Монголд бүх ажил, тэр дундаа төрийн байгууллагын үйл хэрэг урвуу хамааралтай явж ирсний горыг иргэд эхнээсээ амсаж, энэлж, шаналж, эцэстээ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ ч авч хүчрэхгүйд хүрчихлээ. Хүнээсээ илүү замаа торддог, хохирогчийг хүчирхийлэгч болгодог, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, тэгш, хүртээмжтэй байх, сурч боловсрох, амь нас, эрүүл мэндээ хамгаалуулах үндсэн эрхийг уландаа гишгэсэн улсад иргэд нь амьдрах бус, амь зогоох төдий шар нар, бор хоногийг өнгөрүүлж байна. Тал тохой, “том ар”-гүй бол бүтдэг ажил Монголд нэгээхэн ч үгүй бөгөөд эмнэлэгт хэвтэхдээ хүртэл утас цохиулж, эмч, сувилагчийг царайчилж, хэдэн төгрөг сарвайдаг явдал манай улсад л бий байх. Уг нь бид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шаардлагатай цагтаа ямар нэгэн чирэгдэлгүйгээр авах гэж улсад сар бүр халааснаасаа мөнгө төлдөг. Эв санааны зарчим гэх чихэнд чимэгтэй үгээр халхавчилсан, санхүүгийн эрсдэлээс хамгаална хэмээн чулуу хөөлгөсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлд төлсөн мөнгөнийхөө үр шимийг баян, ядуу, хүүхэд, хөгшид, эрэгтэй, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, эсэхээс үл шалтгаалан хүн бүр адил тэгш хүртэх ёстой. Гэтэл ингэж чадахгүй байгаа учраас хүмүүс эрүүл мэндийн даатгал төлөх ч хүсэл сонирхолгүй болжээ. Албан хүчээр шахуу цалингаас суутгадаг тул дуртай дургүй төлөхөөс өөр аргагүйд хүрдэг.
Ихэнх улс орны иргэд заавал эрүүл мэндийн даатгалд хамрагддаг. Энэ хэрээрээ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрт авч, үр шимийг нь хангалттай сайн хүртдэг. Үүний сонгодог жишээнд Япон болон Европын ихэнх улсыг дурдаж болох юм. Японд хүмүүс эрүүл мэндийн даатгалд заавал хамрагддаг бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээний 70 хувийг даатгалын байгууллага, үлдсэнийг нь иргэн өөрөө төлдөг байна. Харин АНУ-д хувийн даатгалын систем давамгайлдаг бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээний өртөг өндөр. Тиймээс даатгалгүй иргэн өвдсөн тохиолдолд их хэмжээний зардал гаргадаг тул цаг тухайд нь шимтгэлээ төлөхийг урьтал болгодог аж. Харин манай улсад даатгал төлсөн, төлөөгүйн хооронд нэг их ялгаа байдаггүй. Үүнд ихээхэн учир бий.
Улсын байгууллагад 10, 20 жил ажиллаж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлд цалин-гаасаа ховх соруулаад эцэст нь тамираа барж, тартагтаа тулаад эрүүл мэндийн үйлчилгээ авъя гэхээр “Цаг байхгүй, санхүүжилт дууссан” гэх үгээр амаа таглуулж, арга буюу хувийн эмнэлэгт байдгаа бардаг жишээ цөөнгүй. Тухайлбал, нэгэн эмэгтэй УНТЭ-т үзүүлэх гэтэл эмчийн цаг нь нэг сарын дараа гэжээ. Өвдсөн хүнд нэг сар байтугай нэг хоног хүлээнэ гэдэг ямар урт хугацаа билээ. Энэ хооронд өвчин нь хүндрээд, нүд аньж ч мэднэ шүү дээ. Үүнээс ч урт хугацаанд буюу хоёр, гурван сарын дараа эмчийн бараа харах тохиолдол улсын томоохон эмнэлгүүдэд бишгүй. Ийм үед дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гээч л болдог. Эмчид үзүүлье цаг байхгүй, эмнэлэгт хэвтэж, үйлчилгээ авъя эм, тариа тасарсан гэх улиг болсон хариултыг монголчууд хэдий болтол сонсож, өвчнөө хүндрүүлж, үхэхийн даваан дээр л эрүүл мэндийн даатгал төлснийхөө үр ашгийг хүртэх юм бэ. Өнгөрсөн онд нэг иргэн ЭМДС-гаас 202 сая төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн гэдэг. Нэг иргэн биш, нийтээрээ л эл “бялуунаас” халбагадах ёстой.
Эрүүл мэндийн даатгалын сан хоосорсон, улсын эмнэлгүүдийн эм, тариа тасалдаж, өвч¬ төнөө хүлээн авах боломжгүй болсон гэх эмгэнэлт мэдээг уржигдархан Эрүүл мэндийн сайд нь хэлнэ лээ. Сайдын суудлыг ихэд хүсэмжлэн “заларсан” Ж.Чинбүрэн ажлаа аваад яг 100 хонож буй ч элгээрээ хэвтсэн салбарыг өндийлгөсөн зүйл одоогоор алга. Харин эл хугацаанд СЭМҮТ-ийг “сэгсэрч”, даргыг нь сольсон бол энэ удаа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ыг “самрах”-аар эрс шийджээ.
Өмнөх сайдын томилсон, ЭМДЕГ-ын дарга С.Энхболдтой хамтарч ажиллахгүй гэдгээ Ерөнхий сайдад уламжилжээ. Даатгалын санг дампууруулсан түүнийг огцруулах нь аргагүй биз. Гэвч үүний уршгийг иргэд л амсаж, эмнэлэгт ч хэвтэх эрхгүй болох нь. Тодруулбал, ЭМДЕГ 2025 оныг ямар нэгэн өр төлбөргүй эхлүүлсэн боловч эхний найман сарын төлбөр тооцоогоор 142 тэрбум төгрөгийн өртэй гарсныг салбарын сайд нь хэлсэн. Улсын эмнэлэг, аж ахуйн нэгжүүдэд 196 тэрбум төгрөг, эм ханган нийлүүлэх байгууллагуудад 130 тэрбум төгрөгийн өртэй гэнэ. Авлагаа аваагүй байгууллагууд улсын эмнэлгүүдэд эм, тариа нийлүүлэхгүй хэмээн гэдийж байгаа бөгөөд горыг нь ядарсан иргэд яс махаараа мэдэрнэ. Мэдрүүлээд ч эхэлсэн.
Чихрийн шижинтэй хүмүүсийн хэрэглэдэг тарилга тасалдаж, өртөг өндөртэй эмчилгээнүүд зогсож, өрхийн эмнэлгүүд нь хүртэл цус, шээсний шинжилгээний урвалж бодисгүй гээд царай алдаж суух. Гэтэл Эрүүл мэндийн даатгалын сангийнхан хувийн эмнэлгүүдийг тасралтгүй “угжиж”, хамаг мөнгийг хуу хамаад шилжүүлчихжээ. Энэ оны эхний найман сард гэхэд хувийн эмнэлгүүдэд олгох ёстой гүйцэтгэлийн санхүүжилт болох 160 тэрбум төгрөгийг аль хэдийн давуулан биелүүлээд өгчихсөн байна. Үүнийг энэ ондоо багтаан тэгш хуваарилах ёстой байв. Өөрөөр хэлбэл, он дуусах болоогүй байхад сангаа хоосолчихсон хэрнээ хувийн хэвшлийнхэнд ес, арван сард 40, 40 тэрбумыг олгохоор завдаж байхад нь “барьж” авсан хэмээн Эрүүл мэндийн сайд учирлана лээ.
Иргэдийн төлсөн мөнгийг ингэж ихээр нь хүртсэн хувийн хэвшлийн эмнэлгүүдэд эрүүл мэндийн даатгалаар ганц шинжилгээ өгье гэхээр царайгүй суудгийг бүгд л мэднэ. “Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт дууссан” гэдэг “гоё” үгтэй. Тухайлбал, хувийн хэвшлийн цөөхөн эмнэлэг эрүүл мэндийн даатгалаар MRI болон компьютер томограф шинжилгээ авдаг. Өртөг өндөр тул иргэд хувийн эмнэлэгт эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр эл шинжилгээг хийлгэе гэхээр дараалал нь гүйцэгдэхгүй, 3-4 сарын оочертай байх юм билээ. Харин төлбөрийг нь бэлэн төлөх бол шөнө орой аль ч цагт боломжтой, ямар ч дараалалгүй гэх. Ийм ялгамжтай байдал иргэдийг туйлдуулж, бухимдуулж буй. Эрүүл мэндийн даатгалаас мөнгө авахын зэрэгцээ иргэдийн халаасыг сэгсэрдэг энэ мэт байдлыг эцэслэх хэрэгтэй байна.
Өөр нэг жишээ. Хавдар хэмээх уршигт өвчний тохиолдол, нас баралтын тоогоор монголчууд дэлхийд тэргүүлдэг. Иргэдийн олонх нь өвчнөө хүндрүүлж, сүүлийн шатандаа эмнэлэгт ханддаг гэж эмч, мэргэжилтнүүд байнга л хэлдэг. Гэвч үнэндээ өвчнөө эрт илрүүлж, эрүүл, эсэхээ мэдье гээд эмнэлэгт очихоор хөөх нь халаг. Заавал өвчин нь хүндэрч, үхэх, сэхэхийн даваанд очсон үедээ л тусламж, үйлчилгээ авах ёстой мэт аашилдаг. Ямар сайндаа хавдрын эмнэлгийнхэн нь “Таны өвчин хүндрээгүй байна” гээд явуулаад байдаг, заавал хожуу шатандаа орсны дараа эмчлэх гээд байдаг юм уу. Өвчнөөс сэргийлэх, хүндрүүлэхгүй байх арга хэмжээ авах талаар ер зөвлөдөггүй. Зүгээр л явуулаад байдаг гэж ярих хүн цөөнгүй. Мөн тус эмнэлгийнхэн санхүүжилтгүйн улмаас чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг зогсоожээ. Улсын томоохон эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээ төлбөртэй болж буй гэх мэдээлэл ар араасаа хөвөрсөөр. УНТЭ-ийн чих, хамрын мэс заслын үйлчилгээ төлбөртэй болжээ. Тэр ч бүү хэл, зарим өвчин, эмгэгт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх шаардлагагүй гээд санхүүжилтийг нь зогсоочихсон. Тодруулбал, төлөвлөгөөт мэс засалд квот тогтоож, үүнээс илүү гарсан тохиолдолд иргэд өөрсдөө төлбөрөө төлөх “мэргэн санаа”-г ЭМДЕГ-ынхан гаргасан. Үүний уршгаар төлбөр төлөх чадамжгүй олон хүн төлөвлөгөөт мэс засалдаа орж чадахгүй, өвчнөө ужигруулж, үхлээ хүлээхээс өөр сонголтгүй болсон гэхэд буруудахгүй. Хамгийн эмгэнэлтэй нь архаг өвчнийг хүлээж болох тусламж, үйлчилгээ гэдэгт багтаачихсан. Ингээд ахмадууд, архаг өвчтэй хүмүүс эрүүл мэндийн даатгалаар эмнэлэгт хэвтэнэ гэдэг амаргүй даваа болов. Уг нь архаг өвчтэй хүмүүсийг анагааж, сэдрэхээс нь өмнө сэргийлэх ёстой баймаар.
Даатгалын сангийн төсөв хязгаартайг хэн хүнгүй л мэднэ. Гэхдээ иргэдийн сар бүр төлдөг мөнгийг зөв зохион байгуулалттай, шударгаар хуваарилдаг бол эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй байж болохоор. Гэвч сэтгэлгүй удирдлага, хувийн эрх ашгийг урьтал болгодог нөхдүүд иргэдийн эрүүл мэнддээ зориулах мөнгийг үрэн таран хийгээд дуусгаж буй нь харамсалтай. Сургууль, цэцэрлэг хүрэлцэхгүй гэхээр хүүхдийн тоо нэмэгдсэн, хүн амын өсөлтийг гүйцэхгүй байна гэсэн Боловсролын сайдын мэдрэмжгүй үгийг Эрүүл мэндийн сайд ч давтана лээ. Хүн амын тоо нэмэгдсэн, архаг хууч өвчтэй хүмүүс олширсоноос эмнэлэгт хандах хүн ихсэж, төсөвт дарамт учруулж буй гэв.
Буруу бүхэн бусдын буруу. Ийм байдалд хүрсэн нь иргэдийн буруу. Хөлсөө дуслуулж олсон мөнгөнөөсөө цагтаа даатгалаа төлдөг Үхэхийн өмнө л үйлчилдэг эрүүл мэндийн даатгалаар яах вэ хүмүүсийн буруу. Үүнийхээ үр шимийг хүртэж чадахгүй байгаа татвар төлөгчдийн буруу. Гадаадад эмчлүүлнэ гэж ард түмнэээсээ хандив, тусламж гуйдаг иргэдийн буруу. Харин авлига, хээл хахууль, ашиг сонирхолд өртөж, буруу менежментээр ажилласан төр, засгийн, сайд даргын зөв. ЭМДС-г цоорхой сав шиг болгосон эрх баригчдын буруу биш. Манай дарга нарт ямар ч буруу байхгүй.
Ч.Цэлмэг