
Зүүн гар талаас Л.Лхагвасүрэн , түүний аав Ардын багш О.Лхагваа
Түүний байнгын хаяг Дорнод аймгийн Баянтүмэн сумын IV баг, Хотонт нуур. Тэрбээр дэлхийн 30-аад орноор аялж, гадаадад 20 орчим жил амьдарсан ч ирсэн даруйдаа хөдөөг зорьж, байгаль экологи, мал аж ахуй, боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж яваа баялаг түүхтэй нэгэн. Энэ эрхэм бол Зүүн хойд Азийн байгаль орчин, хөдөө аж ахуйн судалгааны төвийн гүйцэтгэх захирал Л.Лхагвасүрэн билээ. Тэрбээр МУИС-д биологич, багш, Германы ХаллеВиттенбергийн их сургуульд экологич мэргэжил эзэмшжээ. Боловсролын салбар болон бусад асуудлаар түүнтэй ярилцлаа.
-Дэлхийн багш нарын өдөр сая тохиолоо. Багш нар цалингаа нэмүүлэх асууд¬лаар жагсаал зохион байгуулсан ч шийдтэй үр дүнд хүрч чадахгүй л байна. Таны сурч байх үе, одоогийн багшийн үнэлэмжийн ялгааг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнг тэргүүлж байсан хүний хувьд хэрхэн дүгнэх бол?
-Би тухайн үед МУИС-д биологич мэргэжил эзэмшихдээ багшлах эрхтэй төгсөж байлаа. Харин 2000 оноос хойш энэ мэргэжлээр сурч буй хүмүүст сурганы хичээл заахаа больсон юм шиг байна лээ. 1970-аад онд нэг сургуульд МУИС төгссөн багш нэжгээд байв. Одоо багш нарын олонх нь МУБИС-ийн “бүтээгдэхүүн” болжээ. Ер нь багш нар нийтлэг монгол хүн бүтээхэд анхаарах цаг ирсэн. Ямар ч үед нэгнийгээ хайрладаг, ёс, уламжлалаа дээдэлдэг, бичиг үсэг, эрдэм номтой, аливааг хөгжүүлэх сэтгэлтэй болгон төлөвшүүлэхэд багш нарын оролцоо асар их байна.
Сүүлийн жилүүдэд манай улсад багшийн хомсдол үүсэх болж. Шинэ багш нар эхний гурван жил ажиллаад л явчихдаг. Таван жил ажилласан хүн бол энэ салбартаа тогтдог. Багшлах хүн олдохгүй байна гэдэг нь бид оюун санаа, сэтгэл зүйн бэлтэлгүйн илрэл. Мөн цалин, хангамж үүнд нөлөөлж буй. Багш нар долоо хоногт 19 цагийн хичээл зааж байна. Жишээ нь, 1936 онд хуучнаар ЗХУ-д багш долоо хоногт 24 цаг хичээл заадаг байв. Хожим 1983 онд 20 цаг болгон өөрчилсөн. Учир нь багшийн цалин тухайн үед өндөр үнэлгээтэй байсан тул Сангийн яамнаас нь ийн танах арга хэмжээ авч л дээ. Өөрөөр хэлбэл, хичээл заах цагийг ба¬гасгаад цалинг нь бууруулсан. Харин хоёр жилийн өмнө Орос долоо хоногийн 19 цаг биш, багшийн үнэлгээний цагийн системийг жилээр нь тооцдог болсон. Манай улс үүнийг бас судалж байна. Багшийн хөдөлмөрийг бүтэн жилээр тоо¬цох нь зүйтэй юм. Зөвхөн хичээл заах цагийг 19 гэчхээр хүүхэд хөгжүүлэх цаг үлддэггүй. Багш нар 19 цаг их байна, багасгая гэж байна. Тэгвэл цалин бүр л буурна. Иймд бусад орны жишиг, арга барилыг судлах хэрэгтэй. Боловс-ролын судалгааны үндэсний хүрээлэнд ажиллаж байхдаа багшийн эдийн засгийн үнэлэмж, цалингийн тарифыг судлахад санхүү төсөвтэй л холбогддог. Би сая Дэлхийн багш нарын өдрөөр хүрээлэнгийн захирлын ажлаа хүлээлгэн өгч, албан ёсоор “тэтгэврийн хүн” боллоо.
Дэлхий даяар цаг үе өөрчлөгдөж байна. Төрийн албанд 50 насныхан бараг үгүй болж. 1990 оны Ардчиллын үед 45 настай хүнийг “Коммунист огцор” гээд явж байлаа. Залуу хойч, залгамж халаагаа бэлдээгүй хүн нүгэлтнээс өөрцгүй гэж аав минь хэлдэг байв. Мөн эр хүнгүй нийгэм хөлөөрөө толгой хийдэг юм шүү гэж захьсан. 10 багшийн дунд ядаж нэг эрэгтэй хүн байх хэрэгтэй. Гэтэл одоо эрэгтэй багш нүдний гэм болж, ахмад нь ч цөөрч. 1990 оны алдааг бид давтаж байна.
-Та багш хүний хүүхэд. Таны бага нас бичиг цаас, номтой ойр байсан болов уу.
-Бүтэн жарны амьдралаа Монголын боловсрол, шинжлэх ухааны салбарт зориулсан, А.Эйнштейний нэрэмжит олон улсын шагналт, Ардын багш хүн бол миний аав О.Лхагваа. Аав, ээж хоёр минь хоёулаа цөмийн физикч мэргэжилтэй. Тэд МУИС төгссөн. Аав минь тус сургуультай 1957 оноос холбогдож, өнөөг хүртэл тэндээ багшилж байна. Хуучин “профессорын цагаан” гэж их сургуулийн үйлчлэгч, жолоочоос эхлээд захирал нь хүртэл амьдардаг байр байв. Шинжлэх ухааны салбарынхан амь нэгтэй, хаалга үүд нь цуургагүй байхад хүүхэд нас минь өнгөрсөн. Аав минь насаараа тоо бодсон хүн. Өдрийн ихэнх цагийг уртын дуугаа аялаад л тоотой “ноцолдож” өнгөрүүлнэ. Маш бага ярина. Хажуугаар нь явж байхад хүүхдээ харахгүй л өнгөрнө. Ухаан санаа нь Квантын онол хавьцаа л байсан юм болов уу. Намайг “ши¬рээний шийдэн” гэдэг байв. Гурван нас хүртлээ аавынхаа бичгийн ширээн дээр байнга суудаг байж л дээ. Манай гэрийн буурийг тойроод найман гавьяат төрсөн гэж ярьдаг юм. Авга ах нар минь Төрийн шагналт, Гавьяат эмч, Гавьяат багш цол хүртсэн хүмүүс бий. Тэд бүгд манайхаар дамжиж, аавын үгээр өссөн.
Би эхээс дөрвүүлээ. Айлын дунд хүү. Манай гэрт шинжлэх ухаан, ялангуяа математик, физикийн ном их байв. Сүүлдээ аавын цуглуулсан орос хэл дээрх номуудыг унших хүнгүй боллоо. Аав минь халаглан байж зуслан руугаа зөөсөн дөө. Их сургуулиа төгсөхөд багш нар “Хөдөө явж, ард түмний амьдралтай танилц” гэдэг байв. Социализмын үед би 18 аймагт очоод үзчихсэн. Ажлын гараагаа Байгаль орчны яаманд эрдэм шинжилгээний ажилтнаар эхлүүлж байв. 1994 онд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгт Тусгай хамгаалалттай газар, орчны бүсийн хөгжлийн төсөлд таван жил ажилласан. Энэ хугацаанд Зүүн хараагаас Дорнодын Улз хүртэл айлуудаар жилд бараг хоёр удаа ордог байв. Нийгэм, эдийн засгийн дата мэдээлэл цуглуулсан. Мөн Өмнөговь аймгийн айлуудаар их явсан. Социализмын үеийн айлуудын оюун санааны хувирлыг хамгийн ихээр мэдэрсэн үе. АНУ-д 14 жил ажиллаж, амьдарсны дараа Монголдоо ирсэн.
-Таны аавд Москвагийн Олон улсын сургуульд сурах урилга ирсэн ч яваагүй юм билээ. Монголдоо МУИС-ийн физи¬кийн ангид суралцсан гэдэг байх аа?
-Ю.Цэдэнбал даргын албан даалгавар гэж гарсан юм билээ. Сурлага, хүмүүжлээрээ тэргүүлсэн ажилчин, малчны хүүхдүүдээс Москвагийн Гадаад харилцааны сургуульд явуулж сурга гэсэн захирамж гарсан байсан. Дандаа дарга нарын хүүхдүүд л яваад байж л дээ. Тэгсэн аавыг аймгийн Намын хороон дээр дуудаж, явахыг “зарлигдсан” ч бараг зугтах нь холгүй байсаар үлдчихсэн. МУИС-ийн физикийн ангид л орно, Г.Додон багшийнхаа төгссөн сургуульд сурна гээд зүтгэжээ. Тэгээд санасандаа хүрч, их сургуулийн физикийн ангид элссэн. Монгол багш нар анхныхаа монгол шавьтай болсон үе. Мөн аав минь Төв хороонд Шинжлэх ухаан, боловсролын хэлтсийн орлогч эрхлэгчээр ажиллаж байсан.
-Таны хүүхдүүд мөн багшилж байгаа гэж сонслоо. Үүнд удамшил нөлөөлсөн гэж боддог уу?
-Удамшил үр хүүхдэд 30 хувь нөлөөлдөг гэдэг. Тухайлбал, аавынх нь дотоод өгөгдөл охины хүүхдэд дамждаг. Удамшлын өвөрмөц авьяас билгийг цааш нь хөгжүүлэхэд аав, ээжийн нөлөө их чухал. Харамсалтай нь, орчин үед хүүхдийн хүмүүжилд эцэг, эхийн оролцоо багасжээ. Эгч, дүүс бидний багад аав, ээжийн оролцоо их байв. Хөгшин бид хоёр гэхэд ач, зээдээ англи, герман хэл заана гэж бодож байтал хүүхдүүд “Та хоёр зөвхөн монгол хэлээрээ л ярина шүү. Монгол ёс жаяг, хүмүүжлийн талаар ойлгуулж өгөөч. Бид өөрсдөө гадаад хэл заана” гэв. Ач, зээ нар маань их хөөрхөн, эмээ, өвөөгөө гадаад хэл огт мэддэггүй гэж боддог, заримдаа англиар ганц хоёр үг хэлэхээр гайхаж хараад, орчуулж өгнө.
Би хоёр хүүтэй. Тэд маань Ейлийн их сургууль, Массачусетс болон Лондоны их сургуульд улс төр, эдийн засаг, хууль, эрх зүйн чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Тухайн сургуулиасаа бүтэн тэтгэлэг авсан. Сургуулийн нийт тэтгэлэг нь одоогийн ханшаар 2.7 тэрбум төгрөгт хүрч байгаа юм. 20 жил нойр, хоолоо хасаж зүтгээд ч дийлэхгүй их мөнгө шүү дээ. Том хүү Л.Ачболд маань англи хэлний академи байгуулаад тэндээ багшилж байна. Харин бага хүү Л.Амарболд Сингапурт хуулийн фирмд ажиллаж байгаад Монголдоо ирээд мөн хоёр жил англи хэл заасан. Одоо мастер хамгаалахаар гадагшаа явсан. Манай хоёр хүү бас над шиг сониуч зантай. Нэг л өдөр өндөр цалинтай ажлаа орхиод Архангай аймгийн Ихтамир сумд айлын мал маллахаар явчихсан байж билээ.
Эхнэр бид хөвгүүдтэйгээ хамт арван жилийг хоёр удаа төгссөн гэж ярьдаг юм. Учир нь хүүхдийнхээ хичээлийг нэгдүгээр ангиас нь эхлээд хамт үзэж, суралцсан. Гэрийн даалгавар хий гэж тулгаж шаардаж байгаагүй. Өөрсдөө номоо уншдаг, хичээлээ хийдэг байсан. Гэхдээ энэ дадлыг бүр багаас нь суулгасан. Сургуульд орохоос нь өмнө хамт ном уншиж, суралцаж, цагийг өнгөрүүлдэг байсны ач тус.
Өрнийн соёлд эх хүн эрэгтэй хүүхдийг 10 нас хүртэл нь суганаасаа холдуулдаггүй гэж үздэг. Эр хүүхдийг багад нь хайрлаж, халамжилж, энхрийлж өсгөөд 11 нас хүрэхээр нь хар бор ажилд сургадаг байж. Хайранд өлгийдүүлсэн эр хүн үхсэнийхээ дараа л илдээ тавьдаг гэж ярьдаг. Хайр амсаагүй хүн бусдыг хайрлахгүй. Харин эмэгтэй хүүхэд цаад өгөгдөхүүнээрээ бусдыг энхрийлж, хайрлах нинжин сэтгэлтэй. Эгч хүн бол үргэлжийн мөнхөд дүүгээ гэдэг дээ. Миний эгч 65 настай ч надад санаа тавьсан хэвээрээ. Эх хүн бол үр хүүхдээ дандаа үгээрээ засдаг.

-Гадаад улсад олон жил амьдарсан хүн хөдөөний амьдралд дасахад амаргүй байсан болов уу. Яагаад Дорнод аймагт мал маллаж амьдрах болов?
-Аав, ээж минь Увс, хадмууд маань Ховдынх. Эхнэр бид хоёр Улаанбаатарт төрж өссөн. Дорнодтой ямар ч хамааралгүй. АНУ-д амьдарч байхдаа манай гэр бүл Монгол орныхоо бүх үзэсгэлэнт сайхан газар нутаг, уул, ус, бүхий л аймаг, сумын талаар уншиж судалсан юм. Мөн Зүүн хойд Азийн бүс нутгийн онцлогийг судал¬лаа. Тэгээд л Дорнод аймгийг сонгосон. Хөдөө амьдрах нь миний хүсэл мөрөөдөл байсан.
Яах вэ, мал хариулж, өсгөж үзсэн. Номоор мал хариулсан хүмүүс. Хоёр жил болоход сүрхий мал хуйтай боллоо. Гэтэл аав “Та нар юу л хийгээд байна. Бурхан багш олсон мэдлэгээ бусдад өгөөгүй явсан хүнийг хамгийн түрүүнд тамд аваачдаг. Үхэхийн цагт мэдлэгээ түгээгээгүй бол ертөнцийн эрдмийг хулгайлсантай ижил. Сурсан мэдсэн зүйлээ малчдад хүргэх хэрэгтэй” гэсэн юм. Ингээд л амьдарч буй газартаа бага сургууль байгуулахыг мөрөөдөж, зорьж эхэлсэн. “Монгол өрх үндэстний хөгжлийн загвар” боловсруулсан юм. Гол агуулга нь бага боловсролын тогтолцоог өөрчилж, малчдын хүүхдийг багийн бага сургуульд сургадаг байх, үүний зэрэгцээ мал маллах арга ухааныг өвлүүлэн ирээдүйн малчин-бизнесменийг “төрүүлэх” юм. Үүнийгээ сум, орон нутгийн удирдлагадаа ярьж явдаг байв.
-Таны энэ санаачилга биеллээ олж, 2021 онд Мэнэнгийн отряд бага сургуультай болсон байх аа.
-Сургууль анх байгуулахад найм, есхөн сурагчтай байлаа. Бага сургуулийг түшиглэсэн цэцэрлэг хэрэгтэйг олж харсан. Хажуудаа цэцэрлэгтэй болсон чинь хилчид болон малчид хүүхдүүдээ өгөөд эхэллээ шүү. Орчин цагт хөдөөний малчид хүртэл хүүхдээ багаас нь төлөвшүүлж, хөгжүүлэх хэрэгтэйг ойлгожээ. Цэцэрлэгт оруулах гээд сум, төв газар барааддаг байсан. Энэ жил нэгдүгээр ангид 20 хүүхэд элссэн. Би хилийн цэргийн ангийг түшиглэж сургууль байгуулаач гэж 10 гаруй жил явсан хүн. Цаашид нийслэлд хотхоны бага сургууль байгуулахыг хүсэж байна. Өмнөговийн Гурвантэс сумд сургууль, цэцэрлэгтэй боллоо. Цаашлаад Үенчийн хилийн анги, “Боршоо” хилийн боомт, Гашуунсухайт, Бичигтэд бага сургууль, цэцэрлэг хэрэгтэй. Үүнээс цаана газар үгүй гэдэг шиг хилийн бүсэд амьдарч буй хүмүүс амь нэгтэй болдог.
-Малчдын хүүхдүүд жилийн 260 хоног эцэг, эхээсээ хол сургуульд сурч байгааг та шүүмжилдэг. Мөн бага сургуулийн хажууд богийн аж ахуй эрхлэх хэрэгтэй гэдэг. Энэ талаар сонирхуулахгүй юү?
-Айл бүрийн удмын ёс заншил, зан үйлийн хэлхээ нь эцэг, эхчүүд үр хүүхдүүдтэйгээ хамтдаа байснаар уламжлуулан өвлүүлдэг олон зуун дамнасан арга зам нь хэвээрээ л байна. Гэхдээ малчид маань нялх хүүхдээ эрдэм сургахын тулд хажуунаас 260 хоног хол амьдруулж байна. Сэтгэл оюуны дотоод суурь тэнхээгээ бүрэлдүүлэх үедээ “үнэгүй боловсрол”-ын төлөө ахуйгаасаа холдож буй нь харамсалтай. Гэхдээ энэ нь малчдын хүүхэд сургуульд сурах хэрэггүй гэсэн үг огтоос биш юм шүү. Эцэг, эхтэйгээ хамтдаа байж, хорвоотой танилцах, цаашлаад А үсгээ багшаараа заалган сурахдаа нөгөө л аав, ээжийгээ давхар “хүмүүжүүлдэг” зам нь бүдгэрэх болов. Харин газар ойр, гэр бүл хамтдаа байснаар энэ уламжлалаа цааш авч явж чадна. Багийн бага сургуулийн дэргэд заавал хонины аж ахуй байгуулах ёстой юм. Бог мал богино эргэлттэй, тэжээл авахдаа хурдан. Малчдад эдийн засгийн хувьд ашигтай, хүүхдүүдээ давхар мал маллах арга ухаанд сургана. Бага сургуульдаа балчир хүүхдүүд маань атгасан гар шиг нэг нэгэндээ тусалж, жинхэнэ утгаараа нөхөрлөж, сурч хөгжиж байна. Гэртээ очоод мал маллах ухаанд суралцахын зэрэгцээ ээж, аавыгаа “сургаж” байгаа юм. Орой унтахдаа хувцсаа эвхэж тавихаас эхлээд л эцэг, эхдээ заана шүү дэ