“...Аравдугаар сарын 16-наас эхлэн орон даяар хугацаагүй ажил хаялт зохион байгуулахаар шийдвэрлэсэн...” гэх мэдэгдлийг Монголын боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрчний эвлэлийн хорооноос сургууль, цэцэрлэгийн багш нарт хүргүүлжээ. Энэ мэдэгдэл цахилгаан шиг тархаж, эцэг, эхчүүд хүүхдээ хэнд харуулж, ажлаа яаж хийх вэ гэцгээн сандарч эхэллээ.
Есдүгээр сарын 1-нээс л боловсролын салбарынхан мордохын хазгай болов. Хүүхдүүд анги танхимгүй, ширээ, сандалгүй, самбар, хэрэглэгдэхүүнгүй, сурах бичиггүй, түрээсний байранд толгой хоргодож, гурван ээлжээр хичээллэн, нэг ангидаа 50-60-уулаа чихэлдэн, арай чүү хичээлийн шинэ жилээ эхлүүлэх аядсан. Гэтэл өнөөдөр хүүхдүүд хичээл заах багш ч үгүй болох нь.
Цалингаа нэмүүлэхийг шаардсан багш нар Сүхбаатарын талбайд жагсаж, эцэстээ суулт зарласан. Багш нарын үндсэн цалинг 3.5 саяд хүргэх шаардлагыг биелүүлээгүй тул ажил хаяна хэмээн энэ сарын 9-нд Үйлдвэрчний эвлэлийн хорооноос Боловсролын сайдад мэдэгдсэн юм. Үүнийг салбарын сайд нь эрс эсэргүүцсэн ч багш нарын тэмцэл ийн хурц хэлбэрт шилжээд байна. Энэ тухайд Боловсролын сайд П.На¬ранбаяр өчигдөр яаран сандран мэдэгдэл хийв. Тэрбээр “Ажил хаяснаар хүүхдийн аюулгүй байдал яах юм, сурлагын хоцрогдол үүснэ, сурч боловс¬рох эрхийг ноцтой зөрчиж буй үйлдэл. Хэрэв багш нар ажил хаябал Монголын боловсролын түүхэнд хар мөр үлдэнэ. Ажил хаяснаар үр дүн гарахгүй. Цалин нэмэх асуудлаар Ерөнхий сайдтай уулзаж, тодорхой шийдэлд хүрэхээр Сангийн яам, ГБХНХЯ-ыхантай зөвшилцөж байгаа. Ирэх нэгдүгээр сар гэхэд багш нарын үндсэн цалинг 1.8 сая төгрөгт хүргэж, 25 хувиар нэмнэ. Гурван жилийн хугацаанд 3.5 сая төгрөгт хүргэнэ. Ийм үед ажил хаях нь улс төржсөн, хууль зөрчсөн үйлдэл” гэв.
1.4 сая төгрөгийн үндсэн цалинтай багш нар өнөөдрийг хүртэл шүд зууж ирсэн нь үнэн. Тэдний ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сайжруулах нь үе үеийн Засгийн газар, салбарын сайд нарын үүрэг, хариуцлага байв. Гэвч Засгийн газар 55 мянга гаруй багшаа үл тоож ирсний горыг хүүхдүүд амсах болсон нь туйлын харамсалтай. Цэцэрлэггүй багачууд, сургуульгүй сурагч¬дын эрх ашгийг хэн хамгаалах вэ. Өдий болтол ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сурах бичиггүй явсныг Боловсролын сайд мэдэж байгаа юу. Аравдугаар сарын 1 гэхэд бүх сурагчийг сурах бичигтэй болгоно гэсэн яав. Нэг ангид 10-аад хүүхэд л сурах бичигтэй, бусад нь гар хоосон сууж байна шүү дээ. Тухайлбал, Баянгол дүүргийн 19 дүгээр сур¬гуулийн 10, 11 дүгээр ангийн сурагчид өдий болтол сурах бичиггүй хичээлдээ явж байна. Түрээсний мөнгөө түрүүлж хураалгасан 10-аад хүүхэд л ном авч. Бусдыг нь цахимаар сурах бичгээ за¬хиал, эсвэл худалдан ав гэжээ. Мөнгөө төлөөд сурах бичгээ захиалсан ч өдий болтол олгоогүй гэнэ. Арга ядсан хүүхдүүд онлайнаар сурах бичгээ уншиж байна. Гэрийн даалгавар хийх бол лөөлөө болжээ. Сургах нэрээр ийнхүү гурилдаж байхад багш нар нь ажил хаячхаар яах билээ.
Сайд, дарга нар хэдэн тэрбумаар тансагладаг хэрнээ сурган хүмүүжүүлэгч нараа үйлчлэгчээс дорд үзэж, танай, манай нам гэж талцсаны балаг тэднийг бус, олон мянган хүүхдийг хохироож мэдэх нь. Сэхээнд байсан боловсролын салбар ийн амь тавихдаа туллаа.
Ч.Болор