Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан “БатОршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэнг өнгөрсөн баасан гарагт дэлгэлээ. Эл үзэсгэлэнг Богд хааны ордон музейнхэн, уран бүтээлч, өв соёл судлаач С.Чулуунбаатартай хамтран зохион байгуулж буйгаараа онцлог хэмээв. Үүнд монгол төрийн Бат-Оршил өргөх ёслол, даншиг наадмын түүхийг өгүүлэх үзмэрүүд, Богд хааны сэнтий, дэнгав, таван хандны хувцас, мөнгөн Аюуш бурхан, суварга, мөнгөн бумба тэргүүтэй бүтээлүүдийг нэг дор дэлгэжээ. Түүнчлэн зураач С.Чулуунбаатарын Богд хааны ховор цуглуулгуудыг хүрээний хэв маягтай хослуулан дүрсэлсэн уран зургууд бий гэнэ. Уг уран бүтээлч нь цуврал зургуудынхаа тайлбарыг Өндөр гэгээний зохиосон “Соёмбо” бичгээр чимэглэсэн нь үзэгчдийн сонирхлыг татаж буй аж. Үзэсгэлэнг энэ сарын 20-ныг хүртэл Богд хааны ордон музейн танхимд олон нийтэд хүргэнэ.
Д.Сэлэнгэ