Үндэсний их баяр наадмаар ёс юм шиг өргөн дэлгэцнээ гардаг, “жинхэнэ” монгол эрийн идеал дүр, жудаг бүхий кинонууд түүнээс гаралтай. Энэ онд Монгол Улсад кино урлаг үүсэж, хөгжсөний 90 жилийн ой тохиож байна. Үүнтэй зэрэгцүүлэн манай сонин “алтан үеийн” гэгдэх дэлгэцийн киноны нэрт найруулагчид, тэдний уран бүтээлийг уншигч¬ дадаа цувралаар танилцуулж буй билээ. Энэ удаагийн нийтлэлийн баатар бол Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Жамъянгийн Бунтар.
Тэрбээр 1928 онд Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт төржээ. 1963 онд ЗХУ-ын Бүх холбооны кино урлагийн дээд сургуулийг уран сайхны кино найруулагч мэргэжлээр дүүргээд Монгол кино үйлдвэрт редактор, үйлдвэрийн дарга, ерөнхий найруулагчаар тус тус ажилласан нэгэн юм. Ж.Бунтар “Төгсгөл” (1967), “Далайд дусал нэмэр” (1970), “Нар хиртсэн жил” (1974), “Эх бүрдийн домог” (1975), “Давааны цаана даваа” (1977), “Гэрлэж амжаагүй явна” (1981), “Гарьд магнай” (1983), “Ирж яваа цаг” (1986), “Тод магнай” (1990), “Цэц магнай” (1995) тэргүүтэй 20 орчим уран сайхны, 60 гаруй баримтат кино найруулаад зогсохгүй, “Бүхэлдээ хүний төлөө”, “Тэнгэр бид хоёр”, “Тэд эх орныхоо төлөө тулалдсан юм”, “Бидний хариуцлага”, “Сүүн цагаан сэтгэл”, “Хайрыг булаасан бүсгүй” зэрэг 30 шахам ор¬ чуулгын бүтээлд ажилласан байна. Түүнчлэн “Хөхөө гэрлэх дөхлөө” (1962), “Нийслэл хүү” (1968), “Дэгдээхэй нас” (1977), “Гэрлэж амжаагүй явна” (1981) киноны дууны шүлгийг бичсэн нь өнөөгийн үзэгчдэд ч танил биз.
ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ БҮХИЙ “ЭХ БҮРДИЙН ДОМОГ”
Төрийн шагналт зохиолч С.Эрдэнэ, С.Дашдооров нар уг киноны зохиолыг бичиж, Ж.Бунтар, Г.Жигжидсүрэн нар найруулан, Б.Балжинням зураглаачаар нь ажилласан эл бүтээл домог зүйн агуулгатай бөгөөд сайн, муугийн харьцаа, байгаль хүн хоёрын холбоо, эх оронч үзэл, хүнлэг сэтгэлийг эмгэнэлт драмын өгүү¬ лэмжээр илэрхийлснээрээ онцлог. Ард нийтийн төлөө харгис түрэмгийлэгчдийн гарт амиа алдаж байгаа Нарангарвуу бүсгүй болон Догшин хар хэмээх дээрэмчин эрийн зөрчилд үндэслэн үйл явдал өрнөдөг. “Эх бүрдийн домог” 1977 онд Сербийн Белград хотноо болсон дэлхийн шилдэг киноны фестивальд “Хүндэт диплом”, өмнөх жилд нь Карловын Вар хотноо зохиогдсон олон улсын кино наадмын тэргүүн шагнал хүртсэн тухай сонины шарласан хуудсанд үлджээ.
Энэ бүтээлийн талаар архив уудалбал “Хөдөлмөр” сонины 1976 оны хоёрдугаар сарын 5-ны дугаарт сурвалжлагч Ү.Хүрэлбаатар “Харийн хар элэгтээс Нарангарвууг булааж авахад нүүдэлчид төдийгүй үзэгчид сэтгэлт хүн Мөнгөншагайд их итгэл өгч байна. Мөнгөншагай өмнөх эмгэнэлт явдлаасаа үүдэн ухаажиж, зөвхөн өөрийн хайр сэтгэлийн төлөө биш, хамт явж байгаад амь эрсэдсэн нөхдийнхөө өшөө хорслыг авахын тулд маш няхуур, шийдвэртэй тэмцэх ёстой байв. Гэтэл ямар ч утга учиргүй ганцаараа давхин ирж алуулж байгаа нь уг дүрийн дотоод мөн чанарыг нээн гаргах төдийгүй киноны ерөнхий хэм хэмжээг алдагдуулахад хүрчээ. Энд тэмдэглэхэд, киноны гол баатар Нарангарвуу, Догшин хар хоё¬ рын дүрийн боловсруулалт сайн болсон байна. Энэ бүтээлийн эмгэнэлт төгсгөл нь үзэгчдэд их зүйл бодогдууллаа. Гаднаас нь харахад урлагийн бүтээлд үйл явдал хэний ч ялагдлаар төгсөж болох ч чухам энэ нь үзэл санаа, гоо сайхны үр дүнд байдаг учраас ялалт Нарангарвуугийн, нүүдэлчдийн талд бат байна гэж үзвэл зохилтой” хэмээн бичсэн жишээтэй байх юм.
ИНЖЕНЕР ГАНСҮХ “ГЭРЛЭЖ АМЖААГҮЙ ЯВНА”

Төрсөн нутгийн үзэмж шингээд Танхилхан чамайг үзэсгэлэн болгожээ Төрүүлсэн эхийн чинь намба шингээд Танхилхан чамайг энхрийхэн болгожээ Харах тусам нүдэнд өөриймсөөд Хайрлах тусам зүрхэнд хоногшоод Хайртай болжээ, чамдаа би Ханийн жаргал хайрлаач наддаа
Ж.Бунтар эл киног найруулахын сацуу дууны шүлгийг нь гэргийдээ зориулж бичсэн гэдэг. Энэ талаар түүний хүү, “Шинэ үсгийн багш” Б.Гарьд “Уг дууны шүлгийг Ж.Бунтар найруулагч П.Долгорсүрэн эгчид зориулж бичээд, Б.Бадрууган ах гэргийдээ зориулж дуулдаг бол Б.Гарьд эхнэртээ зориулж сонсдог юм байгаа биз дээ” гэж манай найзууд инээлддэг. Тэгэхээр нь би “Тэрнээс илүү яах вэ дээ, гэргийдээ зориулж сонсоно доо. Би дуртай шүү” гэж тоглоом шоглоом болгодог юм” хэмээжээ. Уул уурхайн бүтээн байгуулалт, залуу удирдах ажилтны арга барилын тухай инженер Гансүх, түүний бүсгүй Сүрэнгээр төлөөлүүлэх бөгөөд тухайн үедээ охид, залуусын сэтгэлийг “булааж” явсан Ч.Хүрэл, Н.Батцэцэг нар хамтран тоглосон нь монгол кино үзэгчдийн сэтгэлд хоногших эхлэл болсон билээ.
“БИ ИРЖ ЯВАА ЮМ, ЧАМ РУУ”

Дамбын Төрбатын зохиолыг Жамъянгийн Бунтар найруулж, “агуу” Зундуйн Хангал хөгжмийг нь зохиосон энэ яруу, хүний сэтгэлийг хөвсөлзүүлсэн бүтээл үзэгчдэд хүрээд 39 жил болж. Социалист нийгмийн үед хөдөө аж ахуйн салбарт хүнийг ах, дүү нэрээр зарцлах, амин хувийн ашиг сонирхол, алдар нэрийн төлөө залуучуудын хайр сэтгэлийг үл ойшоон, бэр богтлох эртний ёсыг шүүмжлэх тус кино их олон “чимэг”-тэй. Холбоотой хонины дэргэд хэдэн малчин сааль саам ярилцахын дунд онийж ширтсэн гярхай харцтай, үг бүрээ тодолж хэлэх зантай, шаргуу, өвгөжөөр, хатангир хүн яриаг хөгжөөн зогсох нь Төгрөгийн бригадын хоньчин Багаяа хэмээх Дамба. Энэ дүрийг жүжиглэхүйн ухааны нэрт мастер Лувсанбалдангийн Лувсан амилуулсан юм. Уг кинонд малчны амьдрал, хөдөлмөрийн баяр жавхлан, бэрхшээл саад чамгүй бий. Тэрбээр “Хүүхдийг багаас нь л сүргийн бэлчээрт гаргах нь зөв байгаа юм. Тийм хүүхэд чухам ясны малчин болж байна. Түүнээс биш, VIII, X анги төгссөн хүүхдүүд дэндүү хот амьтай болчих юм. Ирж яваа цаг байна даа, учир ч бий дээ” гэдэг.
Өнчрөхийн зовлонг туулсан ч элгэн садан, нутгийн зоныхоо буянд уужуу намбалаг, ухаалаг, сэргэлэн болж хүмүүжсэн нь түүний охин Маралмаа буюу жүжигчин Борхүүгийн Гэрэлмаа. Тэрбээр “Нандин эрдэнэ” (1986)-д ч олны анхаарлыг эрхгүй таттал тоглосныг уншигчид эчнээ мэдэх биз. Энэ дотортой жүжигчнийг өнөө үед юу хийж, хаана явааг сураглах хүн бишгүй байдаг. “Ирж яваа цаг” үзэгчдэд хүрсний дараа 1987 онд “Утга зохиол, урлагийн зарим асуудал” номд ийнхүү бичсэн байх юм. “Шилмэл сүргээ адгуулан өсгөж, өвчтэй эцгээ өргөж тээхийн сацуу үеийн охидын дунд өлгүй, зүслэг төрсөн гэлтгүй хайрын омголон мөрөөсөлд автан догдлол тэвчээрийн хатуу жолоог алдан, хүний орчлонгийн бартаат даваа өөд мацан буй ажээ, тэр. Киноны үйл явдлыг өрнүүлж, санааг тодруулахад бригадын хэвлэлийн төлөөлөгч хэмээх Шагдар багагүй үүрэгтэй байна. Үзэгчдийн танил жүжигчин Н.Цэвээнравдан түрүүчийн кинонуудын дүртэй хэв загвар нэлээд төстэй Шагдарын рольд тоглохдоо хуучныг давталгүй зайлж чадсан нь чухал ололт боллоо. Тайз дэлгэцийн бүтээлд ухуулга нийтлэлийн хэсэг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хоорондоо туйлширч зааглагдалгүй, нягт авцалдаж байвал сайн. Морь унасан хүмүүс ташуургүй байх, гэрийн бүсийг баруун хатав¬ чинд бөөгнүүлэн чангалах, айргийг буруу бүлэх, халбагыг хөхүүрийн үүдэн талын амсраас өлгөх зэрэг үйлдэл барин тавин үзэгдэв” хэмээснийг энд дурдъя. З.Хангал бол хөгжмийн зохиолчид дундаас аливаа уран бүтээлийг гоо сайхан, үйл хөдлөл, драматай нь цуг хүргэдгээрээ гоц нэгэн. “Готов нь авна уу, Шадав нь авна уу. Би л аавыгаа асрах минь” хэмээн багтарсан Маралмаагийн сэтгэлзүйг хөгжмөөр хэрхэн илэрхийлснийг киноны төгсгөлийн хэсгээс уншигч та зорьж сонсоорой.
ГАРЬД, ТОД, ЦЭЦ МАГНАЙ

Монголын уламжлалт эрийн гурван наадмыг эдгээр киногүйгээр төсөөлшгүй. Монгол хүн бүр үзээд үзээд уйддаггүй. Шаравын Сүрэнжавын зохиол, Ж.Бунтарын найруулсан “Гарьд магнай” киноны үг, өгүүлбэр болгон монголчуудын зүрхэнд ойр, ой тойнд хадаатай явдаг. 1910аад оны эхэн үе, багадаа өнчрөн зовлон үзсэн Далайцэрэн хүү бяр тэнхээтэй, хангал сайхан эр болон өсөж буйг нутгийн өвгөн ажиглаж, даншиг наадамд бөхийн аманд гарахыг зөвлөсөн нь хожим Богд хаан, эх дагина хоёрын нэрийн өмнөөс барилдсан аваргуудыг унагадаг. Энэ нь наадамчин олны талархлыг хүлээх ч дээдсийн таалалд нийцдэггүй. Энэ бол “Гарьд магнай”. Б.Магсаржав, Д.Батдорж, Д.Алтангэрэл нар энэ дүрээрээ үзэгчдийн сэтгэлд бөх хоногшсон билээ. Монгол уяачдын ур ухаан “Тод магнай”, халх сурын харваа “Цэц магнай”. Ж.Бунтарын бүтээлүүд тухайн цаг үеийнхээ үнэт зүйлс, үзэл санааг тод томруун илэрхийлсэн нь түүхийн гэрч болон үлджээ.
Түүний найруулсан кинонуудад монгол хүний эрхэм чанар, эх оронч үзэл, хайр дурлал, хөдөлмөрийн баяр жавхаа тэргүүтэй мөнхийн сэдэв зонхилж, үеийн үед үнэ цэнээ алдахгүй оршсоор буй. Монгол кино урлагийн 90 жилийн ойтой зэрэгцүүлэн нэрт найруулагчдын уран бүтээлийг эргэн сануулах нь ирээдүйн уран бүтээлчдэд урам зориг, санаа сэдэл болох буй за. Ж.Бунтарын бүтээлүүд ирээдүйд ирж яваа юм.
Д.Сэлэнгэ