Яг одоо хариулт нэхэх ёстой хамгийн чухал асуулт бол “Шинэчлэх шаардлагагүй, эвдэрч хэмхрээгүй замуудыг яагаад энд тэндгүй сүйдлээд байна вэ”. Эндээс олон зүйлийн учиг зангилаа, өдгөө нийгэмд анхаарал татаад буй асуултуудын хариулт тодорхой болох учиртай. Тиймээс нийслэлийнхэн үүнд хариулахаас зайлсхийж, хятад, монгол хавтан, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн нэгдсэн стандарт, улс төрийн зорилготой харлуулах ажиллагаа гэсэн сэдвүүд рүү олны анхаарлыг хазайлгаж, алсруулах оролдлого хийж байх шиг.
Уншигчид анзаарсан бол сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотын иргэд явган хүний зам, талбайн тохижилтын ажлаас болж уур бухимдлаа барж байна. Засаж, шинэчлэх шаардлагагүй замуудыг хаа сайгүй хуулж, төсөвт дарамт, явган зорчигчдод төвөг чирэгдэл учруулж буй хотын удирдлагуудын баярхал, муйхарлалыг олон нийт эрс шүүмжилж, зам, бордюрын зургаар нийгмийн сүлжээнд давлагаалаад эхэлмэгц нийслэлийнхэн олны анхаарлын төвд хавтангийн асуудлыг зориуд оруулав бололтой. Энэ нь угтаа замын чанар, эдэлгээнд санаа тавьсан бус, гол асуултаас бултсан сарниулах ажиллагаа шиг л харагдаж байгаа юм.
Явган хүний зам, талбайг хаанахын, аль үйлдвэрийн түүхий эд буюу ямар хавтангаар шинэчилж буй талаар олон нийтийн дунд талцал маргаан, “хэлэлцүүлэг” өрнүүлэх нь, дараа нь үүндээ зохиолын дагуу хариу тайлбар өгөх нь “Эвдрэлгүй замуудыг яагаад сүйтгээд байна вэ” гэдэгт хариулахаас мэдээж амархан. Материал нийлүүлэлттэй холбоотой элдэв зөрчил илэрлээ гэхэд эрх мэдэлтнүүд бурууг бусдад нялзааж, уснаас ядах зүйлгүй хуурай гарчихна. Үүний дагуу нийслэлийнхэн уржигдар хэвлэлийн хурал хийж “Явган хүний зам тохижуулах ажлыг гүйцэтгэхдээ аль болох үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого баримталж байгаа. Гэхдээ энэ ажлыг олон аж ахуйн нэгж зэрэг хийж буй учраас зарим туслан гүйцэтгэгч импортын чулуун хавтан ашигласан тохиолдол гарсан” хэмээн өөрсдийгөө өмгөөлсөн. Хавтан тойрсон түр зуурын хэрүүл ч ингэсхийгээд намжив. Гэтэл үүний цаана төсвийн үр ашиггүй зарцуулалт, хяналт, хариуцлагын тогтолцоотой холбоотой хамгийн чухал асуулт хариултгүй үлдлээ. Хотын удирдлагууд эвдрэлгүй, бүрэн бүтэн замуудыг яагаад сүйтгээд байна вэ.
ХОТЫН ОРЛОГЧИЙН ТОХУУРХАЛ
Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдү¬ гээр орлогч Т.Даваадалай үүнийг хотын ерөнхий төлөвлөгөө, нэгдсэн стандартыг хэрэгжүү¬ лэхтэй холбож тайлбарласан. Тэрбээр “Энэ жил Улаанбаатар хотын хэмжээнд 15 байршилд нийт 58.2 км урт, 215 мянган ам метр талбай бүхий явган хүний замыг байгалийн чулуугаар шинэчилнэ. Энхтайваны өргөн чөлөө, Их, Бага тойруу, Их Монгол, Чингисийн өргөн чөлөөний дагуух хэсэг буюу хотын төвийн гол гудамжуудыг ерөнхий төлөвлөгөөний дагуу стандартад нийцүүлж, ансамбльтай болгох зорилготой. Гол магистраль дагуух замуудыг чулуун хийцтэй болгож шинэчилснээр чанар, эдэлгээ нь сайжрах, халтиргаа гулгаа багасах давуу талтай” гэсэн нь яг үнэндээ тохуурхал, доромжлол шиг сонсогдов.
Угаас замбараагүй төлөвлөлттэй, ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнийх нь бодлого, үзэл баримтлал алдагдаад тартагтаа тулсан, хотын төвийнхөө аль өнгө үзэмжтэй, архитектурын ансамбль үүсгэсэн түүхэн барилгуудаа толгой дараалан сүйтгээд дуусаж буй манай хотод явган хүний зам, бордюрт л “хамгийн өндөр” стандарт яригдах болсон нь эмгэнэлтэй. Тэгээд бүр эвдрэлгүй, бүрэн бү¬ тэн замуудыг сүйтгэн байж стандартаар түрээ барьсан стандартын бус ажлууд хийх болсон нь харамсалтай. Угтаа бол нийтийн эзэмшлийн гудамж, талбай, зам харгуйг нэгдсэн стандарттай болгоё гэвэл тэгш, хүртээмжтэй төлөвлөхөөс буюу засаж, шинэчлэх зайлшгүй шаардлагатай газруудаас ажлаа эхлүүлэх ёстой юм. Гэтэл Улаанбаатар хотын удирдлагууд, зам, дэд бүтэц хариуцсан албан тушаалтнууд нийслэлийн төв хэсэг буюу Их, Бага тойруу орчмын зам, талбайг л тойрч тойглосоор бусдыг нь орхигдуулж, тэгш, хүртээмжтэй дэд бүтцийн стандартыг жинхэнэ утгаар нь алдагдуулж байна.
АНХААРЛААС ГАДНА ҮЛДСЭН АНХААРУУЛГА
Эвдрэлгүй замуудыг шинэчлэх нэрээр татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байна хэмээн ийн итгэлтэйгээр хэлэх болсон нь мэдээж баримттай. Өглөө нь зүв зүгээр, бүрэн бүтэн байсан замыг орой нь хуулаад, энд тэндгүй хавтан, шороо овоолчихсон, явахын аргагүй болгочихсон дүр зураг нийслэлийн төвийн дүүргүүдэд хаа сайгүй харагдах болсныг иргэд цахим сүлжээнд өдөр тутам хуваалцсаар. “Нийслэлд өдий олон жил амьдрахдаа зам, талбайг ингэж хуугаар нь сүйтгэж, замбараагүй болгож байсныг харсангүй” хэмээн бухимдах иргэд ч байна. Гэтэл нөгөө талд нь “Нийслэлийн замуудыг ингэж нэг дор зоригтойгоор, муу хэлүүлэн байж шинэчлэх хүн Х.Нямбаатараас өөр үгүй” гэх пиарын шинжтэй пост, сэтгэгдэл бичих хүмүүс ч байх. Тэгвэл нийслэлд хийж байгаа бүтээн байгуулалтад хяналт тавих чиглэлээр ажилладаг хөндлөнгийн болон авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй төрийн байгууллагынхан энэ ажлын цаана төсвийн үр ашиггүй зарцуулалт, тендерийн шалгаруулалт, хяналт, тайлагнал, ил тод байдалтай холбоотой олон зөрчил байж болзошгүйг мэдээлсээр байна.
“Төсвөө мэдье, төсвөө мөшгөе” нөлөөллийн аяныг санаачлагч гэдгээрээ нийгэмд танигдсан “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллагынхан нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд өнөө жил хийж буй явган хүний зам засварын ажлуудыг аль зургаадугаар сараас эхлэн эсэргүүцэж, хотын дарга Х.Нямбаатар, нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаярт шаардлага хүргүүлсэн. Тэд засаж, шинэчлэх шаардлагагүй замуудад их хэмжээний мөнгө зарцуулах хэрэггүй гэж үзсэн. Гэтэл нийслэлийнхэн ч тоогоогүй, иргэд, олон нийт ч ойшоогоогүй.
Дараа нь тус байгууллагынхан Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийнхэнтэй хамтран зөвхөн Баянгол дүүргийн нутагт дэвсгэрт 12.5 тэрбум төгрөгөөр гүйцэтгэж буй явган хүний зам, ногоон байгууламж бүхий тохижилтын ажилд хяналт тавиад солих шаардлагагүй, бүрэн бүтэн хавтангуудыг шинэчилсэн, заримыг нь ямар ч хяналтгүй, зураг төсөлгүй хийж байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлсэн талаараа мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, одоо хотын төвд нэгэн зэрэг өрнөж, олон нийтийн анхааралд ороод байгаа будилаантай ажлууд эхнээсээ эсэргүүцэл, шүүмжлэл дагуулсан ч нийслэлийнхэн нүдэн балай, чихэн дүлий юм шиг зүтгүүлсээр өдий хүрсэн гэсэн үг.
“ВАНТ УЛС”-ЫН БАЯРХАЛ
“Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллагын дэд захирал Б.Энхбаяр “Нийслэлийнхэн тусдаа вант улс болчхоод хамгийн их төсвөөр үр ашиггүй ажлууд хийж байна” хэмээн өнгөрсөн хавар шүүмжилж байв. Өдгөө Улаанбаатарт өрнөж буй зам засварын ажлууд үүнийг баталж байна.
Явган хүнд зориулсан зам, талбайн ажилд энэ жил 32 тэрбум төгрөг төсөвлөснийг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас мэдээллээ. Эвдрэлгүй замуудыг сүйтгэж, стандартад нийцүүлэх ажилд ийм их хэмжээний хөрөнгө төсөвлөсөн гэхээр нийслэлийнхэн энэ улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, төсөв санхүүгийн хүндрэлийг хэрхэн “үл ойшоож”, татвар төлөгчдийн мөнгөөр тарвалзаж буй нь ойлгогдоно. Уг нь төсвөө хэмнэе, үр дүнтэй зарцуулъя гэвэл тэвчиж, хойш тавьж болох зардал нийслэлд өчнөөн. Нөөц боломжоо ашиглах хувилбарууд ч бий.
Ганцхан жишээ дурдахад, төвийн зургаан дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллагын агуулахад гэхэд дахин ашиглах боломжтой, эвдэрч хагараагүй 700 орчим тонн хавтан хог болон хадгалагдаж буйг Авлигатай тэмцэх газрынхан судалж тогтоосон юм билээ. Гэтэл нийслэлийнхэн үндэсний үйлдвэрүүд, дотоодын компаниудын нэрээр хаанахынх нь үл мэдэгдэх хавтан шахаж буй. Түүнийгээ чанартай, эдэлгээ сайтай, халтирдаггүй гэж сурталчилж байгаа ч нийлүүлэлт, үнэ өртөгтэй холбоотой нарийн, тодорхой мэдээллийг нь ил болгоогүй.
ЗАМ ЗАСВАР-ЗАЛХААН ЦЭЭРЛҮҮЛЭЛТ
Нийслэл дэх зам засварын ажлуудад холбогдох байгууллагын албан тушаалтнууд тогтмол хяналт тавьж буйг хотын даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилгын захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг мэдээлсэн. Хяналт тавина гэдэг нь угтаа тухайн ажил гэрээний дагуу хэвийн үргэлжилж буй, эсэх, чанар, гүйцэтгэл нь ямар байгааг анхаарна гэсэн үг. Гэтэл бодит байдалд явган хүний зам, талбайн засвар, тохижилтын ажлууд хяналтгүй, замбараагүй, дэндүү удаан үргэлжилж буйг иргэд хэлж байна.
Техник хэрэгсэл, хүн хүчний нөөц боломжоо харгалзаж, нарийн төлөвлөлгүйгээр энэ их түгжрэл, төвлөрөлтэй хотод зам, барилгын ажил зэрэг эхлүүлэх нь бодлогогүй алхам, залхаан цээрлүүлэлт гэдгийг хотын удирдлагууд мэддэг байлтай. Манайх байтугай хөгжингүй улсууд зам засахдаа асар нарийн төлөвлөж, өдөрт хийж чадах хэмжээгээрээ хэсэгчлэн хааж, иргэдэд аль болох төвөг чирэгдэл учруулахгүйгээр гүйцэтгэдэг шүү дээ. Гэтэл манай хотын удирдлагууд өдөр алдаж шөнө гэгчээр хичээлийн шинэ жил эхлэх, түгжрэл, замын хөдөлгөөн ид ихсэх үеэр гэнэт ухаан оров уу гэлтэй замын компаниудаа шахаж эхлэв бололтой. Зарим нь хэдхэн алхмын газар дахь замыг шинэчлэх гэж 20-иод хонож буй гэх. Явган хүний замуудыг шинэчлэх ажлын явц одоогоор нийслэлийн хэмжээнд дөнгөж 40 орчим хувьтай байна. Цаад талын хугацаа нь аравдугаар сарын 15 гэхэд дуусгах гэнэ. Тэдний энэ алгуурлал ч цаанаа учиртай байж болох. Борооны улиралд хамаг балаг нь илэрч, бүтээн байгуулалтын ажлууддаа дүн тавиулдаг нийслэлийнхэн нэг зуныг ч болов чих амар өнгөрөөх гэв үү, эсвэл зуны сарыг зургаа юм шиг назгайрдаг монголчуудын уламжлалаар хойрго загнаж ийм тов гаргав уу.
Н.Мишээл