-Нийслэлийн удирдлагууд усны инженерүүдийн зөвлөмж, шийдлийг үл тоожээ-
Улаанбаатар хот гамшгийн эрсдэлд ямар ч бэлтгэлгүйг 2023 оны зун болсон үер батлан харуулсан. Дөрөв хоног үргэлжлэн орсон борооны улмаас Сэлбэ гол эргээ халин үерлэж, хотын төв, гэр хороололгүй усанд автан, олон хүн сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирсон билээ. Хур тунадаснаас үүдэлтэй үерийн хэмжээг ШУТИСийн инженерүүд тухайн үед нарийвчлан тооцоод 10 жилд нэг удаа тохиодог жирийн л үзэгдэл, аюул эрсдэл дагуулахаар байгаагүй, цаг уурын байгууллагаас гаргасан прогнозод үндэслэн бэлэн байдлаа хангах боломжтой байсан гэж дүгнэсэн. Гэтэл энэ жирийн үзэгдлээс болж нийслэлчүүд үлэмж хэмжээний хохирол амссан. Албаны хүмүүс үүнийг 1966 оны их үерээс хойш тохиосон гурав дахь томоохон гамшиг хэмээн эрэмбэлж, 96 хорооны 32 мянга гаруй иргэн ямар нэгэн байдлаар хохирч, 360-аад барилга, байгууламж, 300 орчим гэр, сууц усанд автсан гэж мэдээлсэн юм.
Үндсэндээ энэ үер манай улс хотоо анхнаас нь зөв төлөвлөж, зохион байгуулж чадаагүйн, газар замбараагүй олгосоор эцэстээ голын сав, голдирол, татамд хамаа намаагүй халдсаны гор байсан юм. Тэгвэл Сэлбэ одоо ч 3-4 хоногийн шиврээ бороонд үерлэж мэдэхээр байгааг мэргэжлийн хүмүүс анхааруулж эхэллээ.
ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, усны инже¬нер, доктор Б.Аюурзана, техникийн ухааны доктор, усны зөвлөх инженер Ц.Сосорбарам зэрэг салбартаа танигдсан судлаачид 2023 оны зуныүерийнэрсдэлийг 3-5 жилийн өмнөөс л “зөгнөж”, анхааруулсан байдаг. Харин одоо судлаачид 2023 оных шиг үер хэдийд ч тохиож, хотын төвийнхнийг “хаман урсаж” болзошгүйг илүү нарийн тооцоо, судалгаа, баримтад үндэслэн сэрэмжлүүлж байна. Ирэх сард Монгол орны нийт нутгаар бороо хур элбэг орох төлөвтэйг цаг уурын байгууллагаас анхааруулаад буй энэ үед бид шиврээ борооны ая даах чадамжгүй хотынхоо аюулгүй, бэлэн байдалд одооноос санаа тавьж эхлэх нь юу юунаас ч чухал юм.
ГАДААД МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ УРЬЖ АЖИЛЛУУЛЧХААД, ӨШИГЛӨН ХӨӨЖЭЭ
Уржнангийн үерээс хойш нийслэлийнхэн гамшгийн эрсдэлийг бууруулах нэрийн дор олон ажил хийсэн, одоо ч заримыг нь хэрэгжүүлж байгаа. Сэлбэ, Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэх, мод, бутыг нь шилжүүлэх, далан, суваг шуудуу татах, гүүр, далан байгуулах гээд дурдвал өчнөөн. Харин эдгээр ажлыг тооцоо, судалгаанд үндэслэсэн үү, стандартын дагуу хийж байгаа юу, мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан уу, бодит нөлөөллийг нь тогтоосон уу гэдэг нь тодорхойгүй, бүрхэг. Лавтай нийслэлийнхэн усны инженер, мэргэжилтнүүдийн боловсруулсан зөвлөмж, шийдлийг хүлээж авахгүй, нүдэн балай, чихэн дүлий царайлж суугаа гэх. Нидерландын Хаант Улсын “Гамшгийн эрсдэлийг бууруулах, яаралтай тусламжийн хөтөлбөр” (DRRS)-ийн хүрээнд манай улсын усны инженерүүд тус орны мэргэжилтнүүдтэй хамтран Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах богино, дунд, урт хугацааныстратеги,техникийн зөвлөмжийг сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд боловсруулж, энэ оны хавар дуусгасан ч нийслэлийнхэн өдий хүртэл хүлээж аваагүй аж. Аргаа барсан судлаачид нь аюул эрсдэл тохиохоос урьтан зөвлөмж, шийдлээ хотын захиргааныханд хүргүүлэхийн тулд нийгмийн сүлжээнд зарга тэмцлийн шинжтэй зүйлс бичиж, хотын мээрээс “Мэргэжлийн зөвлөгөө, шийдэл чухал уу, мөнгө чухал уу” хэмээн ам асууж байна.
Хамгийн хачирхалтай нь, гадаад, дотоодын туршлагатай мэргэжилтнүүдээр ийм стратеги, зөвлөмжболовсруулахсанаачилгыгнийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар гаргажээ. Тэрбээр 2023 оны үерийн дараахан хотын мээрээр томилогдсон даруйдаа Нидерландын Эдийн засаг, уур амьсгалын яамны харьяа Хөгжлийн агентлагийн “Гамшгийн эрсдэлийг бууруулах, яаралтай тусламжийн хөтөлбөр”-ийн ахлах мэргэжилтэн Айссэ Вижмад хамтран ажиллах санал хүргүүлж, тусламж дэмжлэг хүсэж байжээ. Энэ нь албан бичгээр баримт болон үлдэж. Уг хүсэлтэд “Манай улсад хүрэлцэн ирж Улаанбаатар хотод бол¬сон үерийн хор уршиг, усны барилга, байгууламжийн ажлуудтай танилцаж, “Үерийн сургамж, шийдэл” хэлэлцүүлэгт оролцсонд талархал илэрхийлье. 2023 оны аравдугаар сарын 27-нд хийсэн уулзалтын мөрөөр Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний хүрээнд барилга, байгууламж, далан, суваг, зам, талбайн борооны болон хөрсний усны түвшин бууруулах шугам сүлжээний чиглэлээр урт, богино, дунд хугацааны зөвлөмж ирүүлж, хөрөнгө оруулалт шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэхийг хүсье” гэжээ. Хотын даргын энэ хүсэлтийн дагуу талууд хамтран төсөл хэрэгжүүлж, нидерланд мэргэжилтнүүд өнгөрсөнд онд Улаанбаатарт хоёронтоо ирж судалгаа хийсний үндсэн дээр манай улсын өмнөө барьдаг судлаачидтай хамтран уг стратеги, зөвлөмжийг боловсруулж. Гэтэл өнөөдүүл нь өнгөрсөн хугацаанд үертэй тэмцэх чиглэлээр хийсэн ажилдаа сэтгэл нь ханасан уу, эсвэл гамшгийн аюул холдсон гэж уужирсан уу зөвлөмжийг нь тоож харахгүй байгаа гэх. Ер нь нийслэлийнхэнд, бүр тодруулбал, хотын дарга Х.Нямбаатар болон түүний багийнханд үерийн эрсдэлийг бууруулах чиглэлээр үр дүнтэй ажил хийх чин хүсэл эрмэлзэл байна уу.
ГОЛЫН ОРОН ЗАЙГ ХАМГААЛЖ ҮЛДЭХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ
Судлаачид энэ талаар ярилцлага өгөхөөс татгалзсан ч боловсруулсан зөвлөмжөө танилцууллаа. Тэд өнөөгийн Улаанбаатарын нөхцөл байдлыг “Үерт тэсвэргүй, аюултай” хэмээн дүгнэж байна. Үерийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2023 оноос хойш хэрэгжүүлсэн ажлууд тодорхой хэсэг газарт аюулыг хязгаарлах боловч нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд, ялангуяа голын сав дагуу орон сууцын хотхон, хороолол шавааралдуулан барьсан хотын төв хэсэгт эрсдэл өндөр хэвээр гэж дүгнэв. Улаанбаатар хот pluvial flooding буюу борооноос үүдэлтэй гадаргын усны түвшин нэмэгдэх үер, fluvial flooding буюу гол, горхи дагуух үер, ice-jam flooding буюу халиа тошингоос үүдэлтэй голын усны түвшин нэмэгдэх үерт өртөх өндөр эрсдэлтэй гэж үзсэн байна.
Үерийн аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгохын тулд олон арга хэмжээг шат дараа¬тай хэрэгжүүлэх шаардлагатайг зөвлөмжид тусгажээ. Үүнээс хамгийн чухал нь голын орон зайг хадгалан үлдэх, үерээс хамгаалах цогц арга хэмжээ хэрэгжүүлэх, сав газрын хэмжээнд ус шингээх хуримтлуулах зайлуулах нэгдсэн систем төлөвлөх гэнэ. Суурьшлын бүсдээ томоохон гол, нууртай улс, хотууд гoom for the river буюу голын орон зай хэмээх ойлголтыг ихэд чухалчилж авч үздэг, хамгаалдаг аж. Харин манайд үүний эсрэг бодлого хэрэгжүүлдэг нь асуудлын гол хэмээн үзжээ.
Дээрх судалгааны багт ажилласан, ШУТИСийн Барилга, архитектурын сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, усны инженер, доктор Б.Аюурзана “Голын усны түвшин байнга нэг хэмжээнд байдаггүй. Заримүед халина, урсац нь багасна, хэвийн түвшинд очно. Энэ бүх нөхцөлд тохирсон орон зайг тооцоолж, хадгалан авч үлдэж, үертэй үед хот руу ус оруулахгүй байх үүднээс хамгаалалтын далан, хана байгуулдаг. Ямар ч голд өөрийн гэсэн орон зайг нь үлдээж, төлөвлөлт хийх ёстой. Голын татамд зөвшөөрөлгүй барилга, байгууламж барьсан аж ахуйн нэгжүүдээр үерээс үүдэлтэй хохирлыг нөхөн төлүүлэх, эрсдэлийг бууруулахын тулд зарим хэсгийн газрыг зайлшгүй зориулалтаар чөлөөлөх, энэ чиглэлийн ажилд гар татахгүй хөрөнгө оруулдаг тогтолцоонд шилжихгүй бол голын орон зайг хэн ч хүндэтгэхгүй, хариуцлагагүй нэгний үйлдлээс болж нийтээрээ хохир¬дог явдал тасрахгүй. Манай улсын Төрийн тэргүүний гэрийн үүдэнд, Туул голын онцгой хамгаалалтын бүсэд хүртэл барилга барьж байна” гэсэн юм.
Үерийн эрсдэлийн удирдлагыг сайжруулахын тулд Засгийн газар хотыг салангид бус, цогц байд-лаар төлөвлөхөд болон барилга, байгууламжийн чанарт анхаарах, байгаль орчин, барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан яамд усны менежмент, газар ашиглалтын бодлогыг уялдаа холбоотой хэрэгжүүлэх, хотын удирдлагууд усны барилга, байгууламжийн чанар, насжилт, сувгийн засвар арчлалтыг хянах, Геодез, усны барилга, байгууламжийн газар зэрэг салбарын дагнасан нэгжүүдээ чадавхжуулах, төсөв санхүүгийн боломжийг нь нэмэгдүүлэх шаардлагатайг инженерүүд зөвлөжээ. Мөн үер, усны эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоо чухал гэдгийг ч дурджээ. Олон нийтийн идэвхтэй хариу үйлдэл, шаардах, шүүмжлэх сэтгэлгээ дээрх институцүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд нөлөөлдгийг сануулав.
20 ТЭРБУМААР ХАНА БОСГООД Ч ХАМГААЛЖ ЧАДАХГҮЙ
Мэргэжлийн хүмүүс уржнангийн үерийн гол шалтгааныг “Сэлбэ голын эрэг дагуу хууль бусаар барилга, байгууламж барьсан” -тай холбоотой гэж “оношилсон”. Голын орон зайд халдсанаас үүдэлтэй л гэсэн үг. Энэ нь цаад агуулгаараа нөхцөл байдлыг одоогийнхоос дордуулахгүй, нэмж барилга, байгууламж бариулахгүй байхад анхаарах сануулга, дохиог бидэнд өгч буй. Гэтэл нийслэлийнхэн үерийн эрсдэлийг бууруулах нэрийдлээр сүүлийн хоёр жилд Сэлбэ голыг сэглэж дуусгалаа. Юун орон зай, онцгой хам¬гаалалтын бүс, голдирол, татам. Хотын төв хэсэгт, голын эрэг дагуу хууль зөрчинбарилга,байгууламжбарьсан21 ажахуйн нэгжид хариуцлага тооцно, стандартын бус 10аад гүүрийг нураана гэж гамшгийн дараа хэсэг сүржигнэсэн хүмүүс “S’Outlet” дэлгүүрээр л туг тахиад өнгөрсөн, бусдыг нь яаж ч чадаагүй. Алдарт “Авлига” хорооллоо ч буулгаж хүчрэлгүй бай-саар ашиглалтад оруулахад нь “дэмжлэг” үзүүлэв. Харин одоо хотын төвийн оршин суугчдыг үерээс хамгаална гээд Сэлбэ, Дунд голын уулзварт, голдирлыг нь ухаж төнхөн байж 20.5 тэрбум төгрөгөөр бетонон хана босгож байна. Тэгвэл энэ түшиц хана хотын төвийнхнийг бүрэн хамгаалж ч чадахгүйг усны инженерүүд тооцоолжээ.
Сэлбэ голд 100 жилд нэг удаа тохиолдох ма¬гадлал бүхий үерийн урсцыг 1966 оноос хойш олон янзаар тооцож, тогтоосон гэнэ. Ингэхэд үерийн урсац нь секундэд 40-406 шоо метрийн хооронд хэлбэлзсэн бөгөөд хамгийн олон давтагдсан үзүүлэлт нь секундэд 140 шоо метр байж. Үүгээр дундажлан 2023 оны үерийн зураглалыг гаргаж, түшиц хана байгуулснаар ямар нөлөө үзүүлэхийг нь тооцоход эрсдэлтэй хэвээр гарчээ. Иймд “Гамшгийн эрсдэлийг бууруулах, яаралтай тусламжийн хөтөлбөр”-ийнхөн өөрсдийн боловсруулсан зөвлөмж, тайлангаа хотын захиргааны холбогдох албан тушаалтнуудын гарт атгуулах гэж байдгаараа хичээж бай¬на. Харин өнөөдүүл нь даншиг, нийслэлийн иргэдийн баяр, зам, бордюр гээд үер манатай л байгаа бололтой. Тэднийг ийн алгуурлах зуур хариуцлагагүйн үер дахин “хаалга” тогших вий.
Н.Мишээл