Багш нар ажил хаясантай холбоотойгоор Боловсролын сайд, Сангийн сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нар Монголын боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзаж, хэлэлцээр байгуулахыг санал болголоо. Сангийн сайд Б.Жавхлан “2023, 2024 онд ерөнхий боловсролын сургуулийн багш нарын үндсэн цалинг 700 мянгаас 1 400 080, цэцэрлэгийн багшийнхыг 810 мянгаас 1 500 060 болгож, хоёр дахин нэмсэн. Багш нарын цалинг нэгдүгээр сарын 1-нээс 20, долоодугаар сарын 1-нээс 10, нийт 30 хувь нэмэх тооцоолол гаргалаа. 2026, 2027 онд цалин нэмэх дунд хугацааны хөтөлбөр боловсруулж, 3.5 сая төгрөгт хүргэхээр тооцсон. Төрийн нийт албан хаагчийн цалингийн фонд 7.8 их наяд төгрөг. Хэрэв багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэвэл боловсролын салбарын фонд дангаараа 6.6 их наядад хүрэх нь. Залуу багш нар нэмэгдэл хөлс, урамшуулал нийлээд 2 600 080, олон жил ажилласан багш нар 3 800 030 төгрөгийн цалин авч байгаа. Цэцэрлэгийн багшийн цалин 3.2-3.9 сая төгрөг. Гүйцэтгэлд суурилсан урамшууллаас огт ухарч болохгүй. Засгийн газраас гаргасан суурь тооцооллыг бодолцож үзээч ээ. Бид хэлэлцээр хийхэд бэлэн” гэв.
Харин Боловсролын сайд П.Наранбаяр “Төсвийн нөхцөл байдал гээд бүхий л талаас нь ярилцаж, багш нарын үндсэн цалинг 30 хувиар нэмэх ажлыг зохион байгуулна. 20 хувь нэмсэн тохиолдолд нийслэл, аймаг, сумд ажиллаж буй багш нарын дундаж цалин 3.0-3.4 сая орчим төгрөг болж нэмэгдэнэ. Шинэ багш нарын тухайд үндсэн цалин 1.4-саяас 1.7 сая төгрөг болно. Урамшууллыг нэмж тооцохоор үндсэн цалин нь 2.1 сая төгрөгөөс эхэлнэ. Боловсролын яам үйлдвэрчний эвлэлтэй 2024-2026 он хүртэл хамтын хэлэлцээр байгуулсан. Хэлэлцээрт багш нарын цалинг 2023 онд хүрсэн түвшнээс бууруулахгүй, 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана, жил бүр цалин нэмэх асуудлаар нэмэлт хэлэлцээр байгуулна гэж заасан. Гэрээнийхээ хүрээнд хэлэлцээрийн ширээнд сууж, нэмэлт хэлэлцээр байгуулахыг урьж байна” гэв. ГБХНХ-ын сайд Т.Аубакир “Багш, эмч, ахмадуудын тавьж буй шаардлагыг хүлээн авч байгаа. Гэхдээ нэгийг нөгөөгөөс нь илүүд үзсэнээр нарийн мэргэжлийн боловсон хүчний хомсдол үүсэх, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх зэрэг эрсдэл учруулдаг. Урсгал зардлуудыг бууруулж, боловсролын салбарт илүү хөрөнгө оруулах шаардлага бий. Хоёр тал харилцан тохиролцох ёстой” гэлээ.
Үүний хариуд Монголын боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл “Бидний хүссэн, нийгмийн хүлээлтэд хүрэхгүй байгаа нь харамсалтай. Багш нарын үндсэн цалинг 30 хувь нэмэхийг хүсээгүй. Боловсролын жил болгон зарласан 2026 ондоо багтаж цалинг 3.5 сая төгрөгт хүргэхийг хатуу шаардаж байна. Гэхдээ үүнийг ирэх нэгдүгээр сарын 1-нээс гээгүй. Тухайн онд багтааж 3.5 сая төгрөгт хүргэх тухай юм. Бид улс төрждөг байгууллага биш. Одоо хамтын шийдвэр гаргах боломжгүй. Үйлдвэрчний эвлэлийнхэнтэйгээ ярилцаж тохиролцож, хамтын шийдвэр гаргасны дараа хэлэлцээрийн ширээний ард сууна” гэв. Түүнчлэн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга “Хүүхдүүдийн аюулгүй байдалд үнэхээрийн санаа зовж байна. Цэцэрлэгийн багш нар долоо хоногт 50 цаг ажиллаж байж илүү цагийн хөлс авдаг. Би найман удаагийн ажил хаялтад оролцож байсан. Ингэж бүгдээрээ ажил хаясан тохиолдол байгаагүй. Нийслэлийн цэцэрлэгийн багш нарын 91 хувь нь ажил хаясан” гэв.