбум төгрөг тусгасан хэмээн “мэлзэж” байгаа. Тэрбээр цахим Òºñºâ íü õî¸ð äàõèí òýëæ, 18.5 òýðáóìä õ¿ðñýí “Ñàðàí õºõºº” òåàòðûí áàðèëãûí çóðàã ãîëîãäñîí óó хуудсандаа “Анх 2021 оны улсын төсөвт 18.5 тэрбум төгрөг тусгаж, 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн “Саран хөхөө” театрын барилгыг хурдан хугацаанд дуусгахын тулд Сангийн яам болон орон нутгийн удирдлагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулна” гэж сар гаруйн өмнө бичсэн байна билээ. Гэтэл Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (tender.gov.mn) дэх тендерийн шалгаруулалттай холбоотой баримтад уг ажлын нийт төсөвт өртөг хамгийн анх 9.5 тэрбум төгрөг байсан гэх цагаан дээр хараар бичсэн, хөдөлшгүй баримт бий. Нээлттэй тендерийн урилга илгээгчээр Соёлын яам (хуучнаар) бүртгэлтэй буй. Тэгэхээр улсын төсвийн санхүүжилттэй уг ажлын төсөв эхнээсээ тус яамны мэдэлд байсан, тендерийг нь ч тэднийх зарласан гэсэн үг. Ийм байхад салбарын сайд нь төсөв нь огт нэмэгдээгүй мэтээр мэдээлж, мэдэн будилж буй нь санамсаргүй хэрэг огтоос биш юм. Тэгвэл энэ барилгын ажил яагаад удааширсан бэ.
ГЭМ БИШ ЗАН БУЮУ БУРУУГ БУСДАД НЯЛЗААХ АРГА
Орон нутгийн удирдлагууд болон “Саран хөхөө” театрынхан шинэ барилгын ажил удааширсан шалтгааныг санхүүжилттэй холбоотой гэж ярьсан. Тус театрын нэгэн ажилтан “Эхний жилүүдэд төсөв мөнгийг нь олгож байгаад тасалдуулчихсан гэсэн. Соёлын яамныхан (одоогийн нэршил нь ССАЖЗЯ) болон орон нутгийнхан хэлэлцэж, хөөцөлдсөөр төсвийг нь шийдүүлж, ажлыг нь эхлүүлсэн юм билээ” хэмээсэн. Харин ССАЖЗ-ын сайд эл театрын барилгын явцын талаар өнгөрсөн сард мэдээлэхдээ “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй барилга, байгууламжууд ТЭЗҮ дутуу, захиалагч болон гүйцэтгэгчийн хариуцлага алдагдсан, төрийн байгууллагын уялдаа холбоо хангагдаагүй зэрэг шалтгааны улмаас олон жил гацах, сунжрах, иргэдийг хохироох явдал цөөнгүй гарч байна. Татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулж, иргэдэд төрийн чанартай үйлчилгээ авах боломжийг хурдан хугацаанд бүрдүүлэхийн тулд ТЭЗҮ, төлөвлөлт дутуу төслүүдийг улсын төсөвт суулгахгүй байж, хэрэгжилтийн түвшинд уялдаа холбоог хангаж ажиллах шаардлагатай” гэсэн юм.
Үүний дараахан Сангийн сайд Б.Жавхлан “Говийн бүсийн аймгуудад эхлүүлсэн гурван театрын барилгын зураг хангалтгүй байна. Анх 11 тэрбум төгрөгийн өртөгтэй байсан төсөв нь 35 тэрбум болж нэмэгдсэн” хэмээн мэдээлсэн. Яг одоогоор говийн бүсэд эхлүүлсэн, энэ цаг үед үргэлжилж буй театрын барилгын хоёр ажил байгаа нь Дундговь аймгийн “Төв халх”, Дорноговийн “Саран хөхөө”-гийнх юм. Тэгэхээр хоёр сайдын мэдэгдэлд ил, далд дурдагдсанаараа “огтлолцож” буй будилаантай ажил нь гарцаагүй “Саран хөхөө” театрын барилгынх болж байна. Бүтээн байгуулалт нь удааширсан, төсөв зардал нь хоёр дахин нэмэгдсэн, эцэстээ төрийн байгууллагынхан ажилд нь оролцож, “санаа тавих”-аас аргагүйд хүрсэн шалтгаан нь ч энэ болов уу. Сангийн сайд “Театрын зураг төсөл хангалтгүй байна” гэж одоо цаг дээр өгүүлснээс үзэхэд төлөвлөлтийн шатанд гарсан алдааг нь одоо ч залруулж чадаагүй байх магадлалтай.
Уг барилгын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулалттай холбоотой гүйцэтгэл, сонгон шалгаруулалтын мэдээллийг нийтийн мэдээллийн цахим сангаас хайгаад олсонгүй. Тэгэхээр чухам хаана нь, хэн, ямар алдаа гаргасныг харах боломж алга, төрийн байгууллагынхан ч “төсөв санхүүгийн асуудлаас болоод...” гэдэг үгээр хаацайлан үүнийг сайн нууж байна. Гэхдээ хэлбэрэлтгүй, төөрөлдүүлэх аргагүй чин үнэн гэвэл ийм хэмжээний мөнгөөр хийж буй ажилд эхнээсээ хариуцлагагүй, хяналтгүй хандсан нь төсвийн бодлого хэрэгжүүлэгч Сангийн яамныхны ч буруу, үүнийг анх оруулж ирсэн ССАЖЗЯ-ныхны ч буруу. Төсвийн орлого тасалдаж, тэтгэвэр, тэтгэмжээ ч хугацаанд нь тавьж чадахгүйд хүрсэн хүнд цаг үед татвар төлөгчдөөс төвлөрүүлсэн 20 орчим тэрбум төгрөгөөр хөдөөд театрын барилга барих нь хоолойд тулсан ажил, зайлшгүй шаардлага мөн үү гэдгийг ч жичид нь ярих ёстой.
“Саран хөхөө”-гийнхөн “Манай театрынхан хуучин барилгадаа одоо ч үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Тэгтлээ муудаж, сүйд болсон зүйлгүй” гэж ярих юм билээ. Эцэст нь дахин сануулахад, 18.5 тэрбум төгрөг гэдэг бол 50-60 айлыг 70-80 ам метр талбайтай орон сууцтай болгох, эсвэл 3-4 цэцэрлэг, 1-2 бүрэн дунд сургууль барих хэмжээний мөнгө билээ. 700 суудалтай театр барьсан нь чухал уу, 700 хүүхдийн багтаамжтай сургууль барьсан нь дээр үү гэдгийг ч бодолцууштай.
Н.Мишээл