- “Саарал” эдийн засгаа харлахаас нь өмнө хямгадахыг шинэ хуулийн төсөл зорьжээ –
Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990 оноос хойш Татварын багц хуулийг дөрөв дэх удаагаа өөрчлөхөөр хэлэлцэж байна. Эхнийх нь биднийг зах зээлд хөлөө олох гэж тэмтэрч, бүдэрч, суралцаж байх үед, тухайн нийгмийнхээ сэтгэл зүйд тааруулж хийсэн татварын нэмэлт, өөрчлөлт байв. Харин 2019 онд хийсэн татварын өөрчлөлт бол ЖДҮ-ийг дэмжихэд чиглэсэн байдаг. Энэ нь өнөөдөр эргэн харахад татварын тогтолцоог нэлээд гажуудуулсан байгаа юм. Хувь хүний орлогын албан татварын доод босгыг 10 хувиас эхэлж 15, 20 хувь гэж тогтоосон. Танд хэзээ нэгэн цагт “Яагаад би жилд аравхан саяын орлоготой байж 100 саяын орлоготонтой адилхан татвар төлөөд байгаа юм бэ” гэсэн нэг л ёозгүй, тэгш бус мэдрэмж төрж байсан уу?
Нийт иргэдийн 90 хувь нь одоогоор прогрессив бус, регрессив шинжтэй татвар төлж байна. Прогрессив гэдэг нь төлбөрийн чадвар багатай хүмүүсийн татварын дарамтыг бууруулах, ачааллыг нөгөө тийш шилжүүлдэг. Харин регрессив буюу одоо бидний төлөөд буй борлуулалтын татвар (sales tax) нь бага орлоготой хүмүүс орлогынхоо дийлэнх хувийг хүнс, өргөн хэрэглээний бараа гэх мэтэд зарцуулдаг. Тэгэхээр дээр дурдсан орлогын ялгаатай байтал 10 хувийг төлдөг тогтолцооны цаана бага, дунд орлоготой иргэдийн худалдан авах чадвар буурч байдаг. Тиймээс одоогийн мөрдөж буй татварын хууль иргэдэд хүнд дарамт болоод байна.
Дундаж цалинтай иргэн хамгийн багадаа орлогынхоо 32-33 хувийг эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлд төлж байна. Ажил олгогчийн төлдөг хэсгээс гадна цалингаасаа шууд суутгуулдаг нь 20 гаруй хувьтай болчхоод байна. Татварын ачааллыг ярихад нийгмийн даатгалын шимтгэл өндөр байна шүү дээ гэдэг. Гэтэл Татварын болон Нийгмийн даатгалын багц хууль ялгаатай.
Дараагийн асуудал нь НӨАТ. Тогтолцооны гажуудлын эх үүсвэр нь 70 гаруй төрлийн худалдаа, үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлсөн явдал. НӨАТ бол бүртгэлийн систем юм. Татварыг нь эцсийн хэрэглэгчид төлдөг. Гэтэл дээрх худалдаа, үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлснөөр дундын хэрэглэгчдэд татварын дарамт болж хувирдаг бөгөөд хэн, ямар орлоготойг нь тодорхойлох боломжгүй болдог. Улмаар татвар, нийгмийн даатгал, халамжийн бодлогууд “бай”-гаа онож чадахгүйд хүрчихээд байна. Өнөөдөр 80 гаруй төрлийн халамжийн бодлогын арга хэмжээ хэрэгждэг ч хүрэх ёстой хүмүүстээ хүрээгүй, тэд тийм төрлийн халамж байдгийг ч мэддэггүй. Жишээ нь, хүүхдийн мөнгийг чинээлэг хэсгийнхэнд өгмөөргүй байна гэдэг шүүмжлэл гардаг ч хэн чинээлэг вэ гэдгээ тодорхойлж чадахгүй байгаа нь НӨАТыг чөлөөлснөөс буюу орлогын бүртгэлийн тогтолцооны гажуудалтай холбоотой юм. Тиймээс бүх аж ахуйн нэгж НӨАТ төлөгч байг. Бүх худалдаа, үйлчилгээнээс НӨАТ авдаг байя. Энэ өөрчлөлтийн дараа хаана, хэн ямар орлоготой нь тодорхой болно.
Энэ хуулийн төслийн хамгийн сонирхолтой хэсэг нь эцсийн хэрэглэгчдэд хангалттай хөнгөлөлт эдлүүлэхээр хийсэн зохицуулалт юм. Иргэн бүр 500 мянган төгрөгийн худалдан авалт тутамд НӨАТ-аа 100 хувь буцааж авна. Жишээ нь, таван ам бүлтэй өрх сард 2.5 сая төгрөгийн худалдан авалт хийхдээ ямар нэгэн татвар төлөхгүй гэсэн үг. И баримтаа уншуулаад, 1-2 хоногийн дотор, эсвэл тухайн сардаа багтаагаад буцаан олголтоо 100 хувь авна. Дээр хэлсэнчлэн НӨАТ бол бүртгэлийн систем учраас бүртгүүлээд, төлсөн татвараа буцаагаад бү¬рэн авчихаж байна. Ямар төрлийн худалдаа, үйлчилгээ байхаас эс хамааран эхний 500 мян¬ган төгрөгийн худалдан авалтад ногдох НӨАТыг 100 хувь буцаан олгоно. 501-800 мянган төгрөгийн худалдан авалтаас НӨАТ-ын 50 хувийг нь, түүнээс дээших дүнтэй бол 20 хувь, хоёр хувийг буцааж олгоно. Нэг талдаа бүгд төлье гэх нь дарамт нэмэгдэж буй мэт санагдаж болох ч эцсийн хэрэглэгч НӨАТ төлөгчид учрах хөнгөлөлт нэмэгдэх юм.
Жишээ нь, өнөөдрийн байдлаар гар дээрээс худалдаа хийдэг, малынхаа ашиг шимийг борлуулдаг, “Зуун айл” дээр худалдаа, үйлчилгээ эрхэлдэг гэхчлэн 70 гаруй төрлийн худалдаа, үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлсөн байсныг өөрчилж зөвхөн боловсрол, эрүүл мэнд, оршуулгын үйлчилгээ үзүүлэх зэрэг цөөн хэдэн байгууллагаас бусдыг НӨАТ төлөгч болгох юм. Энэ төслийг сүүлийн долоон сар боловсруулж, Татварын ерөнхий газар, Сангийн яам, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, ОУВС-тай зөвлөлдөж зөвлөмж авч, дэмжсэн захидал хүлээж авсан байна. Ингээд Засгийн газраас өргөн барьж буй хуулийн төсөлтэй зэрэгцүүлээд, харьцуулж үзээд шийдье гэсэндээ D Parliament вэб сайтад нийтлээд олон нийтээр хэлэлцүүлж байгаа аж.
800 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ДООШ ОРЛОГОТНУУД ТАТВАР ТӨЛӨХГҮЙ
Татварын багц хуулиар хувь хүний орлогын албан татварыг бууруулахаас гадна худалдан авалт хийхэд нь ачааллыг багасгаж, татварын буцаалтыг өсгөж, эдгээр хөнгөлөлтийг хангалттай өгсний үр дүнд НӨАТ-ыг бүртгэлийн систем байх зөв гольдролд оруулах юм. Өнөөдөр нийт иргэд, ААН, худалдаа үйлчилгээний 70 хувь нь НӨАТ төлөгч, 30 хувьд нь хамааралгүй байна. Энэхүү 30 хувь нь татварын бүртгэлгүй, ямар орлоготой нь мэдэгддэггүй учраас “саарал” эдийн засаг гэж нэрлээд байгаа юм. Энэ хэмжээг 95 хувьд хүргэх шаардлагатай. Цалингаас төлдөг хувь хүний орлогын албан татварыг бууруулж, иргэн бүр 800 мянган төгрөгөөс дээш давсан орлого тутамдаа л 10 хувийн татвар төлнө. Сарын 800 мянга, жилийн 9.6 сая төгрөгийн орлогын татвартаа төлсөн НӨАТ-аа 100 хувь буцааж авна. Ингэхийн тулд тайлангаа үнэн зөв мэдүүлнэ. Үр дүнд нь хэн, ямар орлоготой нь тодорхой болно. Тэгж байж татвар бууруулах механизмыг хэрэгжүүлэх боломж үү снэ. Өнөөдрийн статистикаас харахад сарын 800 мянган төгрөг доторх орлоготон 360 гаруй мянган хүн байна. Голдуу улирлын чанартай ажил гүйцэтгэгч, цагийн ажилтнууд байдаг бөгөөд тэд татвар төлдөггүй болно. Харин сарын орлого нь 800 мянган төгрөгөөс дээш давсан тохиолдолд татвар төлж эхэлнэ.
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ӨӨРЧЛӨЛТ ЮУ БАЙХ ВЭ
Өнөөдөр мөрдөж буй хуулиар хувь хүний орлогын албан татвар 120 сая төгрөг хүртэлх орлогод 10 хувийн татвар ногдуулж байна. 120-180 сая төгрөгийн орлоготой бол тухайн шатлалаас давсан орлого дээрээ 15 хувь, 180 сая төгрөгөөс дээш давсан бол мөн л давсан орлого дээрээ 20 хувийн татвар ногдуулдаг. Эндээс харахад одоо мөрдөж буй хуулиар бага орлоготой иргэдээ хувь хүний орлогын албан татвараас чөлөөлсөн байдал огт байхгүй юм билээ. Нэмэлт, өөрчлөлт оруулснаар 120 сая төгрөгөөс дээш орлоготой бол 15 хувь байгааг нь 10 хувь, түүнээс дээш 180 сая хүртэлх давсан орлого дээр 12 хувь болгон татварыг бууруулж байгаа юм. 180-240 сая хүртэлх орлого дээр шатлалаас давсан орлогын хэмжээн дээр 14 хувь болж ачаалал буурна. Хуучин 20 хувь байсан шүү дээ. Харин одоо 360 саяас дээш орлого дээр л 20 хувийн татвар авах нь. Босго дүн хоёр дахин нэмэгдэнэ. Хүн бүр 800 мянган төгрөгийн орлого дээрээ tax credit буюу татварын хөнгөлөлтөө эдэлнэ. Цаашдаа тайлан мэдүүлсэн бүртгэлээрээ орлогын хэмжээгээрээ шатлал бүртээ хөнгөлөлт эдлэх нь. Чухам ямар шатлал дээр яаж өөрчлөгдөж буйг доорх харьцуулалтаас тодорхой харж болно.
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫГ НЭГ ХУВЬ БОЛГОХ УУ
Хувь хүний орлогын албан татварыг нэг хувь болгоё гэсэн “ганган” саналыг нэр бүхий гишүүд дэвшүүлсэн. Гэтэл нэг жилд хуримтлуулдаг энэ төрлийн татварын орлого нь 2.4 их наяд төгрөг байдаг. Хэрэв уг татварыг нэг хувь болгочихвол төсвийн орлого 2.2 их наяд төгрөгөөр буурна. Хувь хүний орлогын албан татварын бүрдлээс 40 хувь нь сум, дүүргийн төсөвт ордог. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний орлого дутагдсанаар сум, дүүргүүдэд нийт 2.2 их наяд төгрөг олж өгөх хэрэгтэй болно. Ингээд төсөвт 4.4 их наяд төгрөгийн сөрөг нөлөөлөл үзүүлэх нь. Гэтэл татварын багц хуулиар үзүүлэх гэж буй нийт нөлөөлөл нь 4.4 их наяд шүү дээ. Зорилго маань татвар бууруулах бус, татварын тогтолцооны гажуудлыг засах, халамж “бай”-гаа онодог байх, нийгмийн даатгалын бодлогыг оновчтой болгох явдал байтал энэ боломжуудаа олон нийтээр алга ташуулах гоё, популист саналаар үгүй хийж болохгүй.
Дээрх өөрчлөлтүүд, хөнгөлөлтүүдийн үр дүнд татвар төлөгч иргэдэд дөрвөн их наяд төгрөгийн хөнгөлөлт өгөх нь. Шинээр, анх удаа байр авах, эсвэл эрчим хүчний хэмнэлттэй орон сууц худалдаж авахад хувь хүний орлогын албан татвараас зургаан сая төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг байсан бол энэ хуулийн төсөл батлагдсанаар 15 сая төгрөгийн хөнгөлөлт эдлэх нь. Дундаж цалин 1.5 сая төгрөг гэж үзвэл тухайн ажилтнаас авдаг нийгмийн даатгалын шимтгэл 172 500 мянга, хувь хүний орлогын албан татварыг 10 хувиар бодоход 132 750 мянга, гарт олгох цалин 1 194 750 сая төгрөг. Сард нэг сая төгрөгийн худалдан авалт хийснээр тооцоход төлсөн НӨАТ нь 107 мянган төгрөг, НӨАТын хоёр хувийн буцаалт 21 500 төгрөг, сарын хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт 16 мянган төгрөг гэхчлэн нийт татварын хөнгөлөлт, буцаалтуудад 37 506 төгрөг авч, бодит төлсөн татвар нь 202 мянган төгрөг, татварын ачаалал 13.5 хувь болж байна. Энэ бол өнөөдрийн мөрдөж буй тогтолцоо. Нэмэлт, өөрчлөлт орсны дараа НӨАТ-ын хөнгөлөлт нэмэгдэж 21 500 бол 70 500 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ. Хувь хүний орлогын албан татварын сарын хөнгөлөлт 16 мянган төгрөг байсан бол 80 мянга болж нэмэгдэх нь. Татварын хөнгөлөлт, буцаан олголт 37 500 төгрөг байсан бол тав дахин нэмэгдэж 150 506, төлсөн татварын хэмжээ 202 мянга байсан бол 89 мянга болон буурч, хамгийн гол нь сард 1.5 сая төгрөгийн буюу дундаж цалинтай иргэн таны өнөөдөр үүрч буй татварын ачаалал 13.5 хувь байгаа нь зургаан хувь болтлоо буурах юм.
Яг ийм тооцооллоор бага цалинтай буюу хө¬дөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөгөөр цалинждаг иргэний татварын хөнгөлөлт буцаалт, 30 мянган төгрөгөөс 128 мянга болж дөрөв дахин өснө. Мөн өндөр цалинтай буюу 3.5 сая төгрөгийн цалинтай иргэдийн хувьд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, буцаалт 44 мянган төгрөг байгаа нь 199 мянга болон нэмэгдэж, харин татварын ачаалал 14 хувьтай байгааг 9.5 хувь болтол бууруулахаар тооцоолжээ. Энэ бүх шийдвэр хэрэгжихэд иргэдийн өрхийн орлогыг хамгаалж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих юм. Түүнчлэн Татварын багц хуулийг өөрчилснөөр аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг бууруулж, үйл ажиллагааг өргөжүүлэх, НӨАТ-ын төлөлтийг хойшлуулж мөнгөн суурийн асуудлыг шийдвэрлэх зэрэг олон нааштай өөрчлөлтийг санал болгожээ. Энэ талаараа олон нийтийн саналыг цахимаар авах, нүүр тулсан нээлттэй хэлэлцүүлэг хийх зэргээр хуулийн төслөө танилцуулж эхлээд байна.
У.Оргилмаа

