УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд баасан гарагт хоёр ч хуулийн төсөл өргөн барьсан байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг өргөн барьжээ. 1999 оноос хойш гэрлэх, гэрлэлт цуцлах, хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх, сэргээх зэрэг харилцаа нэмэгдсэн ч Гэр бүлийн тухай хуульд энэ талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй. Тиймээс өнөөгийн цаг үед нийцүүлэн шинэчлэн найруулж, орхигдсон олон зохицуулалтыг нэмж тусгажээ. Төсөлд монгол хүний удмын санг хамгаалах, гэрлэгчдийн эрх, үүргийг нарийвчилж, гэм хорын хохирол төлүүлэх, гэрлэгчид эд хөрөнгө эзэмших, өмчлөх, хүүхдээс тусдаа амьдарч байгаа, эсэхээс үл хамааран эцэг, эхийн хүлээх үүрэг, хариуцлага зэргийг тусгасан байна. Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд эвлэрүүлэн зуучлах тогтолцоо, процесс бий болгож, гэр бүлийн хэргийг үр дүнтэй шийдвэрлэх боломжийг бүрдүүлэхээр зорьсон аж.
Мөн М.Бадамсүрэн нарын 33 гишүүн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах төслийг өргөн барив. Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дэд дарга Ж.БатЭрдэнэд өргөн барилаа. Ерөнхий сайд Г.Занданшатарыг Үндсэн хуульд зааснаас өөр саналын томьёоллоор огцруулсан, ирц бүрдээгүй байхад хуралдааныг сунгасан, дараагийн өдөр нь шинэчилж бүртгээгүй хэмээн Х.Булгантуяа буруудаж, дэд даргаасаа огцорсон. Үүнээс “сэдэл авч” боловсруулсан хуулийн төсөл бололтой. Иймэрхүү маргаан гаргахгүйн тулд хуульд нарийвчилсан зохицуулалт оруулах ёстой гэж дээрх гишүүд үзсэн аж. Тухайлбал, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10.11-т “Тухайн өдрийн хуралдаан эхлэхэд ирцэд бүртгүүлсэн гишүүн чөлөө аваагүй, хүндэтгэн үзэх болон энэ хуулийн 7.5-д заасан эсэргүүцэх шалтгаантайгаа мэдэгдэлгүй орхиж гарсан, эсхүл бүртгэлээс гарсан бол түүнийг хуралдааны ирцэд оруулж, тухайн асуудлаар санал хураахад эсрэг санал өгсөнд тооцно” гэснийг төсөлд “Чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг шийдвэрлэхдээ байнгын хорооны хуралдаанд оролцсон нийт гишүүний олонх дэмжсэн, дэмжээгүйгээс үл хамаарч эрх бүхий этгээдийн анх гаргасан саналыг нь дэмжих, эсэхээр санал хураана” хэмээн тодруулж тусгасан гэнэ. Мөн зарим хугацаатай холбоотой хэсэг нь Үндсэн хуультай зөрчилдөж буйг засах юм байна.
С.Уул