-32 жилийг элээсэн Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг шинэчилье-
Аглаг бүтээлийн хийдийн үйл ажиллагааг хэн, хэрхэн цааш нь үргэлжлүүлэх вэ гэх асуудал сөхөгдөхийн зэрэгцээ шашин номын үйл хэргийг тасалдуулах вий гэх санаа зовнил сүсэгтэн олны сэтгэлийг чилээх болжээ. Бурханч лам Г.Пүрэвбат тэнгэрт дэвшсэнээс жилийн дараа буюу өдгөө тухайн сүм хийдийгөмчлөх, эзэмших эрхийн асуудал олон нийтийн анхааралд өртөж, гэр бүлийнхэн нь болон шавь нар, хийдийн Удирдах зөвлөлийн гишүүдийн ярилцлага, мэдэгдэл хэвлэлээр хөвөрч байна.
Үйл явц хэрхэн өрнөв. Энэ тухайд товч сийрүүлэхэд, бурханч лам Г.Пүрэвбат агсны охин Анхааханаа “Аавыг өнгөрсний дараа нэг жилийн ойн дээр л асуудал үүсэж эхэлсэн. Удирдах зөвлөлийн гишүүд эхлээд биднийг эрүүгийн хэргээр шүүхэд өгсөн. Шалгаж үзээд баримтууд нь нотлогдоогүй.
Угаасаа бүх юм байгаагаараа, үйл ажиллагаа нь тасалдаагүй. Гэтэл дахиад иргэний хэргийн шүүхэд өгчихсөн байсан. Одоо уг үйл явц дөнгөж л өрнөж байна. Дүүгийн минь төрсөн өдрөөр гэрээслэл үлдээж буйгаа аав хэлж байсан. Тухайн үед гэрээслэлийг нэг их чухал гэж бодоогүй. Гэхдээ бидэнд үүрэг хариуцлага, ажил нэмэгдлээ гэх бодол төрсөн. Уг гэрээслэлийн агуулга маш энгийн. “Хоёр охиндоо Аглаг бүтээлийн хийдийг үлдээж байна. Хийдийн үйл хэргийг минь үргэлжлүүлээрэй, өв соёлоо түгээгээрэй” гэсэн агуулгатай. Удирдах зөвлөл гэх хэсэг лам нар яагаад ингэж сенсацлаад, чухалчлаад байгааг сайн ойлгоогүй” хэмээн хэд хоногийн өмнө ярьсан юм.
Тэгвэл Аглаг бүтээлийн хийдийн Удирдах зөвлөлийн гишүүд энэ сарын 23-нд албан ёсны мэдэгдэл гаргасан. Мэдэгдлээс товч дурдахад “Анх 2005 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн ИТХ-ын хуралдааны тогтоолоор нэгдүгээрт, Бор нуур сумын иргэдээс сүм байгуулахаар ирүүлсэн өргөдөл хүсэлтийг авч хэлэлцээд “Өлзий бадруулагч хийд” байгуулахыг зөвшөөрсүгэй гэжээ. Хоёрдугаарт, Төр, сүмийн хийдийн харилцааны тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг хийдийн тэргүүн, иргэн Г.Пүрэвбат багшид үүрэг болгосугай гэсэн тогтоол гарч байжээ. Одоогийн бидний ярьж заншсанаар Аглаг бүтээлийн хийдийг нийт иргэнд зориулж барьж байгуулахыг зөвшөөрсөн нь хувь хэн нэгний өмч биш гэдгийг харуулж байгаа юм. Тус нь сүм нь бурханч лам Г.Пүрэвбат багшийн дэглэсэн хурал уншлага, зан үйл, цагийн болон улирлын чанартай их хурал, уламжлал 2024 оны дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэл тасалдахгүй явж ирсэн. Харин нэг жил гаруйнхугацаанд БНСУ-ын иргэн Ким Ён Ран, П.Анхааханаа, П.Намуун-Очир нар нь Аглаг бүтээлийн хийдийн Удирдах зөвлөл болон бурханч багшийн аав, ахан дүүс, нийт шавь нарыг үл хүндэтгэн сүм хийдийг эзлэн түрэмгийлж, хувьдаа захиран зарцуулсаар ирсэн бөгөөд хурал номыг тасалдуулж, хутган үймүүлж байгаад харамсалтай байна. Багшийн албан ёсны гэрээслэл гарч ирсэн тохиолдолд Удирдах зөвлөлийн гишүүд бидний зүгээс гэрээслэлд хүндэтгэлтэй хандаж хүлээн зөвшөөрнө” гэсэн байв.
Харин бурханч лам Г.Пүрэвбат агсны аав Б.Ганхүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Аглаг бүтээлийн хийд хүүгийн минь амьд ахуй үеийнхээсөөрчлөгдөж, өдөр тутмын хэвийн үйл ажиллагаагаа алдаад эхэлж буйд сэтгэл маш их зовниж байна. Хэний үүрэг, оролцоо ямар байхыг тодорхой бичээд үлдээчихсэн болов уу л гэж бодож байна. Хэрвээ бичээд үлдээсэн байвал хүүгийнхээ хүслээр л болгоно гэж бодсоноос хэнд, юуг өмчлөн үлдээх нь бидэнд ерөөс сонин биш юм. Миний хүүхдүүдийн хэн нь ч, шавь нар нь ч өмчлөлийн гэрээслэл нэхээгүй” гэж ярьжээ.
Үүнээс үзэхэд ер нь Монгол Улсад сүм, хийдийн харилцааг хууль, эрх зүйн хувьд хэрхэн зохицуулдаг, барилга, байгууламж нь хувийн өмч үү, нийтийнх үү, зорилго, үйл ажиллагааг нь яаж хянадаг, санхүүгийн тайлан баримтаа хэрхэн бүрдүүлдэг гэх мэт маш олон асуулт урган гарч буй юм.
“ШАШНЫ ӨМЧИЙГ НАРИЙН ХУУЛЬЧЛААГҮЙ”
Иргэний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хангах, төр, сүм хийдийн хоорондын харилцааг зохицуулах зорилготой Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг манай улс 1993 онд баталжээ. Тус хуульд зааснаар сүм хийд байгуулах тухай иргэдээс гаргасан өргөдлийг дүрмийн хамт аймаг, нийслэлийн ИТХ хянан үзэж, зөвшөөрөл олгох, эсэхийг шийдвэрлэдэг юм байна. Олгосон зөвшөөрлийг үндэслэн сүм хийдийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэдэг аж. Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд 422 сүм хийд бүртгэлтэй байна. Будда, Христ, исламын болон бусад шашны сүм хийд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 1800 гаруй лам, номлогч бий гэх мэдээллийг Статистикийн нэгдсэн мэдээллийн сангаас харж болно.
Тодруулбал, 32 жилийн өмнө баталсан Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, зарим зүйл заалтыг хасаж, сайжруулсан хэдий ч илүү нарийвчлах шаардлагатайг хуулийн салбарынхан хэлж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаяр “Нийтийн өмчийн бие даасан нэг хэлбэр нь “шашны өмч”-ийн асуудал. Өмчийг олж авсан зорилго, өмчийн удирдлага, өмчийн дуусгавар болох онцлог ялгаа, зохицуулалттай байх ёстой ч манай хуульд энэ асуудлыг нарийвчилж тусгалгүйөнөөг хүрсэн. 2018 онд Хууль зүйн яамныхан нэг төсөл танилцуулсан ч бүтэл муутай болж зогсоосон. Онолын хувьд шашны өмч нь сүсэгтэн, итгэгч, олон түмний бурхан ном, буяны үйлд сайн дураараа даган баясаж, итгэл сүсгээ өгч даатгасан зүйл юм. Өөрөөр хэлбэл, “бурхан”-д өгч буй өглөгийн үр шимээр бий болдог тул хэн ч булаалдах ёсгүй буюу бурхны элч төлөөлөгчийн хувийн өмч биш. Энэ утгаараа гэр бүлийн өмчөөс ялгаатай нь өв залгамжлагдах ёсгүй гэдэг филосифи бий. Одоо сүм хийдүүд багагүй өмч хөрөнгөтэй болж, анхны үүсгэн байгуулагчид нь нас өндөр болсон. Гэтэл манай улс өв залгамжлалын эрх зүйн харилцааг шашны өмчийн хувьд нарийн хуульчлаагүй тул цаашид том асуудал, эрх зүйн хийдэл, маргаан өрнүүлэхээр байна. Шашны зүтгэлтнүүд маань үүнд дэмжлэг үзүүлж, бодол санаагаа гаргавал юутай сайн. Төрд хуулийн төсөл нь бэлэн байгаа шүү дээ” хэмээн цахим хуудсандаа бичжээ.
ӨГЛӨГӨӨР БҮТЭЭСЭН СҮМ ХИЙД БОЛ НИЙТИЙН ӨМЧ
Сүм хийдтэй холбоотой эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах шаардлагатай талаар хэд хэдэн хуульчаас тодруулахыг хүссэн ч татгалзсан юм. Ялангуяа Аглаг бүтээлийн хийдийн тухайд баримт, мэдээлэлтэй нь танилцаагүй учир дүгнэлт, тайлбар өгөх шаардлагагүй гэж байв.
дурдсан зүйлийг үр хүүхэд, ар гэрт нь өвлүүлэх хуулийн заалттай. Иймд гэрээслэл бий юү гэдэг эхний, үүнийг хууль ёсны дагуу үйлдсэн үү гэдэг дараагийн асуудал. Мөн гэрээсэлсэн эд хөрөнгө нь талийгаачийн өөрийнх нь нэр дээр бүртгэлтэй, эсэхийг шалгах гэх мэт олон асуудал бий. Аглаг бүтээлийн хийдийн тухайд нарийн түвэгтэй асуудал их харагдаж байна лээ. Бүх л амьдрал, оюун, сэтгэлээ зориулж бүтээсэн зүйл шүү дээ” хэмээсэн.
Итгэл үнэмшил бол эмзэг асуудал. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно хэмээн Үндсэн хуульд заасныг хэн хүнгүй мэддэг. Гэвч хэрэгжүүлэхдээ маруухан, сүм хийдүүд нь ашгийн бус, бусдын сайн сайхны төлөө ажиллах үндсэн үүргээ умартсан тохиолдол ч цөөнгүй. Тэр ч бүү хэл, бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэл, элдэв төрлийн гэмт хэргийн үүр болсон газар ч цөөнгүй. Хонины арьс нөмөрсөн чоно мэт гэгээнтний дүр эсгэсэн луйварчинч олон бий. Энэ бүхнийг хүчээр бус, хуулиар л зохицуулах боломжтой. Гэтэл эрх баригчид шашны асуудлыг үл тоож, хайнга хандаж, аль 1993 оны хуулийг одоо ч зүтгүүлсэн хэвээр. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 2021 оны намрын чуулганд Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч өргөн барилгүй өдий болтол хав дарчихсан. 1990 оноос хойш шашин шүтдэг хүн амын эзлэх хувь, шашны урсгал чиглэлд томоохон өөрчлөлт гарсан шүү дээ. Тухайлбал, 1993 ондулсын хэмжээнд 93 сүм хийд үйл ажиллагаа явуулж байсан бол одоо400 гаруй болж нэмэгдсэн байна.
Хэдийгээр шашны гаж урсгалыг Монголд хуулиархориглосон ч сүмийн эд хөрөнгөтэй холбоотой асуудлыг нарийн зохицуулаагүй. Энэ нь олон маргаан дагуулж, цаашид илүү хурц хэлбэрт шилжиж мэдэхийг хуулийн мэргэжилтнүүд анхааруулсныг дахин дахин сануулахад гэмгүй. Өөрөөр хэлбэл, одоо л өөрчилж, засаж залруулахгүй бол хүний жам ёсны эрх болох шашин шүтэх, эс шүтэх асуудалтай холбоотой маргаан, цаашлаад өмч хөрөнгийн асуудал хурцдаж мэдэхээр байна.


